Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 152/2019/00453/И |
Дугаар | 001/ХТ2021/01184 |
Огноо | 2021-10-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/01184
Эрчис баялаг ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дүгээр шийдвэр,
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 224/МА2020/00003 дугаар магадлалтай,
Эрчис баялаг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Т.Батхишигт холбогдох,
компанийн орлого 63,688,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цог-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батцэрэн, хариуцагч Т.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цог-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Батхишиг нь надтай гэр бүлийн харилцаатай байсан учир манай Эрчис баялаг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог байсан. Одоо бол бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд би гэрлэлт цуцлууж байхдаа Т.Батхишигтэй мөнгө, төгрөгийн асуудлаар маргах бодолгүй байсан. Гэтэл Т.Батхишиг шүүхэд хандан надаас мөнгө нэхэмжилж, шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундын хөрөнгөөс 36,000,000 төгрөг авахаар болсон. Т.Батхишиг надтай хамт амьдарч байхдаа миний дансыг хамтран эзэмшдэг байсан. Тэр хугацаандаа хүнд мөнгө зээлэх, элдэв шалтгаанаар мөнгө авах зэргээр данснаас маш их мөнгө авдаг байсан. 2014-2016 онуудад Т.Батхишиг нь Эрчис баялаг компанийн захиалгын утас 99059219 дугаарыг барьж байхдаа компанийн орлого болох 63,688,770 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр бэлнээр болон өөрийн 5819128335 тоот дансаар компанийн орлогоос шилжүүлж авсан болно. Иймд миний 5800153053 тоот данснаас бэлнээр болон дансаар шилжүүлж авсан Эрчис баялаг ХХК-ийн орлого 63,688,770 төгрөгийг хариуцагч Т.Батхишигээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Батхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Эрчис баялаг ХХК-ийн данснаас 63,688,770 төгрөг авч хувьдаа ашигласан зүйл байхгүй. Компанийн данснаас миний 5819128335 тоот дансанд мөнгө орсон байсан ч тэр нь компанийн үйл ажиллагаа болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаж байсан. 2014-2016 онуудад би гэр бүлийн Эрчис баялаг ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, орлого зарлагын гүйлгээ хийж, компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан. Б.Цог-Очир ч гэсэн надтай амьдарч байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хувийн болон төрийн байгууллагад ажиллаж цалин авч орлого олдоггүй байсан. Компанийн үйл ажиллагаанаас олсон орлогоос би нэг ч төгрөг авч хувьдаа завшаагүй. Дансаар орж гарсан мөнгөн хөрөнгө нь ганц Б.Цог-Очирынх биш компани болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаж байсан. Үүний өмнө гэр бүлийн маргаан шийдвэрлүүлэхдээ Б.Цог-Очир нь намайг Эрчис баялаг компанид ямар нэгэн үүрэг гүйцэтгэж байгаагүй гэж тодорхойлсныг шүүх хүлээж авч компанийг гэр бүлийн дундын өмчлөлөөс хасаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл компанид огт хамааралгүй, үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй хүнээс 63,688,770 төгрөг нэхэмжилж байгаа нь ор үндэслэлгүй зүйл юм. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг шийдвэрлүүлэх болохоор Эрчис баялаг ХХК нь ямар ч хөрөнгөгүй, орлогогүй, ашиггүй ажиллаж байсан гэж тайлбарладаг хэрнээ гэр бүлийн маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэж надад Б.Цог-Очироос 36,500,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсний дараа ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь надад өгөх 36,500,000 төгрөгийг төлөхгүй гэсэн башир арга юм. Иймд Б.Цог-Очирын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.Батхишигт холбогдох, Эрчис баялаг ХХК-ийн орлого 63,688,770 /жаран гурван сая зургаан зуун наян найман мянга долоон зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар Эрчис баялаг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.394 /дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эрчис баялаг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цог-Очирын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Эрчис баялаг ХХК-ийн давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.394 /дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун ерөн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цог-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалт буюу Иргэний хуулийн 492.1., 492.1.1-г үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 492 бол бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан буюу эзэмшлээс үүсэх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл 492.1-р бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл хөрөнгөө буцаан нэхэмжлэх эрх байхаар хуульчилсан. Гэтэл бидний тохиолдолд миний бие Т.Батхишигт үүрэг хүлээлгэж хөрөнгө шилжүүлсэн зүйл байхгүй бөгөөд миний өөрийн хөрөнгөөр бий болсон Эрчис Баялаг ХХК-д гэр бүлийн хүний хувиар ямар нэг хөдөлмөрийн гэрээгүй надад туслах байдлаар компанийн үйл ажиллагаанд оролцож байхдаа компанийн үйл ажиллагааны орлогыг компанийн дансанд төвлөрүүлээгүй шууд өөрийн дансанд оруулан авч байсан. Өөрөөр хэлбэл нууцаар компанийн орлогоос завшсан явдал юм. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 492-г биш 128.4-г баримтлан хэргийг шийдвэрлэх ёстой. Компанийн орлогыг өөрийн дансанд шилжүүлэн ашиглаж байсан нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, компанийн ашиг багассан энэ үйлдэл нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт зөрчсөн, өөрөөр хэлбэл компанийн орлогоо нуух, зориудаар Т.Батхишигийн дансыг давхар ашиглаж байсан мэтээр харагдаж байна. Хэдийгээр тухайн үед Батхишиг бид 2 гэр бүл байсан нь үнэн боловч Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн хөрөнгө орлого нь бидний хувийн хөрөнгө орлогоос тусдаа бөгөөд жилийн эцсийн тайлан тооцоог гаргаж улсад төлөх татвараа төлсний дараа үлдэх цэвэр ашгаас өөрийн дансанд шилжүүлж авах боломжтой болно. Гэтэл гэр бүлийн гишүүн байснаараа түрий барьж, итгэл эвдэн компанийн орлогоос авч захиран зарцуулсан тул Иргэний хуулийн 128.4-д зааснаар миний эрхийг зөрчсөн гэж үзэн нэхэмжилж байна. Батхишиг нь өөрийн үйлдлээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч, авсан мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж байсан гэж мэдүүлсэн. Би ингэх боломжгүй гэдгийг дээр тайлбарласан. Иймд энэхүү хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.5-д зааснаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Эрчис баялаг ХХК нь Т.Батхишигээс 63,688,770 төгрөг гаргуулахыг шаардаж ...2014-2016 онуудад хариуцагч нь ...удаа дараагийн үйлдлээр бэлнээр болон өөрийн дансаар компанийн орлого болох 63,688,770 төгрөгийг шилжүүлж авсан... гэсэн үндэслэл заажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...2014-2016 онуудад би гэр бүлийн Эрчис баялаг ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, орлого зарлагын гүйлгээ хийж, компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан. Компанийн данснаас миний дансанд мөнгө орсон байгаа ч тэр нь компанийн үйл ажиллагаа болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаж байсан. ...Компанийн үйл ажиллагаанаас олсон орлогоос би нэг ч төгрөг авч хувьдаа завшаагүй... гэсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх ёстой. ...Т.Батхишиг гэр бүлийн гишүүн байснаараа түрий барьж, итгэл эвдэн компанийн орлогоос авч захиран зарцуулсан нь тогтоогдсон. ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Б.Цог-Очир, Т.Батхишиг нарын гэрлэлтийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.8.02-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр цуцалсан байх бөгөөд тус шүүхийн шийдвэрт, талуудын маргаж буй Эрчис баялаг ХХК-ийн хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахгүй болохыг, мөн компанийн хөрөнгөнөөс Т.Батхишигт ямар нэгэн эд хөрөнгө, ногдох хувь гаргуулах үндэслэлгүй талаар дүгнэжээ.
Түүнчлэн, Хаан банкны 2017.12.20-ны өдрийн 878 тоот албан бичигт ...Т.Батхишигийн ...тоот дансанд Б.Цог-Очир нь 2016.12.16-ны өдрөөс эхлэн хамтран эзэмшигчээр бүртгүүлж дансыг ижил эрхтэйгээр эзэмшсэн, ...харилцагч Б.Цог-Очирын ...тоот дансанд 2014.6.16-ны өдөр Т.Батхишигийг хамтран эзэмшигчээр бүртгэж, Б.Цог-Очир, Т.Батхишиг нар уг дансыг тэгш эрхтэйгээр эзэмшдэг болсон... 2016.12.15-ны өдөр ...тоот данснаас Т.Батхишигийн хамтран эзэмших эрхийг цуцалсан... болохыг тус тус тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч шаардлагаа нотлох баримт болгож Увс финанс аудит ХХК-ийн буюу шинжээчийн 2017.9.12-ны өдрийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн боловч уг баримтаар Т.Батхишиг нь Эрчис баялаг ХХК-ийн хөрөнгө, орлогоос хэдэн төгрөг авч, юунд зарцуулсан, тодруулбал хариуцагч нь 2014-2016 онуудад компанийн орлого болох 63,688,770 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр бэлнээр болон дансаар шилжүүлж авч ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд уг бичгийн баримтад үндэслэн Т.Батхишигээс 63,688,770 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР