Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 162

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: "ХБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Н.Б,

     Хариуцагч: Г.О нарт холбогдох,

   Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу хүү 2.423.899,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.480,01 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 2.440.879,23 төгрөг гаргуулах, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 704.850 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Н.Б, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Б нь тус банктай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1660004114 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг жилийн 20,5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай хашаа байшин барьж дуусгах зориулалтаар авсан. Банк нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлдэгч Н.Б-ийн ХБ дахь 5001194455 тоот дансанд 25.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлд 25.000.000 төгрөг, зээлийн хүүнд 14.255.840,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18.720,97 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нар банктай байгуулсан 1660004114 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 483 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1660004114 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр /2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх/ хүү 2.423.899,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.480,01 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 2.440.879,23 төгрөгийг гаруулж өгнө үү. Мөн хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

      Хариуцагч Н.Б, Г.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн 1660004114 тоот гэрээгээр 25.000.000 төгрөгийн хашаа байшингийн зээл авсан нь үнэн. Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл тогтсон ажил орлоготой байх хугацаандаа төлбөрийг хугацаа хэтрүүлэхгүй хийж гүйцэтгэж ирсэн. 2014 оны 4 дүгээр сард ажлаас халагдсанаар тогтмол орлого, ажилгүй болсон тул банкнаас зээлийн төлбөрийг барагдуулахаар удаа дараа хандаж байсан тул аргагүйн эрхэнд өөрийн амьдарч байсан хашаа байшин болох ГД-000229533, Ү-1520004075 дугаартай, 92,16 м2 төвийн шугаманд холбогдсон орон сууцыг 19.000.000 төгрөгөөр, гэр бүлийн хэрэгцээний ГД-000173399, Г-1520002762 дугаартай, 267,8 м2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй газраа 2.000.000 төгрөгөөр ХБ-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж, барьцаат зээлийн үлдэгдлийг хаасан. Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 25.000.000 төгрөг, хүүнд 13.557.937,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9.744,19 төгрөг, нийт 38.567.681,46 төгрөгийг төлсөн. Хас банкин дахь 1660004114 тоот зээлийн дансны үлдэгдэл 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 00 төгрөг болсноор миний гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч байгууллагаас тус шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хандан надаас 3.145.749 төгрөг нэхэмжилж байсан. Дахин 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн хүү 2.423.899,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.482,01 төгрөг, нотариатын төлбөр 7.500 төгрөг, нийт 2.440.879,23 төгрөгийг гаргуулахаар ханджээ. Ингэж удаа дараа өөр өөр үнийн дүнтэй нэхэмжлэл гаргаж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1660004114 тоот зээлийн гэрээний 4.2 дахь хэсэгт зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасан байна. Гэрээгээр миний нэмэгдүүлсэн хүү төлөгдөж үндсэн зээл тэглэгдсэн. Э.Нарангэрэлийн нэмэжлэлд хавсаргасан миний зээлийн 1660004114 тоот дансны 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хуулгаас үзэхэд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн сүүлийн гүйлгээ 1.055.775 төгрөг төлөгдсөнөөр миний зээлийн төлбөр дуусч, тэг болж гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2.440.879,23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний 1 сарын хөдөлмөр, хөлсөө урсган байж авсан хөлс буюу 2019 оны 9 дүгээр сард миний Хас банкин дахь 5001194455 тоот дансанд орсон 706.880 төгрөгийг миний зөвшөөрөлгүй суутган, харилцах данснаар зарлагын гүйлгээ хийсэн байх юм. Монгол Улсын иргэн миний бие өөрийн харилцах дансан дахь өөрийн мөнгөн хөрөнгөндөө ямар нэгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр, хэн мэдэхгүй хүнээр зарлагын гүйлгээ хийлгэх хүсэлтгүй байгаа тул миний нэг сарын хөдөлмөрийн хөлс болох 706.880 төгрөгийг буцааж авах хүсэлттэй байна гэжээ.

    Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... "ХБ" ХХК нь шүүхийн шийдвэргүйгээр миний данснаас 704.850 төгрөгийг шууд татаж авсан. Иймд миний данснаас хууль бусаар татан авсан 704.850 төгрөгийг "ХБ" ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

    Нэхэмжлэгч "ХБ" ХХК-ийн Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Зээлдэгч Н.Б нар 1660004114 тоот зээлийн төлбөрөө 2017 оны 9 дүгээр сараас эхлэн төлөхгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Улмаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, барьцаа хөрөнгийг 21.200.000 төгрөгт суутган банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан ба цаана нь зээл болон хүүний төлбөр үлдсэн. Банкны зүгээс нэхэмжилж буй төлбөр нь уг хашаа, байшин барих зориулалтаар авсан зээлийн төлөгдөөгүй хүүний төлбөр юм гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч "ХБ" ХХК-ийн Увс салбараас хариуцагч Н.Б, Г.О нарт холбогдуулан Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу хүү 2.423.899,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.480,01 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 2.440.879,23 төгрөг гаргуулах, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбарт холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 704.850 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

  1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

      Хариуцагч Н.Б, Г.О нар ХБ ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1660004114 дугаартай Зээлийн гэрээ[1] байгуулж, 25.000.000 төгрөгийг жилийн 20,5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, амины байшин барьж дуусгах зориулалтаар авсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

       Харин тухайн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч нар төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тогтмол төлөхөөр тохиролцсон боловч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 471 тоот Газар худалдах, худалдан авах гэрээ[2], мөн өдрийн 472 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ[3]-г хариуцагч Н.Б болон "ХБ" ХХК-ийн Увс салбарыг төлөөлж, захирал Ю.Н нар байгуулж, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12-52А тоотод байрлах, нэгж талбарын 8516003365, улсын бүртгэлийн Г-1520002762, гэрчилгээний 173399 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 267,8 м.кв талбай бүхий газрыг 2.000.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520004075, гэрчилгээний 229533 дугаартай, 92,16 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 19.200.000 төгрөгөөр тооцон ХБ ХХК-ийн Увс салбарт шилжүүлжээ.

        Мөн Н.Б-ийн нэр дээрх 1660004114 дугаартай зээлийн дансны хуулгаас[4] үзэхэд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн үнийн дүн буюу 21.200.000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт суутган авч, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1.629.336 төгрөгийг хүү болон үндсэн зээлийн төлбөр тус тус суутган зээлийн үлдэгдэл 00 төгрөг болжээ.

        Ингээд нэхэмжлэгч байгууллагаас 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд бодогдсон хүү 2.423.899,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.480,01 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч тухайн хүү болон нэмэгдүүлсэн хүүг яаж тооцон гаргасан нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгчээс гаргаж ирүүлээгүй байна.

        Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тухайлбал, зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг 365 хоногт хувааж, нэг өдрийн хүү гаргана. Нэг өдрийн хүүгээ тухайн сарын хэдэн өдрөөр тооцохоо бодоод гаргадаг. Өөрөөр хэлбэл, тухайн сар 30 хоногтой байвал нэг өдрийн хүүгээ уг хугацаанд үржүүлнэ. Хэрэв 29 хоног байвал мөн нэг өдрийн хүүгээ бодоод тухайн сардаа хичнээн төгрөгийн хүү төлөх ёстойгоо бодоод гаргаж болно. Н.Б-ийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй, хугацаа хэтрүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд уг хүү тооцогдсон байгаа гэж тайлбарласан боловч үүнийг шүүх тогтоох боломжгүй.

        Өөрөөр хэлбэл, хэрэв хариуцагч нар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 490.000 төгрөгийг төлөөд уг хугацаанаас хойш зээлийн төлбөрөө хугацаанд нь буюу сар бүр төлөхгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн гэж үзвэл 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хичнээн төгрөгийн хүү тооцогдсон, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хичнээн төгрөгийн хүү тооцогдсон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт буюу зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 1660004114 тоот зээлийн дансны хуулгаас тогтоох, тооцоолох боломжгүй байна.

     Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хариуцагч нар зээлийн төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлсэн гэж, шүүх хуралдааны үеэр 2016 оны 10 дугаар сараас эхлэн төлөлт хэвийн төлөгдөхгүй болж, хугацаа хэтэрч эхэлсэн гэж, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа 2017 оны 9 дүгээр сараас хойш төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн гэж өөр өөрөөр тайлбар гаргасан.

      Иймд нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б, Г.О нараас Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу хүү 2.423.899,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.480,01 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 2.440.879,23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Харин шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдав.

  1. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

     Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбарт холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 704.850 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба үүнийг дараах үндэслэлээх хангаж шийдвэрлэв.

       Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа Үлдсэн зээл болон хүүний төлбөрт суутган авсан гэх боловч хариуцагч Н.Б-ийн 1660004114 тоот зээлийн дансны хуулгаас үзэхэд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1.629.336 төгрөгийг хариуцагч нь банкинд төлснөөр төлбөрийн үлдэгдэл 00 төгрөг болсон байхад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тухайн дансанд орсон 706.880 төгрөгийг ямар зээлийн үлдэгдэл болон хүүнд суутгасан нь тодорхойгүй байна.

        Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар банк болон хариуцагч Н.Б нарын хооронд үүрэг үүсээгүй байхад банкнаас харилцагчийн дансанд орж ирсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан байх тул мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т заасны дагуу хариуцагч нь дээрх мөнгийг буцаан шаардах эрхтэй гэж үзлээ.

     Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 704.850 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Б олгож шийдвэрлэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.004 төгрөгийг, хариуцагч Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.466 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбараас 21.466 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Б-т олгох нь зүйтэй.