Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00023

 

Е.Е-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэртэй, Е.Е-ийн нэхэмжлэлтэй, М.А-д холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч Е.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, К.Ержан, хариуцагч М.А,  хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 11 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 9430000 төгрөг, 465 толгой малын үнэ 39060000 төгрөг, бүгд 48490000 төгрөгийн дундын хөрөнгөөс охин А.Н болон өөрт нь оногдох хувийг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Миний бие М.А-тай 2002 онд сайн дурын үндсэн дээр гэр бүл болж 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хоёр 2 хүүхэдтэй бөгөөд том охин А.Н 1998 онд төрсөн оюутан, хүү А.Б 2011 онд төрсөн миний асрамжид байдаг. Миний бие гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, бие махбодад хөнгөн зэргийн гэмтэл авч миний амь нас эрүүл мэндэд аюул учирч болзошгүй болсон тул М.А бид хоёрын гэрлэлтийг цуцалж, 2011 онд төрсөн хүү А.Б-ыг миний асрамжид үлдээн эцэг М.А-аар тэжээн тэтгүүлж, охин А.Н, хүү А.Б бид гуравт гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Е.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие иргэний хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн тус шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим шаардлагыг тухайлбал М.А-аас гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах, хүү А.Б-ыг миний асрамжид үлдээн эцэг М.А-аар тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж одоо дундын хөрөнгөнөөс Е.Е, А.Н бид хоёрт ногдох хувийг хариуцагч М.А-аас гаргуулж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.

Миний бие М.А-тай 2002 онд гэр бүл болж хамтран амьдарсан 15 жилийн хугацаанд зөвхөн мал маллаж байсан ба хонь хариулах, үхэр мал саах, мал төлүүлэх, хадлан тэжээл бэлтгэх, малын ашиг шимийг авах зэрэг мал аж ахуйн чиглэлийн бүхий л ажлыг нөхөр, хүүхдүүдийн хамтаар гүйцэтгэж хөдөлмөрлөж ирсэн. Үүний үр дүнд 2013 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 14, үхэр 19, хонь 150, ямаа 300 бүгд 483 толгой мал, 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 14, үхэр 25, хонь 130, ямаа 300 бүгд 464 толгой мал, 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 10, үхэр 25, хонь 140, ямаа 290 бүгд 465 толгой мал тус тус тоолуулсан байна. Гэтэл М.А нь Е.Е би тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш олон жил маллаж ирсэн бог, бод мал, бусад гэр дотор байсан эд хөрөнгө, өвлийн сууц, хашаа хороог Е.Е миний болон охин А.Н нар авчихна гэж хорон санаа агуулан 2016 оны жилийн эцсээр адуу 5, үхэр 5, хонь 17, ямаа 55 бүгд 82 толгой, мал тоолуулан М.А өөртөө ямар нэгэн мал, эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, автомашин байхгүй нэн ядуу иргэн мэтээр хуурамч нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Е.Е миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор тоолуулсан адуу 10, үхэр 25, хонь 140, ямаа 290 бүгд 465 толгой мал болон малын ашиг шимээр авч хэрэглэж байсан Haier маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, буйдан 1 ширхэг, духов 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, ор 1 ширхэг, хувцасны шүүгээ 1 ширхэг, хивс 3x4 хэмжээний 1 ширхэг, палас 6x8 м-ийн 1 ширхэг, гал тогооны шүүгээ 1ширхэг, сунадаг ширээ 1 ширхэг зэрэг хөдлөх эд хөрөнгө, Шар бөрөгт байршилтай 6x7 м.кв бүхий өвлийн сууц, малын саравчтай хашаа зэрэг эд хөрөнгөнөөс Е.Е, А.Н нарт ногдох хэсгийг М.А-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний бие байнгын архи ууж согтуугаар эхнэрээ зодож байгаагүй, гэр бүл учраас жижиг сажиг ахуйн чанартай хэрүүл маргаан гардаг байсан нь үнэн. Эхнэр бид хоёр гэр бүл болсноос хойш 15 жил болсон ч гэсэн хоорондоо хүүхэдтэй болж чадаагүй тул миний төрсөн ах бидний хүүхэдтэй болж чадаагүйд ихээр харамсаж, өөрсдийнхөө хамгаас нандин үрсээ бидэнд өгч өргүүлсэн. Миний хамаатан садангууд бидэнд байнга тусалж дэмждэг байсан. Эд хөрөнгийн талаарх түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бидний дундын эзэмшлийн гэх 2015 оны тооллого хийлгэсэн малын хувьд Е.Е бид хоёр гэр бүл болохоос өмнө надтай хамт амьдардаг миний ээж, төрсөн дүү, үүнээс гадна Баян-Өлгий аймагт байгаа төрсөн ах М.Ар, М.Аз, авга ах болох К.Х, эхнэрийн дүү болох Е.Ер нарын дундын мал юм. Шар бөрөгт байгаа саравч, хашаа, хороо, 6x8 хэмжээтэй 48 м.кв-ын өвлийн сууцны үл хөдлөх хөрөнгө бүгд миний ээжийн нэр дээр байдаг ба тэр нь бидний дундын эд хөрөнгөнд хамаарахгүй. А.Н нь Е.Е-ийн дагуул хүүхэд байсан ч өөрийнхөө төрсөн хүүхдийн адил үзэж ямар нэгэн дутагдал гачигдал үзүүлж байгаагүй сайн асарч байгаа болно. А.Н нь одоогоор оюутан бөгөөд өөрийнхөө өмчлөлийн 50 ямааг зарж борлуулж мөнгө болгож түүний замын зардал болон бусад зардалд зарцуулсан.” гэжээ.   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 488.1-ийг баримтлан дундын хөрөнгөнөөс адуу нэг 600000 төгрөг, гүү нэг 600000 төгрөг, даага нэг 300000 төгрөг, унага нэг 130000 төгрөг, саалийн үнэ 2 нэг бүрийн үнэ 500000 төгрөг буюу 1000000 төгрөг, тугал 2 нэг бүрийн үнэ 100000 төгрөг буюу 200000 төгрөг, нас гүйцсэн шар 2 нэг бүрийн үнэ 500000 төгрөг буюу 1000000 төгрөг, бяруу 2 нэг бүрийн үнэ 300000 төгрөг буюу 600000 төгрөг, эм хонь 24 нэг бүрийн үнэ 70000 төгрөг буюу 1680000 төгрөг, эр хонь 8 нэг бүрийн үнэ 100000 төгрөг буюу 800000 төгрөг, төлөг 18 нэг бүрийн үнэ 50000 төгрөг буюу 900000 төгрөг, эм ямаа 44 нэг бүрийн үнэ 50000 төгрөг буюу 2200000 төгрөг, сэрх 35 нэг бүрийн үнэ 70000 төгрөг буюу 2450000 төгрөг, борлон 19 нэг бүрийн үнэ 30000 төгрөг буюу 570000 төгрөг бүгд 13030000 төгрөгийн малыг хариуцагч М.А-ы өөрт нь үлдээж, хариуцагч М.А-аас адуу нэг 600000 төгрөг, гүү 3 нэг бүрийн үнэ 600000 төгрөг буюу 1800000 төгрөг, даага нэг 300000 төгрөг, унага нэг 130000 төгрөг, саалийн үнэ 9 нэг бүрийн үнэ 500000 төгрөг буюу 4500000 төгрөг, тугал 3 нэг бүрийн үнэ 100000 төгрөг буюу 300000 төгрөг, нас гүйцсэн шар 3 нэг бүрийн үнэ 500000 төгрөг буюу 1500000 төгрөг, бяруу 2 нэг бүрийн үнэ 300000 төгрөг буюу 600000 төгрөг, эм хонь 46 нэг бүрийн үнэ 70000 төгрөг буюу 3220000 төгрөг, эр хонь 12 нэг бүрийн үнэ 100000 төгрөг буюу 1200000 төгрөг, төлөг 32 нэг бүрийн үнэ 50000 төгрөг буюу 1600000 төгрөг, эм ямаа 86 нэг бүрийн үнэ 50000 төгрөг буюу 4300000 төгрөг, сэрх 70 нэг бүрийн үнэ 70000 төгрөг буюу 4900000 төгрөг, борлог 36 нэг бүрийн үнэ 30000 төгрөг буюу 1080000 төгрөг бүгд толгой мал буюу 26030000 төгрөг, зөрүү бэлэн мөнгө 10000 (арван мянга) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е.Е, А.Н нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11 нэр төрлийн хөрөнгийн үнэ 9430000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 727 тоот шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Е.Е анх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр анхан шатны шүүхэд хандаж “(1) М.А-аас гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах, (2) Хүү болох Б-ыг миний асрамжид үлдээн эцэг М.А-аар тэжээн тэтгүүлэх, (3) дундын хөрөнгийн бидэнд оногдох хэсгийг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Баяннуур сумын үнэ тогтоох комиссын акт зэргийг хавсаргасан байдаг. Нэхэмжлэгч Е.Е нь дээрх байдлаар Баяннуур сумын үнэ тогтоох комиссын актаар эд хөрөнгөд үнэлгээ хийлгэж шүүхэд “дундын хөрөнгийн бидэнд оногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Анхан шатны шүүхийн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон байхад буюу нэхэмжлэгчээс эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зохих улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хуульд зааснаар бүрэн хангагдаагүй байхад 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэх тухай 2477 дугаар захирамж гаргаж холбогдох хуулийг ноцтой зөрчсөн.

Түүнчлэн, нэхэмжлэгч Е.Е нь эд хөрөнгийн оногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэмэгдүүлсэн бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөхийг мөн шүүх шаардаагүй. Нэхэмжлэгч өөрөө ч гэсэн хуулийн энэ шаардлагыг хангаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингэснээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Е.Е нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байдал үүсээгүй, мөн төлбөрийн чадваргүй болохоо тайлбарлаж байгаагүй, түүнчлэн тэмдэгтийн хураамжийн хэмжээг багасгах эсхүл төлөх хугацааг хойшлуулах тухай аливаа хүсэлт гаргаж байгаагүй болно.

2. Нэхэмжлэгч гэрлэлтийн гэрчилгээг хууль бусаар авсан болох нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0052 дугаар шийдвэрээр тогтоогдсон. /хэрэгт материал авагдсан байгаа/

Нэхэмжлэгч уг хууль бус гэрлэлтийн гэрчилгээг ашиглаж /хариуцагчид мэдэгдэхгүйгээр/ эд хөрөнгийн болон хүүхэд үрчлэлтийн бүртгэлүүдийг хийлгүүлсэн байдаг. Энэ нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Ингэснээр хариуцагч шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хандаж хууль бус бүртгэлүүдийг хүчингүй болгуулсан. Тухайлбал: Хэрэгт цугларсан Баяннуур сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 81 тоот, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 84 тоот захирамжуудыг  дурдаж болно. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Е.Е нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд эхнээсээ хууль бус аргаар нотлох баримт цуглуулсан гэж үзэж байна.

3. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг,” гэж заажээ. Хуулийн уг заалтаас үзэхэд гэрлэлт гэсэн нэр томьёо гарч ирж байгаа ба үүнийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1,-т “гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг;” гэж тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0052 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Е.Е болон хариуцагч М.А нарыг гэрлэлтээ зохих байгууллагад албан ёсоор бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ аваагүй болохыг буюу хамтран амьдрагчид болохыг тогтоосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Е.Е болон хариуцагч М.А нар хоорондоо гэрлээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэд /зохигч/ гэр бүлийн гишүүд буюу гэрлэгчид биш юм.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Е.Е хариуцагч М.А нарыг хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байсан хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэр бүлийн хөрөнгийн эрхийг зохицуулсан зүйл заалтыг баримтлаагүй ч гэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хамтын амьдралтай эдгээр хүмүүсийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж эд хөрөнгийг хуваасан нь буруу байна.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ буюу дундын эд хөрөнгийг зохигчдод болон иргэн А.Н нарт хуваарилж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.Тодруулбал, Нэхэмжлэгч Е.Е нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед түүний охин А.Н 18 насанд хүрсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болох түүний иргэний үнэмлэхээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд түүний эх Е.Ед олгосон итгэмжлэлээр хариуцагчаас эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахаар итгэмжлэл олгогдоогүй байна.

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно.” гэж заасан.

Нэхэмжлэгч Е.Е-ийн охин А.Н нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүний хувьд хэрэв хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөн гэж үзсэн бол энэ талаар өөрөө шүүхэд хандах ёстой байсан.

Гэвч иргэн А.Н-ийн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл, эсхүл шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах тухай түүний итгэмжлэл хэрэгт авагдаагүй байхад, түүнчлэн зохих улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй байхад шүүх иргэн М.Н-д хөрөнгө олгохоор шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн явдал боллоо.

Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн А.Н нь хариуцагч М.А-аас дундын хөрөнгөнөөс өөрт нь оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй байхад шүүх түүний хүсэлтийг үндэслэлтэй байна гэж шийдвэрийн үндэслэл бичсэн нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэснийг үгүйсгэж байгаа бөгөөд шүүх хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзсэн нь буруу юм.

Хэрэв шүүх хүсэлт гаргагч иргэн А.Н-ийн шүүхэд гаргасан хүсэлтий' нэхэмжлэл гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан эсэхийг анхаараагүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй А.Н-д хөрөнгө хуваарилж өгсөн нь хуулийг ноцтой зөрчсөн асуудал юм.

6. Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг ноцтой зөрчсөн талаар: Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Е.Е-ийн охин А.Н нь гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрөөгүй, мөн энэ хэргийн зохигчид гэрлэгчид биш байхад шүүх зохигчдыг хоорондоо гэрлэсэн мэтээр, иргэн А.Н-ийг гэрлэгчдийн дагавар хүүхэд гэж тодорхойлсон. Ингэснээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1- т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь: Зохигчдын хоорондын эрх зүйн маргааны гол үндэслэл нь гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа биш бөгөөд хамтын амьдралтай хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан байсан. Зохигчдын хооронд хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаанд хамаарахгүй асуудал учраас дундаа  өмчлөх өмчлөгчдийн өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай маргаан биш байсан. Бусад асуудлыг шүүх хуралдаанд биеэр оролцож тайлбарлах болно.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суудаг, нэхэмжлэгч Е.Е-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. 

Хариуцагч М.А, түүний өмгөөлөгч А.С нараас 2018 оны 01 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Е.Е-ийн нэхэмжлэлтэй М.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчөөгүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Е.Е, М.А нар нь 2002 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл аж ахуй эрхлэн хамтран амьдарч байсан нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул тэдний дундаа өмчилж байсан бод, бог малыг Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 488.1-т зааснаар хуваарилсан нь зөв гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 727 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч М.А, түүний өмгөөлөгч А.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Е.Е-ийн өмгөөлөгч Я.Сьезд би заавал оролцох тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсэж байна.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Е.Е нь хариуцагч М.А-д холбогдуулан “адуу 10, үхэр 25, хонь 140, ямаа 290 бүгд 465 толгой мал болон малын ашиг шимээр авч хэрэглэж байсан Haier маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, буйдан 1 ширхэг, духов 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, ор 1 ширхэг, хувцасны шүүгээ 1 ширхэг, хивс 3x4 хэмжээтэй 1 ширхэг, палас 6x8 м-ийн 1 ширхэг, гал тогооны шүүгээ 1 ширхэг, сунадаг ширээ 1 ширхэг зэрэг хөдлөх эд хөрөнгө, Шар бөрөгт байршилтай 6x7 м.кв бүхий өвлийн сууц, малын саравчтай хашаа зэрэг эд хөрөнгөөс Е.Е, А.Н нарт ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй байна. Хэрэгт цугларсан баримтууд, зохигчдын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Баяннуур сумын 2 дугаар багийн Засаг даргын “…ам бүл 3, эхнэр нэг хүүхдийн хамт 2 дугаар багт оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 6-7/, хариуцагчийн гаргаж өгсөн Баяннуур сумын 2 дугаар багийн Засаг даргын “...ам бүл 6, ээж, эхнэр, дүү 2 хүүхдийн хамт 2 дугаар багт оршин суудаг...” гэх тодорхойлолт /хх-ийн 31, 33/ зэргээс үзэхэд хамт амьдарч байсан ам бүлийн тоо зөрүүтэй, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар ам бүлийн тоог өөр өөр тайлбарласан байхад, нотлох баримтын зөрүүг арилгаагүй, эд хөрөнгийг 3 хүнд хуваарилан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ.”, 40 дүгээр зүйлийн 40.2.-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан журмыг зөрчжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Е.Е-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эд хөрөнгийг М.А, Е.Е, А.Н нарт хуваарилж шийдвэрлэсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргах үед А.Н нь 18 нас хүрсэн байсан ба түүний 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан “...гэр бүлийн дундын эд хөрөнгийн надад оногдох хэсгийг энэхүү гэр бүлийн маргааны хамт шийдвэрлэн эх Е.Е-д оногдох хэсэгтэй хамт хуваарилуулах хүсэлтэй байна. Цаашид миний бие өөрийгөө шүүхэд бүрэн төлөөлөхөөр эх Е.Е-д итгэмжлэл үлдээж явна...” /хх-ийн 92 тал/ хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйл 61.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 62.3-т заасан шаардлагыг хангаагүй. А.Н-ийн Е.Е-д олгосон итгэмжлэлд /хх-ийн 93 тал/ түүний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.” гэсэн журмыг зөрчжээ.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 488 дугаар зүйлийн 488.1-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай “нэхэмжлэл”-ийг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.-т заасан бүрдүүлбэрийг нягтлан шалгаагүй нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11.-т заасан журмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч Е.Е-ийн хариуцагч М.А-аас эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авах үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 62 дугаар зүйлийн 62.2.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлж, бүрдүүлбэр хангуулж аваагүй, тухайн үед мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-т заасан хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулаагүй атлаа мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.-т заасныг шүүхээс шийдвэр гаргах үед хэрэглэсэн нь оновчгүй байна.  

           

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй ба хариуцагч М.А, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын нотлох баримтын үнэлгээ, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж М.А-д буцаан олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353250 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж М.А-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

            ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                Д.КӨБЕШ