Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1862

 

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/01862

Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбит 0 гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй,  Ш овогт Б Ш /рд:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах ЗТН Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,

 

15 сарын тэтгэмж 18 911 700 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б овогтой Ш би Ц компани захирлын тушаалаар 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 27 тоот тушаалаар ажилд орсон. *******-ийн 2 дугаар баазад ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б/47 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж тус байгууллагад 26 жил тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гэтэл Б.Ш энэ байгууллагад бүх насаараа ажилласан байхад *******-ийн захиргаа нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмжийг олгохгүй хохироож байна. Энэ байгууллагад 26 жил ажилласан хүн Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар 15 сарын цалинг нэг удаагийн цалин хэлбэрээр авах ёстой. Нэхэмжлэгчийн нэг сарын цалин болох 1 260 780 төгрөгөөс дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 57 дугаар тушаалын хавсралтын 7а-д зааснаар тодорхойлсон. Иймд *******-аас 15 сарын тэтгэмж 18 911 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2013 оны 7 сард тэтгэвэрт гарсан гэж байгаа ч тэтгэвэрт гараагүй. Нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээр Ц компанид үргэлжлүүлэн ажиллаж байсан гэдэг нотлогдож байгаа ба нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч хувиараа төлөөгүй, байгууллага төлсөн” гэв.

 

            Хариуцагч ЗТН ОНӨААТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 2 дугаар баазад 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалаар токарьчин мэргэжлээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учир 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/132 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгож ирснийхээ дараа буюу 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/101 тоот тушаалаар токарьчнаар ажилд орж, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн. 2018 оноос 2020 он хүртэл мөрдөх Хамтын гэрээг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт хэсэгт хамгийн сүүлд ажилд орсон тушаал тасралтгүй ажилласан гэх хугацааг заасан. Нэхэмжлэгч байгууллагад 4 жил 10 сар тасралтгүй ажилласан бол нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тэтгэмж авах эрх үүснэ. Мөн нэг сарын цалингийн дундаж хөлсийг бүх төрлийн хөнгөлөлтийг хасаж тооцно гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагаас 955 083 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 17 956 617 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт дараа оны 4 дүгээр сар хүртэл тасалдсан, тэр хооронд нийгмийн даатгал төлөгдсөн байвал хувиараа төлсөн байх. Магадгүй нэхэмжлэгч байгууллагаар дамжуулж төлье гэсэн байх магадлалтай. Хэрэв үнэхээр төлсөн гэж үзэж байгаа бол хариуцагчийн хувьд нэхэмжлэгч талыг нотлох баримт хангалтгүй цуглуулсан гэж үзэж байна. Төлсөн гэж байгаа тухайн үеийн цалингийн тодорхойлолтыг хэрэгт гаргаж өгөх ёстой. Хариуцагч талаас татгалзлын үндэслэл болсон захирлын тушаалаа хэрэгт хавсаргасан, мөн тэдгээр тушаал нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилттэй нийцэж байгаа. 2014 оны 4 дүгээр сард токарьчнаар ажилд авав гэдэг бол байгууллагад ч гэсэн нийгмийн даатгалын шимтгэлийн алдаа байгаа” гэв.  

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 15 сарын тэтгэмжид 18 911 700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “ЗТН” ОНӨААТҮГазрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, “Автобус-1”, “Автобус-3” ОНӨААТҮГазар, “Ц” НӨҮГазруудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн “*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийлүүлж, улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байх тул “Ц” НӨҮГазрын эрх залгамжлан авсан этгээд нь Нийслэлийн “ЗТН” ОНӨААТҮГазар байна. /хх16/

  

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ш нь Улаанбаатар хотын Ц УҮГ-ын захирлын 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 23 дугаар тушаалаар токарьчнаар ажилд орсон, Ц компанийн захирлын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/132 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар “...өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, улмаар Ц ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/101 дугаар тушаалаар дахин токарьчнаар томилогдсон, ЗТН” ОНӨААТҮГазрын захирлын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/47 тоот тушаалаар тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтад маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь “...Ц компанийн дарга Д.Ж гэж хүн Б.Ш-ийг амарч байх хугацаанд тэтгэвэрт гаргах тухай тушаалыг гаргасан байдаг. Үүний дараа өөрөө тэр тушаалын доод хэсэгт нь JEA-800 загварын троллейбусны угсралт, үйлдвэрлэлийн ажлын ачаалал их байгаа тул тэтгэлгийн мөнгө олгохгүйгээр шууд ажиллуулна гэж цохолт хийж өгсөн. Түүнээс гадна нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээр Ц компанид үргэлжлүүлэн ажиллаж байсан гэдэг нь нотлогдоно” гэж,

хариуцагч талаас “...Нийгмийн даатгалын шитмгэлийг нэхэмжлэгч өөрөө байгууллагаар дамжуулж төлье гэсэн байх магадлалтай. Хэрэв үнэхээр төлсөн гэж үзэж байгаа бол тухайн үеийн цалингийн тодорхойлолтыг хэрэгт гаргаж өгөх ёстой байсан. Хариуцагч талаас татгалзлын үндэслэл болсон захирлын тушаалаа хэрэгт хавсаргасан, мөн тэдгээр тушаал нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилттэй нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

 

Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзвэл маргаж буй хугацаанд Ц ХК-иас Б.Шийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Б.Ш-ийн Ц компанийн захирал Д.Ж гаргасан өргөдөл болон өргөдөлд “...ажлын ачаалал их байгаа тул тэтгэлгийн мөнгө олгохгүйгээр шууд ажиллуулах” гэсэн агуулга бүхий бичвэртэй баримтыг хариуцагч тал няцаагаагүй тул үүгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа буцаан ажиллуулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэв. /хх52, 55/

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасан болон ЗТН ОНӨААТҮГ болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “...ЗТН ОНӨААТҮГ-ийн бааз байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажлаас гарахад тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг доорх хэмжээгээр 1 удаа олгоно. 26-аас дээш жил бол 15 сар” гэж тустус зааснаар 15 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах эрхтэй. /хх36-44/

          

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч 1 сарын дундаж цалин хөлсийг хэрхэн тооцоолсон талаар маргасан тул дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлоход 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 1 260 780 төгрөг байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-аас 15 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 18 911 700 төгрөг төгрөг гаргуулан /1 260 780х15=18 911 700/ нэхэмжлэгч Б.Шт олгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 252 508 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.