Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 118/2016/0002/з |
Дугаар | 221/МА2016/0514 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2016/0514
2016 оны 7 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2016/0514 | Улаанбаатар хот |
Н.*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээд М.Өлзийбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямжав нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.*******ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан иргэн Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” А/56 дугаар захирамжаас М.Өлзийбатад холбогдох хэсгийг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/23 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: ...Шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Н.******* нь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжаар 700 м.кв талбайтай газрыг өмчилж авсан. Дараа нь аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжаар 196 м.кв газрыг дахин өмчилж авсан байдаг. Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Монгол Улсын иргэн нэг л удаа газрыг үнэгүй өмчлөх” гэсэн заалтыг зөрчиж байна. 196 м.кв газар нь иргэн М.Өлзийбатын өмчилж авсан газартай давхцаж байгаа учраас 2012 оны 252 дугаар захирамжийн Н.*******т холбогдох хэсгийг 2016 оны 02 дугаар сарын 04-нд А/23 дугаар захирамжаар хүчингүй болгож давхцалыг арилгасан. Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, төлөвлөгөө батлагдсан нэгж талбарт аймгийн Засаг даргын 2015 оны А/56 дугаар захирамж гарсан. Иймд М.Өлзийбатад холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй.
Аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 02-нд 180 дугаар
захирамжаар Н.*******т 700 м.кв газар, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамжаар М.Өлзийбатад 510 м.кв газар, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/153 дугаар захирамжаар 196 м.кв газрыг нэмж 896 м.кв болгосон залруулга зэргээс харахад Н.*******т 2012 онд 700 м.кв, М.Өлзийбатад 2015 оны 04 дүгээр сард 510 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Иймд, иргэн М.Өлзийбатад газар олгосон 2015 оны А/56 дугаар захирамж нь Н.*******т газар олгосон захирамжаас түрүүлж олгогдсон тул 2015 оны 04 дүгээр сарын А/56 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл алга байна. Иргэн Н.*******, М.Өлзийбат нар хашаандаа тус тусдаа 2 давхар барилга барьж ашиглалтад оруулаад байгаа. Анхан шатны шүүхээс иргэн М.Өлзийбатын газрыг бүхэлд нь хүчингүй болгосон нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Энэ нь иргэн М.Өлзийбатад хохиролтой тул 2016 оны А/56 дугаар захирамжийг хүчинтэй хэвээр үлдээхийг хүсье.
2012 онд Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт нэр бүхий иргэдэд газар олгох боломжтой газруудын талаар зөвшилцөн, саналаа ирүүлэх талаар 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/180 дүгээр албан бичгийг ирүүлсэн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар албан бичгээр “Газрын тухай хуульд заасны дагуу инженерийн шугам сүлжээ бүхий газар болон цаашид олгогдохоор төлөвлөгдсөн газарт газар олгох асуудлыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулан аймгийн Засаг дарга шийдвэрлэх учиртай гэсэн заалтыг баримтлан ажиллах” гэсэн хариуг өгснөөс үзэхэд тухайн газрыг иргэн М.Өлзийбатад олгох боломжтой гэдэг нь харагдаж байна гэжээ.
Гуравдагч этгээд М.Өлзийбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямжав нар давж заалдах гомдолдоо: Тус шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчиж, миний хуулийн өмнө эрх тэгш байх, өмчлөх эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон. 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан зарчмыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан. Хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргах тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллага Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон газрын хэмжилт хийсэн гэж дүгнээд байгаа Мянганы сорилтын сангаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд надтай холбоотой бодитой мэдээллүүдийг аваагүй байгаа нь буруу шийдвэр гаргахад нь нөлөөлсөн.
2. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчиж, бүх гэрчүүдээс зөвхөн аман мэдүүлэг авч түүнийгээ зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар үнэлсэн. Жишээ нь, нэхэмжлэгчийн өмчлөлийн гэрчилгээ олгоход үндэслэсэн Н.*******т 2012 оны 10 дугаар сарын 22-нд олгосон 896 м.кв газрын кадастрын зураг үйлдсэн мэргэжилтний гарын үсэг хуурамч (Д.Анхтэс болон бичиг хэргийн ажилтан Амарзаяа нарын мэдүүлэг хх-ийн 87, 98) байгууллагын дарга хянан баталгаажуулаагүй. Өөрөөр хэлбэл, “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2 дугаар зүйлийн 2.3.17 дахь заалтад нийцээгүй, хүчин төгөлдөр бус баримт бичиг байхад улсын бүртгэгч Батцэцэг хянан шалгалгүй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.2, 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, Н.*******т 2012 оны 11 дүгээр сарын 22-нд 000061965 тоот өмчлөлийн гэрчилгээ олгосныг анх удаагаа өмчилсөн хүчинтэй гэж үнэлсэн нь, хүчин төгөлдөр бус актуудыг шүүх тамга дарагдсан бол хүчинтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Гэрч Д.Амарзаяагийн мэдүүлэгт газрын кадастрын зургийг мэргэжилтэн, дарга нар баталгаажуулаагүй бол уг зургийг тухайн холбогдох иргэн хаана ч баримт болгож ашиглах боломжгүй (хх-98) гэж дурдсан. Энэ гэрчилгээг эрх зүйн үндэслэлгүй гэрчилгээ байгаа тул шалгаж өгөхийг хүссэн боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй.
3. Нэхэмжлэгч өөрөө өгсөн нэхэмжлэл, тайлбартаа болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг бүртээ би хашааны газрынхаа урд хэсгийг ах дүү нартаа зориулж авсан бүх газрыг авах байсан, хашааны газраа сунгасан гэж мэдүүлээд байхад шүүх болохоор ямар ч нотлох баримтгүйгээр “хариуцагчаас Н.*******т газар өмчлүүлэхээр анх шийдвэр гаргахдаа Улиастай сумын Богдын гол багийн хэсгийн 6-18 тоот хашааны газрын хэмжээг буруу бичсэнээр залруулга хийсэн нөхцөл байдал тогтоогдсон байна” гэж нэхэмжлэгчээс гаргасан үндэслэлээс утга санаа, агуулгын хувьд өөр үндэслэлээр дүгнэлтээ гаргасан. Хэргийн материалд газрын хэмжээг буруу бичигдсэн тухай нотлох баримт нэг ч байхгүй. Хувийн хэргийн материалд бус, бодит газар дээр нь үзлэг хэмжилт хийхэд анх авсан газар нь 700 м.кв байсан. Өөрөөр хэлбэл, нэмэлт залруулга хийх шаардлагагүй байсан. Үүнийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Анхтэс гэрчилж байгаа. (хх-ийн 86-ын ар хэсэг) Бид нар ч хамт хэмжихэд 700 м.кв байсан.
4. Би 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүгч Л.Тунгалагт хандан гаргасан хүсэлтдээ нэхэмжлэгчийн анх аймгийн Засаг даргын 2012 оны 180 дугаар захирамжаар өмчлөн авсан газар хашааны байршлын фото зургийг хүргүүлж, тэр үед хашаагаа сунгаагүй хуучнаараа байсан) газар дээр нь хөндлөнгийн шинжээч ажиллуулж өгөхийг хүссэн. Би өвчтэй байсан учир эхнэр маань өргөдлийг хүргэж өгсөн. Миний өгсөн хүсэлттэй шүүгч Л.Тунгалаг танилцаад уурлан шинжээч томилуулна гэж юу яриад байгаа юм вэ. Бид нар өөрсдөө хэмжиж, нөхцөл байдлыг тогтооно, наад өргөдлөөсөө хас гээд хасуулсан байсан. /хх-ийн 65 үндсэн өргөдлийг хавсаргав/ Өргөдлөө засах үед шүүгчийн туслах Янжмаа байсан. Ингэснээр миний Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрхийг хязгаарласан.
5. Нэхэмжлэгч Н.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д заасны дагуу шүүхэд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөөгүй. Хашаагаа хэдэн онд ямар хэмжээтэй газар худалдаж авсан, анх ямар кадастрын зураг гаргуулан авч 180 дугаар захирамжаар газраа өмчилсөн, Мянганы сорилын сангаар хэмжүүлэхэд газрын хэмжээ хэд байгаад нэмэгдэх байсан зэргийг мэдэхгүй гэж төөрөгдүүлэх маягаар мэдүүлсэн. Газар өмчлөлийн 000061965 тоот гэрчилгээнд нэг хүний өмчөөр бүртгэгдсэн байхад нилээд хэдэн хүний эрх ашиг зөрчигдөж байгаа мэт, шүүхийн шийдвэр гараагүй байхад төрийн байгууллагын буруу шийдвэрээс боллоо хэмээн бусдыг буруутгах үйлдлийг олон удаа гаргасан.
6. Н.******* анхны нэхэмжлэлдээ “миний өмчилж авсан хашааны урд гудамж болон нийтийн эзэмшлийн талбай байсан газрыг иргэн М.Өлзийбатад өмчлүүлэхээр аймгийн Засаг дарга захирамж гаргасан гэж бичсэнээс үзэхэд энэ газар нь угаасаа нэхэмжлэгчийн газар биш, түүний өмчилсөн 700 м.кв газарт хамаарахгүй, Н.******* бодитойгоор ашиглаагүй гэдгийг нотолж байгаа. Мөн Н.******* хашаагаа манайхыг байшингаа барьж дууссаны хойно буюу 2016 оны 02 дугаар сарын 24-нд шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа сунгасан, хашаагаа сунгаагүй байсан үеийн бодит фото зургийг би шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 12-нд гаргасан хүсэлтдээ хавсаргаж хүргүүлсэн. (хх-65) Шүүх үүнд бодитой дүгнэлт хийгээгүй.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгтээ би бол бүх газрыг нь авбал авах байсан. Урдуур нь сургуулийн хүүхдүүд явах боломжтой байг гэж бодоод цэгийг нь зааж өгөөд 896 м.кв болж захирамжид өөрчлөлт оруулсан /шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа/ мэдүүлгээс үзвэл Н.******* залруулгын захирамжийг гаргахад өөрөө нөлөөлсөн нь нотлогдож байна.
7. Манайтай холбоотой бүх нотлох баримтыг бодитойгоор үнэн зөв үнэлээгүй. Би Улиастай сумын Засаг даргад 2004 оноос хойш газар эзэмших өмчлөх талаар 2 удаа хүсэлт гаргасан. Үүнийг Улиастай сумын Засаг дарга дэмжээд аймгийн Засаг даргад 2012 онд уламжилж байсан, 2015 онд Газрын алба өмнө нь танай материал 2 удаа ирж байсан учир тэр материалаар чинь шийднэ гэсэн (өргөдөл холбогдох материалыг хавсаргав). Шүүх энэ нотлох баримтыг Улиастай сумын Засаг даргын Тамгын газар болон Барилга, хот байгуулалтын газраас гаргуулан авах боломжтой байсан хэдий ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, намайг шууд газар өмчлөх эрх бүхий этгээд биш гэж газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй, буруу шийдвэр байна.
8. Манай газрын кадастрын зураг үнэн зөв гарсан, эрх бүхий этгээд, мэргэжилтэн, байгууллагын дарга нь баталгаажуулж гарын үсэг зурсан, түүнийг ёсчилж тамга үнэн зөв дарагдсан хүчин төгөлдөр байгаа. Шүүгч Л.Тунгалагт ойлгуулахын тулд кадастрын үндсэн зурагнаасаа, канондаж авч, газрын бодит байдлыг тайлбарлан гараар зурж үзүүлэхийг хичээсэн. Гэтэл үүнийг буруугаар ашиглан олон янзын зураг байгаа мэтээр тайлбарласан байна.
9. Н.*******ийн 2012 оны 10 дугаар сарын 22-нд хийлгэсэн 896 м.кв газрын кадастрын зураг нь 180 дугаар захирамжийн үндэслэл болохгүй. Гэтэл шүүх үүнийг хүчээр үнэлж байна. Анх 180 дугаар захирамжаар 700 м.кв газрыг өмчлөн авахад Газрын албанаас цаасаар хэвлэн олгосон кадастрын зургийг үндэслэн захирамж гаргана. Тэр зураг 180 дугаар захирамжийн бүрдэл материалд байх ёстой. Н.******* нь өөрөө Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажилладаг. Ийм асуудлыг өөрөө шалган бүртгэдэг тул худалдан авсан хашааны хэмжээ, өмч шилжүүлсэн тухайгаа мэдэхгүй байх учиргүй. Иймд санаатайгаар нуун дарагдуулж байна.
10. Н.*******ийн 896 м.кв газрын кадастрын зургийг үйлдсэн мэргэжилтэн Д.Анхтэсийн гарын үсгийг дууриалган хуурамчаар зурсан, байгууллагын дарга баталгаажуулан гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл, төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2 дугаар зүйлийн 2.3.17-д нийцээгүй хүчин төгөлдөр бус, хуурамчаар үйлдсэн гэдэг нь шүүх ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлэг болон зургаар тогтоогдсон. (хх-ийн 86, 87) Гэтэл уг хуурамч зургийг үндэслэн нэмж олгосон 196 м.кв газрыг оруулаад 896 м.кв болгон өмчлүүлсэн 000061965 үл хөдлөхийн гэрчилгээ нь хууль эрх зүйн үндэслэлгүй байхад шүүх хүчээр хүчинтэй гэж үнэлж байгаа нь хуульд нийцэхгүй буруу юм.
11. Хариуцагчийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хянах, нотлох үүргээ биелүүлээгүй Н.*******ийн газар өмчилж авах тухай хүсэлт түүнд хавсаргах баримт бичгүүдийг талаар шаардлага тавьж, хуульд нийцүүлж гаргуулан аваагүй гэж буруутгасан нь Н.*******ийн хууль бус үйлдэлтэй холбоотой. Газрын алба нь Н.*******ийн газрын кадастрын зураг болон нэмэлт залруулга хэрхэн хийгдсэн байдлыг эхлээд мэдээгүй байх нөхцөл байдал тогтоогдож байгаагаас үзвэл хэн нэгэнтэй хуйвалдаж, нэмэлт залруулгад нэрээ оруулж, кадастрын зураглалыг хуурамчаар гаргуулан авсан тул Н.*******ийн бичиг баримтыг хариуцагч бүрдүүлээгүйгээр нотлогдож байна
12. Хариуцагч надад 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/56 тоот захирамжаар 510 м.кв газар өмчлүүлэх захирамж гаргаж өгсөн нь тухайн үед үнэн зөв бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан А/153 дугаар захирамжид Н.*******ийн холбогдох мэдээллийг шалгалгүй 252 дугаар захирамжийн залруулгад оруулсан нь буруу байсан учраас хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 04-нд А/23 дугаар захирамжаараа Н.*******ийн нэмж өмчилсөн 196 м.кв газрыг хүчингүй болгосон нь үнэн зөв юм.
13. Захиргааны хэргийн шүүх газрын маргаантай байгаа иргэдийн маргааныг иргэний шүүхээр шийдвэрлэсний дараа Засаг даргын захирамж буюу захиргааны актыг хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл шууд маргааныг өөрөө шийдэж, иргэн надад газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/56 захирамжийг хүчингүй болгосныг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
14. Шүүх Н.*******ийг өөр байршилд дахин 2 дахь удаагаа өмчлөхөөр хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй, өөрийн хашааны залгаа газрыг нэмж авсан нь 2 дахь удаагаа өмчлөл биш юм гэж, нэхэмжлэгч Н.*******ийн өөрийнх нь хэлснийг үндэслэн (хх-43) дүгнэлт гаргасан нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Ийм зүйл, заалт ямар ч хууль, Дээд шүүхийн тайлбарт байхгүй байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгчээс “миний өмчилж авсан хашааны 196 м.кв газартай давхцуулан М.Өлзийбатад газар өмчлүүлэх шийдвэр гаргаж, 896 м.кв газраас 196 м.кв газрыг хүчингүй болгосон нь миний өмчлөх эрхэд халдсан” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгчид анх 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн, 196 м.кв газрыг нэмж хавсралтаар өмчилсөн байдаг боловч 2012 оны 252 дугаар захирамжид тусгагдаагүй. Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснээс хойш 700 м.кв газар дээр 196 м.кв газрыг нэмж олгосон өмнөх захирамж нь хүчин төгөлдөр болсон” гэж, гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа газар нь анхнаасаа миний нэр дээр захирамж гарсан газар юм. Н.******* нь анх 700 м.кв газрыг өмчилсөн. 196 м.кв газрыг нэмж авснаар маргаан гарсан” гэж тус тус тайлбар гарган маргаж байна.
Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамжаар Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсгийн 6-19 тоот хашааны 510 м.кв газрыг иргэн М.Өлзийбатад өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна.
Энэхүү А/56 дугаар захирамжийг гарах үед нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжаар Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсгийн 6-18 тоот хашааны 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж байсан ба нэмж 196 м.кв газрыг Н.*******т өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай” А/153 дугаар захирамж гараагүй байжээ.
Нөгөөтэйгүүр, Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 252 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 1, 2 дахь заалтаар “нэхэмжлэгч Н.*******т 700 м.кв газрыг өмчлүүлсэн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулаагүй” атлаа тухайн захирамжийн хавсралтын 9-д “180 дугаар захирамжид 896 м.кв газар” гэсэн залруулга хийгдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “896 м.кв газрын кадастрын зураг гарсан, Засаг даргын 252 дугаар захирамжаар 700 м.кв өмчлөлийн газрыг 196 м.кв болгож нэмсэн залруулга хийгдсэн байсан” гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед маргаан бүхий 196 м.кв газрыг нэмж өмчлөх, газрын хэмжээгээ сунгах талаарх хүсэлтээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3-д заасны дагуу Засаг даргад гаргаагүй, өмчлөх газрын хэмжээ заагийг харуулсан тойм зураг болон холбогдох баримтгүй байхад ямар үндэслэлээр Завхан аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжийн хавсралтаар Н.*******ийн эзэмшлийн газрыг 196 м.кв хэмжээгээр нэмж, 896 м.кв газар эзэмшүүлсэн нь тодорхойгүй, хууль бус байна.
Үүнээс гадна Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/153 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “А/252 дугаартай захирамжийн 1, 2-р заалтын “...2012 оны ...180... тоот” гэж нэмж оруулсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “миний өмчилж авсан хашааны газрын урд гудамж болох нийтийн эзэмшлийн талбай байсан газрыг иргэн М.Өлзийбатад өмчлүүлэхээр захирамж гарч, миний хашааны 192 м.кв газартай давхцсан”, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тухайн газрыг өмчилж авахдаа айлаас худалдаж аваад урагш нь сунгах боломжтой гэхээр нь ...хашаа доторх төлөвлөлтөө хийгээд орон сууц барьсан, энэ газрыг шийдэж өгөөгүй, чи урагш сунгаж болохгүй шүү гээд хэлцэн байсан бол газрын төлөвлөлтөө хийхгүй байсан” гэсэн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тэрээр 700 м.кв газрыг өмчилж байсан болохоос түүнд хууль ёсны дагуу 196 м.кв газрыг нэмж эзэмшүүлсэн гэх нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна.
Тиймээс хариуцагчаас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/23 дугаар захирамжаар 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжийн хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Н.*******ийн 700 м.кв өмчлөлийн газрыг 196 м.кв болгож нэмсэн залруулгыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Н.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасантай нийцжээ.
Иймээс Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар эзэмших, ашиглах, өмчлөхөд шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь тухайн газар дээрээ байшин барилга барин амьдарч байгаа, гуравдагч этгээдэд 510 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гарах үед нэхэмжлэгч бодит байдал дээр анх олгосон 700 м.кв газрыг эзэмшиж байсан, 196 м.кв газрыг нэмж өмчлөх эрх нь хуулийн дагуу үүсээгүй байсан учраас газрын давхцалын асуудал яригдахгүй, нэхэмжлэгч Н.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР