Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 96

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг,

Шүүгдэгч Д.Баянаа нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Урианхай овогт Дамчаабадгарын Баянаад холбогдох 201605000213 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Баянхонгор аймгийн Заг суманд 1968 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Монголболгар гео ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 13 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Урианхай овогт Дамчаабадгарын Баянаа /РД:ВЭ68021066/.

Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дөвөнтийн нуруу гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монголболгар гео” ХХК-д тогооч ажилтай гэх Урианхай овогт Дамчаабадгарын Баянаа нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ж.Пүрвээгийн эрх чөлөөнд халдаж улмаар бие махбодид нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд дурьдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Д.Баянаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд Ж.Пүрвээг зодож гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Биед нь гэмтэл учрахаар зүйл болоогүй. Ж.Пүрвээ өмнө нь манай уурхайд нягтлан хийдэг байхдаа тархи толгой нь өвддөг, боолттой явдаг байсан. Маргалдсан гэх өдрөөс хойш хоёр удаа шинжээчийн дүгнэлт гаргуулахад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, дараа нь Улаанбаатар хот явж, танил талаа ашиглан гэмтлийн зэрэг тогтоолгуулсан гэж үзэж байна. Мөн ШШГА-ныхныг дагуулж ирчихээд бидний ажлыг хийлгэхгүй, санаатайгаар зогсоох гээд байсан. Ажил зогсвол бидний амьдрал, үр хүүхэд хэцүү байсан учраас эсэргүүцэж би гар хүрсэн гэв.

Хохирогч Ж.Пүрвээгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...”Монголболгар гео” ХХК-ны уурхайд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажилчдынхаа цалинг тавих, хоол хүнс хүргэх ажлаар очсон. Тэгэхэд Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэр бүхий шийдвэр гүйцэтгэгч нар нь уурхайн эксковаторыг битүүмжлэх гэхэд Д.Баянаа гэдэг эмэгтэй тэр шийдвэр гүйцэтгэгчийг эксковатор руу явуулахгүй байхаар нь би “төрийн алба хаагчийн ажлыг хийлгээч” гэж хэлэхэд Д.Баянаа битгий хуцаад бай чи гэж хэлээд зүүн гараараа миний баруун талын хацар, шанаа руу маш хүчтэй алгадсан. Миний зүгээс дээрх үгийг  хэлсэн болохоос өөрөөр түүнд ямар нэгэн үг хэлээгүй. Д.Баянаа намайг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр эрх чөлөөнд минь халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсанд гомдолтой байна. Миний хувьд тэр хүнд өөрт нь хандаж уур уцаарыг нь хүргэхээр үг хэллэг хэрэглээгүй. Д.Баянаагийн эрч чөлөөнд халдаагүй. Урд өмнө нь Баянаа гэгчтэй хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй. Бидний хооронд өр авлага, өс хонзон байхгүй. Түүний надад уурлах болсон шалтгааныг нь ойлгохдоо шийдвэр гүйцэтгэгч нарыг авч ирээд эд зүйл лацдуулах гэлээ гэж намайг алгадсан гэж бодож байна. Өөрөөр тэр намайг алгадах хувийн өс хонзон байхгүй. Баянаагийн хувьд “Монголболгар гео” ХХК-ны 50 хувийн хувьцаа эзэмшигч Жиньлиан ХХК-ны Лхагвасүрэнг дагаад өөрийгөө “Монголболгар гео” ХХК-ны ажилчин гэж хуурамч баримт бүрдүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын үйл ажиллагаанд байнга саад учруулж байдаг хүмүүсийн нэг нь юм. Лхагвасүрэн, Баянмөнх, Батбаяр нарын зааварчилгаагаар хууль бусаар авч ирсэн хэдэн ажилчин нь тэдний өдөөн турхирснаар шийдвэр гүйцэтгэгч нарыг эсэргүүцдэг, үйл ажиллагаанд нь саад тавьдаг, битүүмжилсэн эд хөрөнгийн лацыг дур мэдэн авдаг. Ийм л нэг хууль үйлчилдэггүй газар Дөвөнтийн алтны уурхай болчихоод байгаа юм. Биднийг очихоор эсэн бусын гудамжны золбин хараалаар хараадаг хүмүүсийн нэг бол Баянаа. Биднийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарыг авч ирээд эд хөрөнгө лацдуулах гэлээ гэж бухимдсан нь тэр байх. Би Д.Баянаад зодуулаад толгой тархиндаа доргилт авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/,

Гэрч Т.Анхзаяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би Баянхонгор аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны 17 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. “Монголболгар гео” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял нь манай байгууллагад Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 24004 дүгээр захирамж хэрэгжихгүй байна. Лхагвасүрэн нарын хүмүүс уурхайд очиж 3 дугаар үйлдвэр шинээр байгуулан ажиллаж байна гэж гомдол гаргасан байсан. Мөн “Монголболгар гео” ХХК-иас төлбөр гаргуулах тухай гүйцэтгэх баримт бичгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар тус аймгийн Галуут сумын 2 дугаар баг Дөвөнтийн нуруу гэдэг газар үйл ажиллагаа явуулж байсан “Монголболгар гео” ХХК-ны уурхайд тасгийн дарга Б.Бурмаа, 14 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Нандинцэцэг, 16 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Цэцэгмаа, хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхцэцэг, жолооч Бямбажаргал нарын бүрэлдэхүүнтэй очсон. Кемпэд нь очиход “Жинлянь” ХХК-ны гүйцэтгэх захирал Лхагвасүрэн тухайн газар байсан. Дээрх 24004 дугаартай шүүгчийн захирамжаар Лхагвасүрэнг уурхайн талбайд нэвтрэхгүй байхыг даалгасан байсан учраас Лхагвасүрэнтэй уулзан “та яагаад энд ирсэн байгаа юм бэ?  таныг энд байхыг хориглосон байгаа шүү дээ” гэж хэлтэл би уурхайд ажиллаж байгаа хүмүүсийнхээ хоол хүнсийг авчирч өгсөн юм гэж хэлсэн. Мөн 3 дугаар үйлдвэр нээж ажиллуулахаар бэлтгэл ажлыг нь хийж байсан учраас дээрх үйл ажиллагааг зогсоох, нөгөөтэйгүүр төлбөр гаргуулах гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зорилгоор эксковаторыг битүүмжлэх гэхэд Лхагвасүрэн болон тэнд байсан ажилчид эсэргүүцээд манай шийдвэр гүйцэтгэгч Должинсүрэнг түлхэж жалга руу унагаасан. Би эксковатор руу очиж битүүмжлэн лацдах гэхэд Д.Баянаа гэдэг эмэгтэй 2 гараа алдалчихаад намайг эксковатор руу явуулахгүй “та нар яахаараа бусдын захиалгаар явж байдаг юм бэ, чамайг явуулахгүй, би ажлаа хийж байна” гээд миний үйл ажиллагаанд саад учруулж байх үед бидний хойд талд зогсож байсан Ж.Пүрвээ гэдэг эмэгтэй “чи наад хүний ажлыг нь хийлгээч ээ, төрийн алба хаагч ажлаа хийх гэж байхад чи хориглоод байж болохгүй, төрийн алба ажлаа хийж чадахгүй ийм хүчгүй болчихсон юм уу” гэхэд Д.Баянаа “хуц, солиор” гэж хэрэлдэж байснаа зүүн гараараа Пүрвээ гуайн баруун талын хацар руу тас хийтэл алгадчихсан. Тэгсэн чинь Пүрвээ гуай “намайг алгадчихлаа шүү дээ бичээрэй” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,

Гэрч Б.Мөнхцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би “Монголболгар гео” ХХК-ны дэд захирлаар 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай компаниас Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 24004 дүгээр захирамж хэрэгжихгүй байна. Лхагвасүрэн гэдэг хүний энэ захирамжаар уурхайн талбайд хөл нэвтрэхгүй байхыг даалгасан байхад тухайн газар очиж 3 дугаар үйлдвэр шинээр байгуулан ажиллахад бэлэн болсон байна гэсэн гомдол хүсэлтийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан. Энэ хүсэлтийн дагуу аймгийн ШШГА-ны тасгийн дарга Б.Бурмаа, шийдвэр гүйцэтгэгч Должинсүрэн, шийдвэр гүйцэтгэгч Д.Нандинцэцэг, шийдвэр гүйцэтгэгч Т.Цэцэгмаа, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхцэцэг нарын хүмүүс Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Дөвөнтийн уурхай руу явсан. Шүүгчийн захирамж удаа дараа хэрэгжихгүй байсан учраас хэрэгжүүлж чадах нь уу гэдгийг нь харахаар мөн тэнд байсан ажилчдынхаа цалин мөнгө болон хоол хүнсийг нь хүргэж өгөхөөр Дөвөнт рүү би Пүрвээ, жолооч, уурхайн дарга Саранцэцэг бид нар явсан. Шийдвэр гүйцэтгэгч нарыг ажлаа хийж байхад Лхагвасүрэнгийн талын хүмүүс үйл ажиллагаанд нь хориг саад тавиад байсан бөгөөд би өөрийн гар утсаараа бичлэг хийгээд байж байтал шийдвэр гүйцэтгэгч Анхзаяа нь эксковатор битүүмжлэх гэсэн. Тэгэхэд Баянаа гэдэг эмэгтэй түүнийг явуулахгүй хориод, гараа алдалж зогсоод, түлхээд эксковатор руу ойртуулахгүй байсан. Энэ үед Ж.Пүрвээ нь “төрийн алба хаагч ажлаа хийж байхад битгий саад болоод байгаач” гэж хэлэхэд Баянаа “битгий хуцаад бай чи” гэж хэлснээ зүүн гараараа Пүрвээгийн баруун хацар руу алгадчихсан. Энэ үед би наанаас нь очиж Пүрвээ эгчийг түшиж авсан. Баянаад цохиулчихаад Пүрвээгийн толгой нь эргээд дотор муухайраад байна гэхээр нь бид нар яаралтай түүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж үзүүлэхэд цусны даралт нь ихэссэн байна гээд эм уулгаж гэмтлийн эмч үзлэг хийсэн. Пүрвээгийн биед тархи доргилт, цусны даралт ихсэх гэсэн онош тавьсан. Пүрвээ нь огиж бөөлжөөд байсан учраас эмч бариачид бариулж болно гэж зөвлөсний дагуу бариачид толгойг нь бариулсан. Баянаагийн хувьд Пүрвээгийн эрх чөлөөнд халдах ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй. Харин төрийн алба хаагчийг ажлыг нь хийлгээч гэсний дагуу түүнийг алгадсан. Баянаа, Пүүжээ нар нь өмнө нь бие биенээ таньж мэддэг хүмүүс. Гэхдээ урьд өмнө нь тэд маргалдаж муудалцаж байсан эсэхийг мэдэхгүй, тэдний хооронд өс хонзон байгаа эсэхийг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/,

Гэрч Ц.Баянмөнхийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би Монголболгар гео ХХК-ны гүйцэтгэх захирлаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Манай компани нь Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар баг Дөвөнтийн нуруу гэдэг газар алтны ашиглалтын 456 дугаар талбайд үйл ажиллагаа явуулдаг юм. Манай үйл ажиллагааг 2013 оноос эхлэн Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний хэргийн маргаан дээр шүүхийн шийдвэрээр байнга лацдаж байгаа. Учир нь Пүрэвгял, Пүрвээ гэдэг хүмүүс компаний 50 хувийг авах гээд хууль бусаар дайрч давшлан шүүхийн шийдвэр гаргуулчихаад байдаг юм. Тэд манай уурхай руу байнга очиж хэрүүл маргаан үүсгэдэг бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр намайг эзгүйд Пүрвээ гэдэг хүн аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчдыг авчран уурхайн эксковаторыг битүүмжлэх гэсэн байсан. Тэр үед уурхайн ажилтан Д.Баянааг Пүрвээ нь хэл амаар доромжилж байгаад түүнд алгадуулсан байсан. Үүнийг би Баянаагаас өөрөөс нь сонссон. Тухайн цаг хугацаанд би тэдний дэргэд байгаагүй болохоор яг ямар үйлдэл болсныг мэдээгүй, ямар ч байсан Баянаа надад хэлэхдээ намайг Пүрвээ “нинжа авгай, энийг гавла, баривчил” гээд байхаар нь би түүнийг алгадсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 хуудас/,

Шүүгдэгч Д.Баянаагийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн: “...Намайг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ж.Пүрвээгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар сэжигтнээр тооцон байцааж байгааг ойлгож байна. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр намайг өөрийн ажлын байрандаа буюу Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар байгийн нутаг Дөвөнтийн нуруунд үйл ажиллагаа явуулдаг “Монголболгар гео” ХХК-ны ажлын байрандаа байж байхад аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилчид манай уурхайд ирсэн. Тэдэнтэй хамт Ж.Пүрвээ, Мөнхцэцэг, хамгаалалтын албаны Сампилноров нарын хэсэг бүлэг хүмүүс ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчид манай уурхайн үйл ажиллагааг зогсоож лацадсан лацаа үзнэ гээд үйлдвэрийн байр руу явсан. 3 дугаар үйлдвэр рүү очиж манай компаний эксковаторыг лацдана гэхээр нь манай ажилчид эсэргүүцэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилчдад хориг тавьсан. Энэ үйл ажиллагаанд нь миний бие оролцсон бөгөөд энэ үед Ж.Пүрвээ нар бидэн рүү ирж биднийг элдвээр доромжлон тэр эмэгтэй шүүхийн шийдвэрийнхэнд юм уу, хэнд нь хэлээд байгаа юм мэдэхгүй “энийг баривчил, наадхаа гавла” гэж хэлсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын ажлыг заагаад наад эксковатороо лацад гэх мэтээр бусармаг үг хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь би түүнийг битгий хуцаад бай гэж хэлээд зүүн гараараа Пүрвээгийн зүүн хацар руу нь шүргэсэн. Миний энэ үйлдлээс болоод Ж.Пүрвээгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тэр хүн өөрөө болсон бүх асуудлыг эхэлсэн. Тэгж байж миний уурыг хүргээд надаар эрх чөлөөндөө халдуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Аймгийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч Ж.Пүрвээ нь Улаанбаатар хотод Шүүхийн шинжилгээний хүрээлэнд дүгнэлт гаргуулсан байсан. Энэ дүгнэлтээр түүний биед хөнгөн зэргийн гэмтэл гарсан байна гэхээр нь би тэр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээр дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулсан бөгөөд энэ дүгнэлтээр Ж.Пүрвээгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна гээд өмнөх дүгнэлтийг бататгасан байна. Миний хувьд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 835 дугаартай дүгнэлттэй өмгөөлөгч Уранцэцэгийн хамт танилцсан. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би тэр хүний биед гэмтэл учруулахуйц хэмжээний хүчээр тэр хүнийг алгадаагүй. Миний алгадалт тэр хүнийг шүргээд л өнгөрсөн. Би түүнийг жаахан хийтэй алгадчих шиг болсон. Тэгээд л гэмтэл  учирсан гээд шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Би Ж.Пүрвээ гэдэг хүнийг 2007 оноос хойш мэддэг болсон. Би тэр хүнтэй садан төрлийн болон найз нөхдийн холбоо байхгүй. Олон жилийн өмнө Ж.Пүрвээ нь “Монголболгар гео” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан хүн байгаа юм. Бидэнд урьд өмнө нь хэрэлдэж муудалцаж байсан асуудал байхгүй. Өс хонзонгийн асуудал ч байхгүй. Харин манай компанийг Пүрэвгял гэдэг хүнтэй нийлж байгаад авах санаа зорилгоор 2013 оноос эхлэн маргаан үүсгэж байгаа хүн. Манай компаний үйл ажиллагааг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирээд 2-3 удаа битүүмжлээд явсан. Тэр байгууллага Пүрвээгийн хувийн байгууллага байдаг юм шиг бөгөөд Пүрвээ нь ажиллагааг зогсоож байгаа хүн гэдэг ойлголтыг бидэнд төрүүлж байдаг. Энэ асуудлаас болоод би тэр хүний эрх чөлөөнд нь халдсан нь үнэн. Гэхдээ гэмтэл гарах хэмжээнд хүртэл түүнийг цохиж зодоогүй. Ж.Пүрвээ нь Монголболгар гео ХХК-ийг төлөөлөх ямар нэгэн эрхгүй хүн гэдгийг би мэднэ, манай компаний удирдлагууд ч гэсэн бидэнд ингэж ойлгуулж тайлбарладаг. Би Ж.Пүрвээгээс уучлалт гуйж 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр утсаар ярихад чамайг уучлахгүй, хуулийн дагуу шийдүүлнэ гэж хэлсэн. Ж.Пүрвээгийн хувьд миний эрх чөлөөнд халдсан үйлдэл байхгүй. Харин тэр өөрөө намайг хэл амаар доромжилж байгаад надаар алгадуулсан хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80 хуудас/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн 661 дугаартай: “...Баянхонгор аймгийн ШША-ны 2016 оны 05 дугаар сарын 02-ны №220 болон 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №250 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ж.Пүрвээгийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 835 дугаартай: “...Баянхонгор аймгийн ШША-ны 2016 оны 05 дугаар сарын 02-ны №220 болон 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №250 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. ШШҮХ-н ШЭШХ-н шинжээч эмч нарын гаргасан №661 тоот дүгнэлттэй санал нэг байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47 хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,

Ж.Пүрвээгийн өвчний түүх /хх-ийн 32-42/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 108/,

Шүүгдэгч Д.Баянаагийн шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах тухай хүсэлт /хх-ийн 44 хуудас/,

Шүүгдэгч Д.Баянаагийн хувийн байдлыг тодорхойлсон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 88/, Баянхонгор аймгийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89/ иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 90/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Баянаа нь Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дөвөнтийн нуруу гэх газар 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ж.Пүрвээгийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ж.Пүрвээгийн Д.Баянаад алгадуулсны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.Анхзаяа, гэрч Б.Мөнхцэцэг, гэрч Ц.Баянмөнх нарын хохирогч Ж.Пүрвээ нь шүүгдэгч Д.Баянаад алгадуулсны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Пүрвээгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 661, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 835 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Д.Баянаагийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн CD-ний бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтэнд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Урианхай овогт Дамчаабадгарын Баянаад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баянаа нь Ж.Пүрвээгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдээгүй, би Ж.Пүрвээг алгадсан, гэхдээ гэмтэл учрахаар алгадаагүй, дөнгөж шүргэх төдийд л хүрсэн, Миний алгадсанаас болж гэмтэл учраагүй. Өмнө нь Ж.Пүрвээгийн толгой нь өвддөг байсан гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг нь шүүгдэгч Д.Баянаагийн үйлдлээс хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учраагүй, суурь өвчтэй байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-ний бичлэг зэргээр тус тус няцаагдаж байна.

Шүүгдэгч Д.Баянаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн, уг гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Баянааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Пүрвээ нь шүүгдэгчээс нийт 1083150 төгрөгийн хохирол нэхэмжилсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул уг хохирлын баримтуудыг үнэлээд  “Энх эрүүл өгөөмөр” ХХК-ний 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэг, шинжилгээний төлбөр 40000 төгрөг,  “Люкс мед” эмнэлэгт 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр MRI хийлгэсний төлбөр  210000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Энхбаясгалан” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 30000 төгрөг, нийт 280000 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Д.Баянаагаас гаргуулж, хохирогч Ж.Пүрвээд олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан Монголын өмгөөлөгчдийн холбоо тасалбар ¹06 гэсэн баримтанд 300000 төгрөгийг хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй, “Арвижих-Эрдэнэ” эмийн сангаас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 249000 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 254150 төгрөгийн эм тус тус авсан зарлагын баримтуудад тухайн эмийг хүлээн авсан хүний гарын үсэггүй,  эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй,  дээрх эмүүдээс зарим эмийг нь  хэн гэдэг эмчийн бичгээр хэрэглэх болсон талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул 803150 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн  нэхэмжлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Баянаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.7 GB 120 min 16X DVD-R гэсэн бичигтэй CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Баянаагийн эзэмшлийн 96м2 талбайтай, 3 өрөө амины орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг, шүүгдэгч Д.Баянаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 292, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Урианхай овогт Дамчаабадгарын Баянааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Д.Баянаад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Д.Баянаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Баянаагаас 280000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Пүрвээд олгож, 803150 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.7 GB 120 min 16X DVD-R гэсэн бичигтэй CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Баянаагийн эзэмшлийн 96м2 талбайтай, 3 өрөө амины орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар шүүгдэгч Д.Баянаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Баянаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦЭЦЭГЭЭ