Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

  2023         02              03                                                  2023/ШЦТ/­­­­22                                               

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал,

Улсын яллагч: Т.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

Шүүгдэгч: Ц.Ж нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ж холбогдох 2229002280155 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Ж нь 2022 оны 07 дугаар сарын 21-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр “Оюу толгой” ХХК-иас Ханбогд сумын чиглэлийн хатуу хучилттай автозамын 174 дэх километрт приус 20 маркийн 74-70 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 3.7а “...тухайн ангиллыг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Амартөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, С.Дашбалдангийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.               

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаас татсан Ц.Жд холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авах саналтай байна...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Үлдсэн хохирол төлбөрөө төлөөд дуусгана” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-н 8-15-р хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /1-р хх-н 16-17-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэнгийн “...Талийгаач С.Дашбалдан нь миний хүү байгаа юм. Талийгаач айлын дунд нь доороо 2 дүүтэй, дээрээ 2 эгчтэй... Талийгаач нь 1975 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн бага насаа сургууль цэцэрлэгээр хүмүүжсэн. 10-н жилийн сургуулийн 8-р анги төгсөөд сургуулиас гарч малчин болсон. 1991-2021 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Бат- Өлзий суманд мал маллаж байгаад 2021 оны 05 сард Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын төвд суурьшсан. Хүү маань олон нийтэд нэр хүндтэй 2005 онд мянгат малчин болж байсан их гэр амьтай бие даасан олон таван үггүй архи дарс хэрэглэдэгггүй, тамхи татдаггүй хүн байсан...Талийгаач эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг том хүү 20 настай, дунд хүү нь 12 настай, бага хүү нь ой гарантай...2022 оны 07 сарын 19-нд утсаар ярьсан би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад гэдэг газар компанид бүртгүүлсэн тийшээ явах гэж байна гэсэн...Би 2022 оны 07 дугаар 17-нд Улаанбаатар хот явахаас нь өмнө суманд уулзсан юм байна...Ард нь үлдэж байгаа эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй нярай хүүхэдтэй байгаа тэрэнд л санаа зовж байна. Өөр надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 23-25-р хуудас/,

2022.10.05-ны өдрийн “...Миний төрсөн хүү болох Сандагсүрэнгийн Дашбалдан 1975 оны 12 дугаар сард төрсөн миний 2 дахь хүү байгаа юм. Дашбалдан ам бүл эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Эхнэр нь Цэрэндолгор утас /99196155/, хүү Дашбалдангийн Жамбал-Бавуу 23 настай, Дашбалдангийн Өсөх-Ирээдүй 13 настай хүүхэдтэй. Дашбалдангийн Доржсүрэн 2 нас хүрээгүй хүүхэдтэй байсан. Миний хүү 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ослоос нас барсан. Дээрх хэрэгт би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдох хүсэлттэй байна. Миний хувьд хүүгээ зам тээврийн ослын улмаас нас барсанд маш их гомдолтой байна. Оршуулгын зардлын баримтаа өмгөөлөгч Мөнгөнцэцэгт үлдээсэн, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулж авах хүсэлттэй байна. Өөр надад ямар нэгэн санал, хүсэлт алга, хэрэг хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 28-р хуудас/,

Хохирогч Б.Амартөрийн “...2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би Улаанбаатар хотын Драгон дээрээс 2022 оны 07 дугаар 20-ны 18:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна дөрвөн хүн суугаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэдэг газар очихоор гарсан. Тэгээд явсаар байгаад Дундговь аймаг дээр ирж хоолонд ороод Дундговь аймагаас хөдлөөд би машин дотор унтаад өгсөн байсан. Тэгээд нэг мэдэхэд миний сууж явсан машин уначихсан би мөлхөж цонхоор нь гараад иртэл миний бие хөдлөхгүй миний нурууны зүүн талын бөөрний орчимоос цус гараад байх шиг халуун оргиод байсан. Тэгээд гарч ирээд харахад миний хажууд арын суудал дээр миний баруун гар талд сууж байсан ах онхолдсон машинаас ойролцоогоор 5-6 метр орчим газар шидэгдсэн байдалтай хэвтэж байсан.Тэгээд би хэсэг сууж байгаад гар утсаа гаргаад харах гэхэд миний гар утас миний халаасанд байхгүй байхаар нь онхолдсон машин дотор орж харахад миний гар утас дээшээ хараад онхолдсон машины тааз хэсэгт унчихсан байхаар нь би  гар утсаа аваад цаг харахад 04:29 минут болж болсон байсан. Тэгээд би онхолдсон машинаас шидэгдсэн цүнхтэй хувцасаа олж аваад цүнхэн дотор байсан цамцаа гаргаж өмсөөд цүнхтэй хувцасан дээрээ суугаад хөдлөхгүй байж байсан. Тэгээд удаагүй цагдаа эмч нар ирээд яаралтай түргэн тусламжийн машинд жолооч, зорчиж явсан гурван хүнийг суулгаад Ханбогд сумын Сум дундын нэгдсэн эмнэлэг авч яваад эмнэлэг дээр ирээд надад анхан шатны тусламж үзүүлж байгаад 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ойролцоогоор 17:00 цагийн орчимд осолд орсон машины жолоочийн эхнэр нь хүрч ирээд бид дөрвийг аваад Цогтцэций сумын төв дээр 23:00 цагийн үед ирээд айлд хоноод 2022 оны 07 дугаар сарын 22-ны үүрийн 04:00 цагийн орчимд Цогтцэций сумын төвөөс Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд Улаанбаатар хотод 15:00 цагийн орчимд очоод Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж үзүүлээд эмнэлэгээс гараад айлд очиж хоносон...Тухайн ослоос болж миний хамар хугарсан, нурууны сэртэн яс хугарсан, өөр гэмтэл байхгүй...Би томографийн зураг, рентгэн зураг, ЭМЖЖ нэртэй чих хамар хоолойн хувийн эмнэлэгт хамраа үзүүлсэн...Миний зүгээс цаашид хамарны хагалгаанд орох зардал мөнгө, нүүрс тээвэрт хоёр удаа явах байсан зардал мөнгөө гаргаад авах юм бол надад санал, хүсэлт, гомдол байхгүй...Би хамарны хагалгаанд орох бодид зардал, хоёр удаа нүүрс тээвэрт явах байсан зардал мөнгөний баримтаа гаргаж өгнө...би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг/ 1-р хх-н 33-34-р хуудас/,

Гэрч В.Эрдэнэсүрэнгийн “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагаан хад суурьшлын бүсэд ажилладаг манай Золбоо гэдэг найзруугаа утсаар яриад ажил асуусан чинь манай компани жолооч авна гэж байна чи ирж болно гэсэн. Би 2022 оны 07 сарын 20-ны орой 18 цагийн үед Улаанбаатар хотод Драгон дээр очоод Цагаанхад явна гэсэн унаанд суусан зардал 120.000 мянга гэсэн би зардалаа өгөөд Приус 20 маркийн 74-70 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан нээх удаагүй хүнээ бүрдүүлээд жолоочтой нийлээд 5 хүн хотоос гарсан. Би замдаа унтаж сэрээд л яваад байсан өглөө 04 цагийн үед хүмүүс үхэр, үхэр гээд байсан би сэрээд харсан чинь зам дээр нь үхэр байсан жолооч хажуу тийш нь дарах шиг болсон тэгээд цааш нь юу болсоныг санахгүй байна хэсэг хугацааны дараа би өөрөө цонхоор мацаад гарч байхад ард хамт явсан машины жолооч намайг түшээд машинаас холдуулж газар суулгасан би тэр хавиар юу болоод байгааг мэдээгүй санахгүй байгаа...Би уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...Ц.Ж нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Цагдаа Ц.Ж ослын газарт драгер багажаар шалгасан...5 хүн явж байсан...Үхэр өнгөрөөд дарах шиг болсон өөрийнхөө явж байсан урсгалын нөгөө тал руу онхолдсон байсан... Тухайн зам ямар нэгэн эвдрэл хагарал байгаагүй...Тэр хүн газарт зүүн хажуугаар хэвтсэн байсан зүүн хойд зүгт толгой хэсгийг харуулсан байсан эмч битгий хөдөлгөөрөө гэж хэлсэн гэж ярьж байсан би ойртоогүй...Жолооч ил харагдах хэсэгтээ ямар ч гэмтэл гэхээр зүйлгүй байсан. Миний гарнаас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 41-42-р хуудас/,

Гэрч С.Одонтуяагийн “...Би тухайн хүнийг танихгүй. Драгон төв дээр Өмнөговь аймгийн Цагаанхад гэх газар луу явна гэхээр нь унааны хөлсөө төлөөд Цагаанхад гэх газар луу ажилдаа очихоор сууж явсан юм...Тухайн жолооч эрүүл байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би жолоочийн суудлын арын суудал буюу баруун хойд талд хаалга талдаа сууж явсан тухайн осол болох үед би унтчихсан явсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна...Миний нуруу хөхөрч хавдсан эмч хэлэхдээ зөөлөн эдийн гэмтэл гэсэн, мөн хүзүүний зүүн хэсэг хавдсан байсан рентген зураг авахуулсан зөөлөн эдийн гэмтэл гэж хэлсэн, нуруу нугасны эмчид үзүүл гэж бичиг хийж өгсөн үзүүлж амжаагүй байгаа өөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй...Намайг замд унтаж явж байхад машин гэнэт тормозлоод жолооч болон сууж явсан хүмүүс үхэр гэж хэлсэн тэгээд л машин дайвалзаж замаар гараад л осол болсон, үүний дараа би машинаас буугаад харсан чинь осол болсон газар ганц тооны хар зүсмийн үхэр байсан. Жолооч хурдтай явсан учраас осол болсон гэж бодож байна. Замын хувьд тэгш шулуун ямар нэгэн эвдрэлгүй зам байсан би осол болсны дараа харсан юм. Үзэгдэх орчин чөлөөтэй гэгээтэй 05 цагийн үед болсон юм...Жолооч болон урд сууж явсан хүн суудлын бүсээ зүүчихсэн байсан. Харин би болон миний хажууд сууж явсан хоёр хүн хамгаалах бүсээ зүүгээгүй явсан юм...Улаанбаатар хотоос 19 цаг өнгөрч байхад гарсан санагдаж байна осол болох хүртэл машин хэвийн ажиллагаатай эвдэрсэн зүйлгүй байсан. Жолооч замдаа нэг болохоор их хурдтай яваад нэг болохоор зөөлөн яваад байсан урд сууж явсан хүн зүүрмэглээд байгаа юм уу гэж асууж байсан жолооч зүгээр гэж хэлсэн, замдаа Дундговь аймгийн нутагт байх нэг цайны газар хоол идсэн би идээгүй машинд амарсан цаг хэд болж байсныг мэдэхгүй байна...Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэхдээ бүрэн гүйцэт хувийн эмнэлгээр явсны дараа үзүүлсэн материалтайгаа хамт очиж шүүх эмнэлэгт үзүүлнэ. Яг одоогийн байдлаар бол би эмнэлэгт үзүүлж амжаагүй байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Мөн би эмнэлэгт үзүүлсний дараа нэхэмжлэх зүйлээ нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 48-49-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 114 дугаартай “...Талийгаач С.Дашбалдангийн цогцост баруун 2, 3-р хавирга далны шугамаар, 1, 4, 5, 6-р хавирга өвчүүний хажуугийн шугамаар, зүүн талд 1, 2-р хавирга эгэмний дунд шугамаар хөндлөн хугаралтай, өвчүү ясанд хугарал, элэгний эдийн няцрал бяцрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, нүүр, хамар, дух, баруун чамархай, дагз, баруун мөр, бугалга, баруун тохой, шуу, хэвлий, нуруу, зүүн мөр, зүүн, баруун өвдөгт зулгаралт. Зулай, баруун хөмсөг, зүүн, баруун шуу, хэвийн шархтай. Цээж, зүүн бугалга, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Талийгаач С.Дашбалдангийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...Талийгаач нь цээж, хэвлийн хөндийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт/1-р хх- н 53-56-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 59-65-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10888 дугаартай “...Б.Амартөрийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, хамрын ясны зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 71-72-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10886 дугаартай “....В.Эрдэнэсүрэнгийн биед баруун сарвууны чигчий, долоовор хуруунд няцарсан шарх, гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 78-79-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн  "Эрдэнэсүрэн ЙД86060116" гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн "Эрдэнэсүрэн ЙД86060116" гэж хаягласан 4 мл орчим хэмжээтэй цусны дээж нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 91-93-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3890 дугаартай “..Шинжилгээнд ирүүлсэн "Б.Амартөр РЖ89052316" гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн "Б.Амартөр РЖ89052316" гэж хаягласан 4 мл орчим хэмжээтэй цусны дээж нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 99-101-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3889 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "С.Одонтуяа АМ85011900" гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн " С.Одонтуяа АМ85011900" гэж хаягласан 4 мл орчим хэмжээтэй цусны дээж нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 107-109-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3888 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "Ц.Ж" гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн "Ц.Ж" гэж хаягласан 4 мл орчим хэмжээтэй цусны дээж нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 115-117-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4254 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "Сандагсүрэнгийн Дашбалдан ЙР75120376 47 настай эрэгтэй" гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. "Сандагсүрэнгийн Дашбалдан ЙР75120376 47 настай эрэгтэй" гэж хаягласан цусанд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна. Амь насанд аюултай эсэх? Гэсэн асуулт нь лабораторийн тодорхойлох хүрээ шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт/1-р хх-н 123-124-р хуудас/,

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай “...Тоёота Приус- 20 маркийн 74-70 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 3.7а /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад Тоёота Приус-20 маркийн 74-70 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2,12.3.3.7а- д заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...Тоёота Приус 20 маркийн 74-70 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Ц.Ж нь тухайн зам тээврийн осол гарах үед явж байсан тээврийн хэрэгслийн хурдыг дээрх томьёогоор тодорхойлоход 114.8 км/ц хурдтай явсан байх магадлалтай гэдгийг тодорхойлов. Энэхүү тодорхойлолт нь мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй болно...” гэсэн шинжээчийг дүгнэлт/1-р хх-н 132-133-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13524 дугаартай “...С.Одонтуяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/1-р хх-н 136-137-р хуудас/,

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 12255 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 189-190-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 3.7а “...тухайн ангиллыг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Амартөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, С.Дашбалдангийн амь насыг хохироосон нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд болгоомжгүй хэлбэрээр халдсан байх гэмт хэргийн гэмт хэргийн шинжид тохирсон байна гэж дүгнэв.   

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэн нь  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 29,986,988 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна. Шүүгдэгч Ц.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэнд шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон 16,400,000 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл  13,586,988 төгрөгийн хохиролын баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэх хэлбэрээр хавсаргаж ирүүлсэн  байна. Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Жээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэн нь нотлох баримтын шаардлага ханган хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Б.Амартөр нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Ж-д тэнссэн хугацаанд хохирол төлбөрийг арилгах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч Ц.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 3.7а “...тухайн ангиллыг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Амартөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, С.Дашбалдангийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Улсын яллагчаас хариуцагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Ц.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаас татсан Ц.Жигмэдэд холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авах саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Ц.Жийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Харин хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Жийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Жийг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршиг хохирлыг төлж барагдуулах, албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч Ц.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэнд хохирол төлбөрт 16,400,000 төгрөг төлсөн, бусад хохиролын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Жээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА