Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01549

 

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

 тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00551 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 784 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8,477,028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нартай 2017.12.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9,500,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нар нь гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу зээлийг төлөх ёстой байсан ч төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6,325,196 төгрөг, хүү 1,793,193 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,639 төгрөг, нийт 8,477,028 төгрөгийг зээлдэгч ,,,,,,,,,,,,,аас гаргуулж өгнө үү. ,,,,,,,,,,,,аад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,гийн хамт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2017.12.25-ны өдөр 2,7 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай автомашины лизингийн зээл 9,500,000 төгрөг авсан. Автомашин зарагч ,,,,,,,,,,,,,, бидэнд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг санал болгож хотын зүүн захаас баруун зах руу 3 дугаар хорооллын салбар руу дагуулж явсан. Зээлийг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцоогүй урьд нь бэлдсэн байсан. Зээл гаргахдаа зээлийн дүнгээс 0,2 хувийн шимтгэл авсан, 1 сарын хүүг урьдчилж авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг хясан боох замаар өөрийнхөө “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмч болгож шилжүүлж бүртгэж авсан. Мөн 2018 оны 10 дугаар cap хүртэл 7,000,000 төгрөг төлсөн байхад үлдэгдэл 7,000,000 төгрөг байгаад гомдолтой байна. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захиралтай уулзъя гэхээр бидэнтэй уулзуулдаггүй, эрсдэлийн дарга ,,,,,,,,,,,,,т 7 удаа дээрх хууль бус үйл ажиллагааны талаар ярихаар, даргатайгаа уулзуулна гэдэг боловч өнөөдрийг хүртэл уулзуулаагүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00551 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,аас гэрээний үүрэгт 8,102,536.5 /найман сая нэг зуун хоёр мянга таван зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 374,491.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 144,590.5 /нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ,,,,,,,,,,,,,,,,д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 784 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00551 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 3,796,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 4,681,028 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “144,590.5” гэснийг “75,686” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 145,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн  101/ШШ2020/00551 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 8,102,536.5 төгрөгийг хангаж, 374,491.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 784 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагаас 4,681,028 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх 2017.12.25-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзээд, уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохоо нотлоогүй, хэрэгт гаргаж өгсөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд 2013.11.06-ны өдрөөс хойших сунгалт харагдахгүй байна хэмээн тайлбарлаж нэхэмжлэгчийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, гэрээ байгуулах үед буюу 2017.12.25-ны өдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй байснаа нотолж чадаагүй хэмээн тус тус дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие “Санхүүгийн зохицуулах хорооны 2013.12.18-ны өдрийн 533 дугаар тогтоолоор нийт 258 банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон, одоо энэхүү тогтоол хүчинтэй хэвээрээ байгаа, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ч мөн энэхүү тогтоолоор хугацаагүй болгосон” хэмээн тайлбарласан. Мөн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох хэргийн 44, 46, 49-р талд байх Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгийг анхаарч үзээгүй. Тодруулбал, 44-р тал дахь Санхүүгийн зохицуулах хорооны 2019.01.30-ны өдрийн 9/329 дугаартай албан бичгээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,ын гомдлын дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д хяналт шалгалтын ажиллагаа явуулж талуудын хооронд үүссэн харилцаанд ББСБ-ын зүгээс хууль зөрчсөн үйлдэлгүй тул маргааныг иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байна. Эдгээр нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн болно. Үүнээс үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24, 25, 33 дугаар зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд тус тус заасны дагуу хяналт шалгалт явуулсан ба хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол энэ тухай зээлдэгчид мэдэгдэхийн зэрэгцээ, хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь тодорхой асуудал байсан. Гэтэл шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэт, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, хэлцэл хийсэн гэж дүгнэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэв давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлтэйгөө нотлоогүй атал хэрэгт Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг зэрэг байгааг анхаарч, ийм эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байхад нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэхийн тулд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж болох байсан. Гэвч эргэлзээтэй нөхцөл байдлыг шууд нэхэмжлэгч тал хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан хэмээн дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд  шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн маргааныг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8,477,028 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ,,,,,,,,,,,,,,,д холбогдох шаардлагаасаа татгалзсан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8,102,536.5 төгрөгийг гаргуулж, үлдэх 374,491.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хариуцагчаас 3,796,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 4,681,028 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тайлбартаа: “...Автомашин зарагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бидэнд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг санал болгож хотын зүүн захаас баруун зах руу 3 дугаар хорооллын салбар руу дагуулж явсан. Зээлийг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцоогүй урьд нь бэлдсэн байсан. Зээл гаргахдаа зээлийн дүнгээс 0,2 хувийн шимтгэл авсан, 1 сарын хүүг урьдчилж авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг хясан боох замаар өөрийнхөө “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмч болгож шилжүүлж бүртгэж авсан. Мөн 2018 оны 10 дугаар cap хүртэл 7,000,000 төгрөг төлсөн байхад үлдэгдэл 7,000,000 төгрөг байгаад гомдолтой байна. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захиралтай уулзъя гэхээр бидэнтэй уулзуулдаггүй, эрсдэлийн дарга ,,,,,,,,,,,,,,,т 7 удаа дээрх хууль бус үйл ажиллагааны талаар ярихаар, даргатайгаа уулзуулна гэдэг боловч өнөөдрийг хүртэл уулзуулаагүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...2018.11.07-нд гэрээ цуцлуулах өргөдлөө Эрсдэлийн дарга ,,,,,,,,,,,,,,,т 7 удаа өгөхөд аваагүй, захиралтайгаа уулзуулаагүй. Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн албан ёсны 3 ш хариу, Төрийн албаны зөвлөлийн 1 ш хариу нотолдог, шударга ёсоор шийдвэрлэсэн бол 2018.11.07-оос хойш хүү, алданги зогсох ёстой...1,300,000 төгрөгийг л төлнө....” гэж маргажээ.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч болон зээлдэгч нарын хооронд 2017.12.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 9,500,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл олгогдсон, зээлдэгч нар 2018.11.29-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 3,174,804 төгрөг, хүүд 2,497,864 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,332 төгрөг, нийт 5,685,000 төгрөгийг төлсөн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч нар 2018.11.29-ний өдрөөс хойш гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2019.10.10-ны өдрөөр тасалбар болгож, гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдэж, улмаар шүүхэд хандсан, гэрээний 1.1.10-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу тооцох нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний үндсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй, иймд гэрээний үндсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүүд тооцсон 12,332 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцох нь зүйтэй...” хэмээн хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...Гэрээ байгуулагдсан 2017.12.25-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлтэй байснаа нотолж чадаагүй тул талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулсан гэж дүгнэх боломжгүй. Тусгай зөвшөөрөлгүй этгээд гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ... Хариуцагч нь 9,500,000 төгрөг авсанд маргаагүй, мөн хариуцагч 5,685,000 төгрөг буцаан төлсөн талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй, иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 3,796,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэж хэргийн оролцогчийн огт маргаагүй асуудлаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүгнээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал, хавтаст хэргийн 4 дэх талд нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (ард талд нь 2013.11.06-нд сунгасан тэмдэглэгээтэй), 44, 46, 49-р талд иргэн (хариуцагч) ,,,,,,,,,,,,,,,,т хандсан Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг авагдсан байх ба банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хянах, тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох эрх бүхий төрийн захиргааны байгууллагын эдгээр албан бичиг нь нэхэмжлэгч байгууллагыг “хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй” болохыг илэрхийлж байна. 

Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хорооны 2013.12.18-ны өдрийн 533 дугаар тогтоолоор нийт 258 банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон (уг тогтоолын хавсралтын 255-д ,,,,,,,,,,,,,,,,, байна) нь Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайтад байгаа, үүнээс хойш шинээр байгуулагдсан ББСБ-д хугацаагүй тусгай зөвшөөрөл олгож байгаа нь “нийтэд илэрхий үйл баримт” байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгчийн тавьсан асуултад хариулжээ.

Иймд “...давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие “Санхүүгийн зохицуулах хорооны 2013.12.18-ны өдрийн 533 дугаар тогтоолоор нийт 258 банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон, одоо энэхүү тогтоол хүчинтэй хэвээрээ байгаа, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ч мөн энэхүү тогтоолоор хугацаагүй болгосон” хэмээн тайлбарласан. Мөн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг анхаараагүй, ... Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24, 25, 33 дугаар зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд тус тус заасны дагуу хяналт шалгалт явуулсан ба хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол энэ тухай зээлдэгчид мэдэгдэхийн зэрэгцээ, хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь тодорхой асуудал байсан. Гэтэл шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэт, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, хэлцэл хийсэн гэж дүгнэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

Нэгэнт дээр дурдсан нийтэд илэрхий баримтаар нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь тогтоогдож байх тул үүнийг шалгуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй юм.

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 784 дүгээр магадлалыг хүчингүй  болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00551 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 89,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД