Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/60

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 дугаар сарын 24 өдөр                         2019/ДШМ/60                                                       Зуунмод

 

 

       Б.М, Э.М нарт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхболд,

Хохирогч  Ч.Цэцэгээ,

Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолтой Б.М, Э.М нарт холбогдох 201719000073  дугаартай 3 хавтас, 729 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн  гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураг зүйн багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод баг 5 дугаар багийн 21-4-56 тоотод амьдардаг,  Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 15 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Гучид овогт Барын Мөнхөө /РД:НБ72112300/.

Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод баг 5 дугаар багийн 21-4-56 тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэцогтын Мөнхбаатар РД:НН81051091/.

 

   Шүүгдэгч Э.М, Э Мөнхөө нар нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сонин Шийдэл” ББСБ-ын байранд иргэн Ч.Цэцгээгээс 21 400 000 төгрөгийг авахдаа "өөрийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 21 дүгээр 4-56 тоот 3 өрөө орон сууцны Хас банкин дахь зээлийн үлдэгдэл 19 000 000 сая төгрөгийг төлж, орон сууцаа зээлээс чөлөөлж, иргэн З.Мэндсайханд уг 3 өрөө орон сууцаа 62 000 000 төгрөгөөр зараад 3 хоногийн дараа төлнө" гэж итгүүлэн хуурч мэхлэх замаар авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                        

          Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.М, Э Мөнхөө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор:

             Шүүгдэгч Барын Мөнхөө, Эрдэнэцогтын Мөнхбаатар нарыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 21 400 000 төгрөгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 240/ хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Мг 02/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Мд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтан Б.Мд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.М нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргахыг, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.М, Э.М нараас 18.166.000 төгрөгийг гаргуулан Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 21-1-Б тоотод оршин суух Чонос овгийн Чулууны Цэцгээд РД/НЭ:56012103/ олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн 94-03 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн битүүмжлэл, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 21 дүгээр байрны 4-56 тоот 37 м2 орон сууцыг битүүмжилсэн битүүмжлэлийг тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Зээлийн гэрээ 2016 оны 08 дугаар сарын 09” гэсэн бичиглэл бүхий 1 хуудас гэрээг хэрэгт үлдээж, 94-03 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 01206759 тоот гэрчилгээг шүүгдэгч Б.Мд буцаан олгож, шүүгдэгч Б.М, Э.М нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

 Дээд шатны  Прокурор С.Алимаа бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй байна. Тухайлбал: Шүүгдэгч Э.Мт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа ямар төрлийн нийтийн ашиг сонирхолд тустай ажил хийлгэх ялыг хаана хэрхэн эдлүүлэх, ял эдлэлтийн байдалд ямар байгууллага хяналт тавих талаар тодорхой тусгаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ" гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Мөн 93-04 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсэн атлаа уг тээврийн хэрэгслийн 01206759 тоот гэрчилгээг шүүгдэгч Б.Мд буцаан олгож шийдвэрлэсэн нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

Нэг: Б.М нь 2016.08.09-ний өдөр өөрийн орон сууцыг барьцаалж авсан "Хас" банкны зээлийг төлөхөөр Ч.Цэцгээгээс 21 400 000 төгрөгийг "Зээлийн гэрээ" байгуулж, 3 хоногийн хугацаатай зээлж авсан байдаг. Уг мөнгөнөөс 2016.08.11-нд 17 000 000 төгрөг, 2016.08.12-нд 2 091 730 төгрөг, нийт 19 091 730 төгрөгийг "Хас" банкны өмнөх зээлээ төлж, байрны гэрчилгээг чөлөөлүүлж авсан болох нь 2-р хх-ийн 142-р хуудсанд байгаа Хас банкны 1300013771 тоот дансны хуулгаар нотлогдож байна. Мөн орон сууц худалдсаны 2%-ийн татварт 1.300.000 төгрөг төлсөн болох нь 2-р хх-ийн 241-р хуудсанд байгаа мөнгө тушаасан баримтаар, Улсын бүртгэлийн үйлчилгээний хураамжид 20 000 төгрөг төлсөн болох нь 2-р хх-ийн 242-р хуудсанд байгаа мөнгө тушаасан баримтаар тус тус нотлогдож байна.

 

Үүнээс үзэхэд Ч.Цэцгээгээс зээл хаахаар авсан 21 400 000 төгрөгөөс 20 411 730 төгрөгийг "Хас" банкны барьцаанд байсан байрны гэрчилгээг чөлөөлүүлэхэд буюу зориулалтын дагуу зарцуулсан байна. Тэгэхээр Б.Мг бусдын 21 400 000 төгрөгийг шунахай сэдэлтээр, хуурч мэхлэн авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зөвхөн энэ шинжээр нь авч үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 148-р зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа учраас 2015 оны Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Хоёр: Тухайн үед З.Мэндсайхан гэгчээс мөнгө зээлж аваад өгч дуусгаагүй байсны улмаас З.Мэндсайхан нь "Чамд хүнээс авч өгсөн 8 000 000 төгрөг нэхэгдээд намайг эвлэрүүлэн зуучлалд өгсөн, би хугацаа авчихаад байна. Ганболд ах чинь мэдвэл бөөн юм болно" гэсэн байдаг. Үүнээс үндэслэн өөрийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг, 21-р байрны 4-р орцны 56 тоотод байрлах 37м2 3 өрөө орон сууцыг З.Мэндсайханы нэр дээр 65 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж З.Мэндсайханаар 45 000 000 төгрөгийн зээл авахуулах, гарсан зээлээс З.Мэндсайханд 8 000 000 төгрөгийг нь өгөх. зээлээ өөрөө төлөхөөр тус тус тохирсон байдаг. Энэ нь 1-р хх-ийн 76-р хуудсанд байгаа "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-нд уг байрны үнийг 65 000 000 төгрөгөөр тохирсон байгаагаар. 1-р хх-ийн 17-р хуудсанд З.Мэндсайханы нөхөр Т.Ганболдын гэрчээр өгсөн "...2016 оны 04 дүгээр сарын үеэр манай эхнэр Мөнхөө гэх хүүхэнд 8 000 000 төгрөг зээлүүлээд мөнгөө авч чадахгүй болохоороо Мөнхөөгийн нэр дээрхи байрыг худалдах, худалдан авах гэрээгээр авч байрнаас гарсан зээлээр нь тэр мөнгөө авсан байсан" гэх мэдүүлгээр, 2-р хх-ийн 104-р хуудсанд "Хас" банкны зээлийн эдийн засагч Г.Энх-Амгалангийн гэрчээр өгсөн "...З.Мэндсайхан хүнээс орон сууц худалдаж авах гэж байгаа гээд 2016 оны 07 дугаар сарын эхээр манай ажил дээр ирж надтай уулзаж байсан юм. Тухайн үед орон сууцны зээл нь шаардлага хангахгүй байсан тул аль боломжит хувилбараар нь гээд 2016.08.05-ны өдөр 38 500 000 төгрөг хүссэн өргөдөл гаргаж өгсөн" гэх мэдүүлгээр, 2-р хх-ийн 59-р хуудсанд байгаа "...Байрны зээлээ төлж чадахгүй банкинд алдвал гомдолгүй" гэж З.Мэндсайханд гаргасан Б.Мгийн баталгаа зэргээр давхар нотлогддог болно. Мөн өмгөөлөгч миний бие Төв аймаг Сум дундын шүүхийн Тамгын газарт хандаж хүсэлт гарган архивын лавлагаа гаргуулахад З.Мэндсайхан нь тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд уригч, уригдагч талын алинаар нь ч оролцож байгаагүй талаар лавлагаа ирүүлснийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Хэрэв З.Мэндсайхан. Б.М нарын тохирсоны дагуу 45 000 000 төгрөгийн Орон сууцны зээл гарсан бол, З.Мэндсайхан нь 24 000 000 төгрөг биш тохирсоны дагуу 8 000 000 төгрөг авсан бол цаана нь үлдэх мөнгөөр байрны зээл хаахад Ч.Цэцгээгээс зээлсэн 21 400 000 төгрөгийг өгөх боломжтой байсан болох нь дээрхи нөхцөл байдлуудаас харагддаг.

 

Гэтэл 1-рт: Банкнаас Орон сууцны зээл гараагүй Бизнесийн зээл гарсан, энэ нь хэмжээ нь багассан гэсэн үг юм.

2-рт: З.Мэндсайхан нь анх тохирсоноороо буюу 8 000 000 төгрөг биш, 24 000 000 төгрөгийг нь авсан байдаг.

3-рт: Бусад хүмүүст өгөх өглөгтэй байсан бөгөөд тэдгээр нь тухайн мөнгөтэй болох үеийг мэдэж байсны улмаас өөр өөрийн мөнгийг нэхэж авсан байдаг.

Эдгээр нөхцөл байдлуудаас болж Ч.Цэцгээгээс зээлсэн 21 400 000 төгрөгийг "Зээлийн гэрээ"-нд заасан хугацаандаа өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн байдаг.

Гурав: Үүний гол буруутан бол Б.Мтэй тохирсон тохироогоо зөрчсөн З.Мэндсайхан бөгөөд тэрээр уг нөхцөл байдлыг ашиглан өөрийн авлагаа авсан, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байж хүү тооцон авсан, эдийн засгийн давуу байдал бий болгосон хүн бөгөөд Б.Мгийн байрыг нь худалдаж аваагүй талаараа Ч.Цэцгээг утсаар ярьж асуухад үнэн зөвөөр нь хэлээгүй байдаг. Үүнийгээ "...2016.08.09-ний үед хуучин Хас банкны захирал байсан Цэцгээ гэх хүн над руу утасдаж чи Мөнхөөтэй байрны наймаа хийж байгаа юм уу, худалдах худалдан авах гэрээ хийсэн юм уу гэхээр нь би тухайн үед юм бодолгүй тийм ээ гэсэн" гэж мэдүүлсэн байдаг. Хэргийн нөхцөл байдлаас харахад З.Мэндсайхан нь юм бодолгүй "тийм ээ" гэж хэлэхээр хүн биш гэдэг нь харагддаг бөгөөд энэхүү нөхцөл байдлаас хамгийн их давуу байдал, ашиг хонжоо олсон байдаг. Уг ажлыг бүтээхээр банк болон найз нөхдөөсөө маш их зөвлөгөө авч байсан тухайгаа өөрөө мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ хүний үйлдлийг Цагдаагийн байгууллага шалгасан боловч аймгийн Прокурорын газраас 2 удаа хэрэгсэхгүй болгосон бөгөөд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс уг хүнийг татуулахаар буцаасан боловч Давж заалдах шатны шүүхээс шаардлагагүй гэж үзсэн байдаг.

 

Үүнийг миний бие эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч эцэслэн шийдвэрлээгүй хэрэг хянахгүй гээд гомдлыг буцаасан болно. Гэхдээ энэ асуудлыг Давж заалдах шатны шүүхийн дараагийн бүрэлдэхүүн анхааралдаа авч шийдвэрлэнэ гэж итгэж байгаа.

 

Дөрөв: Э.Мын хувьд Ч.Цэцгээ болон З.Мэндсайхан нарын алинтай нь ч уулзаж байр шилжүүлэх болон зээл авах талаар ярилцаагүй, тэдгээрт ямар нэгэн санал тавиагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байдаг. Харин Ч.Цэцгээгээс эхнэр Б.М нь мөнгө зээлэхээр болоход Ч.Цэцгээ нь ганцааранд чинь мөнгө өгөхгүй. эгчийгээ дууд гэсэн шаардлага тавьсаны дагуу нөхөр Э.Мыг дуудаж Зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан байдаг. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш бөгөөд мөнгө авсаныг нотлох баримт болохоос залилж мэхэлсэн гэдгийг нотлох баримт биш юм. Гэтэл Э.Мыг эхнэр Б.Мтэй хамтран Ч.Цэцгээг залилсан гэж анхан шатны шүүхээс үзсэн нь буруу бөгөөд тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

 

Тав. З.Мэндсайхан нь тухайн үед Б.М, Э.М нарын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг, 21-р байрны 4-р орцны 56 тоотод байрлах 37м2 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах зорилгогүй байсан атлаа "уг байрыг албадан чөлөөлүүлэх тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Энэ нь түүний анхнаасаа шунахай сэдэлтээр энэ бүхнийг зохион байгуулж ирсэнийг нотлох түүний өөрийнх нь зүгээс хийж байгаа үйл ажиллагаа юм.

 

Түүний гаргасан нэхэмжлэлийг одоогоор түдгэлзүүлээд байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн хуулбарыг хэргийн материалд хавсаргасан байгаа болно. Хавтаст хэргийн материалд цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд Б.М, Э.М нар нь Ч.Цэцгээгээс зээлийн гэрээ байгуулсаны үндсэн дээр мөнгө зээлсэн, уг мөнгөөр Ч.Цэцгээд хэлж байсны дагуу байрныхаа өмнөх зээлийг хаасан. уг зээлийг хааснаар З.Мэндсайханд ашигтай давуу байдал бий болсон болохоос Б.М, Э.М нарт ямар нэгэн ашигтай нөхцөл, давуу байдал үүсээгүй байдаг. “Хас” банкинд cap бүр төлдөг байсан Орон сууцны зээлийг Ч.Цэцгээгээс мөнгө зээлж хааснаар cap бүр цувуулж төлөх өрийг нэг дор төлөх өрөөр сольсон. улмаар байраа З.Мэндсайханд алдах нөхцөл байдал үүссэн, Цагдаагийн байгууллагад шалгагдаж болон шүүхээс ял шийтгэл хүлээж сэтгэл санаа, цаг заваараа хохирсон, улмаар ажилгүй болох дээрээ тулаад байгаа болно. Харин З.Мэндсайханы хувьд худал хэлж бусдыг гэмт хэрэгт холбогдуулж байж өөрийн авлагаа авсан, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байж хүү тооцон авсан. Төв аймгийн хуулийн байгууллагуудын ивээлийг хүртэж удаа дараа хэрэгсэхгүй болсон, хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн байрны гэрчилгээ өөрийн нэр дээр байгаа давуу байдлаа ашиглан байрнаас нь албадан гаргуулахаар шүүхэд хандан сэтгэл санааны хямралд энэ гэр бүлийг тогтмол байлгаж байгаа гээд үнэхээр давуу байдалтай байгаа нь хэргийн материалаас харагдана.

 

Иймд ЭХХШТХуулийн 39.9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь. эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхболд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Мт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг хаана, хэрхэн эдлүүлэх, ял эдлэлтийн байдалд ямар байгууллага хяналт тавих талаар шийтгэх тогтоолд тусгаагүй. Шийтгэх тогтоолд 93-04 ТӨВ улсын дугаартай Приус-20 маркийн авто машиныг битүүмжилсэнийг хэвээр үлдээсэн мөртлөө уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ болох 01206759 тоот гэрчилгээг шүүгдэгч Б.Мд буцаан олгож шийдсэн нь хохирол нөхөн төлөхөд боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.М, Э.М нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.М, Э.М нарын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр гараад 4 сар болж байна. Хохирогчид нэг ч төгрөг өгөөгүй. Тухайн тээрийн хэрэгслийг хураан авсан атлаа гэрчилгээг нь Б.Мд буцаан олгосон тул хохирол төлөх боломжийг алдагдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэжээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.М Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

     Шүүгдэгч Э.М, Э Мөнхөө нар нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сонин Шийдэл” ББСБ-ын байранд иргэн Ч.Цэцгээгээс бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 21 400 000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Б.Мгийн: “...байраа банкны зээлийн барьцаанаас салгаж авах гэтэл миний Хас банкнаас өмнө нь авсан зээлийн үлдэгдэл хүүтэйгээ нийлээд 21 400 000 төгрөг олох шаардлагатай болсон...Ингээд Цэцгээ эгчээс мөнгө авахаар шийдээд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Цэцгээ эгчид “Мэндсайхан эгч миний байрыг худалдан авах гэж байгаа. Гэтэл миний орон сууцны гэрчилгээ Хас банкны барьцаанд байгаа, 21 400 000 төгрөг хэрэгтэй байна. Энэ зээлээ хаасан даруйд Мэндсайханд байраа зараад байрны зээл гарахаар нь зөрүү мөнгөөр нь авсан мөнгөө төлье” гэж хэлээд 21 400 000 төгрөгийг нөхөр Мөнхбаатарын хамтаар очиж бэлэн тоолж авсан...Манай нөхөр Мөнхбаатар намайг Мэндсайхан эгчид 25 000 000 төгрөгийн өрөнд орсон гэдгийг, байраа худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлээд Мэндсайханд өрөө төлж байгаа талаар мэдсэн” /1хх-ийн 8-9,174-175 хуудас, 2 хх-ийн 32, 124-126 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Э.Мын: “...2016 оны 07 дугаар сарын үед манай эхнэр Мөнхөө “Мэндсайхан эгчид 20 гаруй сая төгрөгийн өрөнд орчихлоо. Өр зээлээ дарахын тулд өөрсдийн эзэмшлийн байраа Мэндсайхан эгчийн нэр дээр шилжүүлээд удаан хугацааны зээл авах гэсэн юм гээд надтай зөвшилцөж байсан. Тэгээд өөрийн 3 өрөө байраа Мэндсайхан эгчийн нэр дээр шилжүүлэн зээл гаргуулж Мэндсайханы өрийг төлж байрныхаа зээлийг өөрсдөө төлөхөөр болсон. 2016 оны 08 дугаар сарын эхэн үед ББСБ-д эхнэртэйгээ хамт орж Цэцгээ гэх хүнээс 21 000 000 төгрөг аваад мөнгө авсан баримт дээр гарын үсэг зурсан. Зээлсэн 21 400 000 төгрөгийг эхнэр бид хоёр Мэндсайханы зээл бүтэхээр өгнө гэж бодож байсан ч өгч чадаагүй” /1хх-ийн 15,149-150, 2 хх-ийн 121 хуудас/  гэх мэдүүлэг,

 

- Хохирогч Ч.Цэцгээгийн: “...Мөнхөө 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Мөнхөө Сонин шийдэл ББСБ-ын байранд ирээд надад хандан манай хувийн цэцэрлэг маань ажиллаж байгаа. Цэцэрлэгт маань сард 1 800 000 төгрөгийн санхүүжилт төсвөөс өгч байгаа. Би ажлаа сольж арай өндөр цалинтай ажилд орох гэж байгаа. Мөнхзаяа эгч надад цалингийн зээлийн зөрүү 5 000 000 төгрөг авч өгнө гэсэн. Дүү нь танд мөнгийг тань 1 хоногийн дараа эргүүлээд өгнө өө гэж байсан. Байраа хэнд зарах гэж байгааг асуухад “ЗМ дэлгүүрийн Мэндсайханд зарах гэж байгаа”. гэж хэлсэн...

Би Мөнхбаатар Мөнхөө хоёрын хажууд Мэндсайханы утас руу залгаад “Чи Мөнхөө, Мөнхбаатар нарын орон сууцыг худалдаж авах гэж байгаа юмуу” гэхэд надад “тийм ээ” гэж хариулсан.

 

     Ингээд би  Мэндээг орон сууцыг нь худалдаж авах нь үнэн юм байна гэж бодоод бас Мэндээгийн зээл гарчих байх гээд гэртээ байсан 21 400 000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай Мөнхөө Мөнхбаатар хоёрт бэлэн тоолж өгсөн.” /1хх-ийн 6-7,132-134 хуудас, 2 хх-ийн 102-103 хуудас/ гэх мэдүүлэг,

 

-  Гэрч  З.Мэндсайханы: “...Цэцэгээ гэх хүн над руу утасдаж чи Мөнхөөтэй байрны наймаа хийж байгаа юм уу, худалдах худалдан авах гэж гэрээ хийсэн юм уу гэхээр нь би тухайн үед юм бодолгүй “тийм ээ” гэсэн. Цэцэгээ захирал “өө за за” гээд утсаа тасалчихсан юм. Тухайн үедээ би Мөнхөөг Цэцгээ гэх хүнд худлаа ярьж байгаа гэж бодоогүй болохоор нэг их нуршаагүй, бас Цэцгээ эгч надаас худалдах худалдан авах гэрээ хийж байгаа юм уу гэхээр нь “тийм ээ” гэж хариулсан.” /1хх-ийн 10-12, 143-145 хуудас/ гэх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

 

                -  Ч.Цэцгээгээс  Б.М, Э.М нарт 21 400 000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай зээлийн гэрээ /1хх-ийн 130 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн  ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, Э.М нарыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ч.Цэцгээгээс  21 400 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч Э.Мт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын  ял эдлэлтийн байдалд ямар байгууллага хяналт тавих талаар тодорхой тусгаагүй, 93-04 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсэн атлаа уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Мд буцаан олгож шийдвэрлэсэн нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар шүүх ялтны мэргэжил, ур чадварыг харгалзан ялтанд тодорхой нийтэд тустай ажлыг хийхээр даалгасан тохиолдолд ялыг шүүхийн шийдвэрт заасан журмын дагуу гүйцэтгэх ба шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэхээр зохицуулсан байх тул нийтэд тустай ямар ажил хийлгэхийг шүүх шийдвэртээ заагаагүй гэж буруутгах үндэслэл байхгүй байна..

Харин “шүүгдэгч нарын үйлдэлд шунахай сэдэлт байхгүй тул гэмт хэрэг гэж үзэхгүй, иймд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн гаргасан  гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй байна. Учир нь:

 

Шүүгдэгч Б.М, Э.М  нар Ч.Цэцгээгээс мөнгө зээлэхдээ  өөрийн байрыг З.Мэндсайханд зарж байгаа, зээлсэн 21 400 000 төгрөгийг 3 хоногийн дараа төлнө гэж ойлгуулан, бодит байдлыг нуун  хохирогчийг төөрөгдөлд оруулж мөнгийг авсан  үйлдэл нь  хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.

 

Бусдын өмчлөх эрхийг хуурах аргаар, төөрөгдүүлэх замаар эд юмсыг авч, өөртөө эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авдаг нь хуурч мэхлэхийн  гол шинж ба санаатай үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Б.М Ч.Цэцгээтэй 2016 оны 07 сарын эхээр уулзаж “миний ажил сайн байгаа, цэцэрлэгээ ажиллуулж байгаа, нэг юм гуйна аа” гэж хэлсэн,  2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр “орон сууцаа 62 сая төгрөгөөр зарах гэж байгаа, 19 сая төгрөг хэрэгтэй байна, туслаач” гэж утсаар ярьсан, 2016 оны 08 дугаар сарын 08-нд уулзаж “цэцэрлэгт маань төсвөөс сард 1 800 000 төгрөгийн санхүүжилт өгч байгаа, нөхөр бид 2 хоёулаа ажиллаж байна. Мөнхзаяа эгч 5 сая төгрөг надад өгнө, дүү нь 1 хоногийн дотор найдвартай мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дахин уулзаж, нөхөр Э.Мын хамт 21 400 000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай бэлнээр зээлж авчээ.

 

 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр банкнаас  36 600 000 төгрөгийн зээл авч, З.Мэндсайханд төлөх өрийг төлөөд, үлдсэн 12 сая төгрөгийг өөрөө авч, энэ өдрөө Ч.Цэцгээтэй уулзаж, ”зээл бүтэхгүй байна, манай нөхөр 6 хоногийн хүүний мөнгө олоод ирлээ” гэж хэлээд 1 284 000  төгрөгийн зээлийн хүү төлсөн байна.

 

Б.М өөрийнх нь хувийн бизнес, эрхэлж байгаа ажил нь тогтвортой сайн ажиллаж байгаа, банкны зээл авснаар өөрөөс нь зээлсэн мөнгийг эргүүлж төлөх боломжтой гэсэн итгэл үнэмшлийг хохирогчид төрүүлсэн, банкнаас зээл авсны дараа  Ч.Цэцгээд мөнгийг төлөөгүй, “зээл бүтсэнгүй, 6 хоногийн зээлийн хүү  олж ирлээ” гэж худал хэлсэн, хохирогчоос мөнгө авахын өмнө болон авсны дараа хохирогчид  худлаа ярьж, хуурч байсан  зэрэг Б.Мгийн идэвхтэй үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх ба Б.Мгийн Ч.Цэцгээг хуурч мөнгө авах энэ санааг шүүгдэгч Э.М анхнаасаа мэдэж байсан, үйлдэлд нь санаатай нэгдэн оролцсон  тул  тухайн гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ “шүүгдэгч нараас 18 166 000 төгрөгийг гаргуулах”-аар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  зохих өөрчлөлтийг оруулж,  шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-аар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.М нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

- 7 дахь заалтын  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.М, Э.М нараас 18.166.000 /арван найман сая, нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулан Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 21-1-Б тоотод оршин суух Чонос овгийн Чулууны Цэцгээд РД/НЭ:56012103/ олгосугай.” гэснийг

 “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар Б.Мгаас 9083000 /есөн сая наян гурван мянга/ төгрөг, Э.Маас 9083000 /есөн сая наян гурван мянга/ төгрөгийг тус тус гаргуулан Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 21-1-Б тоотод оршин суух Чонос овгийн Чулууны Цэцгээд РД/НЭ:56012103/ олгосугай.” гэж,

- 8 дахь заалтаас “...94-03 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 01206759 тоот гэрчилгээг шүүгдэгч Б.Мд буцаан олгож” гэсэн хэсгийг хасаж, тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, “хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан

 

шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                       Т.ЭНХМАА

 

                                                                                           Г.БОЛОРМАА