Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01533

 

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ,,,,,,,,,, салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар шийдвэртэй,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ,,,,,,,,, салбарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу хүү 2,423,899.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,480.01 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,440,879.23 төгрөг гаргуулах, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 704,850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, Э.Нарангэрэл, хариуцагч,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн ,,,,,,,,,,,,,,,,, нь тус банктай 2014.09.10-ны өдөр 1660004114 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг жилийн 20,5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай хашаа, байшин барьж дуусгах зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлд 25,000,000 төгрөг, зээлийн хүүнд 14,255,840.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,720.97 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар банктай байгуулсан 1660004114 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2018.05.22-ны өдрөөс эхлэн төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 483 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд 1660004114 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр, хүү 2,423,899.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,480.01 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,440,879.23 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын  шүүхэд гаргасан тайлбарт: Бид 2014.09.10-ны өдрийн зээлийн 1660004114 тоот гэрээгээр 25,000,000 төгрөгийн хашаа, байшингийн зээл авсан нь үнэн. Миний бие 2014.09.10-ны өдрөөс 2016.04.31-ний өдрийг хүртэл тогтсон ажил орлоготой байх хугацаандаа төлбөрийг хугацаа хэтрүүлэхгүй хийж гүйцэтгэж ирсэн. 2014 оны 4 дүгээр сард ажлаас халагдсанаар тогтмол орлого, ажилгүй болсон. Хашаа, байшин болох ГД-0002295,,,, , Ү-15200040,,,  дугаартай, 92,16 м2 төвийн шугамд холбогдсон орон сууцыг 19,000,000 төгрөгөөр, гэр бүлийн хэрэгцээний ГД-0001733,,, , Г-15200027,,, дугаартай, 267,8 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй газраа 2,000,000 төгрөгөөр ,,,,,,,,,,,,,,,,, банкинд худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж, барьцаат зээлийн үлдэгдэл төлбөрийг хаасан. 2014.09.10-ны өдрөөс 2018.05.22-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 25,000,000 төгрөг, хүүнд 13,557,937.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,744.19 төгрөг, нийт 38,567,681.46 төгрөгийг төлсөн. ,,,,,,,,,,,,,,,,, банкин дахь 1660004114 тоот зээлийн дансны үлдэгдэл 2018.05.22-ны өдөр 00 төгрөг болсноор миний гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч байгууллагаас тус шүүхэд 2019.09.18-ны өдөр хандан 3,145,749 төгрөг нэхэмжилж байсан. Дахин 2,440,879.23 төгрөгийг гаргуулахаар ханджээ. Удаа дараа өөр өөр үнийн дүнтэй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээгээр миний нэмэгдүүлсэн хүү төлөгдөж, үндсэн зээл тэглэгдсэн. Нэхэмжлэлд хавсаргасан зээлийн 1660004114 тоот дансны 2014.09.10-ны өдрөөс 2019.09.17-ны өдөр хүртэлх хуулгаас үзэхэд 2018.05.22-ны өдрийн сүүлийн гүйлгээ 1,055,775 төгрөг төлөгдсөнөөр миний зээлийн төлбөр дуусч, тэг болж гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 09 дүгээр сард миний ,,,,,,,,,,,,,,,,, банк  дахь 5001194455 тоот дансанд орсон 706,880 төгрөгийг зөвшөөрөлгүйгээр суутган, харилцах данснаас зарлагын гүйлгээ хийсэн байсан. Миний бие өөрийн харилцах данс дахь мөнгөн хөрөнгөндөө ямар нэгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр, хэн мэдэхгүй хүнээр зарлагын гүйлгээ хийлгэх хүсэлтгүй байгаа тул миний нэг сарын хөдөлмөрийн хөлс болох 706,880 төгрөгөө буцааж авах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь шүүхийн шийдвэргүйгээр миний данснаас 704,850 төгрөгийг шууд татаж авсан. Иймд 704,850 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Зээлдэгч нар 1660004114 тоот зээлийн төлбөрөө 2017 оны 09 дүгээр сараас эхлэн төлөхгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. 2018.03.22-ны өдөр харилцан тохиролцож, барьцаа хөрөнгийг 21,200,000 төгрөгт суутган, банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан ба цаана нь зээл болон хүүний төлбөр үлдсэн. Банкны зүгээс нэхэмжилж буй төлбөр нь уг хашаа, байшин барих зориулалтаар авсан зээлийн төлөгдөөгүй хүүний төлбөр юм гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу хүү 2,423,899.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,480.01 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,440,879.23 (хоёр сая дөрвөн зуун дөчин мянга найман зуун далан ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ,,,,,,, салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ,,,,,,,, салбараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 704,850 (долоон зуун дөрвөн мянга найман зуун тавь) төгрөгийг гаргуулж хариуцагч ,,,,,,,,,,,,,,т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ,,,,,,,,, салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,004 (тавин дөрвөн мянга дөрөв) төгрөгийг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,466 (хорин нэгэн мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,, салбараас 21,466 (хорин нэгэн мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулж хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ,,,,,,,,,,,, салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл “Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ,,,,,,,,,, салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэлийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ,,,,,,,,,, салбарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,470 (далан таван мянга дөрвөн зуун дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 162 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 08 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн хүрээнд мөн хуулийн 172.2.1-д дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж чадаагүй, өөр хуулийг хэрэглэн шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн баримталсан хууль нь хэрэглэвэл зохих хууль мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхисныг хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх аль, аль нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэдэг хэдий боловч хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн нөхцөл байдалд зохих хууль зүйн дүгнэлт хийлгүй орхисонд гомдолтой. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн нотлох баримтууд болох зээл болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга зэргийг хуульд заасан шаардлага хангуулан гаргаж өгсөн бөгөөд зохигчид хүүгийн хувь, хэмжээг өөрчилсөн талаар зээлийн гэрээний хавсралтад тухайлан тэмдэглээгүй тул шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээг тооцоолох боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Дээр дурдсанаас үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж чадаагүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тооцооллыг хийж хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхисон, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хэргийн нөхцөл  байдлыг үнэн зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тооцооллыг хийж хууль зүйн дүгнэлт өгсөн бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх байсан гэж үзэж буй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ,,,,, салбараас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу хүү 2,423,899.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,480.01 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,440,879.23 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ээс нэхэмжлэгчид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 704,850 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, зохигчийн хооронд 2014.09.10-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, 25,000,000 төгрөгийг жилийн 20,5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай “хашаа байшин барьж дуусгах” зориулалтаар авсан, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөнөөс талууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар тохиролцож, нийт 21,200,000 төгрөгөөр үнэлж, үл хөдлөх хөрөнгөө банкны өмчлөлд шилжүүлсэн, үүнээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл, 1,055,755 төгрөг, хүүгийн төлбөр 573,561 төгрөгийг 2018.05.22-ны өдөр төлснөөр үндсэн зээл бүрэн төлөгдөж дууссан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.  

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “2018.05.22-ны өдрөөс 2019.12.12-ны өдөр хүртэл хугацаанд бодогдсон хүү 2,423,899.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,480.01 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”-аар шаардсан нь ямар үндэслэлээр, яаж тооцсон нь тодорхойгүй, баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь, мөн 2019.10.03-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байхад банкнаас харилцагчийн дансанд орсон 704,850 төгрөгийн хөрөнгийг татан авсныг “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж үзэх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 493 дугаар зүйлийн 493.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “хариуцагч нар нь 2016 оноос эхэлж зээлийг хугацаандаа төлөхгүй зөрчил гаргаж эхэлсэн тул энэ үеэс хойш зээл бүрэн төлөгдөж дууссан 2018.05.22 хүртэлх хугацаанд төлөх ёстой байсан хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээсээ зөрүүтэй тайлбарладаг.

Гэтэл хэрэгт авагдсан баримт болох хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ийн банкны хуулгаар (хавтаст хэргийн 43 дахь тал) 2018.05.22-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 0.00 байхад энэ хүртэлх хугацааны, эсхүл үүнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ, банкны хуулга зэрэг баримтыг шүүхэд өгсөн байх боловч нэхэмжлэлээр шаардаж буй хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, нотлох баримтгүй байна.

Иймд, “хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарласан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон байхад аль аль шүүх нь хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж чадаагүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тооцооллыг хийж хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхисон” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 75,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.СОНИНБАЯР

                                                                                                         Д.ЦОЛМОН