Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0008

 

 

 

 

 

2021 12 27 0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Чанцалням  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Гуравдагч этгээд: Э ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Ч.У нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/141 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагатай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ш, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Ч., тэдгээрийн өмгөөлөгч С.Эшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/141 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах гэж тодруулжээ.

2. Харин нэхэмжлэлийн Д.Ц Э-ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалын ЭХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болно.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/141 дүгээр тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар тушаалаар Э ХХК-ийн давхцал арилгасан 2 га газрыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар ЭХХК-д олгосон 3 га газрыг ашиглах эрхтэй болсныг дурдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцсон байна.

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаар тушаалаар Э ХХК-ийн ашиглах газрын хэмжээг шинэчлэн тогтоож, газар ашиглах гэрээ хийгдэж, гэрчилгээ олгосон байна. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдэж, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч Д.Ш******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1/ Энэ асуудалтай холбоотой манай аж ахуй нэгжид үүссэн нөхцөл байдал, гэм хорын тухай товч тайлбарлая. Би 1999 онд энэ газрыг тодорхой нөхцөлтэйгөөр авсан. Энэ газарт байсан хог новшийг цэвэрлэсэн. Мөн өнөөдрийг хүртэл байнгын харуул хамгаалалттай байдаг бөгөөд харуулын цалинд гэхэд 102 сая төгрөг өгсөн байна. Аялал жуулчлалын бааз барьсан, амралтын газар барьсан. 2005 онд гэнэт манай хашаанд дотор газар олгосон шийдвэр хулгайгаар гарсан байсан. Үүнийг мэдээд мэргэжлийн хяналтын газар хандсан. Мэргэжлийн хяналтаас үзэж шалгалт хийж, дүгнэлт нь гарсан. Энэ дүгнэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бидний газрын эрхийг баталгаажуулж өгөөд нөгөө газрыг хүчингүй болгосон. Би өөрийнхөө мэдлийн газраа хувийн компанийн нэр рүү шилжүүлэхээр хүсэлт гаргаж шилжүүлэх тогтоол гаргасан байдаг. Шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан.

2/ Шүүх удаа дараа асуудлыг шийдвэрлэсэн. 10 гаруй жил маргаан бүхий гарын асуудал шийдэгдэхгүй, гуравдагч этгээдийн гомдлоор маргаан үүсдэг. Шүүхэд асуудал хянагдах процессыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрх нь Э ХХК-д үүссэн байна. Иймд давхацсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох ёстой гэж үзсэн хариу тайлбарыг шүүхэд хүргүүлдэг байсан. Гуравдагч этгээдийн гомдлоор шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу шийдвэрээ гаргахгүй яам их удсан. Энэ хугацаанд ажилтнууд хариуцсан хүмүүс нь шалгаж үзээд нэхэмжлэгч компанид энэ газрыг олгох ёстой юм байна, бусад газрууд газар ашиглах эрх хууль бус байна гэж үзсэн. Гэхдээ яг газар олгохдоо 2017 онд н.Оюунхорол сайдын тушаалаар хүчингүй болгосон хуучин олгож байсан тушаалаа сэргээж ийм сонин шийдвэр гаргасан учир энэ асуудлаа шүүхэд хандсан байгаа.

3/ Энэ үед бид 30 гаруй сая төгрөгөөр сайжруулалтын цогцолбор барих ерөнхий төлөвлөгөөг гадаадын байгууллагаар хийлгэсэн. Мөн энэ газрын суурь, газар шорооны газрыг Барилгын компаниар хийлгэж, урьдчилгаа өгч, 1.1 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Ийм гэм хор үүсэж байгаа. Нөгөө төл луйврын дагуу тушаал гаргуулсан. Энэ газар дээрээ өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн зардал гаргаагүй. Иймд үүнтэй холбоотой мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан. Мөн яамны 225 дугаар тушаалыг хянуулахад ашиг сонирхлын зөрчил гарсан гэж үзсэн учир үүний дагуу 2017 оны 290 дүгээр тушаал гарсан. Иймд шүүх энэ асуудлыг шударгаар хянаж, шийдвэрлэнэ үү гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 3 дугаар сарын 02-ны өдрийн А141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, захиргааны акт шинээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалаар Х дүүрэгт орших газраа ашиглах хэмжээг шинэчлэн тогтоож, үүний дагуу Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас газар ашиглах гэрчилгээ олгож, гэрээг дүгнэж байсан. ЭХХК нь 2018 онд тухайн 2017 оны тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр шийдүүлж, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор эцэслэн шийдэгдсэн.

2/ Э ХХК нь 2000 оноос хойш тухайн газрыг ашигласан. 2 га газар байршлын хувьд ашигтай. Авлигатай тэмцэх газраас ямар нэгэн байдлаар нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/7420 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Оролцогч тал маргааныг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр уулзалт зохион байгуулсан боловч тохиролцоонд хүрээгүй. Захиргааны шинэ акт гараагүй. Түүнээс хойш Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын маргаан бүхий тушаал гарсан гэдгийг нэхэмжлэгч тал 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн.

3/ Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалын ЭХХК-д холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн. Авлигатай тэмцэх газрын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05/8546 дугаар албан бичигт дурдсан дүгнэлтийг сөрсөн захиргааны акт болсон гэж үзэж байна. Мөн акт нь зарим хэсгийн актыг сэргээгээгүй атлаа ашиглах эрхтэй болохыг дурдаж, зарим актыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцож байгаа нь эрх зүйн хэм хэмжээний хувьд ойлгомжгүй байна. Мөн сайдын тушаал нь захирамжилсан, эрх олгосон, үүрэг болгосон шинжгүй, захиргааны актын шинжийг агуулаагүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийн дор хэргийн оролцогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, дүр үзүүлсэн шийдвэр гэж үзсэн.

4/ Шүүхийн шийдвэрт тодорхой заасан атал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, зөрж тушаал гаргасан. Биелүүлэх нэрийн дор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хохироож, өмнө нь газар ашиглаж байснаас нь улам дордуулсан. 2017 оноос хойш Э ХХК нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, 5 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Иймд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, талуудын эрх ашгийг хамгаалсан захиргааны акт гаргахгүй байгаа учир эс үйлдэхүй хууль бус гэж үзэж хуульд заасны дагуу шинэ акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:

1/ Маргаан бүхий захиргааны актын нэг дэх хэсэг дэх гол үндсэн агуулга нь нэхэмжлэгч компани Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар тушаалын Э ХХК-ийн давхцал арилгасан 2 га газрыг ашиглах эрхтэй гэсэн. Мөн сайдын 12 дугаар сарын 26-ны өдрийн А/496 дүгээр тушаалаар ЭХХК-д олгосон 3 га газрыг ашиглах эрхтэй болсныг дурдаж, сайдын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А290 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай гэж эрх зүйн хувьд ойлгомжгүй зүйлийг шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр актын биелэлтийг түдгэлзүүлж тухайн хугацаанд маргаан бүхий захиргааны акт гараагүй учир хүчингүй болсон.

2/ 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А225 дугаар тушаалтай хамаатай асуудал нь Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор актын биелэлтийг хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Хүчингүй болсон тушаалыг Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайд шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр тушаалыг бүхэлд нь сэргээж байгаа эсэх нь тодорхойгүй, тушаалыг дахин гаргасан эсэх нь ойлгомжгүй зүйлийг хийсэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд 2 га, 3 га гэсэн газрын хэмжээг зааж, эрхтэй болохыг сэргээж байна гэсэн байдаг. Улсын дээд шүүхийн 2019 оны тогтоолын 6 дахь хуудаст байгаа талуудын хооронд маргаантай асуудал болон шүүхийн журмаар шийдвэрлэсэн.

3/ Талуудын хооронд захиргааны байгууллагаас ямар хэмжээний газар олгох асуудал, мөн аль газрын солбицол нь тодорхойгүй байгаагийн улмаас холбогдох баримтууд бүрэн биш учир шүүгчийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж хариуцагчид ямар хэмжээгээр дахин олгох эсэх асуудлыг шийдвэрлэ гэж үүрэг болгосон. Энэ тогтоолд хэн алиных нь газрыг хэмжээг багасгахгүй газар ашиглуулах боломж байгаа эсэхийг шалгана гэж байдаг. Газрын солбицол өөрчлөхгүйгээр 1.32 га газрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд адил тэнцүү ашиглуулах замаар давхцалыг арилгах нь зүйтэй гэж Улсын дээр шүүх шийдсэн. Энэ шийдвэрийг хариуцагч эс тоож зөвхөн талуудыг тохир гэх үндсэн шаардлага тавьсан.

4/ Тэгээд талууд тохиролцохгүй байгаа учир гэж хариуцагч хэлдэг. Иймд маргаан бүхий захиргааны актыг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэх нэрийн дор дүр үзүүлж маргаан бүхий захиргааны акт гаргасан байна гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж******* татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Э ХХК болон ЭХХК-ийн газар ашиглах эрхтэй га газрууд нь 2016 оноос хойш шүүхийн журмаар маргаж байгаа бөгөөд шүүхээс аль алиных нь эрх ашгийг зөрчихгүйгээр шийдвэр гаргахыг дээд шатны шүүхийн 31 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүний дагуу тухайн аманд ЭХХК 3 га талбайг Э ХХК-д 2 га талбайг хоёр салгаж шүүхийн шийдвэрт заасны дагуу олголт хийж тухайн тушаалыг гаргасан байдаг. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд компаниудын газрууд хоорондоо давхцалтай байсан. Энэ талаар хоёр компани 2016 оноос хойш маргаж байгаа. Маргаантай асуудлыг шүүх талуудын эрх ашгийг зөрчихгүйгээр, давхцалыг арилгаж, тухайн аманд нь боломжтой газраар нь хэмжээг нь багасгахгүйгээр олголт хий гэсэн.

2/ Шүүхийн шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал, жуулчлалын яам хэрхэн олголт хийж шийдвэрлэх талаар хоёр талыг байлцуулан уулзаж, энэ талаар санал бодлыг нь асууж байсан боловч тодорхой зөвшилцөлд хүрж чадаагүй. Иймд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А141 дүгээр тушаал гарсан. Уг тушаал нь зорилгодоо нийцсэн байсан. Үүний дагуу тухайн аманд ЭХХК 3 га талбайг Э ХХК-д 2 га талбайг хоёр салгаж ямар нэгэн давхцалгүйгээр олголт хийсэн. Үүнтэй холбоотой анх яаж хэрхэн олгосон ямар байршилтай байсан талаар зургуудыг хавтаст хэрэгт өгсөн.

3/ Эцсийн байдлаар актад дурдагдсан байдлаар ЭХХК 3 га талбайг Э ХХК-д 2 га талбайг ямар нэгэн давхцалгүйгээр шүүхийн шийдвэрт заасны дагуу олголт хийж тушаалыг гаргасан байдаг. Тушаалын үндэслэлд дурдсан тушаал нь ойлгомжгүй байна гэсэн. Анхан болон давж заалдах шүүхийн шийдвэрт маргаан олон жил үргэлжилж байхад хүчингүй болох зэрэг зүйл байдаг байсан. Уг тушаалаар тухайн аманд ЭХХК 3 га талбайг Э ХХК-д 2 га талбайг олгож байсан байна. Тухайн олголт хийж байсан талбайг давхцалгүйгээр олголт хийхийн тулд тушаалуудыг дурдсан байдаг. Уг тушаалаар тухайн аманд шинээр олголт хийгдэж байгаа буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор нэгж талбарыг нэгтгэж үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь тодорхой харагдаж байгаа.

4/ Үйл ажиллагаа явуулж байсан хэсэгт нь Э ХХК-ийн газрыг шилжүүлж нөгөө талд нь ЭХХК-ийн газрыг олгох замаар давхцалыг арилгаж Улсын дээд шүүхийн 31 дүгээр тогтоолыг үндэслэж гарсан захиргааны акт юм. Иймд нэхэмжлэгчийн ярьсан биелүүлэхгүй байгаа эх үйлдэхүйг даалгах, тушаалыг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, харин 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сайдын А/13 дугаар тушаалаар Э ХХК-д газар олголт хийсэн байдаг. Тухайн сайдын тушаал нь бие даасан шаардлага гаргаж байгаа ЭХХК-ийн эзэмших эрхтэй 3 га газартай нь ямар нэгэн давхцал байхгүй. ЭХХК-ийн хууль ёсны эрхийг хөндсөн захиргааны акт биш гэж үзэж байна гэв.

9. Гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

1/ ЭХХК-ийн бие даасан шаардлагатай танилцаад 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хариу тайлбараа бичгээр шүүхэд нотлох баримтын хамт өгсөн тайлбараа дэмжиж оролцож байгаа. Энэ тайлбараа дэмжиж оролцож байгаа. Э ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.1, 35.1 болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргаж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1787 тоот давхцалгүй гэсэн саналыг үндэслэж олгоход татгалзах зүйлгүй газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийн газартай ямар нэгэн давхцалгүй гэсэн саналыг үндэслэж, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А13 дугаар тушаалын үндсэн дээр 12395 м.кв газрын аялал жуулчлалын зориулалтаар авсан.

2/ Гэрчилгээг авсны дараагаар манай компани аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зорилгоор төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээг хүмүүстэй байгуулж А даалгавар, аялал жуулчлалын байгууламжийн схем зургийн ажлууд дээр байсан. ЭХХК-ийн гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухай тухайд ЭХХК нь өөртөө давуу байдал бие болгох зорилгоор Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2020 оны А141 тушуулаад олгосон жалганы баруун талд байрлах 1,42 га газартай давхцуулан Э ХХК-д газар ашиглах эрх гаргасан байна гэх бие даасан шаардлага гаргасан байдаг.

3/ Өнөөдрийг хүртэлх хэрэгт авагдсан баримтаас харахад Э ХХК нь өөрт нь давуу байдал олгох зорилгоор ямар нэгэн холбоотой талаар баримт гаргаж өгөөгүй. Манай компани энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компанийн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн хувьд гэвэл ямар нэгэн харилцан хамаарал бүхий компани хуулийн этгээд биш. Бид хуулийн дагуу хүсэлтээ гаргаж, газрын эрхээ авах журмын дагуу авсан. Давхцалтай эсэх талаар нарийн мэдэхгүй. Иймд ЭХХК-ийн манай компанид холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга тайлбартаа:

1/ 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЭХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А290 дугаартай Газар ашиглах эрх олгох тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд манай компани гуравдагч этгээдээр оролцсон.

2/ Тус захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0544 дүгээр магадлалаар Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А290 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны акт шинээр гарахгүй бол сайдын дээрх тушаал хүчингүй болно гэх магадлал гарсан. Улсын дээд шүүхээс хэлэлцэж 31 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн.

3/ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайд нь дахин шинэ акт гаргаж 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А414 дүгээр тушаалаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 0534 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг үндэслэж Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А222 дугаар Орц гарц гаргах давхцал арилгах тухай тушаалаар давхцал арилгасан хоёр га газрыг Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А401 дүгээр тушаалаар ЭХХК нь гурван га газар ашиглах эрхтэй болохыг дурдаж, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А290 дүгээр тушаалыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан.

4/ Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А144 дүгээр тушаал шударга гарсан тушаал. Э ХХК нь 2 га газар эзэмшиж, үүнийхээ дагуу төлбөрөө төлдөг байсан. ЭХХК нь 3 га газар эзэмшдэг байгаад үүнийхээ дагуу төлбөрөө төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. 2016 оны тушаалаар Э ХХК-д 2 га газар өгсөн. 2011 оны тушаалаар ЭХХК-д 3 га газар олгосон нь маш тодорхой байна. ЭХХК нь бүхий л ашиглах эрхтэй байсан талбайдаа хууль тогтоомжийн дагуу газрын төлбөрөө төлсөн.

5/ 2020 оны А144 дүгээр тушаал нь өнгөрсөн оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд түдгэлзсэн. Энэ түдгэлзсэн хугацаанд газрын төлбөрөө төлсөн баримтаа шүүхэд гаргаж өгсөн. 2011 оноос ЭХХК-д ашиглах эрх үүссэнээс эхлэн тухайн газар дээр барилга барих, зориулалтын дагуу ашиглахаа хашаа татах гээд очиход Э ХХК-ийн хамгаалалтын алба оруулдаггүй. Хамгаалагчид нь техникийн урдуур ороод хэвтдэг. Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд очоод газраа ашигламаар байна гэж хэлэхэд Энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэдэг байсан. Шүүхээр явж сунжирсаар 5, 6 жил газраа ашиглаж чадахгүй, шүүхээр маргаантай байгаа. Манай компани бүх гэрээ гэрчилгээг авсан хуулийн дагуу ашигладаг. Бодитоор ашиглах гэтэл амаа хааж хашаа барьчхаад, хашаагаараа хүн, техник оруулдаггүй. Хэрэв ийм асуудал гараагүй бол манай компани аялал жуулчлалын цогцолбороо бариад үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой байсан. Э ХХК-иас шалтгаалан газраа ашиглаж чадахгүй 5, 6 жил болж байна гэв.

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

1/ Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан А141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А141 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэл болгож шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай захиргааны актыг гаргасан байна.

2/ Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан захиргааны шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй гэсэн энэ үүргийнхээ дагуу хуульд нийцүүлсэн акт гаргасан байна. Шүүхийн шийдвэрийг харахад ЭХХК-ийг 3 га газар, Э ХХК-ийг 2 га газар ашиглах эрхтэй болсныг дурдаж шийдсэн байна. Энэ шийдвэр нь 2016 оноос хойш байсан шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсан үндэслэлийг тодруулж тухайн актаа гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 буюу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон актыг гаргасан байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагчийн зүгээс эс үйлдэхүй гаргасан гэж харагдахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа захиргааны байгууллагын хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа буруутай үйлдэл болон эсвэл шийдвэрлэхгүй орхигдуулсан байгаа үйлдлийг эс үйлдэхүй гэж хэлнэ. Иймд эс үйлдэхүй байхгүй байгаа учир шинээр захиргааны акт гарахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

3/ Шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийдвэр нь бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжтой байх ёстой. Хуульд нийцүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан байгаа актыг хуульд нийцээгүй байна гэж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь түрүүн хариуцагч нь манай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөг гэх тайлбар хэлсэн.

4/ Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 06Б995 тоот албан бичиг болон дархан цаазат газрын хамгаалалтын хязгаарлалтын бүс Залаатын аманд байрлах газруудын фото зураг байгаа. А13 дугаар тушаалаа үзвэл Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А13 тушаалаар маргаан бүхий газрын жалганы баруун талд буюу Э ХХК-д олгосон 1,32 га газрыг Э ХХК-д давхцуулан олгосон нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Э ХХК болон ЭХХК-иудад газрыг давхцуулсан олгосонтой холбоотой шүүхийн маргаан 2016 оноос хойш үүссэн байсан.

5/ Сүүлийн мараан дээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор захиргааны актыг биелэлтийг түдгэлзүүлж шийдсэн. Ингэж түдгэлзүүлснийг хариуцагч захиргааны байгууллага мэдсээр байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад өөр хуулийн этгээдэд газрыг олгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд А13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа тул нэхэмжлэл гаргасан. Нэгэнт захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдсэн. Э ХХК-ийн эзэмших эрхтэй газар болон Э ХХК-иудын газар давхцалтай гэдэг нь хэрэгт авагдсан агаар сансрын зургаас харагдаж байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэв.

12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭХХК-ийн өмгөөлөгч С.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа:

1/ Сайдын 2020 оны тушаал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар гарсан тушаал юм. Шинэ үр дагавар үүсгээгүй акт гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явагдаж байгаа учир сонсох ажиллагаа хийдэггүй. Өмнө нь 2018 онд шийдүүлээд 2019 онд шүүхийн тогтоол гарсны дагуу шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд яамнаас шинэ акт нь хугацаандаа гараагүй бол өмнөх сайдын тушаал хүчингүй болох үр дагавартай буюу н.Б******* сайдын 225 дугаар тушаал сэргэхээр байсан. н.Б******* сайдын 2014 оны 225 дугаар тушаал сэргэнэ гэдэг нь ЭХХК нь жалганы зүүн талд, Э ХХК нь 2 га газраа жалганы баруун талдаа ашиглах эрх нь сэргэж байгаа гэсэн үр дагаварт хүрч байна.

2/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байгаа бол үүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн ярьсан шиг тэр амыг бүхэлд нь эзэмших, ашиглах эрхтэй гэж заасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгэнт дүгнэж тогтоосон зүйлийг дахин дүгнэх шаардлага байхгүй. 2020 оны сайдын тушаал шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан цаг хугацаандаа гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

13. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар тоот тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:

15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрт ...Э ХХК болон ЭХХК-ийн газар ашиглах хэн хэнийх нь эрх, ашгийг зөрчихгүйгээр газрын давхцалыг арилгах байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж, ЭХХК-д анх 3 га газрыг шилжүүлэн олгосон, Э ХХК-д 2 га газар олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-491, 2007 оны 247 тушаалын тус компанид холбогдох хэсгийн, ЭХХК-ийн ашиглах газартай давхцал бүхий хэсгийг шинээр акт гартал түдгэлзүүлэн шийдвэрлэж,

16. Дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн гаргасан гэх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 тушаалаар ЭХХК-ийн ашиглах эрх бүхий 3 га газрыг багасгаж 1.36 га болгож, харин Э ХХК-ийн 2 га газрын хэмжээг 2.84 га болгон нэмэгдүүлсэн нь хуулийн хүчин төгөлдөр дүгнэлттэй зөрчилдсөн, ийнхүү багасгасан нь ЭХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй гэж үзэж, ЭХХК-ийн ашиглах эрх бүхий 3 га газрын хэмжээг багасгахгүйгээр дахин шинээр акт гаргах нь зүйтэй гэж үзээд маргаан бүхий актыг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байна.

17. Ингэхдээ захиргааны байгууллагаас шүүхийн тогтоосон хугацаанд дахин акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий тушаал хүчингүй болох үр дагаварыг зааж, захиргааны байгууллагаас газрын байршил, тусгай хамгаалалтын горим, байгалийн унаган төрхийг гол үндэслэл болгож, газрын байршлыг болон газрын хэмжээг тодорхой тогтоосон шийдвэр гаргах үүрэгтэй гэж зааж, энэхүү шүүхийн шийдвэр 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

18. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/7420 дугаартай албан бичгээр ...шүүхээс сайдын 2017 оны А/290 дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсний дагуу захиргааны байгууллагаас оролцогч 2 талын газрын маргааныг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр уулзалтыг зохион байгуулсан боловч тохиролцоонд хүрээгүй тул захиргааны шинэ акт гаргаагүй, 3 сарын хугацаа дууссан болох-ыг мэдэгдсэн байна.

19. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/141 дүгээр тушаалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 482 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 22/МА2018/0544 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг үндэслэн ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар тушаалаар Э ХХК-ийн давхцал арилгасан 2 га газрыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар ЭХХК-д олгосон 3 га газрыг ашиглах эрхтэй болсныг дурдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцсугай гэжээ.

20. Нэхэмжлэгчээс ...шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсоор байтал зарим захиргааны актыг сэргээгээгүй хирнээ ашиглах эрхтэй болсныг дурдаж, зарим актыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцож байгаа нь эрх зүйн хэм хэмжээний хувьд ойлгомжгүй, биелэгдэх бололцоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийн дор хэргийн оролцогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг дүр үзүүлэх хуурах байдлаар дахин гаргасан... гэж, хариуцагчаас ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27, 33-36 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх олгох, хүчингүй болгох бүрэн эрхтэй. Иргэн хуулийн этгээдийн хүссэн газрыг хүссэн хэмжээгээр нь олгох боломжгүй тул тухайн газрын байршил, байгаль орчны төлөв байдал, орц, гарцын асуудал, газар ашиглах эрх хүсэгчийн төслийн хэрэгжих боломж нөөц, газар ашиглах гэрээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хэрэгжилт гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг бөгөөд сайдын 2020 оны А/141 дүгээр тушаалыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэх зорилгоор гаргасан гэж маргажээ.

21. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/1963 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Э ХХК, ЭХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Залаатын баруун богины аманд байрлах газруудын зурган мэдээллийг үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/141 дүгээр тушаалаар Залаатын богины аманд Э ХХК-ийн 2 га, ЭХХК-ийн 3 га газар давхцалгүй болох нь тогтоогдож байна.

22. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 34 дүгээр зүйлийн 2-д Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээний дотор хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг дарга тогтооно гэж, 36 дугаар зүйлийн 2-д Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ гэж зааснаар захиргааны байгууллага нь газар ашиглуулахдаа газрын солбицлыг тодорхой болгож, хэн нэгний газартай давхцуулахгүйгээр судалсны эцэст тушаал гаргаж, гурвалсан гэрээ байгуулж, газрын мэдээллийн санд бүртгэж хөтлөх үүргийн дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт нийцсэн гэж үзэхээр байна.

23. Мөн давхцал бүхий хэсэг болох жалганы зүүн талд нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн барилга баригдаагүй, дархан цаазат газрын хамгаалалтын горимыг зөрчихгүйгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын солбилцлыг өөрчлөн анх олгогдсон газрын хэмжээг багасгахгүйгээр газар ашиглах боломжтой болгосон байна.

24. Нэхэмжлэгчээс ЭХХК-ийг анхнаасаа газар ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч өмнөх шүүхийн шийдвэрээр Э ХХК-ийг 2 га газар ашиглах эрхтэй, Д.Цэрэннадмидад 3 га газар ашиглуулсныг буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийж, талууд үүнтэй маргаагүй байна.

25. Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/141 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

26. Нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:

27. Хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд тохиролцох асуудлыг удаа дараа тавьж, хоёр талын газрын маргааныг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр уулзалт зохион байгуулсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй тул шүүхээс заасан хугацаанд шинэ акт гаргаж чадаагүй талаар нэхэмжлэгчид албан бичиг хүргүүлж байсан болох нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/7420 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

28. Мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс харилцан тохиролцоонд хүрээгүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлж захиргааны байгууллагаас дахин шинээр захиргааны актыг гаргасан нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

29. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох-оор байх байна.

30. Дээрх баримтуудаас үзвэл хариуцагч нь шүүхээс заасан хугацаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд харилцан тохиролох ажиллагаа явуулж, нэхэмжлэгчид тохиролцож чадаагүйн улмаас шүүхээс өгсөн 3 сарын хугацаа дууссан талаар албан бичгийг хүргүүлж, тухайн маргаантай асуудлаар дахин шинэ акт гаргасан байх тул захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах боломжгүй байна.

31. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

32. Гуравдагч этгээд ЭХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд:

33. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас Э ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын аманд 12395 м.кв газарт аялал жуулчлалын барилга байгууламж барихаар хүсэлт гаргасан газрыг давхцалгүй байна гэсэн албан бичгийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлж, Байгаль орчны яамнаас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаартай тушаалаар Э ХХК-д олгожээ.

34. Дээрх газрын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн зурган мэдээллийн хавсралтаас үзвэл шүүхийн маргаантай байгаа нэхэмжлэгч, болон гуравдагч этгээд ЭХХК-ийн маргаан бүхий газрын байршилд, Э ХХК-ийн 2 га газартай давхцуулан олгосон болох нь тогтоогдож байна.

35. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭХХК-ийн зүгээс ...захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байхад Э ХХК газар олгосон... гэж, гуравдагч этгээд Э ХХК-ийн зүгээс ...холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагад газар ашиглах хүсэлтээ гаргаж, газар ашиглах эрхтэй болсон ... маргажээ.

36. Харин хариуцагч ...нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд шүүхийн маргаантай байх хугацаанд гуравдагч этгээд болох Э ХХК-д газар ашиглах эрх олгосон, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаартай тушаалыг залруулахаар ажиллаж байгаа гэж тайлбарласан болно.

37. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар 1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан хэдий ч хариуцагчийн гаргасан акт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн байх тул гуравдагч этгээд ЭХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

38. Гэхдээ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Э ХХК-ийн газар ашиглах эрхтэй маргаагүй зөвхөн газрын давхцалтай маргаж байгаа тул энэхүү шүүхийн шийдвэр нь захиргааны байгууллагаас Э ХХК-ийн газрын байршлыг өөрчлөн өөр газарт газар ашиглуулах эрхийг хөндөхгүй болохыг дурдах зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/141 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд ЭХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд ЭХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ