| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2018/0357/Э |
| Дугаар | 2019/ДШМ/58 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2019/ДШМ/58
2019 оны 06 дугаар сарын 24 өдөр 2019/ДШМ/58 Зуунмод
Ч.Ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг,
Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 347 дугаар шүүгчийн захирамжтай Ч.Ад холбогдох 1834004610294 дугаартай 1 хавтас, 205 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 29-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт төрсөн 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй малчин. ам бүл 3. эхнэр, хүүхдийн хамтаар Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чулуунхүүгийн Алтангэрэл /РДУЖ68100119/.
Шүүгдэгч Ч.А нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг Бор булан гэх газар байрлах өөрийн гэртээ дагавар хүү Ч.Анхбаяртай маргалдаж, түүнийг хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 347 дугаар шүүгчийн захирамжаар:
Шүүгдэгч Боржигон овогт Чулуунхүүгийн Алтангэрэлд холбогдох 1834004610294 тоот эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг Төв аймгийн Прокурорын газар очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга /1ширхэг/-ийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Г.Энхмаа бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 03 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэн ба Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх Ч.Ад холбогдох эрүүгийн 1834004610294 дугаартай хэргийг дахин хэлэлцээд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 347 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хязгаарласан, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч Ч.Анхбаяр, шүүгдэгч Ч.А нараас өөр хүмүүс байгаагүй бөгөөд гэрч Оюун-Эрдэнэ, Мөнхтуяа нарын мэдүүлэг нь шууд бус, дамжмал нотлох баримтууд, хохирогчоос дахин мэдүүлэг авахад анхны өгсөн мэдүүлгээсээ өөр нөхцөл байдалтай мэдүүлгийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгдөг.
Мөн хохирогчийн анхны мэдүүлгийг шалгах ажиллагаа хийсэн боловч бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ч.Ад сонсгосон зүйл ангийг яллах дүгнэлт үйлдэх үед өөрчилсөн болно.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэсний дагуу гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийг шийдвэрлэх боломжтой.
Иймд Ч.Ад холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 347 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журам зөрчсөн, оролцогчдын эрхийг хязгаарласан, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж Ч.Ад холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-02,03/-д “хэрэг 2018 оны 06 сарын 25-ны өдөр үйлдэгдсэн” гэж бичигдсэн байх боловч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ч.А П.Анхбаярыг хутгалсан хэрэг 2018 оны 06 сарын 26-ны өдөр үйлдэгдсэн” талаар мэдүүлсэн хохирогч П.Анхбаяр, гэрч .Оюун-Эрдэнэ, Ц.Мөнхтуяа, Н.Бямба-Очир, Н.Янжмаа, Б.Ганчимэг, яллагдагч Ч.А нарын мэдүүлгүүд, “2018 оны 06 сарын 26-ны өдрийн 17 цагт Төв аймгийн 103-с танай суманд хүн хутгалуулсан байна, 98187814 дугаараас дуудлага өгсөн гэсэн. Тус утас руу залгахад аав нь хүүгээ хутгалсан, цус гараад байна. Яаралтай ирнэ үү гэсэн...” гэж тэмдэглэгдсэн Заамар Эрүүл мэндийн төв. Их эмчийн тодорхойлолт /хх-23-26/, “Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 багийн нутаг Борбулан гэх газарт 2018 оны 06 сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Ч.А нь өөрийн дагавар хүүхэд болох П.Анхбаярыг цээжин тус газар нь нэг удаа хутгалсан болох нь...” гэж хэргийн үйл баримтыг тусгасан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-01/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг 2018 оны 06 сарын 26-ны өдөр үйлдэгдсэнээр тусгагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг шалгасан, нотолбол зохих байдлыг тогтоосон байна.
- Хавтаст хэргийн 75-106 дугаар хуудсанд авагдсан Цэргийн төв эмнэлгийн архиваас хуулбарлан авч хэрэгт хавсаргасан 32 хуудас бүхий “Өвчтөний түүх”-ийг Төв аймаг дахь Цагдаагийн газрын албан бичгээр гаргасан хүсэлт /хх-70/-ийг үндэслэн тус эмнэлгийн архиваас хуулбарлаж, байгууллагын тэмдэг дарж, “2018.11.02. 32 хуудастай. Архив. А.Оюун” гэж огноо, хуудас, өөрийн нэрээ бичиж баталгаажуулсан, дээрх баримтыг 2018.11.02-ны өдрийн №831 дугаартай тус эмнэлгийн тэмдэг, албан тушаалтны гарын үсэг бүхий албан тоотоор тус эмнэлгийн орлогч дарга Д.Ганболд Төв аймаг дахь Цагдаагийн газарт /хх-74/ хүргүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэсэн шаардлагад нийцсэн байх тул нотлох баримт цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
- Ч.Ад холбогдох хэрэгт 2018 оны 09 сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба /хх-48/ 2018 оны 11 сарын 09-ны өдөр уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн байна. Ингэхдээ хэргийн зүйлчлэлийг яагаад өөрчилсөн үндэслэлээ прокурор тогтоолдоо тодорхой дүгнэж бичсэн байна.
- Түүнчлэн 2018 оны 06 сарын 26-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-27/-оор дүгнэлт гаргахыг Шүүхийн шинжилгээний албанд даалгасан, тус албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Эрхэмбаяр шинжээчийн эрх үүрэгтэй танилцаж дүгнэлт гаргасан байхад хэн гэдэг шинжээчийг томилсон, хэнд эрх, үүргийг тайлбарласан болох нь тодорхойгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
- Мөн хэрэг бүртгэлтийн ажиллагааг цагдаагийн дэслэгч Н.Бямба-Очир, мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч ахмад О.Оюунболд нар хийж гүйцэтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр явуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.
Харин мөрдөн шалгах ажиллагаа явцад шинжээчийн дүгнэлтийг мөрдөгчийн тогтоолд заасан хугацаа хэтрүүлэн гаргасан, мөрдөгчийн санал болон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын тогтоох хэсэгт хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн зэрэг алдааг цаашид анхаарах шаардлагатайг магадлалд тэмдэглэх нь зүйтэй байна.
Дээрх байдлаар нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журам зөрчсөн, оролцогчдын эрхийг хязгаарласан, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 347 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаагийн бичсэн 23 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Г.БОЛОРМАА