Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/52

 

2019 оны 06 сарын 18 өдөр                        

    2019/ДШМ/52                                                 Зуунмод

т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Гт холбогдох 1734000170019 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэч Ц.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Г.Ганцэцэг нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 сарын 14-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их гурван мал” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээлийн 24 гудамж 49-а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Булгадар овогтой Ц.Г,

Шүүгдэгч Ц.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эх булаг” амралтьн газарт 2017 оны 05 сарын 27-оос 28-нд шилжих шөнө хохирогч П.Энх-Амгаланг галын хайчаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Булгадар овогт Ц.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож

Шүүгдэгч Булгадар овогт Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Булгадар овогт Ц.Гт оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2019 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г нь хохирогч П.Энх-Амгаланд хохирлын 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Гоос 274.200 төгрөгийг гаргуулж хохирогч П.Энх-Амгаланд олгож, хохирогч П.Энх-Амгалангийн гаргасан өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад зардал болох 4.523.720 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн 12 хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ц.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдолдоо ... Миний бие нь өөрийн хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж олйгож байгаа, гэм буруу дээрээ маргадаггүй хохирогчоос уучлал чармайлт маш их гаргасан болно. Хохирогч П.Энх-Амгалан нь урьд өгсөн 500 000 төгрөг дээр нэмж 7 000 000 төгрөг төлөхийг хүссэн болно.

Шүүх хуралдаан болдог өдөр 7 000 000 төгрөг хүрээгүй байсан тул 6 000 000 төгрөгийг төлөх гэхэд аваагүй.  Миний бие ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань 4 сартай хүү Хаш-Эрдэнийг харж гэртээ байдаг. Дунд охин Есүй-Үжин одоо 6 настай энэ жил 1 ангид орно, том охин Анужин 10 настай сургуульд сурдаг. Миний бие нь Их гурван марал ХХК-д жолооч ажилтай сард 1 200 000 төгрөгийн цалинтай мөн гарын дүйтэй учраас бугуйл, хазаар, ногт чөдөр сураар хийж нарантуул зах дээр зардаг. Иймд гэм буруугаа маш их ойлгож байгаа, буруу зүйл хийснээ ухаарч байгаа, хохирогчид төлбөрөө төлж байгаа мөн ар гэрийн байдлыг харгалзан 2 жил 6 сарын хорих ялыг торгох ялаар солиж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдолдоо ... “Миний үйлчлүүлэгч Ц.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эх булаг” гэх амралтын газарт 2017 оны 05 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө П.Энх-амгаланг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, мэдүүлгээ үнэн зөв, тогтвортой мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд хохирогч П.Энх-Амгалан нь хохирогчоор удаа дараа тогтворгүй мэдүүлэг өгсөн, эмчилгээний зардалд амаар 7.000.000 төгрөг нэхэмжилсэн нь тодорхой нотлох баримтад тулгуурлаагүй хэдий боловч миний үйлчлүүлэгч Ц. Ганзориг нь хохирогч П.Энх-Амгаланд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж , гэм хорыг арилгасан.

Миний үйлчлүүлэгч Ц.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан нөхцөл байдал, хувийн байдлын хувьд ажилдаа хичээнгүй, хамт олны дунд нэр хүндтэй, зан аашийн хувьд төлөв даруу, нийтэч, элдэв муу зуршилгүй. 0-6 сартай нялх хүүхэдтэй. Эрхэлсэн тодорхой ажилтай, 1.200.000 төгрөгийн цалин авдаг, торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ,торгох ялыг оногдуулах боломжтой гэж үзэж эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан.

Иймд миний үйлчлүүлэгч Ц.Ганзоргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж торгох ялын санкцыг оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо ... Миний үйлчлүүлэгч Ц.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ойлгож байгаа, хохирлоо нөхөн төлж, хохирогчид учирсан хор уршгаа арилгасан учир эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 2 жил 6 сарын хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Гт холбогдох эрүүгийн 1734000170019 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Ц.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эх булаг” амралтьн газарт 2017 оны 05 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө хохирогч П.Энх-Амгаланг галын хайчаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

  • Хохирогч П.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 110 тал/, гэрч Г.Гантулгын “...Би 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос суудлын вагон дифо-д ажилладаг ажлынхаа хамт олонтой Төв аймгийн Баянчандмань сумын “Эх булаг” амралтын газар очиж амарцгаасан. Тэгээд манай зарим ажилчид оройдоо хонолгүй буцаад Улаанбаатар луу явцгаасан. П.Энх-Амгалан, Буянбадрах, Батбариул, Хүрэлбаатар бид тавуулаа үлдсэн, тэгээд бид тав амралтын газрын диско бүжгэнд ороод гэрлүүгээ орцгоосон, тэгээд сууж байтал гаднаас Ганзориг гэх залуу халамцуу орж ирсэн, тэгтэл Энх-Амгалан ах ууж байсан архинаасаа 1 татуулаад лаазтай нэг пиво өгөөд Энх-Амгалан ах бид нар унтлаа гээд нөгөө залууг гэрээс дагуулаад аваад гарсан. Тэгээд бид 4 орондоо ороод унтацгаасан. Тэгээд унтаж байтал гэрийн гадаа аллаа гэж хашгирсан чимээ гарсан, Буянбадрах бид 2 гэрээс гарахад Энх-Амгалан ах Ганзориг гэх нөгөө залуутай хоорондоо зууралдаад заамдалцаад гараараа нүүр ам толгой хаа сайгүй гараараа цохилцож зодолдож байсан. Бид хоёр очиж салгалцсан. Тэгтэл Энх-Амгалан ах ухаан алдан унасан, тэгтэл хоёр эмэгтэй хүн ирээд бид хоёрт тусалж хүн хонхорхой дээр нь дараад байсан, тэгээд сэрээгээд гэрлүү оруулаад цагдаад мэдэгдсэн…унтаж байхад юу болсныг мэдэхгүй гэр дотор шал болон П.Энх-Амгалан ахын ор болон гэрийн үүдээр цус болсон байсан мөн галын хайч гэрийн үүд хавиар байсан...галын хайч нилээн мурийсан байсан...”, /хх-ийн 23 тал/

“...Тэгээд унтаж байх үед Энх-Амгалан ах Гантулгаа босоорой, туслаарай гэж орилсон. Би сэрээд гэрт харанхуй болохоор юу болж байгааг хараагүй, үүдээр гараад явцгаасан. Би гэрлээ асаагаад харсан гэрийн үүдээр цус болсон байсан. Тэгээд Буянбадрахыг сэрээсэн, тэгээд бид хоёр гэрээс гараад харсан, манай гэрээс хоёр гэрийн зайтай хүмүүс шавсан байдалтай байсан. Очоод харахад Ганзориг, Энх-Амгалан хоёр заамдалцан цохилцож байсан, тэгээд очиж салгах хооронд Энх-Амгалан ах ухаан алдаад унасан. Тэгээд Энх-Амгалан ахын хажууд байсан 2 эмэгтэй сэргээх гээд байсан. Тэгээд Энх-Амгалан ахыг гэр лүү оруулсан. Гэрийн үүд хэсэг цус болсон мөн галын хайч мурийчихсан хэвтэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 113-115 тал/

  • Гэрч Ц.Буянбадрахын “...Би 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ажлын хамт олонтой Төв аймгийн Баянчандмань сумын “Эх булаг” амралтын газар очиж амарцгаасан. Тэгээд манай зарим ажилчид оройдоо хонолгүй буцаад явсан. Энх-Амгалан, Гантулга, Батбариул, Хүрэлбаатар бид тавуулаа үлдсэн. Тэгээд бүжиг тараад амарч байсан. Гэртээ бид тав орж ирээд байж байтал гаднаас Ганзориг гэх залуу орж ирээд орон дээр суусан. Тэгээд ууж байсан архинаасаа 1 татуулаад Энх-Амгалан ах тэр залууг гэрээс аваад гарсан. Тэгээд Энх-Амгалан ах буцаж гэрлүү ганцаараа орж ирээд бид нар унтаж амарцгаасан, тэгээд унтаж байхад аллаа гэж хүн орилоод байсан, тэгээд сэрээд гэрээс гартал гэрийн гадаа Энх-Амгалан ах нөгөө Ганзориг гэх залуутай гадаа зодолдож байсан. Тэгээд Гантулга бид хоёр очиж салгасан. Батбариул, Хүрэлбаатар хоёр унтаад гэрт үлдсэн, тэр хоёрыг салгаж байх явцад Энх-Амгалан ах ухаан алдаж унасан толгой тархинаас нь цус гарсан байсан, тэгээд сэргээх гээд Энх-Амгалан ахад туслаж байхад хажуу гэрээс хоёр эмэгтэй гарч ирж цуг сэрээлцэж тусалсан. Тухайн үед 4-5 хүн байсан. Тэгээд Энх-Амгалан ахыг сэрээгээд гэрлүү оруулаад цагдаад мэдэгдсэн. Ганзориг Энх-Амгалан ах хоёр л хоорондоо зодолдсон өөр хүмүүс зодолдоогүй бусад нь салгасан юм. Тэр хоёр юунаас болж зодолдсоныг мэдэхгүй байна. Ганзориг Энх-Амгалан ах хоёр хоорондоо зууралдаад салахгүй хоёр биенээ гараараа нүүр нүдгүй ээлжлэн цохиод байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 тал/
  • Гэрч О.Алтангэрэлийн “...амраад хөзөр тоглоод байж байтал орой шөнө 00 цагийн үед манай хамт ажилдаг Ганзориг ах машинд унтуулсан хүүхдээ эргэнэ гээд гэрээс гараад явсан. 20-30 минутын дараа Санчираа гээд хашгирсан. Тэгээд бид нар амарч байсан гэрээсээ гүйлдээд гарахад Ганзориг ах Энх-Амгалан гэх залуутай заамдалцаад хоорондоо зодолдож байсан. Тэгээд бид нар салгах гэтэл салгаж дийлэхгүй байсан хажуу гэрээс 2 залуу гарч ирээд хамт салгалцсан. Тэгээд Ганзориг ахыг гэрлүү оруулсан Ганзориг ахын хамар амнаас нь цус гарч байсан. Юунаас болж зодолдсон асуудлыг мэдэхгүй согтуугаасаа л болсон байх зодоонд өөр хүн оролцоогүй бусад нь салгалцсан. Гараараа л цохиж байсан 3-4 удаа цохисон байх ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/
  • Гэрч Б.Минжүүрийн "... Миний санахад гэрийн гадаа хүмүүс орилолдох чимээ гараад харахад гадаа Ганзориг ах нэг махлаг бор залуутай зууралдаад байх шиг байсан, тэгээд очиж салгасан тэгээд Ганзоригийг гэрлүүгээ аваад орсон Ганзориг шал согтуу байсан, нэг залуу нь ухаан алдаж унасан гэж маргааш нь би ажилчдаасаа сонссон би өөрөө согтуу байсан учраас бүх зүйл үйл явдлыг тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/
  • Гэрч Г.Санчирын “... ойролцоогоор 00-02 цагийн хооронд Ганзориг ах машинд унтуулсан хоёр хүүхдээ эргэх гээд машинруугаа явсан хэсэг хугацааны дараа Санчираа гээд хашгрсан тэгээд би амарч байсан гэрээсээ гүйгээд гартал Ганзориг ах Энх-Амгалан гэх махлаг бор залуутай зууралдаад зодолдож байсан. Нүүр, ам, хамар нь цус болсон байсан Алтангэрэл, Минжүүр нарын хамт салгасан, бид хоёр шууд салгаж дийлэхгүй байсан. Хажууд тэр үйл явдлыг Агиймаа, Ука нар харсан тэр хоёр охин эрүүл, би бага зэрэг халсан байсан бүх зүйлийг санаж мэдэж байна, Тэгээд Ганзориг ахыг салгаж гэртээ оруулсан. Тэрнийг би сайн мэдэхгүй байна ямар ч л байсан хоорондоо зодолдож байсан ...гадаа галын хайч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/
  • Гэрч С.Батчулууны “...Манай амралтын гэрүүд хойд талдаа байралдаг, орой шөнө дунд л зодоон болсон асуудлаар амралтын газрын захиргаанд шөнө мэдэгдсэн. Ойролцоогоор шөнийн 02 цагт мэдэгдсэн байх. Тэгээд Амгаа гэх залуу нь зодуулсан гээд хамт явж байсан залуус нь эмнэлэг рүү аваад явсан. Яг зодоон болоход бид нар байгаагүй. Маргааш нь сураг сонсоход амрагчдын яриагаар гэр андуурч ороод зодоон болсон гэж сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 тал/
  • Гэрч Б.Тогтохбаярын “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай “Эх булаг” амралтын газарт Улаанбаатар депо төмөр замын ажилчид амрахаар ирсэн. Тэгээд шөнө 03 цагийн үед төмөр замын ажилчид зодоон болоод байна гэхээр нь би яваад очсон чинь төмөр замын ажилчдын авсан амралтын гэрийн орон дээр нэг танихгүй залуу дээшээ хараад хэвтчихсэн, толгой нь боолттой байдалтай байсан ба яасан талаар нь сонирхсон чинь “нэг залуу гэр андуурч ороод хоорондоо зодолдоод нэгнийхээ толгой руу галын хайчаар цохьсон байна” гэж ярьж байсан. Тэр залуугийн хэвтэж байсан гэр төмөр замын амрагчдийн гэр байсан, төмөр замын амрагчид наана цаана байрлалтай 2 гэр авсан байсан юм. Тэр залуугийн /толгойгоо боогоод дээш хараад хэвтэж байдаг/ байсан гэр нь үүдэн хэсэгтээ цус болчихсон байсан. Харин галын хайч гол хэсгээрээ мурийсан байдалтай зуухны хажууд хэвтэж байсан...намайг очих үед айхтар согтсон хүн байгаагүй, бүгд л гайгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 116-118 тал/
  • Гэрч Ц.Майнбаярын “...Би 2017 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө “Эх булаг” амралтын газар байгаагүй, тэр өдрийн маргааш нь буюу 28-ны өдөр амралтын газраа ирэхэд манай амралтын газар амарч байсан төмөр замын депогийн ажилтан залууг манай амралтын газар амарч байсан нэг байгууллагын залуу гэр андуурч ороод галын хайчаар толгой руу цохисон гэж ярьж байсан. Төмөр замын ажилчид амарч байсан гэрийн /зодоон болсон гэх/ галын хайч махийж, мурийсан байсан, гол хэсгээрээ мурийсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 119-120 тал/
  • Гэрч Н.Сайнзоригын “...П.Энх-Амгалангийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл юм. 2017 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед хүнд төмрөөр толгой руугаа цохиулж, мөн хөл, гар хэсэгт гэмтэл үүссэн гэж өвчтөний түүхийн асуумж дээр тэмдэглэгдсэн байна. Мөн өглөө 07 цагийн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авсан тухай тэмдэглэгдсэн байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 133-134 тал/
  • Шинжээч Ч.Эрдэмболорын “...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Энх- Амгалан гэх хүнд үзлэг хийж Энх-Амгалангийн хүзүүний томографик зургийг үндэслэн дүгнэлт гаргасан. Уг зурганд хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн хугаралтай байсан учраас амь насанд аюултай гэмтэл гэж үзэн хүнд зэргийн гэмтэлтэй гэж үзэх болсон. Энэ хүзүүний 2 яс хоорондоо тогтоодог яс хугарсан байсан. Уг яс хугарсан үед нугас хоорондын хөдөлгөөн алдагдаж амь насаа алдах аюултай. Энэ хугарал бол зөөлөн эд биш ясны хугарал юм. Зөөлөн эдэд хугарал гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн ясанд л хугарал гэж байдаг. Уг яс нь хүзүүний 2 дугаар нугалмын урд хэсэгт байдаг яс байгаа юм. Уг яс хугарснаар хоёр үеийн хөдөлгөөн илүү нэмэгддэг учраас нугасаа гэмтээх аюултай байдаг. Тийм учраас амь насанд аюултай хүнд гэмтэл байгаа юм. Уг хүзүүний сэртэнгийн ясны хугарал нь хүзүүний эвгүй огцом хөдөлгөөний улмаас хугарах боломжтой өөрөөр хэлбэл цохиулсны улмаас хүзүүгээ эвгүй огцом хөдөлгөөд л хугарна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73 тал/
  • Шүүгдэгч Ц.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 10-ны хохирогчоор өгсөн “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын “Эх булаг” гэх амралтын газар ажилчдынхаа хамт очиж амарсан. Тэгээд бүжиг болоод бүжиг дууссаны дараа тамхи татаад зогсож байтал нэг залуу ирээд би хаана харлаа гэсэн чи Увс аймгынхуу гэсэн тэгээд тиймээ Увс аймгынх гээд бид хоёр жаахан юм яриад, тэгээд нөгөө залуугийн амарч байсан гэр лүү хамт ороод ууж байсан архинаас нь ганц хоёр татсан. Тэр гэрт цуг орсон 3 залуу л байсан. Удалгүй гаднаас Энх-Амгалан гэх залуу орж ирээд “энэ юун хүн бэ?” гэж уурласан. Тэгээд би хүн ороод ир гэсэн гээд орж ирсэн шалтгаанаа хэлсэн. Тэгээд Энх- Амгалан бид хоёр гэрээс нь гараад гадаа явж байсан хамт ажилладаг Санчир гэх залуугаас тамхи аваад Энх-Амгалантай хувааж татсан. Тэгээд эргэж гэр лүү нь ороод надад Энх-Амгалан 1 хундага архи өгөөд надтай гар бариад ахиж битгий орж ирээрэй, нэгнийхээ амарч байгаа гэрээр битгий орж ирээрэй гээд намайг гэрээсээ гаргаад явуулсан. Тэгээд би өөрийнхөө амарч байсан гэр лүү ороод архи, дарсаа ууж байгаад шөнийн 00-01 цагийн орчим амралтын гэрээсээ гараад машин дээрээ очоод унтуулсан хоёр хүүхдээ эргэчихээд буцаж гэрлүүгээ явахдаа согтуугаасаа болоод нөгөө Энх-Амгалангийн гэр луу буцаад орчихсон. Тэгтэл Энх-Амгалан унтаагүй ороо засаад сууж байсан. Нөгөө залуус нь бүгд орондоо орчихсон унтаж байсан. Би гэнэт уур хүрээд согтуугийн гайгаас болоод зуухны хажууд байсан галын хайчийг аваад араас нь нэг удаа цохисон, тэгтэл Энх-Амгалан яаж байнаа гээд эргэж хараад гараараа миний нүүр лүү цохисон, тэгээд бид хоёр заамдалцаад зууралдаад ноцолдсон чигээрээ гэрээс гарч бид хоёр хоорондоо зодолдсон, бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор зууралдаад нэг нэгнээ цохилцож зодолдсон, би Санчираа аллаа гээд хашгиртал, манай гэрээс манай ажилчид болох Минжүүр, Алтангэрэл, Агиймаа, Уранцэцэг, Санчир нар гарч ирээд салгах гэж хоёр талаас татаад байсан. Мөн Энх-Амгалангийн гэрээс 2 залуу гарч ирээд бас бид хоёрыг салгасан, тэгээд Энх-Амгалан газар унасан, намайг Санчир, Минжүүр нар гэр лүү аваад орсон. Би согтуу байсан учраас хэдэн удаа цохиж зодсон, зодуулснаа тодорхой санахгүй байна. Ямар ч л байсан Энх-Амгалан гэх хүнтэй зодолдсоноо тодорхой санаж байна. Би согтуу байсан учраас П.Энх-Амгаланг намайг гэрээсээ хөөлөө гэж уурласан уурандаа галын хайчаар нэг удаа л ар талаас нь цохисон, яг хаана нь цохисоноо санахгүй байна. Согтуугаасаа болж л тийм асуудал болсон. Тэрнээс биш бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 156-158 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №7225 дугаартай “...1 .П.Энх-Амгалангийн биед хүзүүний хоёрдугаар нугалмын шүдлэг сэртэнгийн хугарал, зүүн зулай, дагзны хуйхан дахь шарх, зүүн шууны цус хугаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 34 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №624 дугаартай” П.Энх- Амгалангийн биед хүзүүний хоёрдугаар нугалмы шүдлэг сэртэнгийн зөрөөтэй далд хугарал, зулай, дагзны хуйхны шарх /сорви/, зүүн шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд хүзүүний хугарлын улмаас нугас дарагдал гэмтэл үүсээгүй байна. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой байх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, З.Дээрх хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь 1 сараас дээш хугацаанд бороолж эдгэх ба бусад гэмтэл /шарх, цус хуралт/ нь 7-14 хоногт бүрэн эдгэрнэ, 4.ШШҮХ-ийн шинжээч эмчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7225 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтийн 3 ба 6-р заалтууд үндэслэлгүй, бусад заалтууд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 140-141-р хуудас/
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Хохирогч П.Энх-Амгалангийн өвчний түүх /хх-ийн 61 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 89 тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 105-108 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Ц.Гт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Булгадар овогт Ц.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06  хугацаагаар хорих ялаар шийтгэн уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “2 жил 6 сарын хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, шүүгдэгч Ц.Гт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Ц.Гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Шүүгдэгч Ц.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                Г.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                              Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ