Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01340

 

 

А.Цэгмэд, Ц.Дэмбэрэлдаш нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02455 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 238 дугаар магадлалтай,

А.Цэгмэд, Ц.Дэмбэрэлдаш нарын нэхэмжлэлтэй,

Эн Ар Си ХХК-д холбогдох,

298,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2012.05.23-ны өдрийн 12/02 тоот Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбажаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2012.05.23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Тайнийн гудамж 12 тоотод байрлах 698 м.кв газрыг компанийн өмчлөлд шилжүүлэн авах, төлбөрт 300 м.кв үйлчилгээний зориулалттай талбай, 2 өрөө орон сууц, 1 ш автозогсоол буюу гарааш өгөхөөр тохиролцсон. Дээрх газар дээр Эн Ар Си ХХК нь орон сууц барихаар төлөвлөж, төлөвлөгөөнийх нь дагуу орон сууц уг газар дээр баригдаж, ашиглалтад орсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч талын зүгээс биелүүлж, өмчлөлийн газраа хариуцагч компанид шилжүүлсэн. Ингээд 2014 оны 9 сард орон сууц баригдаж, орон сууцны 42.53 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц 92.48 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбай өгсөн. Үүнээс хойш удаа дараа холбогдож гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг буюу авто зогсоол болон 202 м.кв үйлчилгээний талбайг удаа дараа шаардсан. Гэтэл хариуцагч тал үүргээ биелүүлэхгүй, хугацаа өгөөч гэх зэргээр тайлбар тавьсаар сүүлдээ оршин суугаа хаягаа өөрчилж холбогдох боломжгүй болсон. Энэ талаар шүүхэд удаа дараа хандсан. Шүүхээс эрэн сурвалжлаад оршин суугаа хаягийг олж, нэхэмжлэл гаргахад өөр дүүрэгт оршин суудаг гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж дахин урт хугацаа өнгөрсөн. Иймд Эн Ар Си ХХК-иас авто зогсоол болон үйлчилгээний талбай нь байхгүй учраас дээрх хөрөнгийн үнэ 298,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх Ц.Дэмбэрэлдаш, А.Цэгмид нар нь Эн Ар Си ХХК-ийн захирал н.Ганхуягтай уулзахдаа 12 болон 13 тоот хашааг манайх өмчилдөггүй гэж хэлж байсан. Иймд тухайн газрыг Эн Ар Си ХХК худалдаж авахаар санал болгоход манайх худалдах сонирхолгүй байгаа өөр зүйлээр тохиролцож болно гэж ярьдаг. Газрын хэмжээг талууд тохирч чадахгүй байсан учраас гэрээ байгуулагдаагүй, барилгын ажил эхлэхгүй байж байгаад Ц.Дэмбэрэлдаш нь 2012 оны 5 дугаар сард зөвшөөрч улмаар Нийслэлийн Засаг даргад хандан хэсэг газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасны дагуу Засаг даргын 2012.07.05-ны өдрийн А/490 захирамжаар Ц.Дэмбэрэлдаш, н.Нацагням нарт үйлчилгээний орон сууцын зориулалттай Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Тайнийн гудамжны 12, 13 тоотод барилга барих тухай захирамж гаргасан. Ингээд А.Цэгмэд нар нь хамтран ажиллах гэрээг Эн Ар Си ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох н.Ариунзултай 2012.05.23-ны өдөр байгуулсан. Ц.Дэмбэрэлдаш, А.Цэгмэд нараас Эн Ар Си ХХК-ийн захирал итгэмжлэл авч холбогдох зөвшөөрлийг хөөцөлдөж эхэлсэн ба барилга барихаар газар шорооны ажил эхэлсний дараа тус 13 тоотын хууль ёсны эзэмшигч н.Байгалмаа гэх хүн гарч ирснээр талуудын хооронд маргаан үүссэн. Эн Ар Си ХХК нь н.Байгалмаагаас 13 тоот газрыг 62,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд барилгын ажлыг улсын комисс 2014 оны 9 сард хүлээн авсан байна. н.Нацагням нь Засаг даргыг хариуцагчаар татаж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2013.07.03-ны өдөр нэхэмжлэл гаргаж 2013.07.10-ны өдөр захиргааны хэрэг үүссэн. Мөн Эн Ар Си ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан. 2015.03.30-ны гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Тайнийн гудамж 13 тоот хашааны 462 м.кв газрыг иргэн Ч.Байгалмаад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч Захиргааны хэргийн шүүх түүнийг хэргэсэхгүй болгосон. Ц.Дэмбэрэлдаштай ямар нэгэн гэрээ байгуулаагүй ч барилга баригдсаны хувьд 2 өрөө байр, үйлчилгээний 93 м.кв талбайг шилжүүлэн өгсөн. Ц.Дэмбэрэлдаш, А.Цэгмэд нар нь энэ талаар нэхэмжлэлдээ дурьдсан байдаг. Иймд газраа шилжүүлж өгөөгүй А.Цэгмэд, Ц.Дэмбэрэлдаш нар гэрээ байгуулаагүй учир гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Нарангэрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Дэмбэрэлдаш, А.Цэгмэд нартай 2012 оны 4 дүгээр сард уулзахад 12 болон 13 тоот хоосон хашааг манайх өмчилдөг гэсэн тул уг газруудыг нь худалдаж авъя гэдэг санал гаргасан. Нийслэлийн Засаг даргад хандан эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжаар Ц.Дэмбэрэлдаш, Б.Нацагням нарт үйлчилгээний орон сууцны зориулалтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Тайнийн гудамжны 12, 13 тоотод барилга барихыг зөвшөөрсөн. Барилгын ажил эхлүүлэх тухай мэдэгдэл 2012.07.05-ны өдөр гарсны дараа Ц.Дэмбэрэлдаш, Б.Нацагням нараас 2012.07.20-ны өдөр итгэмжлэл авч, холбогдох зөвшөөрлийг хөөцөлдөж эхэлсэн. Барилга барихаар газар шорооны ажил эхлээд явж байтал 13 тоот хашааны хууль ёсны эзэмшигч Ч.Байгалмаа гэх хүн гарч ирсэн ба талуудын хооронд маргаан үүсч, улмаар уг газрыг нь Ч.Байгалмаагаас 62,000,000 төгрөгөөр 2013.03.05-ны өдөр худалдан авсан. Б.Нацагням нь Нийслэлийн засаг даргыг хариуцагчаар татаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2013.07.03-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба 2013.07.10-ны өдөр захиргааны хэрэг үүссэн. Эн Ар Си ХХК-ийг гуравдагч этгээдээр 2013.07.27-ны өдөр татсан. А.Цэгмэд нь газар өмчлөгч биш байсан тул 2015.03.30-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Тайнийн 13 тоотод хашааны 462 м.кв газрыг иргэн Ч.Байгалмаад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн ч уг захиргааны хэрэг хэрэгсэхгүй болсон. Тэгэхээр Ч.Байгалмаагийн газраас илт илүү буюу 3 дахин илүү үнэ төлж, 2 өрөө орон Сууц үйлчилгээний зориулалттай 93 м.кв талбайг шилжүүлж өгсөн байгаа бөгөөд холбогдох гэрээг судлан үзэхэд хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн байна. Иймд 2015.05.23-ны өдрийн 12/02 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Түмэннаст сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээгээр А.Цэгмэд, Ц.Дэмбэрэлдаш нарын өмчлөлийн асуудал яригдаж байсан болохоос 13 тоот газар нь гэрээгээр яригдаагүй. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд н.Ариунзул гэрээнд гарын үсэг зурж гэрээг хийсэн. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан. Хэдийгээр бүрэн эрхгүй гэдэг нь тухайн компанийн асуудал боловч энэ гэрээ аль хэдийн эхлээд барилга орон сууц нь баригдаад эрх бүхий этгээд нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Барилга 2014 оны 9 сард баригдсан байна. Үүний дараагаар 2015.09.28-ны өдөр захирамж гарсан. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал байхгүй. Захиргааны шүүхэд Б.Нацагням гэдэг хүн хандсан. Хариуцагч тал Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2 дахь заалтаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Юуны улмаас хүсэл зоригийн илэрхийлэл төөрөгдсөнийг шалгах хэрэгтэй. Талууд гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж ойлгож болно. Талуудын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ 2013 оны 2 дугаар сарын 22 ны өдөр хийгдсэн. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дах хэсэгт заасан ч хариуцагч тал нь мэдэгдээгүй. Хэрэв мэдэгдсэн бол гэрээнд өөрчлөлт оруулах хангалттай боломжтой байсан. Иймд хариуцагч тал одоо ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дах хэсэгт заасан. Иймд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02455 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч Эн Ар Си ХХК-иас 298,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Цэгмэд, Ц.Дэмбэрэлдаш нарт олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-д зааснаар нэхэмжлэгч А.Цэгмэд, Ц.Дэмбэрэлдаш нарт холбогдуулан гаргасан 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Эн Ар Си ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Эн Ар Си ХХК-иас 600,000 төгрөг гаргуулж, шинжээч Барилгын төсөвчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,647,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,647,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,647,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ийы өдрийн 238 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,647,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбажаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.29-ний өдрийн 239 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг хөндөж, хариуцагчийн нотолбол зохих байсан ажиллагааг анхан шатны шүүхээр хийлгүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх болон шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах тухай заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч А.Цэгмэд нь бусдаас олгосон итгэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн шүүхэд бусдыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байдал нь түүний иргэний журмаар бусдаас гэрээний үүргийн биелэлт шаардахад хамааралгүй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийг нотлох баримтаар цуглуулж өгсөн байдаг. Уг захиргааны хэргийн шүүхийн маргаан нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар /12тоот/-тай холбоогүй, Нацагням гэх иргэний 13 тоот газартай холбоотой маргаан юм. Талууд анх арилжааны гэрээгээр ...Б тал өөрийн өмчлөлийн газрыг А талд шилжүүлнэ... гэж тохиролцсон ба нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн буюу 12 тоотод байрлах газрыг шилжүүлж өгсөн. 13 тоотод байрлах газар нь анхнаасаа нэхэмжлэгч нарын өмчлөлд байгаагүй Байгалмаа гэх хүний өмчлөлд байсан, уг өмчлөлтэй нь холбогдуулж Нацагням гэх хүн захиргааны журмаар гомдол гаргасан нь энэ иргэний хэрэгт ямар ч хамааралгүй юм.

Мөн түүнчлэн хариуцагч нь хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэж үзэж байсан бол 13 тоот газрыг Байгалмаагийн өмч гэдгийг мэдмэгц /2012 онд/ энэ талаар тухайн үед гомдол гаргах боломжтой байсан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын 2012.07.05-ны өдрийн А/490 дугаар захирамжид заасан Хан-Уул дүүргийн 9-р хороо, Тайнь 1 дүгээр гудамж. 12, 13 тоотод байрлах газруудыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон гэж тодорхойлсон ч цаг хугацааны хувьд зохигчдын байгуулсан арилжааны гэрээ нь Нийслэлийн Засаг даргын А/490 дүгээр захирамж гарахаас өмнө байгуулагдсан байсныг давж заалдах шатны шүүх анхаарахгүйгээр барилгын доорх газрыг бүхэлд нь шилжүүлэх байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үндэслэлгүй дүгнэж. хамааралгүй захиргааны хэргийн маргааныг хамаатуулж /хольж/ дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шилжүүлэх газрын үнэлгээ тодорхой бус, газрын үнийг тодорхой болгох нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна гэж үндэслэлгүй дүгнэсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд харилцан солилцож байгаа эд хөрөнгийн үнийн ялгааг хэрхэн шийдвэрлэх нь талуудын мэдлийн асуудал юм. Зохигчид харилцан газрын эрх болон орон сууц, гарааш, үйлчилгээний талбайг харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын гэрээний чөлөөт байдалд халдаж, арилжааны гэрээний солилцооны онолыг буруу тайлбарласан. Мөн хариуцагчийн татгалзлын үндэслэл нь газрын үнэлгээтэй холбоотой бус арилжааны гэрээний харилцан шилжүүлэх үүргийн хэмжээ болох эд хөрөнгийн дутагдалтай холбоотойгоор маргасан байхад давж заалдах шатны шүүх маргааны зүйлийн хүрээнээс хальж дүгнэсэн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.29-ний өдрийн 239 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 181/ШШ2019/02455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Цэгмэд, Ц.Дэмбэрэлдаш нар нь Эн Ар Си ХХК-д холбогдуулан 298,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2012.05.23-ны өдрийн 12/02 тоот Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1.   Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2012.05.23-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 698 м.кв газрыг компанийн өмчлөлд шилжүүлсэн, төлбөрт 300 м.кв талбай бүхий үйлчилгээний заал, 2 өрөө орон сууц, автомашины зогсоол өгөхөөр харилцан тохиролцсон боловч 2 өрөө орон сууц, 92 м.кв талбай бүхий үйлчилгээний заал шилжүүлээд үлдэх төлбөрийг өгөөгүй. Одоо дээрх талбайг авах боломжгүй болсон тул үлдэгдэл 202 м.кв талбай бүхий үйлчилгээний заал, автомашины зогсоолын үнэ 298,000,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлаж,

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Тайнь 1 дүгээр гудамжны 12, 13 тоотод барилга барих зөвшөөрөл гарч, барилгын ажил эхэлсний дараа 13 тоот газрын өмчлөгчөөр гуравдагч этгээд гарч ирснээр талуудын хооронд маргаан үүссэн. Энэ талаар Захиргааны хэргийн шүүхээр маргаан шийдвэрлэгдсэн. ...барилга баригдсны дараа Ц.Дэмбэрэлдаш нартай гэрээ байгуулаагүй ч 2 өрөө байр, 93 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай шилжүүлж өгсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй, улмаар гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно... гэж маргажээ.

2.   Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш гэж үзлээ.

Тухайлбал, нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамжны 12 тоотод байршилтай газрыг хариуцагчид шилжүүлсэн гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргасан бол хариуцагч нь нэхэмжлэгчээс 12, 13 тоот хашааны газрыг худалдаж авахаар тохирсон байтал 13 тоот хашааны өмчлөгч Ч.Байгалмаа гэж хүн гарч ирснээр түүнд газрын үнийг төлсөн, нэхэмжлэгчээс Ч.Байгалмаагийн газар өмчлөх эрхтэй холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

Хэрэгт дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр авагдаагүйгээс тус маргаан энэ хэрэгт хамааралтай эсэхийг тодорхойлох боломжгүй, магадлалд заасан хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал тодорхой бус байгаагаас давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

3.   Зохигч 2012.05.23-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, 2013.02.22-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулжээ. Шүүх дээрх гэрээний зүйл, хүчин төгөлдөр байдал, хүсэл зориг, үр дагаврын талаар харьцуулан дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ямар үндэслэлээр Хамтран ажиллах гэрээг нь сонгож нэхэмжлэл гаргасан, хоёр дахь буюу худалдах-худалдан авах гэрээ хэрэгт ач холбогдолтой эсэх, мөн дээрх гэрээнүүдийн хугацаа, агуулга, маргаан гарсан цаг хугацаа, үйл баримттай холбогдуулан зохигчоос тодруулаагүй, зохигчийг гэрээ байгуулах үед маргаж буй 13 тоот хашааны өмчлөгч нь хэн байсан, нэхэмжлэгч тухайн этгээдийн өмнөөс хэлцэл хийх эрх бүхий эсхүл нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд эсэх зэрэг нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх дүгнээгүй, энэ талаар мэтгэлцээгүй байхад тодруулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй, хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 238 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гарагсан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбажаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргалаас 2021.11.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,647,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД