Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

2023          03            02                                                      2023/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Хохирогч Ч.Сэлэнгэ /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох /цахимаар/,

Шүүгдэгч З. нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Мд холбогдох 2229000000129 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч З.М нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Цэций хорооллын 11-р байрны 7 тоотод иргэн Ч.Сэлэнгийг “олон юм ярьлаа” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь нүүрэн тус газарт нь пивоны лаазаар цохих, хоолойг нь боох, үснээс зулгаах байдлаар халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний зовхины цус хуралт язарсан шарх, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учраалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М мэдүүлэхдээ: “Би яллах урьд нь дүгнэлттэй танилцсан. Уншиж, ойлгосон байгаа. Тухайн орой бид 3 архи уусан нь үнэн.  Найз нь Дорнод аймгаас шилжиж ирсэн, олон жил уулзаагүй гэхээр нь хооронд уулзуулсан. Найз нөхдийн яриа өрнүүлсэн.  Хоол унд хийж үйлчилсэн. Архи нь дуусахаар нь архи авч ирж өгсөн. Би бол Сэлэнгийг дахиж архи авч ир гэж тийм зүйл яриагүй. Архи ууж байхад янз бүрийн маргаантай асуудал ерөөсөө байгаагүй. Урьд нь олон жил хамт ажиллаж байсан хүмүүс. Ямар нэг өс хонзон байхгүй. Энэ хүнийг зодъё, хохирооё ч гэдэг юм уу ямар нэг санаа зорилго агуулаагүй байсан. Архи ууж байгаад хэтрүүлсэн байх. Би цохиогүй гэж боддог.  Би унтаад өгсөн. Маргааш өглөө нь хаалга тогшоод манай нэг ажилтан орж ирээд та Ч.Сэлэнгийг ингэсэн байна, орж уулз гэхээр нь би яачхав гэд би ингэсэн юм уу намайг уучлаарай гээд уучлал гуйхад миний уучлалыг хүлээж аваагүй. Хамгийн түрүүнд эмнэлэгт үзүүлье, бариач дээр очъё гээд үзүүлсэн гэж хэлсэн. Дараа нь дахиад энэ хүнийг Өмнөговь аймаг руу аваачиж эмнэлэгт үзүүлж шаардлагатай арга хэмжээг авхуулсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Рентген зураг авхуулсан. Дүгнэлт гаргуулсан, шүүх эмнэлэгт дагуулж очсон. Цагдаа дээр очиж учир зүйгээ олъё гэсэн. Орой 9 цагийн үед цагдаа дээр очиж уулзсан. Та хоёр ингээд ирж байгаа бол маргааш ирээд тус тусын зүйлээ бичиж өгөөрэй гэсэн. Би чамайг шаардаж шахахгүй гэж хэлсэн. Чамайг би эмчлүүлж өгнө, гарсан эмчилгээний зардлыг явуулна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа утасдаад Улаанбаатарт хувийн эмнэлэгт хэвтэнэ гэхээр нь 5 сая төгрөг  шилжүүлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Сэлэнгэ мэдүүлэхдээ: “Ер нь бол энэ хүн ерөөсөө хүнд гар хүрч болохгүй. Яагаад хүнийг ийм болтол гэмтээдэг юм. Миний толгой маш их өвддөг болсон. Нүдний хараанд өөрчлөлт орсон. Нүдний хажуу талд сорви тогтсон. Дараагийн гарах үр дагаварт янз бүрийн санхүүгийн асуудал учирвал нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байгаа...” гэв.

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн С.Мд холбогдох эрүүгийн 2229000000129 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан хохирогч Ч.Сэлэнгийн мэдүүлэг, яллагдагч С.Мийн мэдүүлэг болон гэрч Болд, Эрдэнэхишиг нарын мэдүүлгээр тухайн үйл баримт нь 2022 оны 08 сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Цэций хорооллын 11 дүгээр байрны 7 тоотод болсон гэх үйл баримт тогтоогдож байгаа. Тухайн өдөр Болд, М, Сэлэнгэ нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдаж улмаар Ч.Сэлэнгийн биед тархины доргилт, баруун нүдний доод зовхины цус хуралт, язарсан шарх, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна. Дээрх гэмтлийг хэн учруулсан талаар хохирогч Ч.Сэлэнгийн мэдүүлэг болон дамжвал нотлох баримт буюу гэрч Эрдэнэхишиг, Болд нарын мэдүүлгээр мэдүүлдэг. Гэрч Эрдэнэхишигийг тухайн хэрэг болсон орой хохирогч Ч.Сэлэнгэ дуудаж, ирүүлээд “...миний биед гэмтэл учирчихлаа, цус гараад байна, С.М намайг ийм болгочихлоо” гэх өгүүлэмжийг хэлснийг гэрчилдэг. Болд гэх гэрчийн хувьд “...маргааш өглөө нь С.М өөрөө орж ирээд Ч.Сэлэнгийг би зодчихжээ, нүд ам нь хачин болчихсон байна гэж хэлж байсан” гэх дамжвал өгүүлэмжийг мэдүүлдэг. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч Ч.Сэлэнгийг эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч С.Мягмарсүрэн учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч С.Мийн хувьд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, түүнийгээ санахгүй байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хэрэгт авагдсан шүүх шинжилгээний дүгнэлт болон гэрч, хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч С.М нь 2022 оны 08 сарын 29-ний өдөр согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ Ч.Сэлэнгийг пивоны лаазаар цохих, хоолойг нь боох, үснээс нь зулгаах байдлаар түүний эрүүл мэндэд халдсан үйл баримт тогтоогдож, үүний улмаас хөнгөн хохирол учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдож байх тул шүүгдэгч С.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч С.М нь хохирогч Ч.Сэлэнгэд 5,000,000 төгрөгийн хохирол төлсөн гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч З.Мг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1.  Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Ч.Сэлэнгийн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худаг дахь Гаалийн салбарт ажиллаж байсан. Энэ өдөр оройн 18 цагийн орчимд намайг гэртээ буюу “Цэций хороолол”-д ....байхад Ухаа худаг дахь гаалийн байцаагч М нь ганцаараа манай гэрт орж ирсэн. М нь манай гэрт орж ирээд “Ч.Болд байцаагч гэрт чамтай уулзах гээд ирсэн байна гэрт ороод ир” гэж хэлсэн. Ингээд би Мтэй хамт гэрээсээ гараад гэрт нь орсон. Мийн гэрт ороход Ч.Болд гаалийн байцаагч ганцаараа байсан бөгөөд Ч.Болд, М бид гурав юм ярьж суусан. Удалгүй Ч.Болд нь 0,75 граммын нэг шил Хараа архи гаргаж ирээд задалсан. Ч.Болд, М нар нь өөрсдийнхөө сэнжтэй аяганд архийг хийж уусан. Надад жижиг хундаганд хийж өгсөн. Би архинаас уугаагүй бөгөөд амсаад буцааж тавьсан... Ингээд байж байтал Ч.Болд дахиж дэлгүүр гарч архи авч ирье гээд ганцаараа гараад дэлгүүрээд дахиад 0,75 граммын Хараа архи авч ирсэн. Сүүлд авч ирсэн Хараа архийг Ч.Болд, М нар хувааж уусан... би буцаад гэртээ орж банкны картаа аваад дэлгүүр орж би өөрөө 0,75 граммын Хараа архи, 2 лааз сэнгүр пиво авч Мийн гэрт буцаж орсон. Намайг ороход Ч.Болд үүдний өрөөнд сууж байсан, М унтлагын өрөөндөө сууж байсан. Би дэлгүүрээс авсан архийг ширээн дээр нь тавьсан. Пиво өөрөө уух гээд буйдан дээр тавьсан байсан. Тэгээд би том өрөөний гал тогооны хэсгийн цонхны хажууд ширээний хажуу талын сандал дээр сууж байсан. Тэгсэн гэнэт М “чи казакуудын бөгсийг долоодог” гэж хэлээд агсам тавьсан. Тэгэхээр нь би “яахаараа үгүй” гэж хэлэхэд М өөрийнхөө урд талд байх ширээн дээр байсан аяга над руу шидсэн. Шидсэн аяга нь намайг оноогүй. Дараа нь хажуу талдаа байсан лаазтай пиво аваад гартаа атгаад пивоор миний баруун хажуу талын хэсэгт нэг удаа цохьсон, дараа нь миний хоолойг боосон. Миний нүднээс цус гарсан бөгөөд “М миний нүднээс цус гараад байна ш дээ яаж байгаа юм бэ” гэхэд “яадаг юм, алчихъя” гээд байсан. Тэгээд би Мийн гэрээс арай гэж зугтаагаад гэртээ орсон... миний биед тархины доргилт үүссэн, баруун нүдний болор цайрсан, баруун нүдний хараа 40 хувь түвшинтэй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

Гэрч Ч.Болдын: “...Би 08 дугаар сарын 29-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Мийн гэрт Сэлэнгээ М нартай уулзсан. Тэр хоёртой уулзаагүй удсан учраас хотоос авчирсан байсан Хараа гэх архиа задалж юм ярьж суусан юм... тэгээд унтаад өгчихсөн байсан... өглөө унтаж байхад нэг танихгүй эмэгтэй байцаагч орж ирээд Мягмарсүрэнтэй юм ярьж байгаад гараад явсан. Тэгээд тэр хоёр гарч яваад удалгүй Мягмарсүрэн орж ирээд “Сэлэнгээг зодчихжээ. Нүд ам нь хачин болчихож” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч Т.Эрдэнэхишигийн: “...Миний бие тус сумын Цэций хороолол гэх газарт 11-10 тоотод амьдарч байгаа. Тухайн орой 23 цаг өнгөрч байхад манай ажлын Сэлэнгээ эгч залгаад “гэрт ороод ир” гэхээр нь би гэрт нь яваад очтол нүүрнийх нь баруун тал нь цус болчихсон, нүдний дээд талд нь зүсэгдчихсэн юм шиг цус гоожиж байсан. Тэгээд “яасан бэ” гээд асуусан чинь “М байцаагч намайг зодчихлоо, пивоны лаазаар цохьчихсон” гэж хэлсэн... тэгээд эмнэлэг дээр очоод жижүүрийн эмчид үзүүлээд цусыг нь тогтоогоод боолт хийгээд “маргааш ирээрэй оёдол тавих эсэхийг нь шийдье” гэж хэлж байсан... Өглөө нь би М байцаагчийн гэр лүү нь ороод “та өчигдөр Сэлэнгээ эгчийг зодсон байна ш дээ” гээд хэлсэн чинь “юугаа ч санахгүй...” байж байсан. Тэгээд М байцаагч бид хоёр Сэлэнгээ эгчийнх рүү хамт орсон. Ороод Сэлэнгээ эгч уурлаад “чи намайг ийм болгочихлоо” гээд уурласан чинь М байцаагч “би юу ч санахгүй байна” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 437 дугаартай “1.Ч.Сэлэнгийн биед тархины доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, язарсан шарх, хүзүүний цус хуралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч З.М нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Цэций хорооллын 11-р байрны 7 тоотод иргэн Ч.Сэлэнгийг “олон юм ярьлаа” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь нүүрэн тус газарт нь пивоны лаазаар цохих, хоолойг нь боох, үснээс нь зулгаах байдлаар халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, язарсан шарх, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.  

Иймд  шүүгдэгч З.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч З.М нь хохирогч Ч.Сэлэнгэд 5,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Ч.Сэлэнгэ хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч З.Мг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч С.Мийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэргийн шинж, учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаж байгаа байдал зэргийг харгалзан үзэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мийн хувьд хэдийгээр үйл баримтаа санахгүй байгаа ч гэсэн энэ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулчихжээ гэдэг дээрээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал тооцогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Мягмарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.Мийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохиролд 5,000,000/ таван сая/ төгрөг төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.М нь  оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Сэлэнгэд 5,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                        Д.БАТТУЛГА