| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00646/И |
| Дугаар | 135/ШШ2019/825 |
| Огноо | 2019-09-05 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2019/825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00646/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, Товцог баг, Тэжээлийн фондын ..-р гудамж, .. тоотод оршин суух, утас ..., ... регистрийн дугаартай, ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* холбогдох
Төрийн албаны тухай хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 29 628 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* Улаанбаатар хотын ХААИС-ийг 1960-1965 онд зоотехникч мэргэжлээр төгссөн. Анх Завхан аймгийн Малын үржлийн станц ба ХАА-н үйлдвэрлэл туршлагын станцад ерөнхий зоотехникч бөгөөд даргаар 1965-1981 онд, Эрдэнэхайрхан сумын нэгдлийн даргаар 1981-1985 онд, аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газар нэгдлийн зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Хөдөө аж ахуйг эрхэлсэн орлогчоор 1985-1992 онд, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүнээр 1992-1996 онд, аймгийн Мал үржлийн албаны даргаар 1996-2005 онд, аймгийн Цөм сүргийн төв ба салбарын /захирал/ менежерээр 2005-2018 онуудад нийт 54 дэх жилдээ ажиллаж байгаад 2018 оны 06 сарын 08-ны өдөр ажлаа өгсөн билээ.
Миний ажиллаж байсан Цөм сүргийн төв нь Монгол улсын төрийн өмчийн хорооны мэдэлд ажиллаж ирснийг, мэргэжлийн байгууллагад нь ойртуулах зорилгоор Засгийн газрын 2006 оны 172, 2013 оны 420 дугаар тогтоолууд, Төрийн өмчийн хорооны 2014 оны 80 дугаар тогтоолыг үндэслэн ХХААХҮ-ийн сайдын 2016 оны ******* дугаар тогтоолуудаар, яамны дэргэдэх *******, аймгуудын Цөм сүргийн төв гэж байсныг салбар болгон удирдлага, аж ахуйн бүх үйл ажиллагааг нэгтгэн, аймгийн салбаруудыг удирддаг менежерүүдийн цалинг Малын удмын сангийн үндэсний төвөөс өгдөг журамтай болгосон юм.
******* захирлын 2016 оны ******* тушаалаар Завхан аймаг дахь салбарын менежер ******* миний цалинг төрийн үйлчилгээний 8/5 дугаар шатлалаар сарын цалинг 633 221 төгрөгөөр, ур чадварын нэмэгдлийг 30 хувиар тооцож, бүгд 823 187 төгрөгийг олгох шийдвэртэй билээ.
******* захирлын санал тохиролцоонд үндэслэн, Аймгийн цөм сүргийн салбарын ажлыг 2018 онд өгөхдөө засаг даргын тамгын газар, Статистикийн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Орон нутгийн өмчийн төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, миний хариуцсан цөм сүргийн малд тооллого үзлэг хийлгэхэд мах-ноосны хэвшлийн Сартуул үйлдвэрийн хонь 2372, ноолуур-махны чиглэлийн Буурал үйлдвэрийн ямаа 264 тоологдсон нь өмнөх оноосоо өсч, түүний жин, ноос, ноолуур, ашиг шим, чанар нь стандартаа ханган гэрээгээ биелүүлж, 2018 оны бойжсон төлийг тооцож нэмэхэд бүгд 3354 толгой малтай болсныг баталгаажуулны дараа, Малын удмын сангийн үндэсний төвөөс комисс ирж, мал хөрөнгийн бүрэн бүтэн байдалд тооллого тооцоо хийж, дүнгээ ЗДТГ-т танилцуулан, намайг үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж байсан байна гэж дүгнээд явсан юм.
******* харьяанд ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сард тэтгэвэрт гарсан бөгөөд уг байгууллага надад ажлаас чөлөөлсөн тухай тушаал гардуулж, өгөөгүй. Мөн ажлаас халагдсаны тэтгэмж олгоогүй болно.
Харин 2019 оны 01 дүгээр сард 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 410 000 төгрөг шилжүүлсэн. Би Төрийн албаны тухай хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах талаар удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргаж байсан боловч миний тэтгэмжийг олгоогүй тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 29 628 000 төгрөгийг Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Малын удмын сангийн үндэсний төвөөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус төвийн харьяа Завхан аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерээр ажиллаж байсан *******г 2018.05.14-ний өдрийн Б-19 тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Ажил хүлээлцэх ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж шинээр томилогдсон менежерт ажил хүлээлгэн өгөх, хуучин менежер ******* гээс ажил хүлээн авах ажил хийсэн бөгөөд чөлөөлсөн тушаалаа танилцуулж гаргуулахад 36 сарын тэтгэмжийн асуудал шийдвэрлээгүй гэсэн шалтгаанаар тушаал хүлээн авахыг татгалзсан.
******* нь хуучин Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлтэй үед ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг хуульд төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгохоор зохицуулсан байдаг. Энэ хуулийн заалт *******д хамаарахгүй учир 36 сартай тэнцэх тэтгэмж өгөх хууль эрх зүйн үндэслэлгүй байна. ******* нь төрийн жинхэнэ албан хаагч бус төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд манай байгуулалгаас тэтгэвэртээ гараагүй, тэтгэвэрт гарсны дараа ажиллаж байсан болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан Төрийн албаны хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 29 628 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч *******нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа ба татгалзлын үндэслэлийг ******* нь хуучин Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлтэй үед ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг хуульд төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгохоор зохицуулсан байдаг. Энэ хуулийн заалт ******* д хамаарахгүй учир 36 сартай тэнцэх тэтгэмж өгөх хууль эрх зүйн үндэслэлгүй байна. ******* нь төрийн жинхэнэ албан хаагч бус төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд манай байгууллагаас тэтгэвэртээ гараагүй, тэтгэвэрт гарсны дараа ажиллаж байсан хэмээн тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 498964 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажлаас чөлөөлж, ажилд томилогдож байсан тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудаар ******* нь 1941 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 78 настай, 1965 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс Завхан аймгийн Алдархаан үржлийн станцад дээд мэргэжлийн зоотехникчээр томилогдон ажилласнаас хойш ******* захирлын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б-19 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүртэл тасралтгүй 53 жил ажилласан, төрийн албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж хуульд заасан насанд хүрсэн боловч ажлаас чөлөөлөгдөж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж аваагүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь ******* захирлын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/05 дугаартай Орон нутгийн салбарыг байгуулан, захирлуудыг томилох тухай тушаалаар ******* Завхан аймаг дахь салбарын захирлаар, төрийн үйлчилгээний 11 дүгээр зэргээр цалинжуулахаар тушаал гарсны дагуу ажиллаж байгаад тус төвийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд түр томилох, албан тушаалын цалин, цалингийн нэмэгдлийг батлах тухай тушаалаар ... ******* үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэгдэн батлагдаж, төвийн харьяа цөм сүргийн үржлийн төвийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан цөм сүргийн орон нутгийн салбаруудын менежерийн албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түр томилон, албан тушаалын цалин, цалингийн нэмэгдлийг баталсны дагуу ТҮ-8 шатлал 5-аар сарын үндсэн цалин 633 221 төгрөг, ур чадварын 30 хувийн нэмэгдэл авах тушаалын дагуу ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна, 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж зааснаар төрийн үйлчилгээний ангилалд хамаарах албан тушаал эрхэлж байсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч *******нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б-19 дугаартай *******г ажлаас чөлөөлсөн тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг үндэслэн ЗАЦСС менежер *******г 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэг ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч ******* нь төрийн үйлчилгээний ангилалд хамаарах төрийн албан хаагч мөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж зааснаар ажлаас чөлөөлөгдсөн үеэс дээрх хуулийн дагуу нэг удаагийн тэтгэмж авах эрх үүссэн байна.
Хариуцагч нь хуучин Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлтэй үед ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг хуульд төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгохоор зохицуулсан байдаг. Энэ хуулийн заалт *******д хамаарахгүй учир 36 сартай тэнцэх тэтгэмж өгөх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба энэ үеэс тэтгэмж авах эрх үүссэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу олгохоор хуульчилсан байх бөгөөд Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.1-д Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улсын төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө, энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна гэж заажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь 1965 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2018 оны 5 сарын 14-ний өдөр хүртэл 53 жил 11 сар ажилласан болох нь тогтоогдож байх боловч засгийн газрын тогтоолд нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна гэж зааснаар нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон 823 187,30 төгрөгийг х 36 сар = 29 634 742,80 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 6 742,80 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Завхан аймгийн Засаг даргын албан бичиг /хавтаст хэргийн 13-р хуудас/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А-66 дугаар тушаал, ******* захирлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тушаал, Хүнс, хөдөө аж ахуйн яамны 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/2579 албан бичиг, Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 99 дугаартай тушаал, Завхан аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны III бага хурлын тогтоол /хавтаст хэргийн 16-24, 26/ зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Малын удмын сангийн Үндэсний төвөөс 29 634 742,80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, 6 742,80 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 306 123,70 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА