Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/01280

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02564 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 313 дугаар магадлалтай,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэлтэй,

Транс евро ази ХХКхолбогдох,

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх 2008-2017 оны төлбөр 9,456,666 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, П.Отгондолгор, Г.Чээсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай 151 дүгээр тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь ХХЗХ-с жил бүр тогтоосон хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2007.12.20-ны өдрийн 66 тоот тогтоолоор 2008 онд төвлөрүүлэх хэмжээг 800,000 төгрөг, 2008.12.18-ны өдрийн 39 тоот тогтоолоор 2009 онд төвлөрүүлэх хэмжээг 800,000 төгрөг, 2009.12.14-ний өдрийн 57 дугаар тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хэмжээг 1,000,000 төгрөг, 2010.12.23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онд төвлөрүүлэх хэмжээг 1,500,000 төгрөг, 2013.12.20-ны өдрийн 65 тоот тогтоолоор 1,000,000 төгрөг, 2014.12.19-ний өдрийн 56 тоот тогтоолоор 2015, 2016 онд төвлөрүүлэх хэмжээг 1,130,000 төгрөг, 2017.01.31-ний өдрийн 04 тоот тогтоолоор 2017 онд төвлөрүүлэх хэмжээг 900,000 төгрөг байхаар тус тус тогтоосон. Транс евро ази ХХК нь ХХЗХ-ны 2005.05.13-ны өдрийн 10 тоот тогтоолоор 2005-2018 оны хооронд тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан бөгөөд дээрх хөрөнгийг төвлөрүүлэхийг шаардаж, хариуцагчид 2013.03.13-ны 7/289 тоот, 2015.03.17-ны 7/225 тоот, 2016.09.29-ний 6/91 тоот, 2017.02.03-ны 6/121 тоот, 2017.05.18-ны 6/416 тоот, 2017.10.03-ны 6/800 тоот, 2018.09.17-ны 6/801 тоот албан бичгүүдээр тус тус шаардлагыг нэхэмжлэлийн хамт хүргүүлж байсан ч өнөөг хүртэл хөрөнгөө төвлөрүүлээгүй байна. Транс евро ази ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ХХЗХ нь 2018.05.10-ны өдөр цуцалсан. Иймд Транс евро ази ХХК-иас 2008-2017 оны 9,456,666 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Сүрэнгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ихэвчлэн Германд амьдарч, тэндээс илгээмж явуулдаг байсан. Төлж чадахгүй гэдгээ илэрхийлж байсан. Урьд нь 300,000 төгрөг байх үед зөвшөөрөөд төлж байсан. Гэтэл санд хуримтлуулах төлбөр 1 сая, 1,5 сая төгрөг болж өссөнөөс төлөх боломжгүй болсон. Би Монголоос Герман руу ачаа огт явуулж байгаагүй. Зөвхөн Германаас ирсэн ачааг энд тарааж, эгчийгээ цалинжуулан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна бид шуудангийн холбоонд бас 1,0 сая төгрөгийн хураамж төлөх ёстой. Хоёр газар хураамж төлөх санхүүгийн ямар ч боломжгүй. Санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа бидний хувьд энэ маш хүнд асуудал ба холбогдох эрх баригчдад бичиг хүргүүлж байсан. Манай шуудангийн ачааг гаргаж өгөхгүй барьцаанд авсан учраас үйлчлүүлэгчдийнхээ төлөө зээл аваад хэд хэдэн удаа төлж байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ИХШХШтХ-ийн 26.3-т заасны дагуу ямар хууль, ямар үүрэг зөрчсөнийг тодорхой тайлбарлах ёстой. Гэтэл энэ нэхэмжлэлд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж байна. Иргэний хуулийн 9.4.3-т зааснаар хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж байна гэж ойлголоо. Нэхэмжлэгчийн шаардах эрх тэр дундаа хариуцагч хэрхэн яаж хариуцах үүрэгтэй талаар, шаардах эрхийг тодорхойлсон тодорхой баримтгүйгээр тайлбар хийж байна. Хариуцагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл тодорхойгүй байна. Шуудангийн тухай болон Харилцаа холбооны тухай хууль, журам дээр үндэслэж байгаа боловч хуулийн заалтыг үг өгүүлбэрээр харвал 2 хувийн татварын талаар байгаа, гэхдээ нэхэмжлэлийн үндэслэлд энэ талаар тайлбарлаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон хууль эрх зүйн үндэслэл тодорхойлогдсонгүй. Хариуцагч ачаагаа авахын тулд аргагүйн эрхэнд төлбөр хэдэн удаа төлснөө хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага захиргааны журмаар тогтоогдох байтал иргэний хэргийн шүүхэд хандсан, Иргэний хуулийн 8, 186, 187 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргах байтал мөрдүүлэх гэдгийг үүрэг гээд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02564 дүгээр шийдвэрээр: Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан Трансевро ази ХХК-д /РД:2873435/ холбогдох, хуулиар хүлээсэн үүрэгт 9,456,666 /есөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулах тухай Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын /РД:5202965/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 313 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02564 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг гэснийг Шуудангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.6-д заасныг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, П.Отгондолгор, Г.Чээсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 313 дугаартай магадлалыг эс зөвшөөрч уг гомдол гаргаж байна.

Магадлалд хариуцагч Транс евро ази ХХК нь ... шуудангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-д заасны дагуу Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүргийг Шуудангийн тухай хуулийн 16.3.6-д зааснаар хүлээсэн этгээд байна гэж тусгай зөвшөөрөл хүчингүй болсноос хойш хуульд орсон өөрчлөлтийг үндэслэсэн, нэхэмжлэгч нь санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг хариуцагч биелүүлээгүй гэж, 2008-2017 онд хамаарах хөрөнгийг татвар ногдох орлогын 2 хувьтай тэнцүү хэмжээгээр тогтоосон гэх нөхцөл байдал баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэгчийн шаардлагыг буруу тайлбарлаж магадлалынхаа гол үндэслэлээ болгосон. Мөн анхан шатны шүүхийн үндэслэл муутай, нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн байр суурь, шаардлагын эсрэг гаргасан үндэслэлгүй шийдвэрт давж заалдах шатны шүүх зөвхөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулан зөвтгөж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Транс евро ази ХХК-д холбогдуулан бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх 2008-2017 оны төлбөр 9,456,666 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

1.   Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилж буй мөнгөн дүн буюу хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй, ...нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлоогүй... гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болоогүй байна

Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2.-д бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө нь харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрдэнэ гэж, 22.2.-т Энэ хуулийн 22.1.2-т зааснаар төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нь тухайн этгээдийн албан татвар ногдуулах орлогын  2 хувьтай тэнцүү байна гэж заасан боловч Шуудангийн тухай хуулийн /2003 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.2.-т Харилцаа холбооны зохицуулах хороо бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлнэ гэж зохицуулсан үндэслэлээр Харилцаа холбооны зохицуулах хороо Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож иржээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тусгай санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тухайн хуулийн этгээдийн албан татвар ногдуулах орлогын тодорхой хувьтай тэнцүүлэн хариуцуулахаар заасан боловч Харилцаа холбооны зохицуулах хороо Шуудангийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Засгийн газрын тусгай санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг жил жилээр, тодорхой үнийн дүнгээр тогтоосон эрхийн акт гаргаж, тухайн акт хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөгдөж, хэрэгжиж ирсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь тухайн тогтоолд заасан үнийн дүнгээр хариуцагчийн төлбөрийг тодорхойлж, үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7., Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 186 дугаар зүйлийн 186.1. дэх заалтыг зөрчөөгүй.

2.   Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д ...зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрэхгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тус тус бүрдүүлж, зарцуулах-аар зохицуулсан бөгөөд уг сангийн хөрөнгийн эх үүсвэр нь харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрднэ.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2., /2003 он/, Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шуудангийн бүх нийтийн үйлчилгээний санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 2007 оны 66 дугаар тогтоолоор 2008 онд 800,000 төгрөг гэж, 2008 оны 39 дүгээр тогтоолоор 2009 онд 800,000 төгрөг, 2009 оны 57 дугаар тогтоолоор 2010 онд 1,000,000 төгрөг, 2010 оны 48 дугаар тогтоолоор 2011 онд 1,500,000 төгрөг, 2013 оны 65 дугаар тогтоолоор 2014 онд 1,000,000 төгрөг, 2014 оны 56 дугаар тогтоолоор 2015 онд 1,130,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр тогтоолоор 900,000 төгрөг гэж тус тус тогтоосон нь нотлогдсон байна.

3.   Хариуцагч Транс евро ази ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2005.05.13-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Улаанбаатар-ХБНГУ-ын Берлин хотуудын хооронд шуудангийн илгээмжийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байсан, 2018.05.10-ны өдөр гэрээний хугацаа дууссанаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болжээ.

Энэ хугацаанд 2005-2017 онуудад төлбөр төлж байсан боловч нийт 9,456,666 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, хамгийн сүүлд 2017 онд 200,000 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 79.7.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

4.   Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээг хуулиар тогтоосон, хариуцагч нь улс хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээг эрхлэн явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зохицуулалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол, бусад дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах, улмаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрөх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоосон тогтоолуудын талаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж байгаагүйгээс гадна төлбөрийг тодорхой хугацаанд төлж байсан тул ...урьд 300,000 төгрөг байхад нь төлж байсан, гэтэл санд хуримтлуулах төлбөр 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг болж өссөнөөс төлөх боломжгүй болсон, ...хүмүүсийн ачааг гаалиас авахын тулд төлж байсан, ...том жижиг компаниудыг ялгаж, төлбөрийн хэмжээгээ өөрчилж, уян хатан хандах хэрэгтэй, манайх шиг жижиг компаниудад хүндрэлтэй байна... гэх хариуцагчийн тайлбар нь түүнийг хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд хуулиар хүлээсэн үүргийг хангах үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 313 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02564 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар хариуцагч Транс евро ази ХХК-иас 9,456,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /төрийн сангийн 100900008042 данс/-т олгосугай. гэж, 2 дахь заалтын ...дурдсугай. гэснийг ...дурдаж, хариуцагч Транс евро ази ХХК-иас 166,256 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, П.Отгондолгор, Г.Чээсүрэн нарын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                              Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД