Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2019/ДШМ/47

 

2019 оны 06 сарын 11 өдөр                        

    2019/ДШМ/47                                                 Зуунмод

Г.У, М.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгчдэгийн өмгөөлөгч: Ц.Хүрэлбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 307 дугаар шүүгчийн захирамжтай Г.У, М.Цнарт холбогдох 1934000190116 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч Г.У, М.Цнар нь бүлэглэн, согтуугаар 2018 оны 12 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд Засаг даргын тамгын газрын байрны гадна тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнгийн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар хүч хэрэглэх явцдаа бүлэглэн цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнг зодож, эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.У, М.Цнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 307 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Уранбаяр, Жалайр овгийн Мягмарын Цогтбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000190116 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Уранбаяр, Жалайр овгийн Мягмарын Цогтбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1934000190116 дугаартай хэргийг 2019 оны 04 сарын 07-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, гэх үндэслэлээр хэргийг буцаахдаа хүчингүй болсон хуулийг үндэслэж, гаргасан шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн яллагдагч Г.У, М.Цнарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам”-д хамаарагдах гэмт хэрэг юм.

Дээрх зүйлд хамаарагдаж буй зүйл ангид заасан гэмт хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан даруй эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлж, прокурор хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр заасан.

Харин прокурор яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулахаар заасан ба шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Мөн шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана. Шүүхийн шийдвэр нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангагдаагүй гэж буруу дүгнэлт хийж, хуулийг холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэж байна.

Мөн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шийдвэрлэхдээ прокуророос “яллагдагч Г.Дархан, хохирогч О.Мөнгөнтулга нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаагүй байх тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон яллагдагч Г.Дарханд холбогдох эрүүгийн 1834006200456 дугаартай хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоол гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх хариуцлагын талаар санал зөрсөн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тухай баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж дүгнэсэн байна.

Иймд Г.У, М.Цнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 07-ны өдрийн 307 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: “Эрүүгийн 1934000190116 дугаартай хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн” гэж анхан шатны шүүх захирамжиндаа хүчингүй болсон хуучин хуулийг барьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд заавал яллагдагч нарын хүсэлтийг авах шаардлагагүй юм. Г.Нарантуяа өмгөөлөгчийн хүсэлт нь яллах дүгнэлт гараад хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд гарсан учир шийдвэрлэх боломжгүй тул хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Г.Уранбаяр/-ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан тайлбартаа: Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ёстой. Мөн прокурор нь Г.Нарантуяа өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хүний гаргасан хүсэлтийг хангаж байж хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой. Анхан шатны шүүх шүүгчийн захирамжиндаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг барьсан нь техникийн шинжтэй алдаа юм гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.У, М.Цнарт холбогдох эрүүгийн 1934000190116 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хуульд заасан ердийн журмаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаар хуульчилсан. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 5 нөхцөл байдлыг хянаж үзнэ. Эдгээр нөхцөл байдлууд тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана. Дээрх 5 нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаахаар хуульчлан зохицуулжээ.

Г.У, М.Цнарт холбогдох эрүүгийн 1934000190116 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үед яллагдагч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн эсэх, хохирогчтой нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой тохиролцож, хохирогчид ямар хохирол учирсныг яллагдагч хэзээ, хэрхэн, ямар хэлбэрээр барагдуулах талаараа харилцан тохиролцож, эвлэрч, энэ тухайгаа бодит байдлаар /бичгээр/ илэрхийлсэн болох нь тогтоогдоогүй байна.

Мөн шүүгдэгч Г.У, М.Цнар прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргаагүй байна.

Шүүгдэгч Г.У, М.Цнар прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар сонсгосон  зүйл, ангийг болон 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд С.Ядамсүрэнгээс гэрчээр мэдүүлэг авахдаа гэрчийн овог, эцэг /эх/ болон өөрийн нэрийг нь буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал биш боловч цаашид ийм төрлийн алдаа гаргахгүй байхад прокурор анхаарах шаардлагатай болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.У, М.Цнарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэх нь зөв байсныг дурьдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 05-ны өдрийн 307 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.У, М.Цавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХМАА

                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ