Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01266

 

 

Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02678 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалтай,

 

Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох,

 

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга ба замын даргын хооронд зурсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д заасан үүргийн биелэлтийг хангахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхоролын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Пүрэвбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Пүрэвбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Пүрэвбаатар миний бие 2014.12.12-ны өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаар томилогдсон. Дээрх контрактын гэрээний 5.9 дэх заалтын дагуу албаны орон сууцаар хангагдан эзэмшиж ирсэн ба улмаар дараах шүүхийн шийдвэрүүдийн үр дүнд эзэмших эрхийн хугацаа дуусгавар болж байна. Үүнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.08-ны өдрийн 00072 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хариуцагч Л.Пүрэвбаатарт холбогдуулан гаргасан орон сууцаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Л.Пүрэвбаатарын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоот хаягт байршилтай 370 м/з талбайтай, Ү2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцыг шилжүүлэхийг нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт даалгасугай гэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.18-ны өдрийн 855 дугаар магадлалаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод ХЯНАВАЛ хэсэгтИргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээг, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, эрхийн хүрээнд талууд контрактын 5.9-д заасан орон сууцаар хангах бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй. Хариуцагч гэрээний агуулга болон талуудын хэн алины хүсэл зоригт нийцүүлэн гэрээний үүргийг шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй гэжээ. Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.09.27-ны өдрийн 01274 дүгээр тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж, ХЯНАВАЛ хэсэгт: Хариуцагч нь ажил олгогчоос контрактад заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд шийдвэр саад болохгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу бүх шатны шүүхийн шийдвэр гарч контрактын гэрээний үүргээ биелүүлэхээс Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг чөлөөлөөгүй бөгөөд тус шүүх дээр авагдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн тул дээд шүүхийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэл гаргаж байна. Эрх бүхий албан тушаалтан нарын зурсан 2015.07.31-ний өдрийн контрактын гэрээнд заасан 1.3, 3.2.1, 5.9 ба 6.6, 8.3-д заасан үүргүүдийн биелэлтийг хэрэгжүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал дараах байдлаар тодруулж байна. Л.Пүрэвбаатар ба Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга В.Н.Морозов нарын хооронд байгуулсан 2015.07.31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д ... энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан. Иймд уг контрактын 5.9-д заасан амьдрах таатай нөхцөл бүрдсэн тохилог, бие даасан сууц гэж Барилгын норм ба дүрэм БНбД 31-05-05 нэг айлын орон сууцны 1 дүгээр зүйл хамрах хүрээ хэсэгт: тухайн орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба мөн төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан байх шаардлагын дагуу Барилгын тухай хуулийн 4.1.25-д заасан ажлууд хийгдсэн, 4.1.38-д зааснаар төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууц гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудал анхан шатны болон гурван шатны шүүхээр бүрэн эцэслэн шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч тал контрактын гэрээний 5.9 дэх заалтыг үндэслэл болгожээ. Контрактын 5.9-д энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ. гэсэн заалт бий. Контрактын 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түүнд 5.1 дэх пунктээр тогтоосон 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох ба энэхүү контрактын 5.9 дэх пунктэд заасан албаны сууцыг нь өмчлөлд нь шилжүүлнэ гэх контрактын гэрээтэй бол огт маргадаггүй. 2016.10.03-ны өдөр Контракт дуусгавар болгох тухай замын даргын тушаал байгаа. Уг тушаал Монгол-Орос хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар и 22 дугаар зүйлийн а Монгол-Орос хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016.09.27-ны өдрийн хурлын 03 дугаар протокол, Контрактын гэрээний 6.5 дахь заалтыг үндэслэсэн ба Тушаах нь хэсэгт Нэг. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатартай байгуулсан контрактын гэрээг 2016.10.03-ны өдрөөр дуусгавар болгосугай. Хоёр. Замын даргын ажлыг 2016.10.03-ны өдрөөр тасалбар болгон комисс томилон хүлээлцүүлэхийг Замын нэгдүгээр орлогч дарга /Ушаков А.В/-д даалгасугай. Гурав. Л.Пүрэвбаатартай холбогдох тооцоог зохих журмын дагуу хийж дуусгахыг Эдийн засаг, санхүү хариуцсан замын орлогч дарга бөгөөд Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга /Усольцева С.Я/, Захиргаа удирдлагын албаны дарга /Ч.Өлзийтогтох/ нарт үүрэг болгосугай гэжээ.

Контрактын гэрээний хугацаа гурван жилээр байгуулагдсан. Л.Пүрэвбаатарыг 2014.12.12-ны өдрийн ерөнхий хорооны хурлаар ажилд томилох шийдвэр гарсан, үүний дараа 2015.07.31-ний өдөр Контрактын гэрээ байгуулагдсан. 2018.07.31-ний өдөр Контрактын гэрээ дуусгавар болох ёстой. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь үүснэ. Гэтэл Контрактын гэрээг 2016.10.03-ны өдөр уг контрактын гэрээний 6.5-д заасныг үндэслэн дуусгавар болгосон. Контрактын 6.5-д Нийгэмлэг нь Замын даргатай байгуулсан контрактыг ямар ч үед хугацаанаас нь өмнө Ерөнхий хорооны шийдвэрээр цуцалж болно. Замын даргын бүрэн эрхийг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө цуцална. Үүнд:

1.Ерөнхий хорооны шийдвэрүүд, дүрэм, энэхүү Контрактын нөхцөл эсвэл Ерөнхий хорооноос баталсан нийгэмлэгийн дотоод баримт бичгийг биелүүлээгүй эсвэл, зохих ёсоор биелүүлээгүй.

2.Замын даргын гэм буруугийн улмаас нийгэмлэгийн ажилтан нарын хөдөлмөр хамгааллын шаардлага зөрчигдсөний улмаас төрийн эрх бүхий байгууллага эсвэл албан тушаалтан нийгэмлэгийн үйл ажиллагааг зогсоосон эсвэл нийгэмлэгийг татан буулгасан шүүхийн шийдвэр гарсан.

3.Нийгэмлэгийн ажилтан нарын цалин хөлсийг 3 сараас их хугацаагаар төлөөгүй өр төлбөр үүсгэсэн.

4.Замын дарга нийгэмлэгийн бизнесийн эсвэл төрийн нууцад хамаарах мэдээг задруулсан.

5.Хэлэлцээр, дүрэм, Монгол улсын хууль тогтоомжийн шаардлагыг зөрчиж ниймгэмлэгийн хөрөнгөтэй холбоотой хэлцэл байгуулсан.

6.Хэлэлцээр, дүрэм, Монгол улсын хууль тогтоомжийн шаардлагыг зөрчсөн.

7.Нийгэмлэг оролцсон хэлцлийг байгуулахад хувийн ашиг сонирхлоо нуусан.

8.Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр бусад байгууллагын удирдах албан тушаалд хавсран ажилласан.

9.Нийгэмлэгтэй өрсөлдөх байгууллагын үйл ажиллагаанд оролцсон эсвэл үүсгэн байгуулсан.

10.Замын дарга Ерөнхий хорооны баталсан нийгэмлэгийн үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтийн биелэлтийг хангаагүй.

11.Замын даргын бүрэн эрх нь хэлэлцээр, дүрэм, Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хугацаанаасаа өмнө цуцлагдаж болно гэж заасан. Гэтэл Л.Пүрэвбаатарыг 3 жилийн хугацаанаас нь өмнө 2016.09.27-ны өдөр Ерөнхий хорооны хурлаар ажлаас нь чөлөөлсөн. 2016.10.03-ны өдөр Контрактын гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Дээр дурдсанаар Контрактын гэрээний 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл-ээр/ бус Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түүнд 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгоно, харин эсрэгээрээ буруутай үйлдэл байвал авахгүй гэсэн тодорхой заалт байгаа.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоот байрыг контрактын гэрээний зүйл гэж хариуцагч тал маргасан. 2014.12.12-ны өдрийн Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцыг шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг Хан-Уул дүүргээс бус Баянгол дүүргийн нутагт амины орон сууц авах эрхтэй гэж шүүх дүгнэсэн зүйл байхгүй. Дээд шүүх дүгнэсэн гэдэг асуудал огт худлаа. Контрактын гэрээний 6.5 дахь заалтыг хоёр агуулгатай гэж тайлбарлаж байна. Энэ заалтыг энгийн ямар ч хүн уншаад ойлгоно. Хэрвээ хоёр өөр агуулга бүхий заалттай байсан бол 6.5.1, 6.5.2 гэж тус тусад нь зааглаж өгөх байсан. Иймд гэрээний 6.5-д нэг л агуулгатай. Гэм буруугийн асуудал тусдаа юм. Констрактын гэрээний 7.3 дахь хэсэгт Замын дарга гэм буруу нь зөвхөн шүүхийн шийдвэр/шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор гэм буруутайд тооцогдоно. Өөрөөр хэлбэл хэрвээ замын даргын гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас зөвхөн энэ заалтаар шийдвэр гаргах гэж байгаа бол шүүхийн шийдвэр шаардана. Харин бусад тохиолдолд буруутай үйлдлийг байгууллага ажил олгогч өөрөө тогтоож шийдвэрлэх бүрэн эрхтэй, боломжтой. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь дотроо хяналт шалгалт, аудитын албатай. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэр буюу гэм бурууг шаардсан бас нэг заалт гэрээний 6.5 буюу Замын даргын гэм буруугийн улмаас нийгэмлэгийн ажилтан нарын хөдөлмөр хамгааллын шаардлага зөрчигдсөний улмаас төрийн эрх бүхий байгууллага эсвэл албан тушаалтан нийгэмлэгийн үйл ажиллагааг зогсоосон эсвэл нийгэмлэгийг татан буулгасан шүүхийн шийдвэр гарсан гэх заалт юм, үүнийг зөрчсөн асуудал дээр гэм бурууг шаардаж байгаа. Бусад асуудал дээр гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр шаардлагагүй.

Контрактын гэрээний 6.5 дахь заалт эрх олгосон заалт байгаа. Д.Жигжиднямаа гэдэг хүн Л.Пүрэвбаатарт 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний цалинг олгосон, өмнөх шүүх хурлуудын үеэр энэ асуудлыг ярьсан. Хүн ёсоор би дур мэдээд өгчихсөн гэж Д.Жигжиднямаа дарга хэлдэг. Өмнө жил шүүхэд маргаан явж байхад олгосон 6 сарын олговрыг буцаж нэхэмжлэх талаар асуудал яригдсан боловч Д.Жигжиднямаа дарга шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцыг 3-4 жил хууль бусаар өмчилж, эзэмшиж байсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Үүний төлбөрийг мөн нэхэмжлэх гэсэн Д.Жигжиднямаа дарга хэрэггүй гэсэн. Л.Пүрэвбаатар гэдэг хүн Компанийн тухай хууль, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийг зөрчиж ашиг сонирхлын зөрчил үүсгэж их хэмжээний гэрээ хэлцэл байгуулах тохиодолд байгууллагыг төлөөлж болохгүй гэсэн заалтыг зөрчиж өөртөө тэрбум гаран төгрөгийн үнэтэй орон сууц авах гэрээ байгуулсан. Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Нанзаддорж гэдэг хүн бүх шатанд төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд хэмнэлтийн горимд шилжсэн байхад танайх Ерөнхий хорооны шийдвэргүйгээр даргадаа хэт өндөр үнэтэй орон сууц, Лексус 570 загварын автомашин худалдан авсан чинь буруу байна, буцаагаад зар гэсэн шийдвэр өгсөн. Үүнийг шалгаад үзэхэд өөрийнхөө хүүгийн нэр дээрх Lexus 570 машиныг хүүгийнхээ найзын нэр дээр шилжүүлж байгаад буцаагаад худалдаад авчихсан байсан. Одоо энэ асуудал нь Авлигатай тэмцэх газар явж байгаа. 2015.01.08-ны өдөр байгуулсан орон сууцны асуудал нь сөхөгдөж гарч ирээд, дахиад контрактын гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон. Энэ талаар 3 шатны шүүхээр дэлгэрэнгүй ярьсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02678 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Контрактын гэрээний 5.9-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорийн давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-д заасан ажлууд хийгдсэн, төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууцаар нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарыг хангахыг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10ы өдрийн 102/ШШ2019/02678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарын Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдууланУлаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга ба замын даргын хооронд зурсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д заасан үүргийн биелэлтийг хангахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Л.Пүрэвбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол миний бие иргэн Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлтэй Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.10-ны өдрийн 102/ШШ2019/02678 дугаартай шийдвэртэй иргэний хэрэгт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 02 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь: Гэрээний талууд болох Л.Пүрэвбаатар, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хооронд байгуулагдсан контрактын гэрээний бодит үйл баримт, нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь 2015.07.31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д зааснаар ...энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон сууцаар эсхүл амьдрах тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч Улаанбаатар төмөр замын өмчлөлд албаны орон сууц байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй. Нөгөө талаар контрактын гэрээний үүрэг хариуцагч биелүүлэх ёстой талаар урьд шийдсэн шүүхийн хүчин төгөлдөр магадлал, тогтоол нь ИХШХШТХуулийн 40.4-т заасан нотлох баримт бөгөөд шүүх нь илтэд хууль зөрчиж дээрх нотлох баримтыг үнэлэхгүй тэр ч бүү хэл шүүх өөрийн гаргасан шийдвэрээ зөрчин үгүйсгэж явсаар байгаад гомдолтой байна. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт ...Хөдөлмөрийн харилцаанд оролцогч тал Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1., 311.2-т зааснаар албан тушаал хашиж байх хугацаандаа албаны орон сууцаар хангагдах, гэрээ цуцлагдсан нөхцөлд орон сууцыг буцаан шилжүүлэх үүрэгтэй байдаг боловч талууд гэрээний 5.9-д энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсхүл амьдрах тохилог бие даасан албаны сууцаар хангах, /нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж тохиролцжээ. Талууд гэрээндээ нэхэмжлэгчийг албаны орон сууц, эсхүл албаны амьдрах тохилог бие даасан сууцаар хангахаар тохиролцсон байх ба тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, орон сууц ашиглах эрхийн гэрчилгээ буюу гэрээний үндсэн дээр шилжүүлсэн орон сууцыг албаны сууц гэж ойлгодог. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа сууц нь ажил олгогчийн өмчлөлд бий эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ хариуцагч байгууллага түүний шаардсан чанарын хэмжээнд шинээр сууц барьж өгөх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байгаа нь контрактын гэрээний агуулга болоод албаны орон сууц эзэмшүүлэх тухай холбогдох нэхэмжлэгч талаас ажил олгогчийн өмчлөлд нэхэмжлэлийн үндэслэл болсон орон сууц бий эсэхийг нэхэмжлэгч нотлох үүрэггүй бөгөөд контрактын гэрээнд заасан нөхцөл хангасан орон сууц шилжүүлэх үүрэгтэй юм. Хөдөлмөрийн харилцааны нэг өвөрмөц төрөл нь контрактын гэрээний эрх зүйн харилцааны талуудын хооронд үүсэж гэрээний үр дүн, гоц чадварыг хэрхэн үнэлэх талаар үр дүнгийн урамшуулал хангамжийг хэрхэн өгөх зэргийг нарийвчлан 5.9, 6.6-д тодорхой зохицуулсан. Гэтэл шүүх гэрээний нөхцөл тус бүрт нарийвчлан дүгнэлт хийлгүй гэрээний хариуцлагад дүгнэлт хийх ёстой байхад үндсэн маргааны үйл баримтад дүгнэлт хийлгүй, хэрэгт ач холбогдолгүй хэсгүүдэд хэрэгт хамааралгүй байдлаар дүгнэсэн нь магадлал илтэд үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан контрактын гэрээний 5.9-ийн заалтыг бүхэлд нь бус зөвхөн ....албаны орон сууц гэх холбоо үгийг тасалж авч гэрээний бусад заалтуудыг дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдалд хүргэж байна.

Үйл баримтын талаар талууд маргадаггүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байхад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Шүүх улс төрийн зорилгоор захиалгын шийдвэр гаргасаар ирсэн нийтлэг шийдвэрийн илэрхийлэл нь дээрх магадлал юм. Илтгэгч шүүгч А.Мөнхзул нь урьд гаргасан магадлалдаа Л.Пүрэвбаатар нь контрактын гэрээний 5.9, 6.6-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх, шаардах эрх нээлттэй талаар дүгнэж Улсын дээд шүүхийн дүгнэлтийг баталгаажуулж Л.Пүрэвбаатар нэхэмжлэл гаргах эрхтэй контрактын гэрээний дагуу орон сууцаа Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгсөн, гэтэл магадлал, тогтоолын үндэслэл болголгүй, илтэд хууль зөрчиж нотлох баримтад үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 02 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Л.Пүрэвбаатар нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан 2015.7.31-ний өдрийн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга болон Замын даргын хооронд байгуулсан Контрактын гэрээний 5.9-д заасан үүргийн биелэлтийг хангахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна, 25 дугаар зүйлийн 25.3-д Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2015.07.31-ний өдөр Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нарын хооронд Контрактын гэрээ байгуулагдсан, уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр, зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан Контрактын гэрээний 5.9-д Энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч Л.Пүрэвбаатар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг үндэслэн, Контрактын гэрээний 5.9-д заасан үүргээ биелүүлэхийг шаардаж буй, ...давж заалдах шатны шүүхийн 2018.04.11-ний өдрийн 855 дугаар магадлалд ...хариуцагч гэрээний агуулга болон талуудын хэн алины хүсэл зоригт нийцүүлэн гэрээний үүргийг шаардахад энэ магадлал саад болохгүй гэж, Улсын Дээд шүүхийн 2018.09.27-ны өдрийн 1274 дүгээр тогтоолоор ...давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна гэж тус тус дүгнэсэн... гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...контрактын гэрээг цуцалсан, ...Л.Пүрэвбаатар нь контрактын гэрээний 6.5-д заасан хэлэлцээр, дүрэм, Монгол улсын хууль, тогтоомжийн шаардлагыг зөрчиж нийгэмлэгийн хөрөнгөтэй холбоотой хэлцэл байгуулсан гэх заалтыг зөрчиж, тэрбум гаран төгрөгөөр хувийн сууц авсан, хүүхдийнхээ машиныг өндөр үнээр тус нийгэмлэгт авсан зөрчлийг гаргасан, энэ асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа... гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2016.10.03-ны өдрийн Б-1-222 тоот Контракт дуусгавар болгох тухай тушаалд Нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн и, 22 дугаар зүйлийн а, Ерөнхий хорооны 2016.9.27-ны өдрийн 3 дугаар хурлын протокол, контрактын гэрээний 6.5 дахь заалтыг үндэслэжээ. Тушаалын үндэслэл болсон тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016.9.27-ны өдрийн 3 дугаар хурлын протоколоос үзэхэд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, хариуцагчийн маргасан контрактын гэрээний 6.5-д заасан үндэслэлээр контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэдэг нь тогтоогдоогүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх болсон гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр /шийтгэх тогтоол/, эсхүл түүний бурууг дотоод хяналт шалгалтаар тогтоосон талаарх баримт хэрэгт байхгүй, харин тухайн контрактын гэрээний 6.6-д заасан Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус шалтгаанаар контрактын гэрээ цуцлагдсан тохиолдолд олгохоор заасан 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг Л.Пүрэвбаатарт олгосон нь тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас контрактын гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Контрактын гэрээний 5.9-д ...контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ, 6.6-д Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр контрактын гэрээ цуцлагдсан тохиолдолд түүнд 5.1 дэх пунктээр 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох ба контрактын 5.9 дэх пунктэд заасан албаны орон сууцыг өмчлөлд нь шилжүүлнэ гэж тус тус зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарыг контрактын гэрээгээр ажиллах хугацаанд албаны орон сууц, эсхүл албаны амьдрах тохилог бие даасан сууцаар хангахаар, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад орон сууцыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

Контрактын гэрээнд заасан албаны сууц гэж тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, орон сууц ашиглах эрхийн гэрчилгээ буюу гэрээний үндсэн дээр шилжүүлсэн орон сууцыг ойлгохоор байна. Иймд давж заалдах шатны шүүхийн ...нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууц нь ажил олгогчийн өмчлөлд бий эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ хариуцагч түүний шаардсан чанарын хэмжээнд шинээр сууц барьж өгөх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байгаа нь контрактын гэрээний агуулга болоод албаны орон сууц эзэмшүүлэх тухай холбогдох хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Харин, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ магадлалын тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй алдаа гаргасан тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын хүчингүй болгож, гэсний дараа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Х.ЭРДЭНЭСУВД