Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/01283

 

 

Б.Түвшинтөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03213 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210 дугаар магадлалтай,

Б.Түвшинтөрийн нэхэмжлэлтэй,

Г.Отгонхүү, Г.Отгонбаяр нарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Түвшинтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2008 онд АПУ ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байхдаа Г.Отгонбаяр, Г.Отгонхүү нарт 45 359 200 төгрөгийн үнэ бүхий бараа өгсөн. Хариуцагч нар нь 10,359,200 төгрөгийн барааны үнийг төлж, 29,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс надад 15,000,000 төгрөгт Ч.Нэргүйн эзэмшлийн Изусу маркийн автомашиныг тооцож өгсөн. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2012.05.28-ны өдрийн 857 дугаар тогтоолоор Г.Отгонхүү, Г.Отгонбаяр нарт холбогдох хэргийг иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан гэж дүгнэн шийдвэрлэж 14,359,200 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тухай тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ТМБТ ХХК нь манайх нэхэмжлэгч биш, Б.Түвшинтөр компанид учирсан хохирлыг төлж барагдуулсан тул Б.Түвшинтөр өөрөө буруутай этгээдээс мөнгөө нэхэмжилж авах нь зүйтэй гэх хүсэл зоригоо илэрхийлсэн. Иймд хариуцагч нараас 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Отгонхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тухайн үед намайг болон миний төрсөн дүү Г.Отгонбаярыг хууль бусаар хориулсан. Миний нөхрийн нэр дээрх автомашиныг дээрмийн аргаар авсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон зүйл байхгүй. 2011 онд намайг эрэн сурвалжлах тухай шийдвэр гараагүй. Энэ хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Отгонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд Б.Түвшинтөрөөс 45,359,200 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн зээлдсэн асуудалд маргаантай байсан тул цагдаагийн байгууллага шалгаж, мөнгө төлөх үндэслэлгүй бөгөөд уг маргаан иргэд хоорондын маргаан гэж үзэж шийдвэрлэсэн. Би 29,000,000 төгрөгийг төлөх талаар ямар нэг баталгаа болгон амлалт өгөөгүй. Харин уг үнийн дүнд маргаантай байр суурьтай байсан. 15,000,000 төгрөгт тээврийн хэрэгслийг тооцон Б.Түвшинтөр рүү шилжүүлээгүй. 2011.06.10-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар намайг эрэн сурвалжлуулсан гэсэн байна. Гэтэл 2012.05.28-ны өдөр бидний хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлээд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоол гарсан. Намайг цагдаагийн байгууллагаас ямар нэгэн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлуулж байгаагүй, хэрэгт авагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн зарлага, орлогын баримт дээр зурагдсан гарын үсэг минийх биш бөгөөд уг баримтыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад нотлох баримтаар үнэлээгүй. Иймд хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03213 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Отгонхүү, Г.Отгонбаяр нараас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Түвшинтөрд олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар ...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн... гэх үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчдын хооронд худалдах ба худалдан авах үйл баримт болсон байна хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл боллоо хэмээн хариуцагч талаас үзэж гомдол гаргаж байна.

Б.Түвшинтөр болон Г.Отгонхүү, Г.Оггонбаяр нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн үзсэн нь үндэслэлгүй ба /хэргийн 154-р талд авагдсанаар 2009.07.03-ны өдрийн зарлагын баримтад 24,732,800 төгрөгийн үнэ бүхий барааг Г.Отгонбаяр авсан хэмээн гарын үсэг нь баталгаажсан байдаг. Мөн 2009.06.12-ны өдрийн 10,539,200 төгрөгийн үнийн дүнтэй эд барааг Отгоо хэмээн гарын үсэг зурсан байдаг. Дээрх нотлох баримтаар Г.Отгонхүү нь эд барааг хариуцах хариуцагч биш гэдэг нь нотлогдож байхад төлбөрийг эн тэнцүүгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Г.Отгонхүү нь уг падаанаар өнөөдрийг хүртэл уг барааг аваагүй хэмээн маргадаг боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ талаар тодруулаагүй. Мөн хариуцагч Г.Отгонбаяр нь уг барааг хүлээн авсан боловч эргэн төлөлт хийгдсэн хэмээн маргаж байгаа асуудлыг шалгаагүй. Мөн нэхэмжлэх эрхгүй этгээд 14,000,000 төгрөг нэхэмжилсэн байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс шаардах эрх шилжсэн байна хэмээн үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хууль буруу хэрэглэх үндэслэл боллоо хэмээн үзэж байна.

Шийдвэр, магадлалд зааснаар нэхэмжлэгч Б.Түвшинтөрөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн ТМБТ ХХК-ийн зарлагын падааныг үзвэл иргэд хоорондын маргаан биш нэхэмжлэгч нь ТМБТ ХХК байхаар байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар компани шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Б.Түвшинтөр нь ТМБТ ХХК-д 14,000,000 төгрөгийг төлсөн гэх баримт авагдаагүй, урьд өмнө нь 15,000,000 төгрөгийн автомашиныг Б.Түвшинтөр нь хүлээж авсан боловч дээрх ТМБТ ХХК-д хүлээлгэж өгсөн гэх баримт зэрэг авагдаагүй байхад шаардах эрх шилжсэн хэмээн үзэж байгаа нь учир дутагдалтай. Хэдийгээр зохигчид өөрөө нотлох баримтыг цуглуулах үүргийг хүлээдэг боловч шүүхээс хариуцагч этгээд хэн нь болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй хэмээн үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Түвшинтөр нь хариуцагч Г.Отгонхүү, Г.Отгонбаяр нарт холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1.   Хариуцагч Г.Отгонхүү, Г.Отгонбаяр нар нь нэхэмжлэгч Б.Түвшинтөрийн ажиллуулж байсан ТМБТ фүүд маркет дэлгүүрээс 2009.06.12-ны өдөр 10,068,200 төгрөгийн, 2009.07.03-ны өдөр 24,751,800 төгрөгийн, 2009.08.06-ны өдөр 10,532,200 төгрөгийн буюу нийт 45,359,200 төгрөгийн үнэ бүхий АПУ трейдинг ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч, 16,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, 15,000,000 төгрөгийн өрөнд Исузу маркийн автомашиныг өгсөн, 14,359,200 төгрөг төлөгдөөгүй талаарх үйл баримт хэрэгт цугларсан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2012.05.28-ны өдрийн №857 дугаартай прокурорын тогтоол, тухайн эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, бусад баримтаар нотлогджээ.

Хариуцагч нар эрүүгийн хэрэгт шалгагдсан үеэс хойш төлбөр төлөөгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011.06.10-ны өдрийн 1375 дугаартай шийдвэрээр хариуцагч нарыг эрэн сурвалжилсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009.04.27-ны өдрийн 779 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн АПУ трейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй НМДО ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах төлбөр тусгагдаагүй болох нь тогтоогдсон байна.

Шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэн, худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлагдсан, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 79.7., 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Нэхэмжлэгч Б.Түвшинтөр нь Г.Отгонбаяр, Г.Отгонхүү нарт холбогдуулан худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан байна.

Б.Түвшинтөр нь 2008 онд барааг хүлээлгэж өгснөөс хойш 2011 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, мөн 2011 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч нарыг эрэн сурвалжлах 2011.06.10-ны өдрийн 1375 дугаар шийдвэр гарсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймд 2019 онд хариуцагч Г.Отгонбаярыг шүүхэд ирүүлснээр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолно.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2012.05.28-ны өдрийн №857 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд ...Г.Отгонбаяр, Г.Отгонхүү нар нь Нарантуул олон улсын худалдааны төвд Чандмань бөөний төвийн лангууг ажиллуулж байхдаа иргэн Б.Түвшинтөрөөс ...45,359,200 төгрөгийн үнэ бүхий архи, пиво, сүү зэрэг бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан, 14,359,200 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болох нь нотлогдсон,... гэж /хх-77/, ТМБТ ХХК-ийн ...тус компани Г.Отгонхүү, Г.Отгонбаяр нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцохгүй, ...нэхэмжлэх зүйлгүй, Б.Түвшинтөр нь тус компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байхдаа АПУ трейдинг ХХК-иас худалдан авсан барааны үнийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөргүй... талаар гаргасан тодорхойлолт /хх-148/ зэрэгт тулгуурлан Б.Түвшинтөрийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Улмаар хариуцагч Г.Отгонбаярын цагдаагийн байгууллагад гаргасан ...нэхэмжлэгчээс бараа авахдаа эгч Г.Отгонхүүгийн хамт очиж авч байсан, барааны үнийг эгч Г.Отгонхүү байраа банкинд тавьж байгаад төлнө гэж хэлж байсан, бараа зарсан мөнгийг Зоос банкны өрөнд өгсөн... гэсэн тайлбар, гэрч Б.Нямхүүгийн ...Отгонбаяр, Отгонхүү гэдэг хоёр хүн манай дэлгүүрээс бараа авдаг байсан, ...Отгонбаярт бараа өгөхгүй гэхэд Отгонхүү эгч нь өөрөө дэлгүүрт ирж, би дүүгээ хариуцаж байгаа, би тооцоог нь хийнэ, би хариуцна гэж Түвшинтөр ахыг шалж байгаад бараа зээлээр авсан... гэх мэдүүлэг /хх-6,11/-ээр Г.Отгонхүү хамтран хариуцлага хүлээх үндэслэлтэй нь тогтоогдож байх тул Г.Отгонхүүг хариуцагч биш байхад төлбөрийг хамтран хариуцуулсан гэх гомдол үндэслэлгүй.

Иймд ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хэргийн оролцогчийг буруу тодорхойлсон... үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03213 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэгээс 2020.02.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД