Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/00127

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 13 өдөр

     Дугаар 183/ШШ2020/00127       

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Б овогт Х.И /рд:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Нүхт гарден вилла хотхон 0 байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Б овогт Б.М /РД:000000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 51 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц Л.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 51 000 000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг 2017 оны 8 дугаар сарын10-ны өдөр Б.М-ын Төрийн банк дахь 0000000000 дугаарын дансаар олгосон. Б.М нь зээлж авсан мөнгөө өнөөдрийн хүртэл огт төлөөгүй. Энэ хугацаанд хариуцагчтай удаа дараа утсаар холбогдож байсан, төлөх тухай хэлж байсан ч төлөхөөс зайлсхийсэн. Талууд бичгээр хийсэн гэрээ байхгүй тул хүү яригдахгүй, иймд үндсэн зээл 51 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлсэн 51 000 000 төгрөгөөс 29 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин 22 000 000 төгрөгийг цааш нь н.О гэдэг хүнд зээлсэн тул бүхэлд нь хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.И нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.И “...Б.М нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 51 000 000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.М-ын Төрийн банк дахь 340004012940 дугаарын дансаар олгосон” гэж тайлбарласан.

 

Хавтаст хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Х.Игийн Төрийн банк дахь 0000000000 тоот данснаас Б.М-ын  Төрийн банк дахь 000000000 тоот тоот данс руу 51 000 000 төгрөг шилжүүлсэн баримт авагджээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйл 51 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн, авсан талаар маргаагүй.  

 

Харин хариуцагч нь “...29 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин 22 000 000 төгрөгийг цааш нь н.О гэдэг хүнд зээлсэн тул бүхэлд нь хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж маргасан боловч энэхүү үйл баримт нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөхгүй юм.  

 

Иймд хариуцагч Б.М-аас 51 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.И-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 412 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.М-аас 51 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.И-д олгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 412 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ