Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 611

 

 

Э.А Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00132 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.А Д.Б нарын хариуцагч Б.Б, Н.Б нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд төлсөн 54 000 000 төгрөг болон гэрээнээс учирсан хохиролд 18 578 475 төгрөг, нийт 72 578 475 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бгийн өмгөөлөгч  Б.Д, нэхэмжлэгч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Н.Б, Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Э.А нь Б.Бээс Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 49.81 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 54 000 000 төгрөгөөр худалдан авсан.

Энэ байрыг худалдан авч амьдрах хугацаанд дотор нь амьдарч байсан 5 хүний тархи толгой өвдөх, даралт ихсэх болсон. Агаар муу, бүгчим, чийгтэй энэ байрны нөхцөл хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байсан тул зохих газруудад хандаж, дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн газраас уг байрыг үйлчилгээний зориулалттай заал барьж Б.Бт хүлээлгэн өгсөн байдаг. 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Б.Б нь үйлчилгээний зориулалттай захиалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч, 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны зориулалттай болгон өөрчлүүлж, шинээр гэрчилгээ авсан байдаг. Түүнчлэн Улсын бүртгэлийн газраас гаргаж өгсөн материалд барилгын техник хяналтын Улсын байцаагч Б.Эгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт авагдсан байсан бөгөөд уг дүгнэлтэнд тус 2 өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж дүгнэсэн байсан. Гэтэл уг байрны нөхцөл бидний эрүүл мэндэд бодитой хохирол учруулсан тул зориулалтын хувьд орон сууц мөн эсэхийг дахин нягтлуулах үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, өргөдөл гаргасан. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улсын ахлах байцаагч Б.Э байрны талаар дахин дүгнэлт гаргахдаа В давхрын ариун цэврийн өрөөнөөс бусад өрөө, тасалгааны агаар сэлгэлт муу, өрөөнүүдэд агааржуулалтын суваггүй, өрөө тасалгаа чийгтэй, бохир усны шугам жигд ажиллагаагүй, байгалийн гэрэлтүүлэг хангалтгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 11.1.5, БНБД-ийн 31-01-10-ын 5.6-д зөрчсөн гэж 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өөрийн дүгнэлтээ үгүйсгэж, дүгнэлт гаргасан. Мөн улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01-01/11 дугаартай шийдвэрээрээ улсын байцаагч Б.Эгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгосон. Хариуцагч Б.Б нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйл, 3.3-д заасан гэрээний зүйл нь орон сууцны зориулалттай байна гэсэн нөхцлийн дагуу биет байдлын доголдолгүй, мөн эрхийн зөрчилгүй орон сууцны зориулалттай 2 өрөө орон сууцыг худалдах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, биет байдлын доголдолтой, мөн эрхийн зөрчилтэй, өөрөөр хэлбэл орон сууцны зориулалтын бус байрыг надад худалдсан нь бидний хооронд байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах үндэслэл болж байна. Н.Б нь энэ байрыг бид бариагүй, зохих газар нь орон сууц гэж зөвшөөрсөн дүгнэлт гаргасан. Улсын бүртгэлд орсон. Бид хуурч мэхлээгүй. Хөөцөлдөж чадвал ямар ч бичиг баримтыг гаргуулж болно. Хүний нүдийг боогоод, амыг таглаж зараагүй. Одоо байрны үнэ ханш унасан. Зарвал 30, 40 сая л болно гэж хэлдэг. Хэрвээ бид энэ байрыг аваагүй байсан бол өнөөдрийг хүртэл банкны зээлэнд 18 578 475 төгрөгийг төлөхгүй байсан учраас гэрээнээс учирсан хохирол гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд Б.Бтэй байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд төлсөн 54 000 000 төгрөг болон гэрээнээс учирсан хохиролд 18 578 475 төгрөг, нийт 72 578 475 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Б, Н.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус үл хөдлөх эд хөрөнгийн захиалгчийн эрхийг иргэн Ц.Цхөөс худалдан авсан бөгөөд Ж ХХК-тай гэрээ байгуулсан. В-7 тоотын зэрэгдээ хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үйлчилгээний зориулалтыг өөрчилж, орон сууцны зориулалтаар ашиглаж айл амьдарч байсан учраас би хүүдээ орон сууцны зориулалтаар ашиглуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад зохих журмын дагуу хүсэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, хүн амьдрах боломж нөхцлийг хангаж, үл хөдлөх хөрөнгөд шаардлагатай засан сайжруулалтыг хийсэн бөгөөд улсын байцаагчын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарсан. Орон суууцны зориулалтаар өөрчилсөн гэрчилгээ 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Миний том хүү гадаадад суралцах болсноор уг орон сууцанд амьдрахгүй болсон учраас орон сууцыг худалдахаар шийдвэрлэсэн. Уг орон сууцтай танилцах хүн бүр үл хөдлөх эд хөрөнгийн зохион байгуулалт, зориулалтын талаар асуулт тавьж байсан. Иргэн Э.А энэ талаар асуухад өмнөх үйлчилгээний зориулалтыг орон сууцны зориулалтаар өөрчилж хүн амьдрах орчныг бүрдүүлэх, зохих шаардлагыг хийснийг маш тодорхой тайлбарласан. Худалдагчаас үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын тодорхой нөхцөл байдлыг зориуд гуйвуулж, нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд хохирол учирсан гэх худалдан авагчийн тайлбар үндэслэлгүй. Тухайн үед орон сууцыг танилцуулах үед нэхэмжлэгч нь яаралтай худалдан авахаа илэрхийлж, худалдах зорилгоор өөр хүнд дахин танилцуулахгүй байх, худалдан авагчийн саналыг зөвшөөрсөн. Тэрнээс орон сууцыг яаралтай худалдан авахыг аливаа хэлбэрээр тулган шаардаагүй. Орон сууцны зориулалтын тухай лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг харуулсан, эх хувийг харуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч орон сууцны 8 хувийн зээлд хамрагдаж банкнаас зээл авах үед худалдагч миний бие оролцоогүй бөгөөд анх гэрээ байгуулахад Э.А нь үнийг нь 60 000 000 төгрөг гээд биччих 6 000 000 төгрөгөөр нь байраа тохижуулж тавилга авна гэж хэлсний дагуу 60 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс 54 000 000 төгрөгийг байрныхаа үнэнд бүрэн авсан. Хүн амьдрах орчин нөхцлийг бүрэн хангасан зөрчилгүй байсныг худалдан авагч биечлэн шалгаж хүлээн зөвшөөрч орон сууцыг шилжүүлэн авсан учраас нэхэмжлэлийн шаардлага болох 72 578 475 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар Н.Б, Б.Б нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээг цуцалж, 54 000 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол болох банкны зээлд төлсөн 18 578 475 төгрөг, нийт 72 578 475 төгрөгийг гаргуулахыг хүссэн Э.А Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678 792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бид орон сууц худалдан авахдаа доголтойг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Хариуцагч нараас 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 54 000 000 төгрөгөөр худалдан авсан. Уг байр Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байх шаардлагыг хангахгүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч тал шүүхэд мэдүүлсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан. Бид энэ хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн 2287 дугаар магадлалын заалт бүрэн биелэгдсэн талаар огт дүгнэлт хийгээгүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд баталгаат болон эдэлгээний хугацаа тогтоогоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн талаар хөөн хэлэлцэх хугацаа заагаагүй байхад шүүгч үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Э.А Д.Б нар нь хариуцагч Н.Б, Б.Б нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд төлсөн 54 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж /хх.1/, мөн зээлийн хүүд төлсөн 18 578 475 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг /Ⅱхх.12 /, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. /хх.44/

 

            Зохигчид 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2204047*** дугаартай, Баянзүрх дүүргийн 103 дугаар байрны В-7 тоот хаягт байрлах 49.81 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцсон /хх.7/, нэхэмжлэгч Э.А нь орон сууцны үнэд 54 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт талуудын тайлбараар /хх.66, 68/ тогтоогдож байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгийн техникийн болон биет байдалтай танилцсан бөгөөд ямарваа нэгэн шаардлагыг нөгөө талдаа тавиагүй болно” гэж заасан байна. Гэрээний энэхүү заалтыг хүн амьдрах боломжгүй, орон сууцны бус зориулалттай гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн буюу талууд орон сууцны чанар байдлын талаар тухайлан тохиролцсон гэж үзэхгүй буюу талуудын хоорондын гэрээнд чанарын талаар тухайлан заасан  агуулга байхгүй болно. Иймд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр чанарын талаар тухайлан тохиролцоогүй гэж үзнэ.

 

Харин гэрээний 2 дугаар зүйлд “үл хөдлөх эд хөрөнгийн чанар, бусад хүчин зүйл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх талаар”, “Үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл” гэж нэрлэгдсэн гэрээний 3 дугаар зүйлд зориулалтыг “орон сууцны зориулалттай” гэж тус тус заасан байна. Иймд гэрээний зүйлийг Иргэний хуулийн 251.2 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байхыг чанарын доголдолгүй гэж үзнэ.

 

            Орон сууцны зориулалттай гэж худалдсан байр нь уг зориулалтаар ашиглах боломжгүй байгаа тохиолдолд доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ.  Уг нөхцөл байдал 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шинжээч Г.Вдийн дүгнэлт /хх.150/, мөн 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гарсан улсын байцаагч Б.Эгийн дүгнэлтийг хүчингүй болгосон улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулууны акт зэрэг хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх.34/ Шүүхээс томилсон шинжээч Г.В нь шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжлийн мэдлэг, ур чадвартай талаарх баримт хэрэгт авагдсан байна. /хх.150, 162/

 

Маргаж буй тухайн орон сууцыг бүртгэсэн бүртгэлийн баримтад 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улсын байцаагч Б.Эгийн “орон сууцны зориулалттай ашиглаж болно” гэсэн агуулга бүхий дүгнэлт авагдсан байна. Эдгээр баримтуудыг харьцуулан үзэхэд улсын бүртгэлийн гэрчилгээнд үл хөдлөх эд хөрөнгийг “орон сууцны зориулалттай” гэж бичсэн байгаа тохиолдолд нэхэмжлэгч Э.Агийн хувьд уг хөрөнгийг орон сууцны зориулалттай ашиглах боломжгүй гэх доголдлын талаар мэдсэн эсхүл мэдэх боломжтой байсан гэж үзэхгүй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд буруу байна. Худалдан авсан зүйлийн доголдолтой холбоотой Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан худалдан авагчийн эрхүүд дотроос нэхэмжлэгч нь гэрээг цуцлахаас бусад арга хэрэгслийг ашиглах боломжгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлахаар шаардах эрхтэй.

Ийнхүү худалдах, худалдан авах гэрээг цуцалсан тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн гэрээнээс татгалзсантай адил нөхцөл байдал үүсэх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 54 000 000 төгрөгийг худалдагч буюу хариуцагчаас буцаан шаардах эрх үүснэ.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр худалдагдсан уг эд хөрөнгийг хариуцагч Б.Б нь 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны зориулалттай болгох хүсэлтийг бүртгэлийн байгууллагад гаргасны дагуу /хх.19/ орон сууцны зориулалттай болгосон байх боловч уг орон сууц нь хүн амьдрах боломжгүй байгаа нөхцөл байдалд худалдагч буюу хариуцагчийг буруутай гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд хариуцагч буюу худалдагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол төлөх үүргээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх тул гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу нэхэмжлэгчээс зээлд төлсөн гэх 18 578 475 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, уг орон сууцыг худалдаж авсан зориулалтаар ашиглах боломжгүй байгаад хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч орон сууцны зориулалтаар 18 578 475 төгрөгийн зээл авсанд хариуцагчийг буруутгах үйлдэлгүй тул уг хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй.

 

            Харин гэрээнээс татгалзсантай холбоотойгоор уг гэрээний дагуу шилжүүлэн өгсөн эд зүйлийг нэхэмжлэгч тал ашигласантай холбоотой үр дагаврыг энэхүү хэргийн хүрээнд шийдвэрлээгүй болно.

 

Гэрээний талууд нь хариуцагч Б.Б, нэхэмжлэгч Э.А нар байх бөгөөд уг гэрээний тал бус Н.Б, Д.Б нарт гэрээтэй холбоотой үр дагавар үүсэхгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00132 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 54 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ад олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлээс 18 578 475 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэл болон хариуцагч Н.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч Б.Бээс 427 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ад олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 520 842 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох, энэхүү үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргахад саад болохгүй дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ