Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар  001/ХТ2021/01550

 

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00127 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 701 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнчунт, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2017.08.10-ны өдөр 51,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд мөнгийг тухайн өдрөө түүний Төрийн банк дахь 340004012940 дугаарын дансаар олгосон. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлж авсан мөнгөө өнөөдрийг хүртэл огт төлөөгүй. Энэ хугацаанд хариуцагчтай удаа дараа утсаар холбогдож байсан, төлөх тухай хэлж байсан ч төлөхөөс зайлсхийсэн. Талууд бичгээр хийсэн гэрээ байхгүй тул хүү яригдахгүй, иймд үндсэн зээл 51,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Зээлсэн 51,000,000 төгрөгөөс 29,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин 22,000,000 төгрөгийг цааш нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, гэдэг хүнд зээлсэн тул мөнгийг бүхэлд нь хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00127 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 51,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 412,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 701 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас төлсөн 267,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодуламын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 701 дүгээр магадлалыг хариуцагч талаас эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт  гарсан зөрчлийг анхаарч үзэлгүй шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой. 2017.08.10-ны өдөр иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 51,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар хамтран зээлэхээр болж зээлдэгч хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,  зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр 51,000,000 төгрөгийг дангаараа хариуцах болоод байгаад хариуцагч талаас гомдолтой байна. Нэхэмжлэгч мөнгийг хэн хэнд зээлж байгаагаа мэдэж байгаа ч ганц ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас бүхлээр нь гаргуулахаар шаардаж байгаа нь бодитой биш. Шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын авсан 22,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн, харин хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,,гийн 29,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй болохоо илэрхийлсэн ч шүүх энэ талаар анхаарч  үзэлгүй зээлийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гоос хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, нэхэмжлэгчээс 51,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, хариуцагч нь “...29,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин 22,000,000 төгрөгийг цааш нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,гэдэг хүнд зээлсэн тул энэ хэсгийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ нотлоогүй, уг тайлбар нь дангаар хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Иймд, “... ,,,,,,,,,,,,,,,,оос 51,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар хамтран зээлэхээр болж зээлдэгч хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,  зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр 51,000,000 төгрөгийг дангаараа хариуцах болоод байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч мөнгийг хэн хэнд зээлж байгаагаа мэдэж байгаа ч ганц ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас бүхлээр нь гаргуулахаар шаардаж байгаа нь бодитой биш... шүүх энэ талаар анхаарч  үзэлгүй зээлийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00127 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 701 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД