Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/59

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 24 өдөр                          

2019/ДШМ/59                                                      Зуунмод

Б.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан   

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолтой Б.Бт холбогдох 17340005010148 дугаартай эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтээр Б.Бт холбогдох 17340005010148, 1806000620645 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан Төв аймгийн Зуунмод сумын нутагт 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Наранцэцэг, Л.Алтангэрэл нарыг “харанхуй өрөөнд нь тавилга хийж өгнө гэж” хуурч 430000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Б.Б нь Дархан-Уул аймгийн онлайн зарын группт 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон “тавилга хийж өгнө” хэмээн иргэн С.Энхтуяагаас 275000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Мангууд овгийн Баярсайханы Болдбаярыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мангууд овгийн Баярсайханы Болдбаярыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдаж,

            Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн хяналтын прокурор П.Болормаа бичсэн дүгнэлтэндээ: “Яллагдагч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Доржийн гудамж Эрдэм хотхон 10а-27 тоотод оршин суух хохирогч Н.Хүнбишээс "тавилга хийж өгнө" гэж хуурч 260.000 төгрөгийг залилан авсан,

Яллагдагч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансар үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-ээс хохирогч Ц.Удвалаас "тавилга хийж өгнө" гэж 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул 2019 оны 03 сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн 1806000620645 дугаартай хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Гэтэл яллагдагч Б.Б нь эрүүгийн 1734005010148 дугаартай хэрэгт Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 389 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгохоор шийтгүүлсэн байна.

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэж заасан байх боловч мөн хуульд ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдвол хэрхэн ял оногдуулах тухай зохицуулалт тусгагдаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл бий болж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 389 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж прокурорт буцаалгахаар Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын 12 дугаар дүгнэлтийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан Төв аймгийн Зуунмод сумын нутагт 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Наранцэцэг, Л.Алтангэрэл нарыг “тавилга хийж өгнө гэж” хуурч 430 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-Дархан-Уул аймгийн онлайн зарын группт 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон “тавилга хийж өгнө” хэмээн иргэн С.Энхтуяагаас 275 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Мангууд овгийн Баярсайханы Болдбаярыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг түүнд хүлээлгэн хэргийг шийдвэрлэсэн байна.

         

Гэтэл Б.Б шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Доржийн гудамж Эрдэм хотхон 10а-27 тоотод оршин суух хохирогч Н.Хүнбишээс "тавилга хийж өгнө" гэж хуурч 260.000 төгрөгийг залилан авсан,

- 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансар үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-ээс хохирогч Ц.Удвалаас "тавилга хийж өгнө" гэж 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь эрүүгийн  1806000620645 дугаартай хавтаст хэргээр нотлогдож байна.

Уг үйлдэл нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж зохицуулсан тул шүүгдэгчийн өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт "...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн..."нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэх тул хяналтын прокурор П.Болормаагийн бичсэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн Б.Б холбогдох 1806000620645, 1734005010148 дугаартай эрүүгийн хэргүүдийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Энэхүү магадлалын хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу прокурор, оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Базардоржид  даалгасугай.

 

3. Хэргийг прокурорт очих хүртэлх хугацаанд Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                                 Т.ЭНХМАА

                                                                                              Г.БОЛОРМАА