Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01342

 

 

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид,

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02017 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр магадлалтай,

*******,******* нарын нэхэмжлэлтэй,

Жи энд Юу голд ХХК-д холбогдох,

Байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрт нийт 3,970,000,000 төгрөгийг гаргуулж Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан, нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү, П.Цолмонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь 5341А дугаар бүхий Ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээгээр олгосон зөвшөөрлийн дагуу Баянхонгор аймгийн Гурван Булаг сумын Ихрийн ам нэртэй газарт 2006-2012 оны хооронд алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан. Кондиц ХХК нь 2011 онд дээрх талбайн экологид учирсан хохирлын үнэлгээг тогтоож, газрын нөөцөд 30,000,000 төгрөг, газрын хэвлийд 259,200,000 төгрөг, экологийн орчинд 419,000,000 төгрөг, усны экологид 3,225,700 000 төгрөг, ургамал нөөцийн экологид 28,400,000 төгрөг, агаарын орчин, амьтны аймагт 2,700,000 төгрөг, нийт 3,965,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр*******-аас уг хохирлыг гаргуулж орон нутгийн санд төвлөрүүлэхээр нэхэмжилж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дах хэсэгт газрын нөөцөд учруулсан хохирлыг 3 дахин, газрын хэвлийн хохирол 2 дахин, хөрсөнд учруулсан хохирол 3 дахин, усны нөөцөд учруулсан хохирол 2 дахин, ургамлын нөөцөд учруулсан хохирлыг 5 дахин тооцсон бодит зардлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Үйл ажиллагааны зөвшөөрлийн талаар дурдаагүй. Зөвшөөрлийн дагуу газрыг ашигласны дараа шороогоор булж, техник болон геологийн нөхөн сэргээлт хийх ёстой атал хариуцагч огт хийгээгүй. Хуульд байгаль орчныг доройтуулсан үйлдэл, эс үйлдэхүйг гэм буруутайд тооцно гэж заасан. Хуульд заасан үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй атлаа зөвшөөрөлтэй учраас ухах ёстой, байгаль орчин доройтсон, муудсан, мөс хайлах хамаагүй гэж тайлбарлаж байна. Хуулиар тогтоосон ажиллагааг хийгээгүйн улмаас дээрх хохирол учирсан. Кондиц ХХК, Эх Монголын байгаль ХХК-ийг тус тус шинжээчээр томилоход 3 хууль давхардсан. Шинжээч нь Кондиц ХХК-ийн дүгнэлтдээ усны экологид 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж гарын үсэг зурсан боловч, Эх Монголын байгаль ХХК-ийн дүгнэлтэд өөр дүн заасан нь нөлөөнд орсон гэж үзэхээр байна. Цэвдгийн усыг дэлхий нийтээр ус гэж хүлээн зөвшөөрсөн. Цэвдгийн ус хэзээ ч нөхөгдөшгүй баялаг. Гэтэл цэвдгийг хайлуулж, ил гаргаж олборлолт хийж байна. Хариуцагч төлөвлөгөөг батлуулах ёстой боловч батлуулаагүй үйл ажиллагаа явуулдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хохирол гэдэг нь хэмжиж, тооцож болохуйц эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоо байх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч компани хуульд заасан журмыг зөрчиж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулснаас болж хохирол учирсан буюу хэмжиж болохуйц хохирол учирсан байхыг шаардана. Энэ хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар******* 2003.01.23-ны өдөр 5341А гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар авч үйл ажиллагаа явуулдаг. Тусгай зөвшөөрөл гэдэг нь хуулиар ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг хэлнэ. Иймд хариуцагч хууль зөрчсөн ямар үйл ажиллагаа явуулсан гэдэг нь тодорхой бус, байгаль орчинд хохирол учруулсан гэх үндэслэлгүй байна. Мөн******* нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусдаас шилжүүлж авсан талаар хэрэгт нотлох баримт авагдсан. Тусгай зөвшөөрөлтэй компани нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэлтэй эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Кондиц ХХК-ийн дүгнэлт шүүхэд албан бичгээр ирсэн байсан. Манай зүгээс уг дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дүгнэлтэд нөхөн сэргээгдэх талбай энэ хугацаанд******* нь өмнөх уурхайтай нийлж зохих тусгай зөвшөөрлийг оруулан Ашигт малтмалын тухай хуульд заасан уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг гарган ажиллаж нөхөн сэргээлгэх гэрээгээр орж ирсэн үйл баримтууд авагдсан байдаг. Эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгч нарын гаргаж байгаа шиг 2011 оноос өмнөх хохирол байх ёсгүй. Нэг газар үйл ажиллагаа явуулж байгаа учир 3.9 тэрбум төгрөгийн хохирол учрах үндэслэлгүй. Энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр харагддаг. Кондиц ХХК-ийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүхийн шийдвэрт нөлөөлөх баримт биш юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон эсхүл байгаль орчны хэм хэмжээнд зөвшөөрөл бүхий хязгаараас хэтрүүлэн олборлосон үйл ажиллагааг хэлнэ. Хамгийн гол тавигдах шаардлага нь зөвшөөрөлгүй олборлосон байхыг хэлж байна. Иймд хариуцагч компани зохих ёсны зөвшөөрөл авсан энэ нь баримттай учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулсны төлөө тухайн байгаль орчинд хор хөнөөл учруулсан гэх үндэслэлээр мөнгөн хөрөнгө нэхэмжлэх юм бол Монгол Улсад уул уурхай байх шаардлагагүй. Учир нь ашигт малтмал ашиглана гэдэг нь газрын хөрсийг ухаж, ялгаж авах нь тодорхой бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байх нь хамаагүй газрын хөрсийг хөндсөн бол ямар нэгэн байдлаар хөрсийг хэдэн метр куб шороо орсныг нь үнэлээд дүгнэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь байгалийн нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрөл ашигласны төлбөрийг төлөөд үйл ажиллагаагаа явуулж, олсон орлогоос улсын төсөвт холбогдох хураамжаа төлдөг. Харин ашигт малтмал олборлоод байгаль орчинд хохирол учруулсны төлөө мөнгөн хөрөнгө төлөх ёстой гэсэн ойлголт байхгүй. Кондиц ХХК-ийн 2011 онд гаргасан дүгнэлтээс хойш тус талбайд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийгдсэн тул уг дүгнэлтийг үндэслэх боломжгүй. Нөхөн сэргээлт хийгдээгүй газрын зардлыг нэхэмжилсэн бол оновчтой байх байсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирол биш, харин ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахад үүсэж байгаа зүй ёсны газрын эвдрэл, өөрчлөлт юм. Иймд нэхэмжлэлийн үндэслэл буруу байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02017 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч*******-иас 180,240,000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,784,760,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан Өвөрхөшөөтийн амны 12806А тусгай зөвшөөрөлтэй 204.37 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлээс татгалзсан тул энэ шаардлагад холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас 1,059,150 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,059,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.11-ны өдрийн 181/ШШ2019/02017 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн 109 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

1. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрт нийт 3,965,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Ингэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11 дэх заалт, мөн хуулийн 49 дүгээр заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.11-т байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заажээ. Байгаль орчинд хохирол учруулах гэдгийг хуулийн энэхүү тодорхойлолтоор ойлгоно. Хариуцагч компанийн үйл ажиллагаа энэ заалтад хамаарахгүй гэж хариуцагчийн зүгээс үздэг. Харин анхан шатны шүүх хариуцагчийг дээрх 3.2.11 дэх заалтын бүх нөхцөлийг буюу байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон байна, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн байна, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан байна гэж тус тус дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтэд засвар оруулж, тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал ашигласан, олборлосон учраас байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон гэх нөхцөл нь хариуцагч компанид хамааралгүй. Харин эс үйлдэхүйн хувьд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой учраас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг доройтуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх нөхцөлд хамааруулна... гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг доройтуулсан байна гэж үзсэн. Ингэж үзэхийн тулд байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээ гэж хаанаас тогтоосон ямар хэмжээг хэлэх, тэрхүү хэмжээг ямар тохиолдолд хэтрүүлсэн гэж үзэх, Гурванбулаг сумын Ихрийн аманд хэрхэн хэтрүүлсэн зэрэг үйл баримтыг зайлшгүй шинжлэн судлах ёстой. Гэвч энэ нь ямар нэгэн баримтаар тогтоогдоогүй, хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт огт авагдаагүй болно. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлага, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх зарчимтай. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах эрхтэй, түүндээ тохирсон нөөц ашигласны төлбөр, хураамж төлөх журамтай байдаг. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох...-ыг ойлгохоор заасан буюу тухайн газрын хэвлий, шороон дахь металл, элементийг ямар нэгэн байдлаар ялган авах ажиллагааны явцад газрын хэвлий тодорхой хэмжээгээр хөндөгдөж, анхны хэв шинжээсээ өөрчлөгдөх нь тодорхой. Үүнийг ашигласан шорооны үнэлгээ, усны үнэлгээ, хөндөгдсөн ургамлын үнэлгээ зэрэг мөнгөн дүнгээр илэрхийлж, тэр бүрийгээ байгаль орчны хохирол учрууллаа гээд нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй.

Шүүх ...хариуцагч нь 2006-2012 он хүртэл тухайн газарт үйл ажиллагаа явуулахдаа нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс байгаль орчинд хохирол учруулсан нь тогтоогдсон... гэж дүгнэсэн. Гэвч 1-р хавтаст хэргийн 57, 156-р хуудсуудад Улсын байцаагчийн дүгнэлт, техникийн нөхөн сэргээлт хийсэн баримтууд, 159-р хуудсанд 2011 оны техникийн нөхөн сэргээлт стандартын дагуу хийж хүлээлгэж өгсөн баримтууд байгаа. Эдгээр баримтуудаар шүүх 2006-2012 онд нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэж буруу дүгнэснийг харж болно. Нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийгээгүй бол ямар арга хэмжээ авах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 39.1.9 дэх хэсгүүдэд тодорхой, нарийвчлан зохицуулсан ба эдгээрээс нэхэмжлэгч нар авч хэрэгжүүлсэн зүйл огт байхгүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэжээ. Шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан улсын байцаагчаас ногдуулсан нөхөн төлбөр гэж дүгнээгүй, харин байгаль орчныг доройтуулсантай холбоотой хохирол гэдэг агуулгаар дүгнэсэн... гэжээ.

Иргэн, хуулийн этгээд нь байгаль орчин, байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх ёстой, түүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3-т зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулж төлүүлэхээр байна. Энэхүү нөхөн төлбөрийг тус хуулийн 49.8-д заасны дагуу хэрхэн төлүүлэх процессыг ч маш тодорхой заасан байгаа юм. Гэтэл шүүхээс улсын байцаагчаас ногдуулсан нөхөн төлбөр гэж дүгнээгүй, харин байгаль орчныг доройтуулсантай холбоотой хохирол гэдэг агуулгаар дүгнэсэн гэж шийдвэрлэсэн нь хуулийн тодорхой зүйл заалтыг ямар ч логикгүй, ойлгомжгүй байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм. Байгаль орчныг доройтуулсантай холбоотой хохирол гэж тусдаа, түүнд байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу нөхөн төлбөр тооцохгүй өөр журмаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт огт байхгүй юм. Уг хуулийн 49-р зүйл нь Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх гэсэн гарчигтай. Тэгэхээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу нөхөн төлбөр тооцож байгаа бол, бүр тус хуулийн 49-р зүйлийн 49.1-т заасны дагуу нөхөн төлбөр тооцох бол зайлшгүй 49.3, 49.8-д заасан журмаар явах ёстой байдлаар хуульчилжээ. Гэвч шүүх үүнийг үндэслэлгүйгээр, зөвхөн өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэглэсэн нь алдаатай юм. Эндээс дүгнэвэл шүүх Иргэний хуулийн гэм хорын зохицуулалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн байгаль орчинд учирсан хохирол гэж юуг үзэх, түүнийг хэрхэн тодорхойлох, шаардах, нөхөн төлбөр хэрхэн ногдуулах зэрэг үндэслэлийг зохицуулсан зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.29-ны өдрийн 2441 дүгээр магадлалаар шинжээчийн дүгнэлт хуульд заасан арга хэрэгслээр авагдаагүйг зааж хэргийг анхан шатны шүүхэд буцааж байсан. Тус магадлалын дагуу анхан шатны шүүхээс 2018.12.20-ны өдөр 181/ШТ2018/00445 дугаартай тогтоол гарч, Эх Монголын байгаль ХХК-ийн дүгнэлт нь шаардлага хангахгүй, иймээс шүүх хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгаа тул өөрийн санаачилгаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон байдаг. Харин шүүхээс томилогдсон шинжээч нар нь мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны дараа шүүхээс тавьсан асуултад хариулах боломжтой талаар хариу ирүүлсэн буюу хохирлын хэмжээг тогтоохын тулд заавал мэргэжлийн байгууллагыг оролцуулах шаардлагатай гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн. Энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шинжээч томилсон тогтоолын биелэлт хангагдаагүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Энэ талаар хариуцагч компанийн зүгээс шинжээч нарын ирүүлсэн хариунд заасны дагуу мэргэжлийн байгууллагыг оролцуулан шинжээчийн дүгнэлтийг гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж авалгүй, хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Энэ талаар давж заалдах шатны шүүх ...цаг хугацааны хувьд 2006-2012 оны хооронд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт*******-ийн Ихрийн амны 5341А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд алтны шороон орд ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох боломжгүй... гэж дүгнээд байгаа. Хэрэв учирсан хохирлын хэмжээг одоо тогтоох боломжгүй бол яагаад тогтоогдох боломжгүй хэмжээтэй гэх хохиролд хариуцагч компаниас мөнгө гаргуулахаар шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш байх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсэх замаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах ёстой байтал анхан шатны шүүх энэ боломжийг бүрдүүлсэнгүй.

3. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байсан.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөр, зардалд нийт 3,965,000,000 төгрөгийг 2012 онд нэхэмжилж, энэхүү хэрэг үүссэн байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага одоог болтол хэвээр байгаа. Өмнө нь энэ хэргийг 2017.09.11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн үндэслэлийг нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль орчинд учруулсан хохирол болохыг нь нэхэмжлэгч нараас тодруулан асууж, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг 2017.10.20-нд давж заалдах гомдол гаргахдаа дээр дурдснаас өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад шүүх нөхөн сэргээлт хийгээгүйгээс болж хохирол учруулсан гэж ялгаж салгаж ойлгохгүй, эсвэл хуулиа мэдэхгүй буруу дүгнэн шийдсэн байна, нэхэмжлэлийн үндэслэл нь нөхөн сэргээлт хийгээгүйтэй нь холбоогүй ээ, нөхөн сэргээлт хийсэн хийгээгүй ялгаагүй байгаль орчинд хохирол учруулсан гэж тайлбарладаг, Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль орчинд учруулсан хохирол гэж нэхэмжлэл гаргаагүй гэдгээ баталдаг. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын бидний нэхэмжлэлийн үндэслэл биш ээ гээд байдаг буюу нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн төлбөр шаардсан тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргасан. Гэхдээ яг ийм шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцлээ гэж шийдвэртээ бичсэн хэрнээ нөхөн сэргээлтийн төлбөр, зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй гэж дүгнээд байдаг. Давж заалдах шатны шүүх үүнийг нь мөн зөв гэж үзсэн. Хариуцагчийн зүгээс энэ ойлгомжгүй байдлын талаар олон удаа тайлбартаа хэлсэн байсан. Эндээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь яг юу болох нь эргэлзээ төрүүлж, нэхэмжлэгч нарын өмнөх тайлбар, гомдол болоод шүүхэд бичгээр өгсөн нэхэмжлэлүүд зөрүүтэй, ойлгомжгүй, нэг ярихдаа өөрөөр, дараа нь мэтгэлцэхдээ түүнийгээ үгүйсгээд байгаа нөхцөлд бичгээр тодруулж, нэг мөр болгох шаардлагатай байсан. Түүнээс биш энэ удаагийн шүүх хурал дээр хэлээд байгаа тайлбараас харахад нэхэмжлэлийн ийм үндэслэл шаардлага байгаа гэж ойлгогдохоор байна гэсэн байдлаар шүүх хандаж болохгүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тулгуурлан шийдвэрлэх гэж буй хэрэг маргааны эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлох бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах хамгийн анхдагч, суурь нөхцөл нь болдог. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, эсхүл ойлгомжгүй байгаа тохиолдолд шүүх материаллаг эрх зүйн ямар харилцаанаас үүдэлтэй маргаан болохыг тодорхойлох, хэрэглэгдэх хууль, түүний хэм хэмжээг зөв олж тайлбарлах боломжгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл анхнаасаа тодорхой бус, хэт ерөнхий байсныг шүүх тодруулаагүй, үүнээс болж маргааны эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй буюу анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь 2019.10.11-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн мэтгэлцэж, нотлох гэж байгаа үндэслэлээс өөр, тодорхой бус байгаа нөхцөлд шууд хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Гурван булаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид,*******ас*******-д холбогдуулан байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрт нийт 3,970,000,000 төгрөгийг гаргуулж Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 180,240,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Өвөр хөшөөтийн амны 204.37 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлээс татгалзсан тул энэ шаардлагад холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1.   Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:******* нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа тус нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн ажлыг Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д заасны дагуу бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 25.2.-т заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээгүйгээс байгаль экологид дараах хохирлыг учруулсан. Үүнд тус бүс нутгийн Ихрийн амны ашигт малтмалыг олборлохдоо 3,965,000,000 төгрөгийн, Өвөр хөшөөтийн амны ашигт малтмалыг олборлохдоо 5,000,000 төгрөгийн хохирлыг учруулсан нь Кондиц ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тухайлбал, Ихэрийн амны байгаль орчинд учруулсан хохирлыг бүхэлд нь авч үзэхэд газрын нөөцөд учруулсан хохирол 30,000,000 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирол 259,200,00 төгрөг, хөрсний экологид учруулсан хохирол 419,000,000 төгрөг, усны экологид учруулсан хохирол 3,225,700,000 төгрөг, ургамлын нөөцөд учруулсан хохирол 28,400,00 төгрөг, агаарын орчин болон амьтны амьд учруулсан хохирол 2,700,000 төгрөг, нийт 3,965,00,000 төгрөг болсон.

Учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн ойн санд учирсан хохирлыг гурав дахин, амьтны аймагт учирсан хохирлыг хоёр дахин, ургамлын аймагт учирсан хохирлыг тав дахин, усны нөөцөд учирсан хохирлыг гурав дахин, газарт учирсан хохирлыг гурав дахин тус тус нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно.

Өвөр хөшөөтийн аманд аманд байрлах нутаг дэвсгэрийн байгаль орчинд 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна. Иймд Ихрийн амны байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал 3,965,000,000 төгрөгийг гаргуулж сумын төсөвт оруулж өгнө үү... гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...Жи энд Юу голд ХХК нь ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээний дагуу ашигт малтмал олборлох ажиллагааг явуулахдаа Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн, Монгол Улсын Засгийн газраас баталсан уулын ажлын төлөвлөгөө, холбогдох нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдох салбарын хуулиудад заасан байгалийн нөөц ашигласны төлбөрүүдийг жил бүр, тухай бүрт нь төлж ирсэн.

Тус компани тусгай зөвшөөрлүүдийн талбайд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, улс, аймаг, орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулан, төсөвт татвар хураамжаа төлдөг, 100 гаруй ажиллагсадтай үндэсний аж ахуйн нэгж.

Байгаль орчныг хамгаалах хуульд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл орчны хэм хэмжээнд зөвшөөрөл бүхий хязгаараас хэтрүүлэн олборлосон ажиллагааг, хамгийн гол нь зөвшөөрөлгүй олборлосон байхыг хэлнэ. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Кондиц ХХК-ийн дүгнэлтээс хойш тус талбайд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийгдсэн тул дүгнэлтийг үндэслэх боломжгүй, ...байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирол биш, харин ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахад үүсэж байгаа зүй ёсны газрын эвдрэл, өөрчлөлт тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.

2. Хариуцагч******* нь 5341А дугаартай Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Ихрийн ам нэртэй газарт орших 77 гектар талбай бүхий алтны шороон орд, 12806А дугаартай Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй Өвөр хөшөөтийн амны 204.37 гектар талбай бүхий алтны шороон ордуудад 2006-2012 оны хооронд алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан үйл баримтын талаар маргаагүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-д байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж, 49 дүгээр зүйлийн 49.1.-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө гэж тус тус зохицуулжээ.

Хэрэгт*******-ийн Ихрийн амны 5341А тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон орд ашиглалтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулан хохирлыг үнэлсэн Кондиц ХХК, Эх Монголын байгаль ХХК-ийн үнэлгээнүүд авагджээ.

Нэхэмжлэгч нь Кондиц ХХК-ийн үнэлгээг үндэслэн хохирлыг нэхэмжилсэн байх бөгөөд Кондиц ХХК нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖСайдын тушаалаар томилогдож дүгнэлт гарсан, дүгнэлт гарснаас хойш хариуцагч тус талбайд нөхөн сэргээлт хийсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд дээрх дүгнэлтийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Харин Эх Монголын байгаль ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.03.24-ний өдрийн 344/с дугаартай, шинжээч томилсон Шүүхийн тогтоолыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014.06.10-ны өдрийн А-221 тушаалаар батлагдсан шинжээчийн бүрэлдэхүүн байна.

Эх Монголын байгаль ХХК-ийн дүгнэлтэд: ...Жи энд Юу голд ХХК-ийн Ихрийн амны алтны шороон ордын ашиглалтын улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 27.83 га талбай байна, үүнээс 24 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн тул хөрсний экологийн хохирол тооцоогүй, биологийн нөхөн сэргээлт хийгдээгүй тул ургамлан нөмрөгийн экологийн хохирлыг нөлөөлөлд өртсөн талбайн хэмжээгээр тооцоолсон. ...Байгаль орчны хохирлыг байгалийн бүрэлдэхүүн /ус, хөрс, газар, газрын хэвлий, ургамал, агаар г.м/ хэсэг тус бүрийн нийлбэр хохирлоор тооцжээ.

Тухайлбал, алт олборлолтын нөлөөгөөр 59,701.9 м3 эзэлхүүн бүхий ухаш, нийлбэр дүнгээрээ 15,800 м2 талбайг эзэлсэн 3 нуур үүссэн, нийт 108,609 м3 эзэлхүүн бүхий газрыг хөндөж, газрын хэвлийд хохирол учруулсан, овоолгын шороог түрж, ухашуудыг дүүргэх шаардлагатай, ...нөхөн сэргээлт хийгдээгүй талбайн хөрсөн бүрхэвчид хохирол учирсан, ...нөхөн сэргээлтийг хэсэгчилсэн байдлаар хийж, зарим газрыг хэлбэршүүлээгүй, технологийн ашиглалтын дараах байдлаар орхисон, ...хөрсний шимт чанар үгүй болсон, ургамлан нөмрөг доройтлын байдалтай, ...үйл ажиллагаа явуулахдаа 1.58 га талбай бүхий нуур үүсгэн, газрын доорх усыг алт угаахад ашиглаж байсан, нөхөн сэргээлт бүрэн хийгдээгүйгээс газрын доорхи ус агуулагч үе нөхөн сэргээгдэж чадаагүй, ...нэгтгэсэн дүнгээр эдэлбэр газарт 15,500,000 төгрөг, газрын хэвлийд 60,120,000 төгрөг, газрын доорх ус 14,780,000 төгрөг, хөрсөн бүрхэвч 57,560,000 төгрөг, ургамлан нөмрөгт 29,640,000 төгрөг, агаарт 2,640,000 төгрөг буюу ашиглалтын талбайн хэмжээнд нийт 180,240,000 төгрөгийн хохирол учруулсан, үүний ихэнх буюу 33.4 хувийг газрын хэвлийд, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол 31.9 хувийг тус тус эзэлсэн байна... гэжээ.

3.   Хоёр шатны шүүх шинжээчийн дүгнэлт, гэрч Ш.Мягмар, Н.Жадамба нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2007.01.03-ны өдрийн 31/19/01, 2007.04.07-ны өдрийн 31/19/241, 2012.01.23-ны өдрийн 31/19/17 дугаар бүхий Нөхөн сэргээлтийн тухай дүгнэлтүүд, 2007-2013 онд нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан тухай акт, тодорхойлолтууд, шүүхээс Ихрийн амны нутаг дэвсгэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт, хариуцагчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийсэн хяналтын ажлын тайлан зэрэг хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч компанийг байгаль орчинд хохирол учруулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4.   Хариуцагч******* ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хариуцагчийн зөвшөөрөл бүхий талбайд явуулж буй үйл ажиллагаа Байгаль хамгаалах тухай хуулийн 3.2.11., 49-д заасан заалтад хамаарахгүй, ...нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, ...нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхой бус хэт ерөнхий байсныг шүүх тодруулаагүй, үүнээс болж маргааны эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн агуулгатай хяналтын гомдол гаргажээ.

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Ихрийн ам дахь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчинд Эх Монголын байгаль ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол учирсныг хариуцагч******* үгүйсгээгүй, харин тухайн хохирол ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааны явцад учирч буй зүй ёсны эвдрэл, гэмтэл, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн болох нь нотлогдоогүй гэж маргах боловч хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үүргээ хэрхэн биелүүлснээ нотлоогүй, байгаль орчинд учирсан хохирол хариуцагчийн нөхөн сэргээлтийн ажлыг цаг хугацаанд нь, стандартын шаардлагын дагуу бүрэн гүйцэтгээгүйтэй шалтгаант холбоотой гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч нөхөн сэргээлтийн ажлыг хугацаанд нь стандартын дагуу гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн нь баримтаар нотлогдоно, нөхөн сэргээлтийн хийх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх боловч дараах баримтаар няцаагдаж байна.

Тухайлбал, хэрэгт авагдсан 2007.01.03-ны өдрийн 31/19/01 дугаартай Нөхөн сэргээлтийн тухай Улсын байцаагчийн дүгнэлтэд ...2001-2005 онуудад техникийн нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн, орхигдсон талбай, 2006 оны талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, гүйцэтгэх шаардлагатай... гэж, 2007.04.07-ны өдрийн 31/19/241 дугаартай дүгнэлтэд ...2007 оны байдлаар 16 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсний 2 га талбайд хийсэн нөхөн сэргээлт стандартын шаардлагыг хангахгүй байна... гэж, 2008 онд нөхөн сэргээлт хийгдээгүй 11 га талбайд техникийн, 27 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, ...сум орон нутгийн хяналтын комисст танилцуулахыг үүрэг болгосон боловч 2008 оны нөхөн сэргээлтийн ажлыг хүлээж авахад 15.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж, биологийн нөхөн сэргээлт огт хийгдээгүй, 2010 оны нөхөн сэргээлтийн ажлыг хүлээж авахад урьд онуудад хийгдсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай, нөхөн сэргээлт хийгдсэн талбайн зарим хэсгийн налуу стандартын шаардлага хангахгүй, түрэлт дутуу хийгдсэн байна гэж нөхөн сэргээлт хийсэн ажлыг хүлээн авсан актад тусгагджээ.

Түүнчлэн, гэрч Ц.Болорчимэг /аймгийн МХГ-ын байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч/-ийн ...Тусгай зөвшөөрлийн 5341А талбайн 30 орчин хувьд олборлолтын үйл ажиллагаа явагдсан, техникийн болон биологийн нөхөн сэргээлт бүрэн хийгдээгүй учир үржил шим нь сэргээгдэж эргэлтэнд ороогүй, ...хаягдлын усан сан үүссэн, Засгийн газрын тогтоолоор олборлолтын үйл ажиллагаа зогссон учраас нөхөн сэргээлт хийгдээгүй, дутуу байгаа... гэсэн, гэрч Ш.Мягмар /БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга/-ын ...тэр нутаг өөрөө цэвдэгтэй, цэвдгийг нь ухаж ил гаргаад тэр цэвдгээр нуур хийчихээд буцаагаад нөхөн сэргээлт хийгээгүйгээс усны алдагдал болоод байгаа, ..эднийх 6 нуур үүсгэсэн, бүгдийг нь ашиглаж байгаа бол энэ хохирол биш, харин 3-ыг нь ашиглаад, 3-ыг нь нөхөн сэргээлт хийгүй хаячихсан учир энэ бол хохирол... гэх тайлбаруудаар Эх Монголын байгаль ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон, Ихрийн өврийн ашиглалтын талбайн байгаль орчинд учирсан хохиролд хариуцагч буруутай талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Улмаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэрэг нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн зарим шаардлага буюу Өвөр хөшөөтийн аманд байрлах нутаг дэвсгэрийн байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг батлахдаа хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс засаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдааг засах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02017 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...106.3.-т гэснийг ...106.5.-д гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Жи энд Юу голд ХХК-иас 2020.02.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,059,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД