Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01497

 

 

,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00558 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 728 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чулуунбат, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,, жолоодож, 2018.12.28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тээврийн товчооны зүүнээс баруун тийш чиглэлд ,,,,,,,,,,,,,,,,,,, миний эзэмшлийн Land Cruiser 200 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явах үед ,,,,,,,,,,,,,,,,,,, нь 75-,,,, УБӨ улсын дугаартай Nissan Wingroad маркийн тээврийн хэрэгслийг жолоодон төв замын тээврийн хэрэгслийг өнгөрөөхгүй туслах замаас орж ирж автотээврийн осол гаргасан. Уг тээврийн осол нь ,,,,,,,,,,,,,ийн буруутай үйлдлээс биш, 75-,,,, УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ,,,,,,,,,,,,,,,,,,,ын буруутай үйлдлээс болж миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2,365,000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон. Уг хохирлыг ,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн бололцоогоор төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Би өөрөө автомашинаа янзлуулсан. Иймд хохирол 2,365,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тухайн үед намайг мөргөж, автомашин эвдэж хохирол учруулсан, хэзээ хойно 2-3 сарын дараа манай гэрийн хүн харвалт өгч ам хамар нь мурийгаад жил гаран эмнэлгээр явж, би өөрөө 2 чих шуугиад юм дуулах нь муу болсон. Би тэтгэврийн хүн, 30 сарын зээл авч эхнэрийгээ болон  өөрийгөө эмчлүүлж явна. Тэр үед хүний хүүхдийн мууг үзээд яахав гэж бодоод юм хэлээгүй. Миний бие өөрийн болон эхнэрийн биеийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэх болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчид 500,000 төгрөг өгч эвлэрэх санал тавьсан боловч эвлэрэх боломжгүй гэсэн гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00558 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 2,365,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52,790 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 17,410 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 728 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00558 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2,365,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ид олгосугай.” гэснийг “...1,995,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 370,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...52,790 төгрөг” гэснийг “46,870 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: 2018.12.28-ны орой 9.00 цагийн үед “Мандахнаран” дэлгүүрээс тамхи аваад манай хөгшин болон түүний дүү бид 3 зам хөндлөн гарч  явах үед гэнэт машин хүчтэй давхиж ирж мөргөөд надад маш их хохирол учруулсан. Миний машины арын хаалганаас мөргөөд  жолооч талын 2 хаалга, арын хаалга, шил бүгдийг хагалсан. Би ослоос болоод 2 чих шуугиад одоо 1 чих юм дуулахгүй болсон. Манай эхнэр 2 сарын дараа харвалт өгөөд ам, хамар нь муруйж эмнэлгээр жил гаран явлаа. Гэтэл энэ хүн надаар машиныхаа гуперийг төлүүлнэ гэж шүүхдээд байна. Үүнийг харгалзан үзэж шалгаж өгнө үү.  Би өөрөө ингэж хохирсон хир нь гомдол гаргаагүй, тэтгэврийн зээл аваад өөрийгөө болон эхнэрийгээ эмчлүүлж байна. Давж заалдах шатны шүүхээс 2,365,000 төгрөгийг 1,950,000 төгрөг болгосон боловч үүнийг төлөх чадвар  надад байхгүй гэжээ.                                                                             

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,оос хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,365,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 370,000 төгрөгийг хасч, 1,995,000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч нь зам тээврийн осол гаргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шийтгэл (торгууль) хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хэдийгээр хариуцагч “гэм буруугүй, зам тээврийн ослын улмаас өөрийнх нь болон эхнэрийнх эрүүл мэндэд хохирол учирсан” гэж маргасан хэдий ч татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Хавтаст хэрэгт 2019.08.18-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас байх боловч энэ нь зохигчийн маргаж буй зам тээврийн ослоос шалтгаалсан гэх үйл баримт тогтоогдоогүй, харин хариуцагчийн гэм буруутай зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх бөгөөд үнэлгээний талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлоо шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүхээс автомашины эвдрэл гэмтэлд хийлгэсэн үнэлгээгээр 2018.12.27-ны өдрийн Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдаагүй улсын дугаарын суурь, улсын дугаарын хүрээ, радиаторын хүрээ, радиаторын дээд хуванцар наалт зэргийн үнэлгээ болох 370,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хассан, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

Иймд, “би буруугүй, өөрөө хохирсон хир нь гомдол гаргаагүй, тэтгэврийн зээл аваад өөрийгөө болон эхнэрийгээ эмчлүүлж байна, 1,950,000 төгрөг төлөх чадвар  надад байхгүй” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 728 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 46,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН