Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2455

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: А.Ц

 

Нэхэмжлэгч: Ц.Д  нарын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э А С ХХК -д холбогдох

 

   298,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 тоот Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Түмэннаст, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Ц, Ц.Д  нар нь хариуцагч Э А С ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа анх автозогсоол болон 202 м.кв үйлчилгээний талбайг гаргуулах тухай байсан ч автозогсоол болон үйлчилгээний талбай нь байхгүй учраас 298,000,000 төгрөгийн үнийн дүн болгон өөрчилсөн. Талуудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Тайнийн гудамж 12 тоотод байрлах 698 м.кв газрыг компанийн өмчлөлд шилжүүлэн авах, шилжүүлэн авсны хөлсөнд 300 м.кв үйлчилгээний зориулалттай талбай, 2 өрөө орон сууц, 1 ш автозогсоол буюу граш өгөхөөр тохиролцсон.

Дээрх газар дээр Э А С ХХК нь орон сууц барихаар төлөвлөж, төлөвлөгөөнийх нь дагуу орон сууц уг газар дээр баригдаж, ашиглалтанд орсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч талын зүгээс биелүүлж, өмчлөлийн газраа хариуцагч компанид шилжүүлсэн. Ингээд 2014 оны 9 сард орон сууц баригдаж, орон сууцны 42,53 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц 92,48 мкв бүхий үйлчилгээний зориулалттай талбай өгсөн. 

Үүнээс хойш удаа дараа холбогдож гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг буюу автозогсоол болон 202 м.кв үйлчилгээний талбайг удаа дараа шаардсан. Гэтэл хариуцагч тал үүргээ биелүүлэхгүй, хугацаа өгөөч гэх зэргээр тайлбар тавьсаар сүүлдээ оршин суугаа хаягаа өөрчилж холбогдох боломжгүй болсон. Энэ талаар шүүхэд удаа дараа хандсан. Шүүхээс эрэн сурвалжлаад оршин суугаа хаягийг олж, нэхэмжлэл гаргахад өөр дүүрэгт оршин суудаг гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж дахин урт хугацаа өнгөрсөн.

Иймд Э А С ХХК-иас автозогсоол болон үйлчилгээний талбай нь байхгүй учраас 298,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Гэрээгээр А.Ц , Ц.Д  нарын өмчлөлийн асуудал яригдаж байсан болохоос 13 тоот газар нь гэрээгээр яригдаагүй. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд н.Ариунзул гэрээнд гарын үсэг зурж гэрээг хийсэн. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан. Хэдийгээр бүрэн эрхгүй гэдэг нь тухайн компанийн асуудал боловч энэ гэрээ аль хэдийн эхлээд барилга орон сууц нь баригдаад эрх бүхий этгээд нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Барилга 2014 оны 9 сард баригдсан байна. Үүний дараагаар 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр захирамж гарсан. Энэ нь Иргэний хуулийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал байхгүй. Захиргааны шүүхэд Б.Нацагням гэдэг хүн хандсан.

Хариуцагч тал Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2 дахь заалтаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Юуны улмаас хүсэл зоригийн илэрхийлэл төөрөгдснийг шалгах хэрэгтэй. Талууд гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурснаар хүсэл зоригийн илэрхийлэлийг хүлээн авсан гэж ойлгож болно. Талуудын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ 2013 оны 02 дугаар сарын 22 ны өдөр хийгдсэн. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан ч хариуцагч тал нь мэдэгдээгүй. Хэрэв мэдэгдсэн бол гэрээнд өөрчлөлт оруулах хангалттай боломжтой байсан. Иймд хариуцагч тал одоо ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-т хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй гэж заасан. Иймд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна  ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Ц.Д , А.Ц нар нь Э А С ХХК-ийн захирал н.Ганхуягтай уулзахдаа 12 болон 13 тоот хашааг манайх өмчилдөггүй гэж хэлж байсан. Иймд тухайн газрыг Э А С ХХК худалдаж авахаар санал болгоход манайх худалдах сонирхолгүй байгаа өөр зүйлээр тохиролцож болно гэж ярьдаг. Газрын хэмжээг талууд тохирч чадахгүй байсан учраас гэрээ байгуулагдаагүй, барилгын ажил эхлэхгүй байж байгаад Ц.Д  нь 2012 оны 5 дугаар сард зөвшөөрч улмаар Нийслэлийн Засаг даргад хандан хэсэг газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан.

Хүсэлт гаргасны дагуу Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/490 захирамжаар Ц.Д , н.Нацагням нарт үйлчилгээний орон сууцын зориулалттай Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Тайнийн   гудамжны 12,13 тоотод барилга барих тухай захирамж гаргасан. Ингээд А.Ц  нар нь хамтран ажиллах гэрээг Э А С ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох н.Ариунзултай 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Ц.Д , А.Ц  нараас Э А С ХХК-ийн захирал итгэмжлэл авч холбогдох зөвшөөрлийг хөөцөлдөж эхэлсэн ба барилга барихаар газар шорооны ажил эхэлсний дараа тус 13 тоотын хууль ёсны эзэмшигч н.Байгалмаа гэх хүн гарч ирснээр талуудын хооронд маргаан үүссэн. 

Э А С ХХК нь н.Байгалмаагаас 13 тоот газрыг 62,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд барилгын ажлыг улсын комисс 2014 оны 9 сард хүлээн авсан байна. н.Нацагням нь Засаг даргыг хариуцагчаар татаж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүссэн. Мөн Э А С ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан. 

2015 оны 03 дугаар сарын 30-ны гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Тайнийн  гудамж 13 тоот хашааны 462 мкв газрыг иргэн н.Байгалмаад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч Захиргааны хэргийн шүүх түүнийг хэргэсэхгүй болгосон.

Ц.Д тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй ч барилга баригдсны хувьд 2 өрөө байр, үйлчилгээний 93 м.кв талбайг шилжүүлэн өгсөн. Ц.Д , А.Ц  нар нь энэ талаар нэхэмжлэлдээ дурьдсан байдаг.

Иймд газраа шилжүүлж өгөөгүй А.Ц , Ц.Д  нар гэрээ байгуулаагүй учир гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ц.Д , А.Ц  нартай 2012 оны 4 дүгээр сард уулзахад 12 болон 13 тоот хоосон хашааг манайх өмчилдөг гэсэн тул уг газруудыг нь худалдаж авъя гэдэг санал гаргасан. Нийслэлийн Засаг даргад хандан эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжаар Ц.Д , Б.Нацагням нарт үйлчилгээний орон сууцны зориулалтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Тайнийн  гудамжны 12, 13 тоотод барилга барихыг зөвшөөрсөн.

Барилгын ажил эхлүүлэх тухай мэдэгдэл 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарсны дараа Ц.Д , Б.Нацагням нараас 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэл авч, холбогдох зөвшөөрлийг хөөцөлдөж эхэлсэн. Барилга барихаар газар шорооны ажил эхлээд явж байтал 13 тоот хашааны хууль ёсны эзэмшигч Ч.Байгалмаа гэх хүн гарч ирсэн ба талуудын хооронд маргаан үүсч, улмаар уг газрыг нь Ч.Байгалмаагаас 62,000,000 төгрөгөөр 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан.

Б.Нацагням нь Нийслэлийн засаг даргыг хариуцагчаар татаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүссэн. “Эн Ар Си” ХХК-ийг гуравдагч этгээдээр 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр татсан. А.Ц  нь газар өмчлөгч биш байсан тул 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Тайнийн  13 тоотод хашааны 462 м.кв газрыг иргэн Ч.Байгалмаад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн ч уг захиргааны хэрэг хэрэгсэхгүй болсон.

Тэгэхээр Ч.Байгалмаагийн газраас илт илүү буюу 3 дахин илүү үнэ төлж, 2 өрөө орон Сууц үйлчилгээний зориулалтай 93 м.кв талбайг шилжүүлж өгсөн байгаа бөгөөд холбогдох гэрээг судлан үзэхэд хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн байна.

Иймд 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч А.Ц , Ц.Д  нар нь хариуцагч Э А С ХХК-д холбогдуулан 298,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Э А С ХХК нь нэхэмжлэгч А.Ц , Ц.Д  нарт холбогдуулан 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь 202 м.кв үйлчилгээний зориулалттай талбай, нэг автомашины гражийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Э А С ХХК-ийн өмчлөлд үйлчилгээний зориулалттай болон гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байхгүй тул 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэ буюу 298,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Талуудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн газрыг шилжүүлэх, харуицагч Э А С ХХК нь 300 м.кв талбай бүхий үйлчилгээний заал, 2 өрөө орон сууц, 1 машины зогсоолыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх үүргийг тус тус хүлээхээр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь “Хамтран ажиллах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот хаягт байрлах 698 м.кв газрыг хариуцагч талд шилжүүлэн өгсөн ба хариуцагч нь 2 өрөө байр, 98 м.кв үйлчилгээний талбайг шилжүүлэн өгсөн. Гэрээний дагуу шилжүүлэх 202 м.кв үйлчилгээний талбайн үнэ 280,000,000 төгрөг, гражийн үнэ 18,000,000 төгрөг нийт 298,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж, хариуцагч нь “нэхэмжлэгч нар нь Нийслэлийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дугаартай захирамжийг үзүүлэн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот, 13 тоотод байрлах 0,07 м.кв талбайтай газрыг шилжүүлэхээр тохиолцож, гэрээ байгуулсан, гэтэл 13 тоотод байрлах газар нь иргэн Байгалмаагийн өмчлөлийн газар байсан тул бид Байгалмаагаас 13 тоот газрыг худалдаж авсан. Иймд одоо төлөх төлбөргүй, 12 тоот газрын үнийг 98 м.кв үйлчилгээний талбай болон 2 өрөө орон сууцаар төлсөн” гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заажээ.

 

 Талуудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлах боловч гэрээний агуулга, талуудын хүлээх үүргээс дүгнэхэд нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот хаягт байрлах 698 м.кв газрыг Э А С ХХК-д шилжүүлэх, хариуцагч нь 300 м.кв талбай бүхий үйлчилгээний заал, 2 өрөө орон сууц, 1 машины зогсоолыг шилжүүлэхээр тохиролцсон үйл баримтаас үзэхэд газрыг байр болон үйлчилгээний талбай, гражийн хамт харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн арилжааны гэрээг байгуулсан гэж үзэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээнд хариуцагч Э А С ХХК-ийг төлөөлөгч гүйцэтгэх захирал С.Ариунзул гарын үсэг зурж, Э А С ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулсан ба хариуцагч нь С.Ариунзул гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаагүй, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш гэж маргасан.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.” гэж заажээ.

 

Хариуцагч нь гэрээг байгуулмагц уг үндэслэлээр маргах боломжтой байсан ба нэхэмжлэгч нарт хариуцагч Э А С ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй гэх ойлголтыг төрүүлсэн, улмаар хуулийн этгээдийн тамгыг ашиглаж баталгаажуулсан, мөн хэлцлийг зөвшөөрч, гэрээний дагуу харилцан үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн, хэлцлийн дагуу барилга барьж үр шимийг хүртсэн үйл байх тул өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.

 

Иймд талуудын хооронд байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Э А С ХХК нь А.Ц , Ц.Д  нарын өмчлөлд 2 өрөө орон сууц, 98 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг шилжүүлэн өгсөн, мөн  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот хаягт байрлах 698 м.кв газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгч, улмаар хариуцагч нь уг газарт барилга барьсан үйл баримтад талууд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Хариуцагч нь Нийслэлийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дугаартай захирамжид заасан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот, 13 тоотод байрлах 0,07 м.кв талбайтай газрыг шилжүүлэн өгөхөөр тохиолцсон байхад 12 тоот газрыг шилжүүлэн өгсөн, 13 тоотын худалдан авсан гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд газрын хэмжээ болон хаяг тоотыг заагаагүй, мөн 13 тоот газрыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон үйл баримтыг баримтаар нотлогдохгүй байна.

 

            Нэхэмлэгч нар нь гэрээний үүргээ биелүүлж, тохиролцсон Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот хаягт байрлах 698 м.кв талбайтай газрыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн тул хариуцагчаас 202 м.кв үйлчилгээний талбай, болон нэг гражийн үнийг шаардах эрхтэй.

 

            Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-д “Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө.” гэж заажээ.

 

            Хариуцагч Э А С ХХК-ийн өмчлөлд үйлчилгээний зориулалттай 202 м.кв талбай, нэг авто машины зогсоол байхгүй болох нь баримтаар нотлогдож байх ба нэхэмжлэгч нь 202 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг нэг м.кв-ыг 1,387,000 төгрөгөөр үнэлж, нийт 280,000,000 төгрөг, авто машины зогсоолыг 18,000,000 төгрөгөөр тооцож, нийт 298,000,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч нарын хүсэлтээр шүүхээс уг үйлчилгээний талбай болон газрын үнэлгээг гаргуулахаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон бөгөөд 2012 онд үйлчилгээний зориулалттай талбай 1,400,000 төгрөг, 202 м.кв талбай 282,800,000 төгрөг, зогсоол 18,000,000 гэж үнэлжээ.

 

            Хариуцагч нь гэрээний үүргийг биет байдлаар шилжүүлэх боломжгүй тохиолдолд түүний үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч Э А С ХХК-иас 298,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ц , Ц.Д  нарт олгох үндэслэлтэй байна.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

            Хариуцагч нь “2012 оны 4 дүгээр сард уулзахад 12, 13 тоотод байрлах хоосон хашааг манай өмчлөлдөг гэсэн тул газруудыг нь худалдаж авъя гэдэг санал гаргасан. Барилгын газар шорооны ажил эхлэхэд иргэн Ч.Байгалмаа маргаан үүсгэж, уг газрыг Ч.Байгалмаагаас 62,000,000 төгрөгөөр худалдан авсан. Э А С ХХК нь хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн тул 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, нэхэмжлэгч А.Ц , Ц.Д  нар нь “2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 дугаартай Хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулахад бусдыг төөрөгдүүлээгүй. Бидний тохиролцоонд 13 тоот гэх нэг ч үг өгүүлбэр байхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

            Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-д “хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн” гэж заажээ.

 

            Хэлцлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинж байдлын талаар төөрөгдсөн гэж талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлийн зүйлийн шинж чанар, биет байдал, түүний орчин нөхцөл тохирч байх ёстой ба хэлцлийн зүйл нь үнийг тодорхойлох чухал ач холбогдолтой байх нөхцөл байдлыг ойлгоно.

 

            Хариуцагч нь 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дугаартай захирамжид заасан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот, 13 тоотод байрлах 0,07 м.кв талбайтай газрыг шилжүүлэн өгөхөөр тохиолцсон гэж тайлбарлах боловч цаг хугацааны хувьд хэлцэл уг захирамж батлагдаж гарахаас өмнө талуудын хооронд хэлцэл хийгдсэн байсан ба хариуцагч нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 13 тоот газрыг Ч.Байгалмаагаас 62,000,000 төгрөгөөр худалдан авсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Хэрэв, хариуцагч нь хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэж үзэж байсан бол Ч.Байгалмаагийн өмч гэдгийн мэдмэгц нэхэмжлэл гаргах боломжтой байсан, мөн талуудын хооронд байгуулсан хэлцэлд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 13 тоот газрыг шилжүүлэх тохиролцоо дурьдагдаагүй үйл баримтаас дүгнэхэд ноцтой төөрөгдсөн байдал тогтоогдохгүй байна.

 

            Хариуцагч нь  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот, 13 тоот газрыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон гэх боловч уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар үнсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал 600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Барилгын төсөвчдийн холбоонд олгох үндэслэлтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч Э А С ХХК-иас 298,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ц , Ц.Д  нарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-д зааснаар нэхэмжлэгч А.Ц , Ц.Д  нарт холбогдуулан гаргасан 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Э А С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Э А С ХХК-иас 600,000 төгрөг гаргуулж, шинжээч Барилгын төсөвчдийн холбоонд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,647,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,647,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,647,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР