| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 22.4.3., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
2023 03 10 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо /цахимаар/,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б д холбогдох 2329000090029 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Б нь Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт дахь Гаалийн газрын гаалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Эко глобал” ХХК-ийн богинын тээврийн жолооч У.Бат-Оршихын гаргасан зөрчилд, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй, хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Анх мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би тухайн үед утсаар ярихдаа машинтай мөргөлдөөд аваарт ороод шокын байдалтай байсан. Өмнөх өдөр нь Бат-орших надад хувь торгууль тавьчихаач гээд гуйгаад байхад нь тухай үед шокын байдалтай байхдаа их хэмжээний өрөнд орчихлоо гэж айсандаа тэрийг санасан юм байлгүй. Яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгөх хүртлээ өөрийгөө тэгж хэлсэнээ мэдээгүй байсан. Тэр бичлэгээс өөрийгөө сонссоноос хойш маш их ичиж айж гэмшиж харамсаж байна. Уучлаарай гэж уучлалт хүсье” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйл, Монголын өмгөөллийн тухай хуульд үндэслэж Ц.Бийн эрх ашгийг хамгаалах түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьнаас өмгөөллөө явуулъя. Ц.Б нь 50 нас хүртлээ улсад алдаа эндэгдэлгүй ажилласан байдаг. Тухайн нөхцөл байдалд гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон. Ц.Б нь өөрөө гэмт үйлдлийнхээ талаар хүлээж мэдүүлсэн гэм буруугаа гэмшиж байгааг удаа дараа өмгөөлөгчтэйгөө ярьж байсан юм. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан нийгмийн хор аюул хор уршигийн талаар хэдийгээр нийгмийн хор аюулын шинж нь материаллаг зүйлээр хязгаарлагдахгүй гаднаас тодорхой харвал нийгмийн хор аюулын шинж байхгүй юм шиг харагдаж байгаа боловч цаанаа учир холбогдолтой гэдгийг гүнээ ойлгож ухамсарлаж гэм буруугаа хүлээж байгаа гэдгийг мэдэгдэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэд хэдэн заалтууд Ц.Б ийн үйлдэлд хамаарч байна гэж ойлгож байна. Нэгдүгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт гэмт хэргийн шинжийг тодорхой заасан байгаа энд нийгмийн хор аюулын хэм хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй байдлыг харгалзаж үзэхээр заасан байгаа. Үүнийг шүүхээс ял шийтгэлийн бодлогын хэрэгжилтэнд харгалзаж үзэх байх гэж ойлгож байна. Улсын яллагч тодорхой хэлчлээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл шалтгаануудын талаар тодорхой заасан байгаа. Энэ заалтын 1.1 дэх хэсэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэх утга санаа байна. Үүнд бүрэн дүүрэн хамрагдаж байна. Түүнээс гадна тухайн үед авто осолд орж бие махбодийн хувьд тухайн цаг хугацаанд сэтгэл санааны стресс дарамтанд орсон байсан нь энэ хүний мэдүүлэг буюу би хүний машиныг гуйж хүргүүлж яваад дааж давшгүй өрөнд орчихлоо гэсэн стрессийн байдалтай байснаас болчих байх гэсэн хөнгөмсөгөөр хандаж авилга нэхсэн явдалд нөлөөлсөн байна. Хохирогчийн зүй бус харьцаа энэ хэрэгт тодорхой хэмжээгээр нөлөөлж гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.” гэв.
Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.Бд холбогдох 2329000090029 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ц.Бг шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан гэрч Бат-Орших, Бямбадорж, Амартүвшин, Жавхлан, Энх-амгалан, Ариунболд, Ганбаяр, Намуун нарын мэдүүлэг болон Гаалийн ерөнхий газрын албан бичиг, сиди, мөн Бат-Оршихын ОPPO маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт, Ц.Б ийн ОPPO маркийн А96 гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт, Дугарсүрэнгийн ОPPO А53 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мобиком корпорацийн албан бичиг, Юнител корпорацийн дуудлага хийсэн болон мессеж бичсэн албан бичиг, гэрч Дугарсүрэнгийн мэдүүлэг, яллагдагч Ц.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна. Дээрх нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай агуулгын хувьд зөрөөгүй үйл баримт хангалттай тогтоож чадсан мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн ашиг сонирхолыг зөрчсөн хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримт гэж үнэлж байна. Иймд шүүгдэгч Ц.Б д Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Гэрч У.Бат-Оршихын “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний бие Гашуун сухайт боомтоор Ганц мод боомт руу нүүрс тээвэрт 12-91 ӨМЕ улсын дугаартай Норд маркийн тээврийн хэрэгсэлтэй улсын хилээр хууль ёсны дагуу гараад, орж ирсэн. Ингээд манай "Эко глобал" ХХК-аас БНХАУ-аас контейнер татаж оруулж ирэхээр болоод дахин хилээр гарах шаардлагатай болсон. Тухайн үед надаас гадна 10-20-н хооронд манай компанийн жолооч нар машинтайгаа явсан шиг санаж байна, "Эко глобал" ХХК-ны захирал нь Ариунболд, менежер нь Энх-Амгалан /утас: 88282080/ гэж хүмүүс байдаг. Компанийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу Монгол улсын хилээр өөрийн унадаг 12-91 ӨМЕ улсын дугаартай Норд маркийн тээврийн хэрэгсэл болон хоосон тавцант чиргүүлийн хамт гараад БНХАУлс талаас хоосон контейнер /чингэлэг/ ачаад Монгол улсын хилээр орж ирсэн, тэгэхэд Гаалийн улсын байцаагч Болормаа гэх хүн гаалийн хяналтын хэсэгт сууж байсан ба "яагаад бүртгэлгүй хилээр гарсан юм бэ? танай компани дээр торгууль тавина, чамтай ярих юм байхгүй ээ" гэж хэлээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, машины хаалт хийдэг хэсэгт машины дугаараар хаалт хийлгээд кемп рүү явуулчихсан. Би кемп дээрээ очоод менежер Энх-Амгалан руу утсаар ярьж болсон явдлын талаар хэлсэн. Энх-Амгалан болохоор "ямарчил гэсэн маргааш очиж уулзъя” гэж хэлсэн, би Энх- Амгалан луу Б байцаагчийн утасны дугаарыг мессежээр явуулсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 03-ны өдөр Энх- Амгалан гаалийн улсын байцаагч Бтай уулзаад тээврийн хэрэгслийн гэрчилгээ авчихсан, надад өгсөн. Удалгүй нөгөө гаалийн улсын байцаагч Б нь над руу 88032428 дугаарын утаснаас залгаад "бичиг баримтыг чинь компанийн чинь ажилтанд өгч явуулсан, компани дээр чинь 10 сая төгрөгөөр торгох байсан, чамайг гуйгаад байхаар чинь тоогоогүй шүү, 10 саяынхаа 10 хувь болох 1 сая төгрөгийг надад бэлнээр өгөө, би 2 хоногийн дараа хот явна" гэдэг зүйлийг хэлсэн, миний хувьд бол өгөх боломж байгаагүй, тухайн үед би "Б эгчээ цалин буухаар танд өгье, манай компанийн цалин сар болгоны 10-нд буудаг юм аа” гэж хэлсэн. Ингээд Б нь над руу ярихгүй хэсэг чимээгүй байсан, уул нь Б байцаагчийн өөрийнхөн утас нь 88031180 гэж байсан, гэтэл өөр 88032428 дугаарын утаснаас залгаад байсан ба тус утсыг нь өөрийнхөн утас юм уу гэхэд бол утас гэж хэлээд байсан. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цалин буусан ба над руу нөгөө 10 хувийн хувь торгуулиа өг гээд залгаад байсан, би ч мөнгийг нь өгөөгүй, ингээд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөн манай компани нь БНХАУ-руу нүүрс тээвэрт дахин явсан, би өөрийнхөө унадаг Норд машинтай Монгол улсын хилээр гарах гээд гаалийн газрын хяналтын хэсэгт очиход нөгөө Б байцаагч байсан бөгөөд надаас мөнгөө авч чадаагүй болохоор шаралхаад намайг бүртгэлгүй тээврийн хэрэгсэл унасан байна, машинаа гаргаад зогс гээд зогсоочихсон, намайг ер нь хилээр гаргахгүй ажил мэргэжлээрээ хясан боогдуулаад байсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 136-137-р хуудас/,
Гэрч З.Бямбадоржийн “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гаалийн ерөнхий газраас онлайн хурал болох гээд одоогийн Гаалийн газар байрлаж буй терминал дээр байж байхад Монгол Улсын хилээр гарах чиглэлийн гаалийн хяналтын хэсэг дээр Гаалийн улсын байцаагч хэл амаар доромжлоод байна гэх мэдээлэл ирсэн, ингээд Гашуун сухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяр нь Амартүвшин бид хоёрыг тус жолоочтой уулзаад болсон явдлыг тодруулаад хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Амартүвшин бид хоёр Монгол Улсын хилээр гарах гаалийн хяналтын хэсэгт очсон боловч нөгөө жолооч нь хилээр гараад явчихсан байсан, ингээд тус жолоочийн унаж явсан машины дугаарыг нь гарах хэсгээс тодруулаад, Монгол улсын хилээр орох чиглэлд хүлээж зогссон. Одоо машины дугаарыг нь санахгүй байна. Орой 19 цагийн үед нөгөө жолооч маань орж ирсэн ба тус жолоочийг Бат-Орших гэх хүн байсан ба түүнтэй уулзаж болсон явдлыг тодруулсан, Бат-Орших нь хэлэхдээ “өмнө нь Болормаа байцаагч нь надаас мөнгө нэхсэн, тэгээд сая хилээр гарах гэж байхад юм чинь болоогүй байна гээд зам чөлөөлөөд зогс гэж хэлсэн, ингээд би Болормаа байцаагчтай хэрүүл хийсэн” гэж хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Бат-Оршихыг “Эко глобал” ХХК-ны захирал Ариунболдтой холбогдож, кемпээс нь гаргаж ирээд Цагаанхад нэг цэгийн үйлчилгээний төвд авчруулж уулзсан. Уулзахад бол иргэн Бат-Орших, Гаалийн газрын дарга Ганбаяр, Хяналт шалгалтын албаны дарга Ганбаатар, Амартүвшин болон миний бие байсан. Бат-Оршихын утсан дээрх байх ярианы бичлэг нь 2 ширхэг байсан ба тус бичлэгийг би өөрийн 1рhоnе 12 Рго Мах маркийн гар утсаараа дүрс бичлэг хийж, бэхжүүлэн авсан. Тус уулзалтаар бол Зөрчлийн тасгийнхан бүртгэж аваад Гаалийн ерөнхий газар луу явуулахаар болсон, миний хувьд бол гар утсан дээрээ бэхжүүлж аваад даргын viber-луу явуулсан, тус цэгийн үйлчилгээний гэрт Бат- Оршихтой өөр юу ярьсан талаар бол мэдэхгүй байна, миний бие гэрээр орж гараад л явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 139-140-р хуудас/,
Гэрч Д.Амартүвшингийн “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу нэгдэх өдөр байсан юм аа, нэгдэх өдөр болгон Гаалийн ерөнхий газраас өглөө болгон цахим хурал хийдэг юм, тус хуралд ахлах албан тушаалаас дээш албан тушаалтнууд оролцдог. Хурал түр завсарлаж байхад Монгол улсын хилээс экспортод гарах хэсэгт Гаалийн хяналтын хэсэгт Б нь нүүрс тээврийн жолоочтой маргалдлаа, тээврийн жолооч нь гаалийн улсын байцаагчтай зүй бус хандлаа гэх асуудлын талаар Гаалийн газрын дарга Ганбаяр нь Бямбадорж бид хоёрыг асуудлыг тодруулаад ир гэхлээр нь явсан. Бямбадорж бид хоёр Монгол улсын хилээс экспортод гарах хэсэгт Гаалийн хяналтын хэсэгт очиход аль хэдийн маргаан үүсгэсэн жолооч нь аль хэдийн БНХАУ-ын хил рүү гараад явчихсан байсан, уул нь терминалаас очихдоо бол тус жолоочийг байлгаж байгаарай гэж хэлсэн байсан ч явуулсан байсан. Ингээд тус жолоочийн тээврийн хэрэгслийг дугаарыг нь аваад Монгол улсын хилээр орох хэсэгт байх гаалийн байцаагч нарт тус машиныг түр зогсоож, мэдэгдээрэй гэдгийг хэлсэн. Оройн 19 цаг өнгөрч байхад нөгөө машин маань орж ирсэн ба Бямбадорж бид хоёр очиж уулзахад, Бат-Орших гэж иргэн байсан, машины дугаарыг бол одоо санахгүй байна, Бат-Орших нь “Эко глобал” ХХК-ны жолооч гэж байсан. Бат-Оршихтой уулзахад “Б байцаагч нь надаас мөнгө төгрөг авна гээд намайг дарамталсан, надад залгаж ярьсан ярианы бичлэг болон бичсэн мессеж нь байгаа" гэдгийг хэлсэн, ингээд тус ярианы бичлэг болон мессежийг уншиж, сонсож үзсэн, тус бичлэгээр бол мөнгө төгрөг нэхсэн зүйл байсан болохоор газрын дарга Ганбаярт мэдэгдсэн, мөн Болормаа байцаагчаар өөрөөр нь тайлбарыг нь бичүүлж авсан, мөн тус ярианы бичлэгийг мөн Бямбадорж гар утсаараа бичлэг хийгээд авсан. Ингээд Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар луу шилжүүлсэн. Тэндээс Болормаа байцаагчийг дуудаж, тайлбар авсан гэж байсан..., Зөрчил илэрсэн гэдгийг илтэд мэдэж байгаа тохиолдолд хуулийг тайлбарлаж, сануулж өгнө гэсэн асуудал байхгүй, харин Зөрчлийн тухай хуулийн Гаалийн тухай хууль зөрчсөн зөрчилд зохих арга хэмжээг авч, торгох ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-н 142-143-р хуудас/,
Гэрч Л.Жавхлангийн “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нүүрс тээвэрлэлтийн экспорт буюу Монгол улсын хилээр гарах чиглэлд гаалийн улсын байцаагч Бийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Цагаанхад суурьшлын бүсээс ирүүлсэн мэдээллийг хилээр гарсан жолооч нарын нэртэй овог, нэр, регистрийн дугаар, машины улсын дугаар зэрэгтэй нь тулгаж суусан, тус нэрсэн дунд Болормаа эгч болохоор нэг хүний нэрийг улаан өнгөөр тэмдэглэчихсэн, тус жолоочийг хилээр гарах үед надад мэдэгдээрэй гэж хэлсэн, надад хэлэхдээ бол тус жолооч урд нь зөрчил гаргачихсан, хяналтын бүсийн журам зөрчиж явсан болохоор надад хэлээрэй. би ирэхлээр нь арга хэмжээ авна гэх зүйл хэлсэн. Б эгчийн хэлсэн жолооч тус өдөр хилээр гарахаар ирэхлээр нь би Б эгчид хэлсэн чинь, тус жолоочтой Б эгч гаалийн хяналтын хэсгийн байрны цонхоор хоорондоо ярилцаад байсан, тэр хоёр хоорондоо ярихдаа бол өмнө нь 10 сая төгрөгөөр торгоно гэж байхад яачихдаг юм бэ? гэж байсан нөгөө жолооч Бат-Орших гэж хүн байсан ба тэр хүн нь хэлэхдээ “би цалингийн зээлтэй, тийм болохоор би төлж чадахгүй, ганц удаа харж үзээд явуулаач” гэх зүйл ярьсан, эгч болохоор “тийм юм байхгүй, ямарчил гэсэн арга хэмжээ авна” гээд хуульд заасан арга хэмжээний байдлыг хэлж өгөхлөөр нөгөө жолооч нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрүүл маргаан үүсэж эхэлсэн. Б эгчийг болохоор нөгөө жолооч нь “авлига авдаг” гэх зүйл яриад маргалдаад байсан. Нөгөө жолооч нь болохоор ярьсан яриаг чинь бичлэг хийгээд авчихсан байгаа гэх зүйл яриад маргалдаж байгаад замаа чөлөөлөөд зогсоод байж бай гэж хэлээд замаа чөлөөлүүлээд зогсоосон. Б эгч болохоор нөгөө жолоочийг дагуулаад хүрээд ир гээд намайг гаргасан ба би нөгөө жолоочийг гараад гаалийн хяналтын хэсэгт байрлах хэсэгт харахад байхгүй байсан болохоор эргээд эргээд гаалийн хяналтын хэсгийн байр луу ороод байж байтал араас Бат- Орших гэх жолооч ирээд Б эгчтэй мөн маргалдсан ба “таны ярьсан ярианы бичлэгийг би эхнэр лүүгээ явуулаад Авлигатай тэмцэх газар луу өгүүлчихсэн” гэсэн зүйл ярьсан. Нөгөө жолооч нь ч удалгүй хилээр гараад явчихсан. Ингээд байж байхад Амартүвшин ахлах ирээд нөгөө маргалдсан машины улсын дугаарыг аваад явсан. Энэнээс хойш юу болсон талаар бол би мэдэхгүй байна..., ...Гаалийн улсын байцаагч Болормаа нь Юнителийн үүрэн телефоны 88031180 гэсэн дугаарын утас барьдаг, өөр утасны дугаар барьдаг талаар би хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 147-148-р хуудас/,
Гэрч У.Энх-Амгалангийн “...У.Бат-Орших гэж хүн болохыг хэлж мэдэхгүй байна, манай компани нь 537 тээврийн хэрэгсэлд байх жолооч болон терминал байгаа 76 нийлээд 613 жолоочийг хариуцаж ажиллаж байгаа болохоор хэн гэдэг жолооч болохыг хэлж мэдэхгүй байна. Ингээд тус жолооч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаалийн улсын байцаагч Бд хаалт хийлгээгүй гэдэг шалтгаанаар хураалгасан гэж надад хэлж байсан. Тус зөрчилд болохоор гаалийн улсын байцаагч нар компани дээр 10 сая төгрөгөөр торгодог болохоор тус жолоочийг компани дээр торгуулмааргүй байна, гаалийн улсын байцаагчтайгаа өөрөө уулзаж учирлаад үзээ гэж хэлсэн. Би өдрийг нь бол санахгүй байна, 2022 оны 11 дүгээр сарын эхээр байсан шиг санаж байна, ингээд би жолоочийн гуйлтын дагуу гаалийн улсын байцаагч Бтай уулзахад 40 гаруй насны, нас тогтсон, бор шар дуу царайтай эгч байсан. Би өөрөө завгүй байсан болохоор Б гэх гаалийн улсын байцаагч руу жолооч нь баахан мессеж бичиж гуйсан байсан, би ч мөн жолоочийн өмнөөс хаалтаа хийлгээгүй, мартаж санасан зүйл байгаа байхаа, аль болох хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга, хилээр гарахад бүрдүүлэх материал зэргийг бүгдийг нь санамж болгож өгч байна, бид нар өөрсдийнхөө чадлаар бүгдийг нь хэлээд байдаг байхад жолоочийн хариуцлагагүй байдлаас болоод иймэрхүү байдлаар аж ахуй нэгж байгууллага дээр торгуулна гэдэг үнэдээ хэцүү байна гээд зовлонгоо учирлаж Б байцаагчид хэлсэн. Би Б байцаагчтай эхлээд Монгол улсын хилээр орох богинын хаалт дээр очиж /жижиг дөрвөлжин сендвичин барилга/ уулзсан. Аж ахуй нэгж байгууллага нь ажлаа хийгээд байхад хариуцлагагүй хүнээс болоод торгуулахад хэцүү байна, тухайн хүн хилээр гарах талд падаанаа өгөөгүйн улмаас жолооч эргээд хилээр орж ирэхдээ хаалтаа хийлгээгүйн гэж бичиг баримтаа хураалгасан болох нь тодорхой болсон. Дээрх үнэн байдлыг хэлээд хувь хүнээс болоод компани дээрээ торгуулахад хэцүү байна гэж хэлсэн. Би торгуулж чадахгүй болохоор өөрийнхөө ажлын оффис руу явчихсан байсан, дараа нь Болормаатай дахиж утсаар ярихад би Цагаанхад суурьшлын бүс рүү явна, замдаа тосож уулзаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь аваарай, одоо миний биед байхгүй гэж байсан. Ингээд би ажил дээр байж байхад Болорм байцаагч залгахаар нь оффисын хажууд байрлах зам дээр ирчихсэн байхаар нь уулзахад миний хүүхэд шиг хүүхэд байна даа за яахав, наад хүүхдэдээ сайн анхааруулж хэлээрэй гэж хэлээд надад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-н 153-154-р хуудас/,
Гэрч А.Ариунболдын “... Манай компанийн жолооч У.Бат-Орших нь Гашуун сухайт дахь гаалийн улсын байцаагч Ц.Бд тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хураалгасан байдаг. Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ Ц.Бтай уулзаж ярьж байгаад ямар нэгэн байдлаар авсан байсан, ингээд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөн манай компанийн хуваарь таараад хилээр дахин богинын тээвэрт нүүрс экспортод гаргасан, мөн манай компани тухайн шинжилгээ өгсөн өдрөө бол Монгол улс талаас хоосон тээврийн хэрэгсэл гаргаад, эргээд БНХАУ-аас орж ирэхдээ хоосон чингэлэг оруулж ирдэг юм. Энэ байдлаар У.Бат-Оршихыг өөр хэдэн жолооч нартай явуулсан боловч У.Бат-Оршихыг явуулсан юм, тэгтэл над руу гаалийн улсын байцаагч Ц.Б нь залгаад “Ариунболдоо ирж уулзаарай, танай жолооч чинь намайг доромжилсон, ёс бусаар харьцсан” гэж хэлсэн, би тухайн үед очиж уулзах гэж дуншиж явсаар байгаад үдээс хойшдоо хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан Жаргалсайханы хамт очиж уулзсан, тэгтэл Ц.Б нь “танай жолооч чинь гаалийн ажилтантай ёс бусаар харьцсан, бичлэг хийж, намайг дарамталсан, тэр жолоочийг орж ирэх хүртэл нь хүлээ, битгий явуул" гэх зүйлийг хэлсэн, ингээд Жаргалсайхан бид хоёр У.Бат-Оршихыг хилийн гаалийн хяналтын хэсгээр орж ирэх талд 17 цаг хүртэл хүлээсэн, тэгэхэд БНХАУ-ын талын хилээр орох тал нь хаасан бөгөөд Монгол улсын гарах талын хэсэгт ажиллаж байсан Б болон хамт байсан нүдний шилтэй жижигхэн охины хамт буугаад явчихсан. Жаргалсайхан бид хоёр хүлээгээд байх шаардлагагүй, яв гэж мөн Б байцаагч утсаар хэлсэн болохоор кемп рүү явчихсан. Над руу нэлээн орой 20 цаг өнгөрөөд Цагаанхад суурьшлын бүсэд хөл хөдөлгөөн хаачихдаг юм, ингээд 21 цаг өнгөрч байхад над руу Бямбадорж гаалийн ахлах байцаагч залгаад гаалийн газрын ажилтны суудаг терминал дээр хүрээд ир гэж дуудсан, би Цагаанхад суурьшлын бүсэд 24 цагийн хугацаанд явах зөвшөөрөлтэй машиныг хүлээж байгаад урд терминал дээр очиж Бямбадорж ахлахтай уулзах гэсэн боловч ажил дээрээ байгаагүй, утас руу нь залгасан чинь гэртээ байна хүрээд ир гэж хэлэхээр нь гэр лүү нь орж уулзсан. Бямбадорж уулзахдаа “Ариунболдоо танай жолоочийн байна, би бичлэгийг нь сонслоо” гэж хэлээд байж байхад Амараа гэх залуу орж ирсэн намайг тэр залуутай манай зөрчлийн ахлах байгаа юм гэж танилцуулсан. Тэгээд надад тэр хоёр цуг байж байгаад хэлэхдээ бол “танай жолоочийн буруу биш юм байна, битгий ажлаас нь халаарай, тэр болсон үйл явдлыг мэдэж байгаа ю/ гэж асуусан, би ч мэдэхгүй байна гэж хэлсэн чинь Бямбадорж нь “манай байцаагч Болормаа нь мөнгө төгрөг өг гэж дарамталсан байна, битгий наад жолоочоо ажлаасаа гаргаарай, ямарчил гэсэн энэ асуудлыг бид нар протоколдоод Гаалийн ерөнхий газар луу явуулна, манай байцаагчийн буруу уучлаарай” гэдэг зүйлийг хэлээд намайг явуулсан. Би Гашуун сухайт боомтоос гараад шууд У.Бат-Оршихтой уулзахаар кемп дээр ирээд дуудаж гаргаж ирээд, гар утсан дээр бичлэгийг нь сонссон, миний хувьд бол юу болчхов гэдгийг мэдэх зорилготой сонссон, ярианы бичлэгийг сонсоход бол манай жолооч У.Бат-Орших, гаалийн улсын байцаагч Ц.Б нар нь хоорондоо утсаар ярьж байхад нь У.Бат-Орших call recorder буюу яриаг нь бичлэг авсан байсан. Мөн ярианд болохоор Ц.Б нь хэлэхдээ “чиний гаргасан зөрчил нь аж ахуй нэгжийг 10 сая төгрөгөөр торгох зөрчил байна, тэгээд 10 саяынхаа 10 хувийг нь надад өгчих, тэгээд наад зөрчлийг чинь аргалъя ямар хамаагүй ярьдаг юм бэ? хажууд чинь хүн байхгүй биз дээ, би хот руу удахгүй явна” гэх зүйлийг ярьж, жолооч У.Бат-Оршихыг мөнгө нэхэж, шаардаж дарамталсан байсан, мөн надад Ц.Б байцаагчтай хоорондоо харилцсан мессеж бичсэнээ хүртэл үзүүлсэн, мессеж дээр бол “хэзээ мөнгөө өгөх юм бэ?, дансны дугаар ирүүлсэн” байсан, би хэд гэсэн дансны дугаар байсанг мэдэхгүй байна. Иймэрхүү асуудал болсон бол хамгийн түрүүнд ХАБ-ын ажилтан юм уу? надад хэлэхгүй яасан юм бэ? гэдгийг хэлсэн, харин У.Бат-Оршихын хувьд нэлээн айж сандарсан байсан, би ч ажлаасаа халагдана гэж байхгүй, битгий санаа зов, чиний буруу байхгүй гэдгийг нь хэлж тайвшруулаад, маргааш гаалийн байцаагч нартай уулзана гэж хэлээд тэр өдөрт нь амраасан. Иймэрхүү зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 156-157-р хуудас/,
Гэрч Л.Ганбаярын “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 07 цагт байгууллагын 7 хоногийн хурлыг хийсэн, хурал дуусгаад гаалийн улсын байцаагч нарыг ажилд нь гаргасан. Ингээд гаалийн улсын ахлах байцаагч нар үлдээд Гаалийн ерөнхий газрын цахим хуралд нэлээ удаан суугаад байж байхад гаалийн улсын байцаагч Ц.Б нь Монгол Улсын хилээр гарах хэсэгт нэг жолоочтой хэрүүл маргаан хийгээд байна гэх мэдээлэл ирсэн, нөгөө жолооч нь гар утсаараа бичлэг хийсэн гэх яриа гарахлаар гаалийн улсын ахлах байцаагч Бямбадорж, Амартүвшин нарыг юу болсон талаар, мэдээд учрыг нь ол гээд явуулсан. Бямбадорж, Амартүвшин хоёр очиж уулзсан боловч нөгөө жолооч нь хилээр гараад явчихсан байна гэж над руу утсаар ярихлаар нь би орой наад жолоочийг орж ирэхлээр нь тосож авч уулзаад, юу болсон талаар ярилцаж, учир байдлыг нь ойлгуулж зөөллүүлж ярь гэдэг үүргийг өгсөн. Тэгээд орой 20 цагийн үед шиг санаж байна, миний өгсөн үүргийн дагуу нөгөө жолоочтой уулзсан ба над руу Бямбадорж залгаад “Жолоочтой уулзлаа, манай гаалийн улсын байцаагч Б нь ая гуу муухай дарамталж, мөнгө төгрөг нэхсэн, албан ёсны биш, хуулийн зүйл заалт тайлбарласан байна, тэр талаар утсаар ярьсан бичлэгийг нь хийсэн байна" гэдгийг хэлсэн, тэгэхлээр нь наад жолоочоо тайвшруулаад орхичих, маргааш би өөрөө уулзъя гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цагаанхад суурьшлын бүсэд байрлах нэг цэгийн үйлчилгээний монгол гэрт “Эко глобал” ХХК-ны тээвэр хариуцсан захирал Ариунболд болон тус компанийн жолооч Бат-Орших нарыг дуудуулсан. Би болон гаалийн газрын Хяналт шалгалтын албаны дарга Ганбаатарын хамт жолооч Бат-Оршихтой 3-уулахнаа байж, уулзаж бичлэгийг нь сонсож үзсэн, тэгэхэд манай гаалийн улсын байцаагч Бийн дуу хоолой мөн байсан, тус бичлэгт гарч байгаа яриаг сонсоход бол “Чи Монгол улсын хилээр гаалийн байгууллагад бүртгүүлэлгүй гарсан байна, би танай компанийг 10 сая төгрөгөөр торгоно, чи өөрөө мэдэж байгаа биз дээ, нөгөө залуу болохоор эгчээ уучлаарай гэж хэлээд байсан, харин Болормаа нь болохоор чи 10 сая төгрөгийн талыг нь гэхгүй, 1 сая төгрөгийг нь надад бэлнээр өгчих, би чамаас хувь торгуулъя авъя, би усахгүй амраад хот явна" гэх утгатай байдлаар жолоочийг дарамталсан байдалтай ярьж байсан, жолоочийн хувьд бол айж сандарсан байдалтай “надад байгаа нь 247,000 төгрөг байна, цалин буухаараа хотод таныг очихлоор эхнэрээрээ дамжуулж өгүүлье" гэх зүйлийг ярьсан байсан. Ингээд тус яриаг сонсчхоод яриаг нь Бямбадоржоор ямар нэгэн байдлаар хуулбарлаж аваадах гэж хэлсэн, тухайн үед бол Ариунболд, Бямбадорж нарыг гадагшаа гаргачихсан байсан, мөн тус жолоочийн гар утсанд Ц.Бийн гар утаснаас ирүүлсэн данс явуулсан мессеж зэрэг харилцсан зүйлүүд байсан, мессежинд юу бичигдсэн талаар одоо санадаггүй ээ. Тэгээд жолооч Бат-Оршихоос байгууллагын нэр хүндэд ихээр халдсан зүйл байна, би ямарчил гэсэн гаалийн газрын даргын хувьд ажилтныхаа өмнөөс уулчлалт гуйя гээд Ганбаатар дарга бид хоёр бөхийж байгаад уучлалт гуйсан, мөн нөгөө жолооч Бат-Орших нь уучлалтыг хүлээж авч, баярлалаа, мөн наад байцаагч чинь дараа хилээр гарахад намайг дарамтлаад байх юм биш биз дээ гэдгийг хэлсэн, миний зүгээс бол тухайн байцаагчийн холбогдсон асуудлыг дээд шатны байгууллагад илтгэж, мэдэгдэнэ, дахиж чамтай холбоотойгоор хилээр гарч ороход хуулийн дагуу бол дарамт, шахалт үзүүлэхгүй гэдгийг хэлээд тус жолоочийг захирал Ариунболдын хамт буцааж явуулсан. Энэ байдлыг мэдэж авсны дараагаар Гаалийн ерөнхий газрын дарга Асралтад мэдэгдсэн ба илтгэх хуудас бичээд явуулаад, энд шалгуулаарай гэж үүрэг өгсний дагуу илтгэх хуудас болон Ц.Баас тайлбар бичүүлж аваад Гаалийн еренхий газар луу хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 159-160-р хуудас/,
Гэрч Ч.Намуунын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын хилээр гарах хэсэгт Мөнхтуул, Жавхлан нарын хамт үүрэг гүйцэтгэж ажилласан, тухайн үед бид нарыг хариуцаж гаалийн улсын ахлах байцаагч Булганчимэг нь гарч ажиллаж байсан. Мөн улсын хилээр гарах чиглэлд ариутгалаар Б, жижүүрээр Ганбаатар нар ажилласан. Ингээд тухайн өдрийн үдээс хойш 17 цаг нэлээн өнгөрсөн байхад улсын хилээр орох чиглэлээс нэг жолооч ирээд “тээврийн хаалт хийгдээгүй байна” гэж хэлсэн, тус машиныг улсын дугаараар нь Cais программаас хайгаад үзэхэд улсын хилээр гарах чиглэлд гаалийн байгууллагад бүртгүүлээгүй, хилээр гарсан зөрчил илэрсэн. Гарах хэсгийн ажлын байранд Б, Булганчимэг, Жавхлан, Мөнхтуул бид нар байсан, тухайн үед бол жижүүр Ганбаатар байгаагүй. Бид нар тус зөрчил гарсанг мэдээд тухайн жолоочийг тээврийн менежер болон компанийнхаа эрх бүхий албан тушаалтныг дууд гэж Булганчимэг ахлах хэлсэн, нэгэнт зөрчил илэрсэн болохоор би тус машиныг гарах чиглэлд 17:36 цагт гарсан гэж Cais программд бүртгэл хийж оруулсан, тэгж байж тус тээврийн хэрэгслийн улсын хилээр орох бүртгэл хийгддэг. Тус жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ бол түр дээ аваад ширээн дээр тавьчихсан. БНХАУ-ын хил нь 17 цагт хаадаг болохоор иймэрхүү зөрчил гарч болзошгүй гэдэг байдлаар, мөн улсын хилээр орох тээврийн хэрэгслийн гарсан нүүрсний жин, тонны мэдээг гаргаж бид нар 18 цаг хүртэл сууж ажилладаг. Тэр үед ажлын цаг дууссан болохоор бид нар ажлаасаа буусан, нөгөө жолоочийн хариуцсан компанийн хүмүүс ирээгүй, ахлах Булганчимэг тухайн жолоочийн тээврийн хэрэгслийг хэнд өгсөн талаар бол би санахгүй байна. Тус жолоочийн зөрчлийн асуудлыг хэн шалгасан талаар бол би мэдээгүй, сүүлд Гаалийн ерөнхий газраас Ц.Б байцаагчийг дуудсан ба тус зөрчил дээр арга хэмжээгүй аваагүй, жолоочоос мөнгө авахыг шаардсан гэх зүйл яригдаж байсан. Миний хувьд тус тээврийн хэрэгсэл нь хэд гэсэн дугаартай, хэн гэсэн жолооч байсанг одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг/хх-н 166-р хуудас/,
Гаалийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01- 2/3223 дугаартай албан бичгээр ирүүлсэн албаны шалгалт хийсэн тухай материалын хуулбар, дуу-дүрсний бичлэгийг хуулбарласан сиди хэрэгт хавсаргагдсан, /хх-н 5-14-р хуудас/,
У.Бат-Оршихын ОРРО маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 15-38-р хуудас/,
Ц.Болормаагын ОРРО А96 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 39-50-р хуудас/,
Л.Дугарсүрэнгийн ОРРО А53 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 51-53-р хуудас/,
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 179 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд хадгалагдаж байгаа "88031180- 2211111053 гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн файл нь дуу авианы адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. "88032428- 2211031911" гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн файл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүдийг тодруулав. Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд хадгалагдаж байгаа 88031180- 2211111053 гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн файл нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10:54 минутад үүсгэгдсэн, "88032423-2211031911 гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн файл нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19:15 минутад үүсгэгдсэн дуу авианы бичлэг байна...Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд хадгалагдаж байгаа дуу авианы бичлэгт 2 хүний харилцан яриа байх бөгөөд бүтцэд өөрчлөлт, засвар, эвлүүлэг хийгдээгүй байна...Шинжилгээнд ируулсан гар утсанд хадгалагдаж байх "88032428-2211031911* гэсэн нэртэй дуу авианы бичлэгт харилцан ярьж байгаа Ц. Бийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан И075030203 регистрийн дугаартай Ц.Бийн дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, дохионы давтамжийн зурвас зэрэг үндсэн адилтгалын үзүүлэлтээрээ тохирч байна...Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...Жич: Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүдийг тодруулан 7.70МВ хэмжээтэй файлыг DVD-нд хуулбарлан хүргүүлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-н 171-176-р хуудас/,
“Мобиком корпораци” ХХК- 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/1312 дугаартай албан бичиг, түүний хавсралт,/хх-н 120-126-р тал“Юнител” ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05-01/033 дугаартай албан бичиг, түүний хавсралт болон дээрх компаниудын хавсралт жагсаалтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 128-134-р хуудас/,
“Юнител” ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05-01/033 дугаартай албан бичиг, түүний хавсралт болон дээрх компаниудын хавсралт жагсаалтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 128-134-р хуудас/,
Ялладагч Ц.Бийн “...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, мөн утсанд бичигдсэн яриаг сонслоо. Би дүгнэлттэй санал нийлж байна. Тус бичлэгт байгаа дуу хоолой миний дуу хоолой мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 210-211-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.Б нь Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Эко глобал” ХХК-ийн богинын тээврийн жолооч У.Бат-Оршихын гаргасан зөрчилд, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй, хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөхийг шаардсан, өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад өнөөдрийн хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргадгүй байдал зэргийг харгалзан түүнд Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж 2.700.000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орро маркийн У.Бат-Оршихийн эзэмшлийн гар утсыг Бат-Оршихид буцаан олгох, Гаалийн ерөнхий газар болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газарт явуулсан 2 ширхэг сидиг хэргийн хадаглах хугацааг дуустал хадгалах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэл тогтоолыг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг бол хөнгөн ангиллын гэмт хэрэг хөнгөн ангиллын гэмт хэргийг яаж ял оногдуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан байгаа. Тэгэхээр шүүгч танд хандаж хэлэхэд Ц.Бийн хувьд хүндэтгэн үзэх учир шалтгаан байгаа гэж харж байна. Нэгт эмэгтэй хүн хоёрдугаарт тэтгэвэрийн насанд хүрч байгаа мөн биеийн эрүүл мэнд нь сайнгүй энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс чөлөөлнө гэсэн ангилалд багтаан шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Нийтийн албанд ажиллах эрхийг хасах шийдвэрийн хувьд нэгэнт хуульд заасан учраас ялыг хоёр жилээр тогтоогоод, торгох ялаас чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтийг шүүхэд хандаж тавьж байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн саналын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан OPPO А35 маркийн QG7TPR8T8HZ5GMI7 сериал дугаартай 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц У.Бат-Оршиход буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Болормаад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА