Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 184/2019/03420/И |
Дугаар | 001/ХТ2021/01279 |
Огноо | 2021-10-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2021/01279
Н.Дариймаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/03276 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 361 дүгээр магадлалтай,
Н.Дариймаагийн нэхэмжлэлтэй,
Ө.Ариунбаатарт холбогдох,
Автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Улаанбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
Нэхэмжлэгч Н.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Ариунбаатар 2017 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл хотхоны 130а дугаар байрны автомашины граш, дулаан зогсоолоос 88-52 УБУ улсын дугаартай, Соната-4 маркийн автомашиныг 3,000,000 төгрөгөөр ам хэлцэл хийж, худалдаж авсан. Партизаны сангийн аж ахуйн айлуудаас сүү цуглуулан худалдан авч, Улаанбаатар хотын Таван шар дээр зөөж ирж, худалдаж амьдардаг. Миний машиныг 3 жил сүү зөөх ажилдаа ашиглаж амьдарсан. Ө.Ариунбаатарын хамтран амьдрагч Ж.Нацагдорж бид хоёр төрсөн ах дүү нарын хүүхдүүд юм. Соната-4 маркийн 88-52 УБУ дугаартай машины эзэн нь талийгаач дүү Н.Цоодол юм. Хоёр өнчин Ц.Бат-Эрдэнэ, Ц.Агиймаа нарын сургалтын төлбөрт нэмэр хийх гэж зарсан. Төрсөн авга дүү Ж.Нацагдоржийн найз Ө.Ариунбаатарт хямдхан зээлээр 3,000,000 төгрөгөөр худалдсан. Миний дүүгийн хоёр хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагаар, мөн талийгаач Н.Цоодолын эхнэр Я.Нэргүй нь надад автомашиныг 3,000,000 төгрөгөөр зарах зөвшөөрөл өгсөн юм. Автомашиныг анхнаасаа авах дургүй байсан бол буцаагаад авчраад өгч болох байсан. Автомашин одоо хариуцагч Ө.Ариунбаатарын хашаанд байгаа. Миний автомашиныг тоноод өөрийнхөө автомашинд хийсэн. Автомашинаа буцааж авах талаар удаа дараа шаардсан боловч эргүүлж авчирч өгөөгүй. Одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иймд Ө.Ариунбаатараас талийгаач Н.Цоодолын бэлэвсэн эхнэр Я.Нэргүй болон хоёр хүүхдэд нь автомашины үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулж, хүүхдүүдийн сургалтын төлбөрийн төлж, үхэхээсээ өмнө энэ улсын өрийг хаамаар байна гэжээ.
Хариуцагч Ө.Ариунбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 7 дугаар сард Н.Дариймаа гэдэг хүн бид хоёрыг дуудаад эгчид нь нэг Соната автомашин байгаа та хоёр үзээд зараад борлуулаад өг гэсэн. Энэ Соната машин 50 км явж чадахгүй, шинэ 22 өнгөрөөд мотор нь цохьсон. Тэр дор нь нэхэмжлэгчид хэлсэн. Урьд нь нэг хүнд зарчихаад авсан юм. Тэр хүн нь болохоо байлгасан байна. Тэр хүнтэй шүүхдэлцэнэ гэсэн боловч мөнгө өгөөд моторыг нь янзлуулах гээд бид хоёрыг 2 удаа гэртээ дуудаж авч ирсэн боловч юу ч өгөөгүй, 5 жил болж байна. Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн тэнд мэдүүлэг өгсөн. Тэр машиныг нь очиж үзээд зургийг нь аваад явсны эцэст хэргийг хаасан. Өөрөө жил болгон очиж машинаа үзэж байсан, машин одоог болтол аваачаад тавьсан байрандаа байгаа. Ө.Ариунбаатар миний бие Соната машиныг унаж хэрэглээгүй, Сүхбаатар дүүргийн шүүх үзэж хараад тогтоосон. Тэр машинд хүн тонох дээрэмдэх олигтой зүйл юу ч байхгүй. Би Н.Дариймаагаас автомашиныг гараашаас авсан нь үнэн. Гэхдээ авах үед 3,000,000 төгрөг өгнө гэж хэлээгүй. Автомашин авах үед Н.Дариймаа хамт байгаагүй. Н.Дариймаагийн нөхөр автомашиныг надад хүлээлгэж өгсөн. Гэтэл одоо нөхөргүй, мөн өөрийнхөө автомашиныг минийх биш гээд байгааг ойлгохгүй байна. Намайг зараад өг гэсэн. Мөн авч явсан өдрөө замдаа мотор нь цохиод зогсчихсон. Өөрт нь утсаар хэлэхэд мотор авч өгнө гэж хэлж байсан хүн одоо шүүхэд өөр зүйл яриад байна. Энэ хүн намайг гүтгэж байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/03276 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Ариунбаатараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дариймаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ө.Ариунбаатараас 63,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Дариймаад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 361 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/03276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Улаанбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.02.14-ний өдрийн 361 дүгээр магадлалдаа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.17-ны өдрийн 184/ШШ2019/03276 дугаар шийдвэрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Ариунбаатараас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Шүүх хэт нэг талыг барьсан магадлал, шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Шүүх хурал дээр болон шүүхийн хариу тайлбарт тус нэхэмжлээд байгаа худалдах-худалдан авахаар хийсэн гэх Соната 2 маркийн машиныг би худалдан авна гэж гээгүй, 2015 оны 7-р сард миний эхнэрийн үеэл эгч Н.Дариймаа гэж хүн утсаар яриад эгчийнхээ нэг машиныг үзээд боломжийн үнээр зараад өгөөч гэж дуудсан ба уг машиныг эхнэрийн хамт очиж үзээд Н.Даариймаагийн нөхөр гэх хамтран амьдрагч хүн нь бидэнд машин гаргаж өгсөн, би тухайн үед хүнд машиныг нь унуулж үзээд боломжийн үнээр буюу сая төгрөгөөр зарж өгөх боломжтой талаар хэлсэн, хүнд худалдаж өгье гэж тохирч бичиг баримтыг нь асуутал бичиг баримт нь байгаа араас чинь шилжүүлэх болохоор өгье өө одоо аваад яв гэж хэлсэн, өнөөдрийг хүртэл надад бичиг баримтыг өгөөгүй ба шат шатны шүүх хуралд надад бичиг баримтыг өгсөн гэж мэдүүлж шүүгч нарыг төөрөгдүүлж байгаа болно. Тэгээд уг машиныг унаад явж байтал Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо хүрэлгүй Соната 2 машины мотор нь цохиод унтарсан ба тухайн үед Н.Дариймаа руу утасдаж машинаа ав гэж хэлэхэд, та хоёр хашаандаа аваачаад тавьчих, би наад машиныг хүнээр засуулсан юм, тэр хүнийг шүүхэд өгч наад моторыг чинь засуулаад зарья гэж хэлсэн учраас би уг машиныг чирүүлж Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Жаргалант тосгонд байрлах хашаандаа тавьсан. Уг машин манай хашаанд 2015 оны 7-р сараас хойш байгаа ба анх авчирж тавьсан тэр байдлаараа өнөөдрийг хүртэл байгаа болно. Энэ хугацаанд Н.Даариймаа эгч манайд 2-3 удаа ирсэн ба ирэх бүртээ мөнгө өгч засуулна гээд машинаа харчихаад явдаг. Одоо миний машин биш байна гээд байгаа, урд нь энэ машиныг харж байсан нь тодорхойгүй, нас барсан дүүгийнхээ эхнэрээс яаж хэрхэн авсан нь мэдэгдэхгүй. Мөн 2 ч удаа мөнгө ирж ав, машиныг минь засуул гэж дуудаж байсан. Очиход цай ч үгүй царай ч үгүй суулгаж байгаад хар цагаан гаргадаг байсан ба одоо надаар заруулая гэсэн Соната 2 машинаа Соната 4 болгон 3 сая төгрөг нэхэмжлээд байгааг огт ойлгохгүй байна. Тэгээд ч Соната 2 машин тухайн үеийн ханшаар 1 сая төгрөг хүрэхгүй, мөн 2015 оноос хойш нийт 6 жил манай хашаанд байсан, мотор нь эвдэрсэн, үнэлгээ хийлгүй хэт нэг талыг барьж, илт худал мэдээ мэдээлэл өгсөн иргэн Н.Дариймаагийн хүсэлтээр шүүх шийдвэрлэсэнд иргэний хувиар гомдолтой байна. 2015 оны 7 сараас хойш манай хашаанд байгаа ба уг хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа ба би худалдаж авна гээгүй худалдаж өгнө гэж тохирсон, мөн уг машиныг Соната 2-ыг Соната 4 болгон загвар залуу болгож, хэт өндөрөөр үнэлж, зах зээлийн үнээр үнэлээгүй бөгөөд худалдах-худалдан авах ажиллагаа явагдсан гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээр надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дагуу гарсан шийдвэр биш гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна. Иймд хэргийн хүрээнд нотлох баримтуудыг нарийвчлан судалж, ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.Дариймаа нь Ө.Ариунбаатарт холбогдуулан автомашины үнэ 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Харин шүүх нэхэмжлэлийг хангахдаа хариуцагчийн өмчлөх эрхийн бүртгэлийг нэг мөр шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нь маргаж буй автомашиныг 3,000,000 төгрөгөөр худалдаж авахаар 2017 оны 05 дугаар сард Шинэ төгөл хотхоны автомашины зогсоолоос авч явсан, өнөөдрийн хүртэл төлбөрийг төлөөгүй, автомашиныг ч эргүүлж өгөөгүй тул автомашины үнийг гаргуулна... гэж тайлбарлаж,
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...автомашиныг худалдаж аваагүй, бусдад зарж өгөхөөр авсан, машин замд эвдэрч, энэ талаар нэхэмжлэгчид хэлсэн боловч өнөөдрийг хүртэл засаагүй, буцааж аваагүй, машин аваачаад тавьсан байрандаа байгаа, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.
Хэрэгт цугларсан баримтаар маргааны зүйл болсон 88-52 УБУ улсын дугаартай Соната EF маркийн суудлын автомашин иргэн Н.Цоодолын өмчлөлд бүртгэлтэй байсан, Н.Цоодол 2010 онд нас барсан бөгөөд 2016.08.15-ны өдрийн 087 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр тус автомашин иргэн Н.Дариймаад өвлөгдөж иржээ.
Улмаар Н.Дариймаа автомашиныг Ө.Ариунбаатарт худалдсан гэх бөгөөд хариуцагч Ө.Ариунбаатар 2017 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байрлах Шинэ төгөл хотхоны 130 дугаар байрны автозогсоолоос 88-52 УБУ улсын дугаартай Соната EF маркийн автомашиныг авч явсан, уг автомашин одоо хариуцагчийн хашаанд байгаа үйл баримт тогтоогджээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нь дээрх хөрөнгийг худалдаж аваагүй гэж маргах боловч нэхэмжлэгч Н.Дариймаагийн ...та миний амьдралд туслаад машиныг 3 сая төгрөгөөр үнэлээд зээлээр өгчих, ...би сүү зарж байгаад мөнгөө цуглуулаад өгье гэсэн хүсэлтийг үндэслэн автомашиныг Ө.Ариунбаатарт өгсөн... гэх тайлбар /хх-22/, Ө.Ариунбаатар нь 2017 оны 05-р сард 88-52 УБУ улсын дугаартай автомашиныг иргэн Н.Дариймаагийн эзэмшлээс буюу Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Шинэ төгөл хотхоны 130А байрны автозогсоолоос авч явсан үйлдэл, Ө.Ариунбаатар нь Н.Дариймаагийн эзэмшлийн 88-52 УБУ улсын дугаартай Соната автомашиныг худалдаж авахаар амаар тохирч авч явсан болох нь тогтоогдсон үндэслэлээр Ө.Ариунбаатарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019.10.04-ний өдрийн 2037 дугаар прокурорын тогтоол, тус тогтоолд хариуцагч Ө.Ариунбаатарын ...би унаж яваад санаанд таарвал худалдаж авахаар тохирсон... гэх мэдүүлэг /хх-38/, автомашины өмчлөгч байсан Н.Цоодолын эхнэр Я.Нэргүйн ...Ө.Ариунбаатар нь автомашиныг 3 сая төгрөгөөр хулалдаж авахаар тохирч авч яваад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй... гэх тодорхойлолт /хх-35/ зэргийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, нэхэмжлэгч нь автомашиныг Ө.Ариунбаатарт худалдахаар хөрөнгийг шилжүүлсэн нь нотлогдсон гэх үндэслэлээр зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иймд худалдах-худалдан авах гэрээний үүрэгт худалдан авагчаас хүлээн авсан эд хөрөнгийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцжээ.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргана. /2002 оны хуулиар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянавал хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхино.
Шүүх худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжсэн гэж үзсэн атлаа өмчлөх эрхийг шилжүүлэлгүй орхигдуулсан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаж буй автомашиныг хариуцагчийн өмчлөлд бүртгэхийг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 361 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/03276 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...олгосугай. гэснийг ...олгож, Соната EF маркийн 88-52 УБУ улсын дугаартай, KMHEM41APWA021379 арлын дугаартай автомашиныг иргэн Ө.Ариунбаатарын өмчлөлд бүртгэхийг Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст даалгасугай. гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Улаанбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ө.Ариунбаатараас 2020.03.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД