Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 021

 

  Б.Ж-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/140 дүгээр цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Б.Ж-т холбогдох эрүүгийн 1913000150040 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш, С.Нургайып нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багт оршин суух, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Б.Ж нь А сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажилладаг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн Х гэх газарт оршин суух иргэн Ж.С-ийн гэрт очиж таны группийн хугацаа дуусаж байгаа юм байна, би сунгаад өгье, та нар сум орох шаардлагагүй, эмчид үзүүлэх хэрэггүй, эмч нартай ярьсан чинь өвчний группийн хугацааг сунгахгүй, хасаж байгаа юм байна, сунгуулахыг хүсвэл 380,000 төгрөг өг гэж албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 380,000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/140 дүгээр цагаатгах тогтоолоор:

 

“1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Ж-ийг цагаатгасугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд, “шүүгдэгч Б.Ж-ийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч гэх Ж.С-д түүний өвчний түүх /карт/ болон 380,000 төгрөгийг буцааж өгч, өөрийн гараар баримт үйлдэж өгч байсан гэх үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар буруутгах үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Ж нь бусдын эд хөрөнгийг олж авах санаа зорилгыг агуулж, хохирогч Ж.С-ийн мөнгийг авсны дараа мөнгө буюу эд зүйлийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн сэдэлт агуулаагүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй болно. Прокуророос шүүгдэгчийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан Б.Ж-ийн эрхэлдэг ажил байдлын тодорхойлолтоос үзэхэд шүүгдэгч Б.Ж нь холбогдох хууль тогтоомж, журамд зааснаар нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох” эрх бүхий албан тушаалтан биш байна. Өөрөөр хэлбэл уг хэргийн үйлдэл ба үр дагаврын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй байна. Иймд Б.Ж-ийн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй... бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэсний дагуу шүүгдэгчийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна Үүнд:

-Хохирогч Ж.С-ийн “...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед сургуулийн захирал С.А-ын хамт манайд ирээд Б.Ж уучлал гуйсан, ... маргааш хэсгийн төлөөлөгчид очоод надаас мөнгө аваагүй зөвхөн карт авсан гээд хэлчих гэсэн тэгээд би маргааш нь хэсгийн төлөөлөгчид очоод худлаа ярьж чиний хэлснээр худлаа мэдүүлэг өгнө гээд тохирсон....Ж-т мөнгө өгөөгүй гэж худлаа мэдүүлэг өгсөн маань үнэн юм. ...Б.Ж манай нөхрийн хамаатан юм. Тэгээд намайг группт гаргаж өгнө гээд 380,000 төгрөг, өвчний картыг өөрийнхөө ажлын өрөөндөө ганцаараа сууж байхад нөхөр Т бид хоёр оруулж өгсөн. Энэ явдлаас хойш 1 жил бид нарт худлаа ярьж бүр сүүлдээ өрөөнд нь ороод ядаж картыг минь өгөөч гэхэд өрөөнөөсөө хөөдөг болсон тэгээд би аймагт очиж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. ...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ж надаас авсан 380,000 төгрөг болон өвчний картыг авч ирж өгөхдөө 18ширхэг 20 мянгат, 1ширхэг 10 мянгат, 2 ширхэг 5 мянгат нийт 380,00 төгрөг авч ирж өгсөн. Одоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ биз миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Урьд нь миний мөнгө өг гэхээр энэ эмч тэр хүнд байгаа гээд өгдөггүй байсан.” гэх мэдүүлэг,

-Гэрч М.Тий “Миний бие 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байхад 14 цагийн үед сургуулийн захирал С.А Б.Ж нар манайд орж ирээд эхнэр бид хоёрт уучлалт гуйхад би уучлалт өгөөгүй. Тэгээд хэсэг сууж байгаад Ж миний эхнэр С-ийг дагуулж гараад тэр хоёр хоорондоо тохирсон байна лээ. Би уучлахгүй гээд гүрийгээд сууж байхад иргэн А-т хандаж чи юугаа хийж энэ нөхрийг дагаж ирсэн юм гэхэд А шууд гараад машиндаа сууж байхад Ж хойноос нь очоод машинд суугаад хамт яваад өгсөн. Маргааш нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эхнэр бид хоёр цагдаагийн хэсгийн хажууд ирж байхад С.А, Б.Ж нар бид хоёрыг дагуулж Б.Ж-ийн өрөөнд оруулж Ж өөрийн гараар баримт бичиж өгөөд за тохирсон ёсоор гээд С бид хоёрыг цагдаагийн хэсэг рүү явуулсан тэгээд цагдаагийн байгууллагад худлаа мэдүүлэг өгсөн минь үнэн. ... тэр үед Б.Ж эхнэр бид хоёрт “би ямар ч байсан эмч нартай ярьсан байгаа танай эхнэрийг группт гаргаж өгнө” гээд 380,000 төгрөг өвчний картыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө өрөөнд авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-30/,

-Гэрч С.А-ын “Миний бие найз Б.Ж над дээр ирээд машинаар чинь Х-д айлд очоод ирмээр байна гэхээр хүргэж ирсэн. Тэгээд Б.Ж нь иргэн С, Т нартай уулзаад би гэрт сууж байхад Ж.С-ийг дагуулж гараад хоорондоо юм яриад орж ирсэн. Харин Т гэж хүн намайг чи энэ Ж-ийг юу гэж дагаж яваа юм гэхээр нь би машиндаа суугаад хүлээж байгаад Б.Ж-ийг ирэхээр машинаа асаагаад яваад өгсөн. ...буцаж явахдаа энэ хүмүүсийн өвчний карт надад байгаа ямар ч байсан би энэ хүмүүстэй тохирчихлоо гэж хэлсэн өөр надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,/хх-ийн 32/

Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолууд, /хх-ийн 14, 16/

-Орчуулга хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17/

-Б.Ж-ийн гараараа бичсэн баримтууд /хх-ийн 18,20/

-Ж.С-ийн гараараа бичсэн баримт /хх-ийн 19/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж-ийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.

Түүнчлэн хэргийг шалгах явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Ж.С нь 380.000 төгрөгийг Б.Ж-т өгөхийг санаачилсан үйлдэл тогтоогдоогүй, харин ч Б.Ж нь өөрөө очоод 380.000 төгрөг шаардсан болох нь тогтоогдсон байхад шүүх зөвхөн хохирогч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг цагаатгах тогтоолдоо үндэслэл болгож, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэж, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнээгүй тул шүүгчийн цагаатгах тогтоол нь бодит байдалд нийцсэн гэж үнэлэх боломжгүй байна.

Шүүгч цагаатгах тогтоолдоо “...Хохирогч Ж.С, гэрч М.Т /М.Т-ийн нэрийг М.Та гэж буруу бичсэн байна/ нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй байна" гэжээ. Шүүх хохирогч, гэрч нар эрс зөрүүтэй мэдүүлэг өгч байхад шалтгааныг тодруулаагүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гадна хууль, журмын дагуу авагдсан бусад нотлох баримтуудыг үнэлээгүй зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Иймд Б.Ж-т холбогдох Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/140 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагааг  эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Яллагдагч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн А сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажилладаг бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн Х гэх газарт оршин суух иргэн Ж.С-ийн гэрт очиж таны группийн хугацаа дуусаж байгаа юм байна, би сунгаад өгье, та нар сум орох шаардлагагүй, эмчид үзүүлэх хэрэггүй, эмч нартай ярьсан чинь өвчний группийн хугацааг сунгахгүй, хасаж байгаа юм байна, сунгуулахыг хүсвэл 380.000 төгрөг өг гэж албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, маргааш нь буюу 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 380.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогдуулан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх нь Б.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэсэн хуулийн заалтын дагуу цагаатгах тогтоолдоо яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй буюу цагаатгах тогтоолд энэ талаар бүрэн дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх “хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.С-ийг “группт гаргаж өгнө” гэж 380,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын хүсэлтээр оролцсон хохирогч Ж.С, гэрч М.Т нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Ж нь уг мөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд Ж.С-ийг дээрх сэдэлт, зорилгоор, үгээр буюу үйлдлээр хуурч, эсхүл нэр төр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж авсан, залилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэжээ. Ингэж дүгнэхдээ нотлох баримтуудаар үйл баримт тогтоогдсон боловч гэж нэг сэдэлт, зорилгоор, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж авсан, залилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хоёр өөр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан “шүүгдэгч Б.Ж нь бусдын эд хөрөнгийг олж авах санаа зорилгыг агуулж, хохирогч Ж.С-ийн мөнгийг авсны дараа мөнгө буюу эд зүйлийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн сэдэлт агуулаагүй” гэсэн дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “манай сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Ж гэгч залуу миний 380.000 төгрөг, өвчтөний картыг залилан мэхэлж авсан” гэж Ж.С нь бичгээр гомдол гаргажээ.

Хохирогч Ж.С-ийн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “...Тэгээд намайг группт гаргаж өгнө гээд надаас 380.000 төгрөг, өвчтөний картыг өөрийнхөө өрөөндөө буюу Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхарт байдаг өрөөндөө ганцаараа сууж байхад нөхөр М.Т бид хоёр оруулж өгсөн. Энэ явдлаас хойш нэг жил бид нарт худлаа ярьж бүүр сүүлд нь өрөөнд нь ороод ядаж миний өвчтөний карт өгөөч гэхэд намайг өрөөнөөс зайл гээд намайг хэл амаар доромжилж хөөсөн тэгээд аймагт очиж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг,

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “...одоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх биз, миний хувьд энэ асуудалд ямар нэгэн гомдол санал байхгүй, урьд миний бие нэхэмжилж очиход өгсөн бол энэ асуудал тэр үед дуусах байсан.” гэсэн мэдүүлэг,

2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Анх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бид А сумын 4 дүгээр багт Х гэх газарт гэртээ байхад манай сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Ж ганцаараа өөрийнхөө жижиг тэргээр манайд ирээд таны группийн хугацаа дуусаж байгаа юм байна, би сунгаад өгье та нар сум орох шаардлагагүй, эмчид үзүүлэх хэрэггүй надад 380.000 төгрөг болон амбулаториор эмчлүүлэгчийн картаа өгчих, эмч нартай нь ярьсан чинь өвчний группийн хугацааг сунгахгүй хасаж байгаа юм байна. Сунгуулахыг хүсвэл 380.000 төгрөг өг гэхээр нь итгээд за маргааш сум ороод карт мөнгөө аваад очъё гэдгээ хэлээд явуулсан. ...Ж-тэй таарч асуух болгонд болоогүй байна гээд байдаг байсан тэгээд сүүлдээ ядаж миний өвчтөний картыг өгөөч гэж өрөөнд нь орохоор зайл гээд хөөдөг болсон.” гэсэн мөрдөн байцаалтын шатанд авагдсан мэдүүлгүүдийг шүүхийн цагаатгах тогтоолд хэрхэн үгүйсгэсэн, дүгнэсэн талаар тусгагдаагүй байна.

 

Прокурорын “Хохирогч М.С нь 380.000 төгрөгийг Б.Ж-т өгөхийг санаачилсан үйлдэл тогтоогдоогүй, харин ч Б.Ж өөрөө очиж 380.000 төгрөг шаардсан болох нь тогтоогдсон байхад шүүх зөвхөн хохирогч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг цагаатгах тогтоолдоо үндэслэл болгож хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэж, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнээгүй” гэж үзэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/140 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Ж-т холбогдох эрүүгийн 1913000150040 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, дахин хэлэлцүүлэхээр шүүх хуралдааны шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ