| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 102/2019/03481/И |
| Дугаар | 001/ХТ2021/01250 |
| Огноо | 2021-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2021/01250
Б.Эрдэнэпүрэвийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03206 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаар магадлалтай,
Б.Эрдэнэпүрэвийн нэхэмжлэлтэй,
Ж.Буянд холбогдох,
16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ж.Буян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ж.Буянгийн хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр эхнэр Г.Алтантуяа, найз Баярмагнай хоёроор гэрчлүүлж 5,000,000 төгрөгийг Ж.Буянгийн Хаан банкны өөрийнх нь данс болох 5225171678 тоот дансанд шилжүүлж 11,000,000 төгрөгийг бэлнээр өөрийн хадгаламжаас гаргуулж зээлүүлсэн. Зээлийн тохирсон хугацаа дууссан боловч Ж.Буян элдэв шалтаг шалтгаан хэлж өгөхгүй өдийг хүрсэн. Иймд зээлдэгч Ж.Буянд зээлүүлсэн 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Буян шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.Буян би нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэвийн 2019.10.15-ны өдөр гаргасан 16,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний төрсөн эгч Ж.Болортуяагийн охин Саруулын найз Э.Энхчимэг гэдэг охин Ерөнхийлөгч Х.Баттулгын охины жуулчны компанид ажилладаг ба Э.Энхчимэг онгоцны хямд тийз эрт захиалж аваад эргээд үнэтэй зардаг юм гэж Болортуяа эгч хэлсэн. Тэрэнд Баярмагнай бид 2 итгээд мөнгө оруулаад 1 удаа өсгөж авсан гэж Б.Эрдэнэпүрэвт ярихад дахин тийм ажил гарвал хэлээрэй гэсэн. Тэгээд тэрний дагуу би Эрдэнэпүрэвт Болортуяа эгч Энхчимэгийн онгоцны тийзний ажил гарлаа 2 дугаар сарын 25-наас хойш мөнгө эргэн орж ирнэ гэнэ гэж байна гэдгийг дамжуулж хэлсэн. Тэгэхэд Б.Эрдэнэпүрэв мөнгөө өсгөхийн тулд надаар дамжуулж дансаар 5,000,000 төгрөг, бэлнээр 11,000,000 төгрөг 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр авчирч өгсөн. Би тэр мөнгөн дээр өөрийн дансанд байсан 13,000,000 төгрөгийг нэмээд нийт 29,000,000 төгрөгийг тэр дор нь Э.Энхчимэгийн Хаан банкны 5225421756 тоот дансанд эгч Болортуяагийн нэрээр шилжүүлсэн. Мөн би ч мөнгөө өгч хохирсон байгаа болно. Миний хувьд Б.Эрдэнэпүрэвийн мөнгөнөөс ямар нэг байдлаар өөртөө болон гэр бүлдээ ашиглаж зарцуулаагүй. Энэ мөнгийг Б.Эрдэнэпүрэвээс зээлээгүй, зээлийн аман болон бичгийн гэрээ хийгээгүй, байхгүй, мөн гуйж аваагүй бас албан шахалтаар аваагүй. Харин Б.Эрдэнэпүрэв 2019.02.13-ны өдөр бензиний мөнгө байна уу гэхэд өөрт байсан 50,000 төгрөг, маргааш нь буюу 2019.02.14-ний өдөр Болортуяа эгчээс орж ирсэн мөнгөнөөс 950,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг Б.Эрдэнэпүрэвт 5111246331 тоот дансанд шилжүүлсэн. Ж.Болортуяа нь одоо Э.Энхчимэгийг холбогдох Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа болно гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03206 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шаргалжуут овогт Жамцын Буянгаас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цагаан лам овогт Бямбаагийн Эрдэнэпүрэвт олгож, нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Буянгаас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэвт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ж.Буян хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03206 дугаар шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт надаас 16,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх эцэслэн шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал болон миний бие хамтран ашиг олох зорилгоор Э.Энхчимэгт нийт 29,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон гэтэл шүүх бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн мөнгө болон миний мөнгө миний данснаас гараад өөр хүний дансанд шилжсэн байхад шүүх хариуцагч бусдад өгсөн мөнгөө буцаан авч чадаагүй байдлаа нотлоогүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иргэний хуульд хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болохоор зохицуулсан ба нэхэмжлэгч бид 2 хамтран ажиллаж ашиг олох 1 зорилготой хэлэлцэн тохирч мөнгөө шилжүүлсэн нь нотлогдож байхад шүүх буруу хуулийн заалтыг баримтлан хариуцагч ашиг олсон мэтээр тайлбарлаж байгаа тул анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 102/ШШ2019/03206 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.20-ны өдрийн 146 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэв нь хариуцагч Ж.Буянд холбогдуулан ...Ж.Буянгийн хүсэлтээр түүнд 16,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж марган, 16,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж буюу хариуцагчаас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн ...миний бие хамтран ашиг олох зорилгоор Э.Энхчимэгт нийт 29,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон, гэтэл шүүх бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн гэж үзэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөр шаардах эрхгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэв нь хариуцагч Ж.Буянд 2019.01.17-ны өдөр дансаар 5,000,000 төгрөг, бэлнээр 11,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон, харин уг мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн, талуудын хооронд зээлийн гэрээний эрх, үүрэг үүссэн гэх баримтгүй байна.
Түүнчлэн, хариуцагчаас ...Б.Эрдэнэпүрэвтэй хамтран ажиллаж, онгоцны тийз хямд авч, өндөр үнээр зарж ашиг олохоор тохирч, түүний шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг өөрийн 13,000,000 төгрөгийн хамт Э.Энхчимэгт дамжуулж өгсөн, ...би ч мөнгөө өгч хохирсон, ...надад өндөр хүүтэй мөнгө зээлэх шаардлага байгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлах боловч хариуцагчийн татгалзлын энэ үндэслэлийг гэрч Ж.Болортуяагийн мэдүүлэг, 2019.01.17-ны өдрийн Болортуяагаас гэх утгаар 29,000,000 төгрөгийг 5225421756 тоот дансанд шилжүүлсэн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд нотлохгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.
Шүүхүүдийн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 15,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Буянгаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон шийдэл хуульд нийцсэн байна.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03206 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН