Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 119/2020/0013/з |
Дугаар | 28 |
Огноо | 2021-12-03 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАЗД-д холбогдох
“ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай “З” ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0013/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ТӨҮГазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай “З” ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах.
“Нэхэмжлэлийн үндэслэл: “Э” ТӨҮГ нь Эрдэнэтийн овооны зэс-молибдений ордыг ОХУ-тай хамтарсан Уулын баяжуулах үйлдвэрийг 1978 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж улс, орон нутгийн эдийн засагт томоохон байр суурийг эзэлсэн шилдэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа Монгол Улсын тэргүүлэх үйлдвэр билээ. Тус ордын нөөцийг нэмэгдүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай ажиллах хугацааг уртасгах чиглэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 2602X, 2604X, 2605X, 2606X, 2607X дугаартай нийт 302351,34 га талбайг эзэмшдэг юм. “Э” ТӨҮГ-ын эзэмшдэг дээрх талбайнуудын тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болж, дээрх талбайнуудад Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баруун-Эрдэнэт-5 нэртэй газарт орших 1400.24 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах MV-020730 дугаартай тусгай зөвшөөрлийг “Э” ХХК /хуучин нэрээр/-д олгосон. Гэтэл “З” ХХК нь тус үйлдвэрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд газар шорооны ажлыг 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлүүлсэн тул тус үйлдвэрийн газрын холбогдох ажилтнууд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр газар дээр нь очиж үзэхэд ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжаар газар давхцуулан олгосон болохыг мэдсэн. ОАЗД-ын гаргасан захирамжаар газар давхцуулан олгосон үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг буюу “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн тул “Э” ТӨҮГ-аас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ТБ-117-12/886 дугаартай албан бичгээр ОАЗД-д “З” ХК-д олгосон 000317970 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
ОАЗД-аас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/1035 тоот албан бичгээр “Э” ТӨҮГ-ын ашигт малтмал ашиглах MY-020730 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газар нь АЗД-ын 2017 оны 06 сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжаар зэсийн үйлдвэр барих зориулалтаар “З” ХХК-д эзэмшүүлсэн газартай аймгийн газрын кадастрын мэдээллийн санд давхацсан зөрчилгүй байна” гэсэн хариу ирүүлснийг зөвшөөрөхгүй байна.
Иймд ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжаар “З” ХХК-д 1068491 м.кв газар олгосноос “Э” ТӨҮГ-ын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцал үүсгээд буй 846503 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Э” ТӨҮГ-ын 34000 га газрын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Түүнээс Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар “Э” ТӨҮГ нь 1400 га талбайд ашиглалтын үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор лиценз авсан байгаа. Одоо маргаад байгаа гол асуудал нь тэр ашиглалтын үйл ажиллагаа явуулаад байгаа 1400 га талбай дээр “З” ХХК-д эзэмшүүлсэн газар давхцаад байна гэдэг үндэслэлээр ОАЗД-д холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6, 53 дугаар зүйлийн 53.2 гэдэг заалтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Энэ заалт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, ашиглалтын лицензээ авснаас хойш харилцаанд хамааралтай. “Э” ТӨҮГ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ашиглалтын тусгай зөвшөөрлийн 1400 га талбайг хэсэгчлэн буцааж өгөх, талбай дээр хэсэгчлэн үйл ажиллагаа явуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргаагүй. Ашигт малтмалын тухай хууль болоод хэрэгт авагдсан баримтуудаас харахад “Э” ТӨҮГ-ын ашиглаж байгаа орд нь Улсын Их хурлын 2007 оны 27 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 300 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамаарсан байгаа. Стратегийн ач холбогдол бүхий орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон учраас орон нутгийн тусгай хамгаалалтад түр хугацаанд аваад ямар нэгэн хуулийн этгээдэд ашиглуулахгүй байх хүсэлт ОАИТХ болон ОАЗД-д гаргасан үйл баримт 2016 онд болсон байгаа. Нэгэнт орон нутгийн тусгай хамгаалалтад авахуулах зорилго нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалынхаа орд газрыг хамгаалах зорилготой байсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аваад зорилго нь биелэгдсэн учраас орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргаж авсан гэдэг үйл баримт болсон байгаа. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Хариуцагч ОАЗД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар дурджээ. Дээрх захирамжаар “З” ХХК-д 1068491 м.кв газрыг зэсийн үйлдвэр барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах МҮ-020730 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газар нь “З” ХХК-д эзэмшүүлсэн газартай аймгийн газрын кадастрын мэдээллийн санд давхацсан зөрчилгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ТӨҮГ нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр АИТХ-ийн даргад хүсэлт гаргасан байдаг. Гаргасан хүсэлтийн дагуу ИТХТ-ийн хуралдаанаас тус хүсэлт гаргасан газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байсан. Тусгай хамгаалалтад авах эрх нь ИТХ-д байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, уурхайн талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгөх эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтад “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно” гэж заасан байна. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь заалтад “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд уг талбайн хувьд тусгай зөвшөөрөл нь дуусгавар болно” гэж заасан. “Э” ТӨҮГ-ын тухайн газар нь “манай газартай давхцаад байна” гэж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх заалтад” Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно” гэж заасан байгаа. Өнөөдрийн байдлаар “Э” ТӨҮГ-ын зүгээс Орхон аймгийн Газар харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нэг ч удаа энэ талаар хүсэлт гаргаагүй байна. Ийм учраас аймгийн газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. Нэгэнтээ аймгийн газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон байхад энэ газар нь манай газартай давхцаад байгаа гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.
Гуравдагч этгээд “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаартай шүүгчийн захирамжаар “З” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Улмаар 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үндсэн нэхэмжлэлийг гүйцэтгэх захирал Б.М гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” тухай тайлбараа хүсэлттэй холбоотой тайлбартай хамтатган бичгээр гарган тус шүүхэд хүргүүлж байсан билээ. Гуравдагч этгээд “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр ЗХШХШТХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ТӨҮГазраас ОАЗД-д холбогдуулан “ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай “З” ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Гуравдагч этгээд “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М-аас “Гуравдагч этгээд “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх” хүсэлтийг шүүхэд ирүүлж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Гуравдагч этгээд “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар хэрэгт авагдаагүй талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 586 дугаар тогтоолд заасан. Иймд энэ зөрчил засагдаагүй, гуравдагч этгээдийн тайлбарыг авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь процессын алдаа болох талтай учраас энэхүү ажиллагааг хийж, холбогдох тайлбарыг авсны дараа шүүх хуралдааныг хийх саналтай байна” гэсэн хүсэлтийг гаргасан.
Гуравдагч этгээд “З” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа талаар тусад нь тайлбар гаргаж шүүхэд ирүүлээгүй бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн тайлбартаа “...нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа” талаар дурдсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М-аас “...2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” тухай тайлбараа хүсэлттэй холбоотой тайлбартай хамтатган бичгээр гарган тус шүүхэд хүргүүлж байсан билээ” гэж хүсэлтдээ бичиж ирүүлсэн байдаг.
Шүүхээс “З” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх...” гэж тус тус заасан эрх, мэтгэлцэх боломжоор хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж зааснаар гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд оролцож, шүүх хуралдааны үед ч тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг эдлэх боломжтой байдаг.
Харин гуравдагч этгээдийн зүгээс гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэх талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул гуравдагч этгээдээс заавал тайлбар авсны дараа хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзсэн.
Мөн “З” ХХК нь “Э” ТӨҮГ-тай тохиролцоонд хүрч гэрээ байгуулсан, тийм учраас шүүх хуралдаанд оролцохгүй, хүсэлтээ өгнө” гэж шүүгчийн туслахад тайлбарласан байсан, ямар гэрээ байгуулагдсан бэ?” гэх шүүгчийн асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л “Манай газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар гэрээ байгуулагдсан. Тийм учраас манай компани энэ маргаанаас гарлаа гэсэн” гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан болно.
Шүүхээс нэхэмжлэлийг хангаж, ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.
ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар (2 дахь хавтаст хэргийн 155-156 дахь тал) “З” ХХК-д зэсийн үйлдвэр барих зориулалтаар 1068491 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 000317970 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг (4 дэх хавтаст хэргийн 119 дэх тал) олгож, 16007 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг (4 дэх хавтаст хэргийн 120 дахь тал) 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулжээ.
ОАЗД нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан байна.
“З” ХХК-д зэсийн үйлдвэр барих зориулалтаар Баянцагаан багийн нутагт эзэмшүүлсэн газар нь ОАИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар тогтоол, түүний 2 дугаар хавсралтаар баталсан “Аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ”-ний төлөвлөгөөнд (4 дэх хавтаст хэргийн 126-131 дэх тал) тусгагдаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, мөн 33 дугаар зүйлийн 33.4-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчжээ.
Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж зааснаар дуудлага худалдаа, төсөл шалгаруулах журмаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй болох нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 248 дугаартай албан бичгээр ирүүлсэн “З” ХХК-ийн 61022101572 нэгж талбарын дугаартай газрын хувийн хэргийн материалд (4 дэх хавтаст хэргийн 171-180 дахь тал) дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан талаарх нотлох баримт байхгүй байгаагаар тогтоогдоно.
Мөн “З” ХХК-ийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь “Э” ТӨҮГ-ын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцаж байхад тухайн хүсэлт гаргасан газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүссэн эсэхийг нягтлан шалгалгүйгээр, газрыг давхардуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.
“Э” ТӨҮГ нь ашигт малтмалын хайгуулын ХВ-002602, ХВ-002604, ХВ-002605, ХВ-002606, ХВ-002607 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 8/1455 дугаартай албан бичгээр (4 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал) нотлогдсон.
Улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э” ТӨҮГ нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаснаар мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-т “...төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тушаалаар (2 дахь хавтаст хэргийн 179 дэх тал) Орхон аймаг, Баруун-Эрдэнэт-5 нэртэй 1400.24 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглах эрх үүссэн болох нь Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 8/4099 дугаартай албан бичгээр ирүүлсэн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон баримтууд (2 дахь хавтаст хэргийн 158-178 дахь тал), 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн МҮ-020730 дугаартай тусгай зөвшөөрөл (2 дахь хавтаст хэргийн 180 дахь тал), 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн МҮ-020730 дугаартай тусгай зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гуравдагч этгээд “З” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн МҮ-020730 дугаартай тусгай зөвшөөрөл, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн МҮ-020730 дугаартай тусгай зөвшөөрөлд заасан газрын нэр өөр өөр байгаа” гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчээс ““Э” ХХК нь Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөнтэй холбоотой ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн байгууллагын нэрийг өөрчилж авсан. Ингэхдээ өмнө газар нутгийн нэрээр нэрлэж байсныг ордоор нэрлэсэн” гэж тайлбарласан.
Ашигт малтмал ашиглалтын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн МҮ-020730 дугаартай тусгай зөвшөөрөл, түүний 1, 2 дугаар хавсралтаас харахад (1 дэх хавтаст хэргийн 22-24 дахь тал) тусгай зөвшөөрлийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шинэчлэн олгосон байх бөгөөд 1, 2 дугаар хавсралтад газрын хэмжээ, талбайн солбилцлын цэг өөрчлөгдөөгүй байна. Иймд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр анх 2016 оны 12 дугаар сарын 27-нд олгосон уурхайн эдэлбэр газар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн МҮ-020730 дугаартай тусгай зөвшөөрлөөр өөрчлөгдөөгүй гэж үзнэ.
“Э” ТӨҮГ-ын ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт “З” ХХК-д газар давхцуулан эзэмшүүлсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/228 дугаар тушаалаар томилогдсон шинжээчийн “...Эдгээр 2 газрын мэдээллийг давхцуулан үзэхэд давхцалтай байна. ...Эдгээр хоёр газар нь 846503 м.кв талбайгаар давхцаж байна” (2 дахь хавтаст хэргийн 184-198 дахь тал) гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
Иймд “Э” ТӨҮГ-ын ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд “З” ХХК-д газар эзэмшүүлсэн ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь хууль бус бөгөөд уг захиргааны актын улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч”-ийн хуулиар баталгаажсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-гээс “ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай “З” ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг “ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамжаар “З” ХХК-д эзэмшүүлсэн 1068491 м.кв газраас “Э” ТӨҮГазрын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхацсан хэсэг буюу 846503 м.кв хэмжээгээр хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “...захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасан бөгөөд захиргааны актын аль нэг заалт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдвол тодорхой нэг заалт, хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгох боломжтой.
Харин ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамжаар “З” ХХК-д 1068491 м.кв газрыг эзэмшүүлсэн заалт нь бүхэлдээ хууль зөрчсөн, тийм учраас тухайн газрын хэмжээг хувааж, давхацсан хэсгээр хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “З” ХХК-иас ирүүлсэн тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалттай холбоотой нотлох баримтууд нь уг газрын маргааныг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлттэй холбоотой баримтууд учраас шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.5, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус баримтлан ОАЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ТӨҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАЗД-аас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ