Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/49

 

2019 оны 06 сарын 12 өдөр                          

2019/ДШМ/49                                                      Зуунмод

Б.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгч Б.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолтой Б.Ад холбогдох 1734003580216 дугаартай 2 хавтас, 312 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, 1971 оны 11 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 07 хороо, 89-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С овгийн Б-гийн А 

 

Шүүгдэгч Б.А нь согтуугаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын ам” гэх газарт “Мэнгтиан” ХХК-ны “Хар акул” гэрээт харуул хамгаалалтын албанд объектын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа 2017 оны 09 сарын 11-ний өдрөөс 15-ны хооронд онц харгис хэрцгийгээр, бие махбодын зовуур үүсгэж, П.Ганзулыг бороохойгоор болон гараараа зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолд: Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Сартуул овгийн Буянхишигийн Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Аыг үргэлжилсэн үйлдлээр, онц харгис хэрцгийгээр, бие махбодын, зовуур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б. Амарсайханы 2018 оны 02 сарын 07-ны өдрөөс 2018 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн резинэн бороохойг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хохирогч П.Ганзулын 2 ширхэг амбулаториор эмчлүүлэгчдийн карт, 1 ширхэг тархины томографын зураг, 1 ширхэг рентген зураг, 1 ширхэг CD, 1 ширхэг фото зураг зэргийг хохирогч П.Ганзулд буцаан олгохыг, мөрдөгчийн 2017 оны 12 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Жаргалантын 20 дугаар гудамжны 487 тоотод бүртгэлтэй шүүгдэгч Б.Аы өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2206005941 дугаартай газрыг хууль ёсны өмчлөгч ЧП71112671 дугаарын регистртэй, Б. Амарсайханд буцаан олгохыг тус тус дурдаад,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Б. Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 03 сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Сартуул овгийн Буянхишигийн Амарсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдаж шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “Буянхишигийн Амарсайхан би 1971 оны 11 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн.  6 настай хүүгийн хамт хоёул амьдардаг. Миний бие 2017 оны 09 сард Төв аймгийн Заамар суманд Хайлааст 03 багийн нутаг Баянголын ам гэх газарт Мэнгтиан ХХК-ийн Хар Акул гэрээт харуул хамгаалалтын албанд объектын хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа цуг ажиллаж байсан хамгаалагч Ганзултай хамт архи ууж, улмаар маргалдан хоорондоо зодолдож, Ганзулын биед хүндэвтэр гэмтэл учруулсны улмаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил 5 сарын нээлттэй хорих ангид эдлэх ял авсан.

1.Миний  давж заалдах гомдол гаргасан учир нь би өөрийн буруутай үйлдлээс болж бусдын биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж гэмээ ухамсарлаж байна.

2.Би 2015 онд эхнэр Цолмонгоос салахдаа 2 настай хүү Эрхэмбаялагаа авч үлдсэн ба одоо бид хоёр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 07 хороо, 89 байрны 10 тоотод амьдарч байгаа. Би хүүгээ хойд эхийн гар харуулахгүй гэсэн бодлоор өөр амьдрал зохиогоогүй, одоо хүртэл хүүтэйгээ хоёул амьдардаг. Миний энд хоригдож байх хугацаанд хүү өндөр настай аав, ээж дээр маань байгаа. Миний аав Д.Буянхишиг 87 настай, ээж  Майдаржав 84 настай . Мөн миний бие нь урд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Иймд миний ар гэрийн амьдралыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү

3. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр суух хүсэлтэй байх тул хүсэлтийг минь харгалзаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун давж заалдах гомдолдоо ... “Шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Аыг 2017 оны 09 сарын 11-ний өдрөөс, 14-ний өдрүүдэд хохирогч П.Ганзулыг гараар болон бороохойгоор зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгээд байгаа билээ.

Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байна.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.А нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарласан, хохирлын төлбөрт 1,300,000 төгрөг төлж, гэм хорын хохирлыг бүрэн барагдуулж, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, зан байдлын тухайд төлөв даруу зантай, цаашид гэмт хэрэг зөрчилд холбогдоод байхааргүй хүн болохыг гэрч Буянхишиг мэдүүлсэн байгаа зэрэг нь түүнд заавал хорих ял оногдуулахгүйгээр боломж олгож, тэнсэн харгалзах бүрэн боломжтой байгаа юм.

Мөн Б.Аы хувийн амьдралын тухайд эхнэрээсээ салаад бага насны хүүтэйгээ хоёулханаа байр хөлсөлж амьдардаг, өрх толгойлсон ганц бие эцэг юм. Түүний хүү энэ жил 6 нас хүрч сургуульд орох ёстой бөгөөд уг цаг хугацаанд эцэг нь хараа, хяналт тавьж чадахгүй хоригдоод байгаа нь цаашид хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгэмшил, сурч боловсроход ихээхэн сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэл үүсээд байна.

Иймд хэргийн нөхцөл байдал, Б.Аы хувийн зан байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/97 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, Б.Ад оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун гаргасан саналдаа: “...Б.Ад холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргах зүйлгүй. Харин Б.Ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А гаргасан тайлбартаа “... Ар гэрийн амьдралыг харгалзаж ялыг хөнгөлж өгнө үү. Гэм буруу, үйлдэлд маргах зүйлгүй” гэв.

Давж заалдах шүүх хуралдаанд хяналтын прокурор М.Гансувд дүгнэлдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хийсэн дүгнэлтийг өөрчлөх шаардлагатай” гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.А согтуугаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын ам” гэх газарт “Мэнгтиан” ХХК-ны “Хар акул” гэрээт харуул хамгаалалтын албанд объектын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа 2017 оны 09 сарын 11, 15-ны өдрүүдэд  онц харгис хэрцгийгээр, бие махбодын зовиур үүсгэж, П.Ганзулыг бороохойгоор болон гараараа зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч П.Ганзулын Төв аймгийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл  /хх-03 хуудас/, хохирол нэхэмжилсэн жагсаалт, өөрийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-29 хуудас/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, толгойн компьютер томографын шинжилгээ, эмчийн тодорхойлолт /хх-04, 30-34 хуудас/, хар өнгийн резинэн бороохойг эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-80-81хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны №304 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-197-199 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11893, 1027,1106 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-10, 221-223, 235-238 хуудас/,  гэрч, хохирогч П.Ганзулын /хх-06-07, 17-18, 86, 177-178 хуудас/, гэрч Б.Хонгорзулын /хх-19-20 хуудас/, гэрч Ю.Хүрэлбаатарын /хх-21-22 хуудас/, гэрч Б.Анхбаярын /хх-23-24 хуудас/, гэрч Б.Жамуухын /хх-25-26 хуудас/, гэрч А.Ойбаярын /хх-59-60 хуудас/, гэрч Э.Хашболдын /хх-61-62 хуудас/, гэрч Ш.Эрдэнэбулганы /хх-63-64 хуудас/, гэрч С.Мөнхбаатарын /хх-245-247 хуудас/, шинжээч Ө.Сарангэрэлийн /хх-179-180 хуудас/, шинжээч Б.Ундармаагийн /хх-241-242 хуудас/, шинжээч С.Чулуунсүхийн /хх-243- 244 хуудас/, яллагдагч Б.Аы / 1-р хх-67-68 хуудас, 2-р хх-07-08 хуудас/   мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн  ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч П.Ганзулын биед баруун хацар ясны нумны цөмөрсөн хугарал, баруун хоншоорын өмнөд хана, гадна, баруун ухархайн дотор хана, хацар ясны духны сэртэн, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хоёр нүдний алимны салстанд цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруулын баруун доод хэсгийн зулгаралт, дээд уруулын дотор салстад шарх, хүзүүний баруун урд хэсгийн шарх, цээжний баруун дээд хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэг, хоёр сарвууны ар хэсгийн цус хуралт гэмтлүүд учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1106 дугаартай шинжээчийн дүгнэлтээр / 1-р хх-235-238 хуудас/ тогтоогдсон, шүүгдэгч Б.Аы үйлдлийн улмаас  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл үүссэн, гэмтлийн улмаас хохирогч 3-4 хоног хэвтэрт орж бие махбодь болон сэтгэл санаагаар  зовж шаналсан, түүнчлэн Б.А гэмт хэргийг согтуугаар, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, гараараа болон бороохойгоор зодох, нүүрэнд нь өшиглөх зэргээр хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байна. Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, үр дагавар, гэмт этгээдийн хувийн хэрцгий авир байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д  заасан “онц харгис хэрцгийгээр, .бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аыг үргэлжилсэн үйлдлээр, онц харгис хэрцгийгээр, бие махбодын зовиур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун нарын гаргасан “ял хөнгөрүүлж, тэнсэх” агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах  үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Учир нь:

 

Шүүгдэгч гэмт хэргийг согтуугаар, үргэлжилсэн үйлдлээр, онц харгис хэрцгийгээр, бие махбодын зовиур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулан үйлдсэн ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ад ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,.2.3-т зааснаар 1 жил 5 сарын хорих ял оногдуулж,  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Энэ нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна.

 

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй орхигдуулсан, мөн шүүгдэгчид тухайн гэмт хэргийн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулсан мөртлөө “...хорих ялыг хөнгөрүүлж, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой” гэж  хууль хэрэглээний хувьд  алдаатай дүгнэлт хийсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  зохих өөрчлөлтийг оруулж,  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “ял хөнгөрүүлж, тэнсэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчдод 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гардуулсан байна.

 Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг 2019 оны 04 дүгээр сарын 19, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр тус тус / 2-р хх-19,51,58, 62 хуудас/ хүлээн авч, хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлиййн 1 дэх хэсэгт заасан “ Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод хуулийн хугацаанд гардуулах, давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хугацааг  баримталж ажиллах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

- 1 дэх заалтаас “хөнгөрүүлэн” гэснийг хасч,

 

- “Б.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж,  өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун нарын гаргасан “ял хөнгөрүүлж, тэнсэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Б.Аы цагдан хоригдсон 77 /далан долоо/  хоногийг ял эдлэх хугацаанд  оруулан тооцсугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                   Т.ЭНХМАА

    Г.БОЛОРМАА