Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2564

 

                                                  

                                       

 

 

 

                                             

 

 

2019 оны 11 сарын 29 өдөр                   Дугаар 183/ШШ2019/02564                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК- холбогдох,

Хуулиар хүлээсэн үүрэгт 9,456,666 /есөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чээсүрэн, Ц.Нармандах, хариуцагчийн төлөөлөгч В.Сүрэнгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Б.Сарангуа оролцов.

                                                                                                    ТОДОРХОЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай” 151 дүгээр тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь ХХЗХ-с жил бүр тогтоосон хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2007 оны 12 сарын 20-ны өдрийн 66 тоот тогтоолоор 2008 онд төвлөрүүлэх хэмжээг 800,000 төгрөг, 2008 оны 12 сарын 18-ны өдрийн 39 тоот тогтоолоор 2009 онд төвлөрүүлэх хэмжээг 800,000 төгрөг, 2009 оны 12 сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хэмжээг 1,000,000 төгрөг, 2010 оны 12 сарын 23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онд төвлөрүүлэх хэмжээг 1,500,000 төгрөг, 2013 оны 12 сарын 20-ны өдрийн 65 тоот тогтоолоор 1,000,000 төгрөг, 2014 оны 12 сарын 19-ний өдрийн 56 тоот тогтоолоор 2015, 2016 онд төвлөрүүлэх хэмжээг 1,130,000 төгрөг, 2017 сны 01 сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолоор 2017 онд төвлөрүүлэх хэмжээг 900,000 төгрөг байхаар тус тус тогтоосон. “Транс евро ази” ХХК нь ХХЗХ-ны 2005 оны 5 сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоолоор 2005-2018 оны хооронд тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд Дээрх хөрөнгийг төвлөрүүлэхийг шаардаж хариуцагчид 2013 оны 3 сарын 13-ны 7/289 тоот, 2015 оны 3 сарын 17-ны 7/225 тоот, 2016 оны 9 сарын 29-ний 6/91 тоот, 2017 оны 02 сарын 03-ны 6/121 тоот, 2017 оны 5 сарын 18-ны 6/416 тоот, 2017 оны 10 сарын 03-ны 6/800 тоот, 2018 оны 9 сарын 17-ны 6/801 тоот албан бичгүүдээр тус тус шаардлагыг нэхэмжпэлийн хамт хүргүүлж байсан ч өнөөг хүртэл хөрөнгөө төвлөрүүлээгүй байна. “Транс евро ази” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ХХЗХ нь 2018 оны 5 сарын 10-ны өдөр цуцалсан. Иймд “Транс евро ази” ХХК-иас 2008-2017 оны 9,456,666 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ихэвчлэн Германд амьдарч, тэндээс илгээмж явуулдаг байсан. Төлж чадахгүй гэдгээ илэрхийлж байсан. Урьд нь 300,000 төгрөг байх үед зөвшөөрөөд төлж байсан. Гэтэл санд хуримтлуулах төлбөр 1,0 сая, 1,5 сая төгрөг болж өссөнөөс  төлөх боломжгүй болсон. Би Монголоос Герман руу ачаа огт явуулж байгаагүй. Зөвхөн Германаас ирсэн ачааг энд тарааж, эгчийгээ цалинжуулан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна бид шуудангийн холбоонд бас 1,0 сая төгрөгийн хураамж төлөх ёстой. 2 газар хураамж төлөх санхүүгийн ямар ч боломжгүй. Санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа бидний хувьд энэ маш хүнд асуудал ба холбогдох эрх баригчдад бичиг хүргүүлж байсан. Манай шуудангийн ачааг гаргаж өгөхгүй барьцаанд авсан учраас үйлчлүүлэгчдийнхээ төлөө зээл аваад хэд хэдэн удаа төлж байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ИХШХШтХ-ийн 26.3-т заасны дагуу ямар хууль, ямар үүрэг зөрчсөнийг тодорхой тайлбарлах ёстой. Гэтэл энэ нэхэмжлэлд хуулиар  хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж байна. Иргэний хуулийн 9.4.3 т зааснаар хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж байна гэж ойлголоо. Нэхэмжлэгчийн шаардах эрх тэр дундаа хариуцагч хэрхэн яаж хариуцах үүрэгтэй талаар, шаардах эрхийг тодорхойлсон тодорхой баримтгүйгээр тайлбар хийж байна. Хариуцагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл тодорхойгүй байна. Шуудангийн тухай болон Харилцаа холбооны тухай хууль, журам дээр үндэслэж байгаа боловч хуулийн заалтыг үг өгүүлбэрээр харвал 2 хувийн татварын талаар байгаа, гэхдээ нэхэмжлэлийн үндэслэлд энэ талаар тайлбарлаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон хууль эрх зүйн үндэслэл тодорхойлогдсонгүй. Хариуцагч ачаагаа авахын тулд аргагүйн эрхэнд төлбөр хэдэн удаа төлснөө хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага захиргааны журмаар тогтоогдох байтал иргэний хэргийн шүүхэд хандсан, Иргэний хуулийн 8, 186, 187 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргах байтал мөрдүүлэх гэдгийг үүрэг гээд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Т” ХХК-д холбогдуулан хуулиар хүлээсэн үүрэгт 9,456,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, ачаа авахын тулд төлбөр бага хэмжээгээр төлсөн, хуульд төлөх үүргийг заагаагүй гэж маргалаа.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Бүх  нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө нь улсын төсвөөс олгох хөрөнгө; гадаадын тусламжийн мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйл, гадаад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж,  байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого,  бусад эх үүсвэр болон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгө байхаар заажээ.

 

Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг үйлчлэгч гэж, 3.1.13-т үйлчлүүлэгчээс шуудангийн илгээмж хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагааг шуудангийн үйлчилгээ гэж тодорхойлжээ.

 

Энэ өдрийн шүүх хуралдаан дээр Харилцаа холбооны зохицуулах хорооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх тухай тогтоолыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын хувьд манайх шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Харилцаа холбооны тухай хуульд зааснаар шуудангийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутаг, үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх үүргийг хэрэгжүүлэхээр төвлөрүүлсэн хөрөнгийг бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан гэж ойлгохоор тодорхойлжээ.

Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.

 

Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага нь зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байгааг зохицуулах хорооны тогтоолыг үндэслэн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийг шаардах эрхгүй гэж үзэхээр байна.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Транс евро ази” ХХК-тай Тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулснаар хариуцагч 2005 оны 5 сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон байх бөгөөд дээрх гэрээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч “Транс евро ази” ХХК нь өөрийн үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомж, салбарын дүрэм, журам, зохицуулалтын баримт бичиг болон зохицуулах хорооноос баталсан эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөх үүргийг хүлээсэн байна.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хэмжээг 2007-2018 онд төвлөрүүлэх хэмжээг тус тус тогтоожээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ Шуудангийн тухай хуулийн 9.1.2-т зааснаар мөрдүүлэх үүрэгтэй гэсэн нь хариуцагчийн бүх нийтийн үүргийн санд төлбөр төлөх үүргийг зохицуулсан тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээг Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх гэж заасан байна.

 

Өөрөөр хэлбэл шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хороо тогтоож, тогтоолыг үйлчлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчээр мөрдүүлэх эрх хэмжээ нь зохицуулах хороонд байна гэж үзэх юм.

 

Дээрх Харилцаа холбооны зохицуулах хороо бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох, мөрдүүлэх эрх хэмжээг зохицуулсан буюу Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байна.

 

Шуудангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.6-д зааснаар үйлчлэгч буюу шуудангийн үйлчилгээ үзүүлэгч этгээд нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй гэж, 22 дугаар зүйлийн 22.2-т төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ тухайн этгээдийн албан татвар ногдуулах орлогын  2 хувьтай тэнцүү байна гэжээ.

 

Тодруулбал шуудангийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх үүргийг зохицуулсан ба нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс энэхүү 2 хувьтай тэнцэх үүргийг шаардаагүй гэж тайлбарлав.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байх тул дээрх үндэслэлүүдээр Т” ХХК-иас хуулиар хүлээсэн үүрэгт 9,456,666 төгрөг гаргуулах тухай Хнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т” ХХК-д / / холбогдох, хуулиар хүлээсэн үүрэгт 9,456,666 /есөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулах тухай Х/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ