Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00730

 

        Э.Э, Б.Т нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02608 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э, Б.Т нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г, Ц.Д нарт холбогдох        

Зээлийн гэрээний үүрэгт нийт 484 266 478 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүд, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Э, Б.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Б.Т-ийн хамт иргэн Д.Г, Ц.Д нартай харилцан тохиролцож зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Хариуцагч нар зээлийн гэрээнүүдийн хүүг 4 удаа төлсөн. Үүнд: 2013.01.26-ны өдөр 15 000 000 төгрөг, 2013.10.24-ний өдөр 100 000 000 төгрөг, 2014.03.25-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016.01.23-ны өдөр 12 500 000 төгрөг, нийт 177 500 000 төгрөг төлсөн. Иймд үлдэгдэл төлбөрийг

          1. Хариуцагч Ц.Д-ээс: 2012.12.17-ны өдөр 75 000 000 төгрөгийг зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд 2013.02.16-наас 2016.07.16-ныг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн хүүг 5 хувь болгон өөрчилж, үндсэн зээл 59 516 450 төгрөг, хүү 82 430 214 төгрөг, алданги 14 746 991 төгрөг, 156 693 655 төгрөг гаргуулах,

          2013-01-07-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013.02.17-ноос 2016.07.17-ныг хүртэл сунгаж хүүг 5 хувь болгон өөрчилж гэрээний үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 13 866 666 төгрөг, алданги 11 933 333 төгрөг нийт 35 799 999 төгрөг гаргуулах, нийт зээлийн гэрээний үүрэгт 192 493 654 төгрөг,

          2. Хариуцагч Д.Г, Ц.Д нараас: 2013.01.16-нд 80 000 000 төгрөгийг зээлж, 2013.01.17-нд нэмж 3 000 000 төгрөг зээлж, нийт 83 000 000 төгрөг зээлдүүлж гэрээ байгуулсан, 2013.01.26-наас 2016.07.26-ныг хүртэл гэрээг сунгаж хүүг 5 хувь болгон өөрчилж, гэрээний үүрэг үндсэн зээл 83 000 000 төгрөг, хүү 103 838 333 төгрөг, алданги 14 746 991 төгрөг, нийт 201 585 324 төгрөг гаргуулах,

2013.02.28-нд 25 000 000 төгрөг зээлж, гэрээ байгуулан 2013.05.28-наас 2016.07.28-ныг хүртэл сунгасан тул үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 35 125 000 төгрөг, алданги 30 062 500 төгрөг, нийт 90 187 500 төгрөг нийт зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 291 772 824 төгрөг бүгд 484 266 478 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2-40 мянгатын 37 байрны 53 тоотод байрлах Ц.Д-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаар төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Д.Г, Ц.Д нар шүүхэд болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

          1.2012.03.12-ны өдөр 7 000 000 төгрөг зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний барьцаанд 9911... тэй мобикомын дугаарыг барьцаанд тавьсан бөгөөд зээлийн төлбөрийг төлж байхад Э.Э нь утасны дугаарыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлдээ авч гэрээг дуусгавар болгосон учир энэ гэрээний дагуу төлөх төлбөргүй. 

          2. 2012.12.17-ны өдрийн 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, харин Д.Г нь 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөг аваагүй, өмнөх 75 сая төгрөгийн гэрээнд төлөх 1 сарын хүү 4 500 000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул хүүг нэмж 2013.01.16-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болгон шинэчлэн байгуулсан учир эдгээр гэрээнүүдэд тус тусад нь үндсэн зээл, хүү, алданги тооцон нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

    3. 2013.01.07-ны болон 2013.02.28-ны өдрийн гэрээнүүдийг байгуулан мөнгийг хүлээн авсан. Харин дээрх гэрээнүүдийн хугацааг 2016 он хүртэл огт сунгаагүй, сунгалт хийх талаар ярилцаж байгаагүй тул 2016 он хүртэлх хугацааны хүү алданги төлөх үндэслэлгүй. Хариуцагч нараас Э.Э, Б.Т нарт зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.Э 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99113763 дугаарыг хүлээн авч төлбөр тооцоог дуусгавар болгосон. Гэтэл Э.Э өөрөө гарын үсэг зураагүй 2015.05.12-ны өдрөөс 2016.07.12-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан гэх баримтаар хариуцагчаас төлбөр нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэгч Б.Т-тэй байгуулсан 2012.12.17-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэх баримтад зээлдүүлэгч Б.Т гарын үсэг зураагүй. Төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэг бүхий баримтаар төлбөр нэхэмжилсэн. Гэтэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т "гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар..." гэрээ байгуулагдсанд тооцохоор хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43.2.1--т заасныг зөрчсөн байгаа тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсанд тооцогдох үндэслэлгүй, талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл гэж үзэх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т "хууль зөрчсөн ... хэлцэл" хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2015.05.12-ны өдрөөс 2016.07.12-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцэл, 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2013.02.16-ны өдрөөс 2016.07.16-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

      2. Ц.Д Э.Э-той 2013.01.07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2013.02.07-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч Э.Э нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт "хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно" гэж заасныг зөрчиж зээлийн гэрээний сунгалтыг 10 хоногийн дараа буюу 2013.01.17-ны өдөр байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд хугацаа тоолох журмыг зөрчин байгуулсан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн нэхэмжлэгч талаас эдгээр хэлцлүүдийг үндэслэл болгон хариуцагч нараас хэдэн төгрөг тус тус нэхэмжилж байгаа нь ч огт тодорхойгүй байна.

   3. Б.Г нь Э.Э-оос 2013.01.16-ны өдөр 80 000 000 төгрөг зээлж аваагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Э-оос шүүхэд гарган өгсөн 2013.01.16-ны өдрийн зээлийн гэрээг эхнэр Ц.Д, Б.Т нарын хооронд байгуулсан. 2012.12.17-ны өдрийн 75 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүү 4 500 000 төгрөгийг нэмж нэгггэн Д.Г миний нэр дээр шинэ зээлийн гэрээ байгуулан 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгох тухай Б.Т, Э.Э нараас хүсэлт тавьсан. Миний бие хүлээн зовшөөрч 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, мөн шаардсаны дагуу мөнгө хүлээн авсан тухай бичиж өгсөн. Энэ гэрээг байгуулснаар миний эхнэр Ц.Д, Б.Т-тэй байгуулсан 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хүүгийн хамт дуусгавар болсон гэж бодож байтал нэхэмжлэгч нараас 75 000 000 төгрөг болон 80 000 000 төгрөгийг хүү, сунгалтууд гэх баримтад заасан үнийн дүнг нэмж нэгтгэн биднээс нэхэмжилсэн байна.

       Хариуцагч тал энэ гэрээний үүргүүдийг шаардаж байгаа талаар 2016 оны 12 сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас олж мэдсэн. Гэтэл Б.Г миний бие Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 80 000 000 төгрөгийг өөрийн өмчлөлд хүлээн аваагүй, захиран зарцуулаагүй, бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж өгөөгүй. Зээлийн гэрээг хүүгийн хамт нэмж нэгтгэн дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан тул уг гэрээг хууран мэхлэж байгуулсан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 59 дүгээр зүлйийн 59.1 дэх заасныг үндэслэн 2013.01.16-ны өдрийн зээлийн гэрээг, хуулийн 56.1.10-д заасан үндэслэлээр уг гэрээг сунгасан гэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

    4. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн баримтыг хариуцагч тал өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй. Э.Э 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хариуцагч талын гэрийн хаяг болон ажил, үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрийн байранд 5-6 удаа 1-2 хүмүүсийн хамт ирж хэрүүл гарган үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, дайрч доромжлон, гэрт насанд хүрээгүй хүүхэд байхад дайрч орох, айлгах, загнах зэргээр зүй бус авирлах болсон. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрт үл таних нэг хүний хамт ирж хүүхдүүдийг загнан гэрт дайрч орж айлгахад нь хүүхдүүд Хан-Уул дүүргийн 11 хорооны цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу эргүүлийн 2 цагдаа ирж Э.Э-ыг үл таних хүний хамт гэрээс гаргасан. Бид энэ явдлаас болоод Э.Э-ын өөрийнх нь гараар бичсэн баримтан дээр 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Э.Э хууль бус хийгдсэн 80 000 000 төгрөгийн гэрээ, 2012.05.12, 2013.02.16, 2012.02.17-ны өдрийн сунгалтуудыг баталгаажуулах, халхавчлах, баримтжуулах зорилгоор 2015.11.25-ны өдөр баримт үйлдэн өөртөө авсан. 

Иймд хариуцагч нараас Э.Э-той 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

         Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нартай харилцан тохиролцоод өөрсдөө зээлийн гэрээний хугацаа сунгах талаар хүсэлт гаргасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгахдаа зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгасан. Нэхэмжлэгч Б.Т-ийн зөвшөөрлөөр эрх олгосны дагуу 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг сунгасан, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг Ц.Д зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлэхээр хариуцагч нартай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүүгийн хамт 80 533 333 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг хугацаандаа төлөх боломжгүй байгаа талаар хүсэлт гаргасны дагуу тус зээлийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгасан. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байсны улмаас 2016 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад Д..Г “...200 000 000 төгрөгийг авсан, Э-оос авсан мөнгийг 7 000 000 төгрөгийг ноос ноолуулан утас, ажилчдын цалин, түрээсийн төлбөрт зарцуулсан, байраа барьцаалсан 75 000 000 төгрөгийг Седан банк бус санхүүгийн байгууллага дээр барьцаалсан байсан 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлсэн нь 60 000 000 төгрөгний барьцаанд тавигдсан байсан. Үлдэгдэл мөнгийг үйлдвэрлэлдээ зарцуулсан. Дараагийн 10 000 000 төгрөгийг бас л үйлдвэртээ зарцуулагдсан байх гэж бодож байна. 80 000 000 төгрөгийг “Алаг уул ган” ББСБ-д барьцаалсан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлөхөд зарцуулагдсан. Сүүлийн зээлсэн мөнгийг хүүгийнхээ сургалтын төлбөрт зарцуулагдсан” гэж тайлбар өгсөн байж одоо ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

       Д.Г, Ц.Д нар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн талаар тооцоо нийлж 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 356 787 700 төгрөг болсныг харилцан тохиролцон зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэхүү 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хамаарахгүй, мөн уг хэлцлийг бид дарамталж хийсэн гэдэг нь худлаа, бид өөрсдөө тооцоо нийлсэн, хүсэл зоригийн илэрхийлэл юм. Тиймээс сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч Д.Г, Ц.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 342 139 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э, Б.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 142 127 478 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Д.Г, Ц.Д нарын нэхэмжлэгч Э.Э, Б.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүд, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Ц.Д-ийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот 41м2 талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 579 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 868 645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 488 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

       Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд доорх 6 зээлийн гэрээ болон 6 зээлийн гэрээний сунгалтууд хийгдсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал:

          •  2012.03.12-ны өдрийн 7 сая төгрөгийн зээлийн гэрээ: Уг зээлийн гэрээний сунгалтыг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн. Гэтэл 2015.05.12-ны өдрөөс 2016.07.12-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан гэх баримтанд зээлдүүлэгч Э.Э өөрөө гарын үсэг зураагүй байгааг, хариуцагч нараас үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилж байгааг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99113763 дугаарыг хүлээн авч төлбөр тооцоог дуусгавар болгосон байгааг анхаарч үзээгүй. Шүүх зээлийн гэрээгээр болон 2015.12.25-ны өдрийн хэлцэл гэх баримтаар дээрх зээлийг төлөх үүргийг хариуцагч хүлээх эсэх талаар огт дүгнэлт хийлгүй зөвхөн "...зээлийн гэрээг нэгтгэн дүгнэхэд.." хариуцагч гүйцэтгээгүй үүргийг буцаан өгөх үүрэг үүссэн байна гэж үндэслэлгүй дүгнэж, сөрөг нэхэмжлэлээр гэрээний сунгалт болон үүргийн гүйцэтгэлийн талаар нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт гаргалгүй орхигдуулсан. Гэтэл сунгалт гэх баримт нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 42 дугаар зүйлийн 42.2, 43.2.1-д заасныг зөрчсөн тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсанд тооцогдох үндэслэлгүй, талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл гэж үзэх боломжгүй энэхүү зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр байхгүй юм.

          • 2012.12.17-ны өдрийн 75 сая төгрөгийн Зээлийн гэрээ: Энэ зээлийн гэрээг нэхэмжлэгч Б.Т-тэй байгуулсан зээлийн гэрээний сунгалт гэх баримтанд зээлдүүлэгч Б.Т гарын үсэг зураагүй. Төлөөлөх эрхгүй этгээд болох Э.Э-ын гарын үсэг зурсан баримтаар төлбөр үндэслэлгүй нэхэмжилж байгааг шүүх анхаарч үзээгүй, зөв дүгнээгүй, Хариуцагч зээл болон зээлийн хүүнд 2013.01.26-нд 15 000 000 төгрөг, 2013.10.24-нд 100 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр үгүй бөгөөд гэрээний сунгалт гэх баримт нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 42  дугаар зүйлийн 42.2, 43.2.1 заасныг зөрчсөн тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсанд тооцогдох үндэслэлгүй, талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл гэж үзэх боломжгүй.

          • 2013.01.07-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ: Энэ зээлийн гэрээ 2013.02.07-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч Э.Э Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт "хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно" гэсэн хуулийн заалтыг зөрчиж зээлийн гэрээний сунгалтыг 2013.02.07-ны өдөр бус харин 10 хоногийн дараа буюу 2013.02.17-ны өдөр байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хугацаа тоолох журмыг зөрчин 2013.02.16-ны өдрөөс 2016.07.16-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байхад шүүх зээлийн гэрээний сунгалтыг мөн хүчин төгөлдөр гэж үзсэнд гомдолтой байна. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2014.03.25-ны өдөр 50 000 000 төгрөгийг Зээлдүүлэгчид төлж бүрэн барагдуулсан тул зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр байхгүй.

       • 2013.01.16-ны өдөр 80 000 000 төгрөгийг зээлж аваагүй. Шүүх 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэж, баримтанд гарын үсэг зурсан, зээлийн гэрээний сунгалтаар хүүг cap бүр төлнө гэж харилцан тохиролцсон, мөн Э.Э-ын Төрийн банкны хуулгаар тогтоогдож байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас баримт болон гэрээн дээр гарын үсэг зурсан нөхцөл байдлын талаар маргаж, гэрээг хууран мэхэлж хийсэн талаар тайлбарласаар байхад хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг анхаарч үзээгүй. 75 000 000 төгрөгийн зээлийг зээлийн хүүгийн хамт нэмж нэгтгэн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болгоно гэж хууран мэхэлж 80 000 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Хууран мэхэлж гарын үсэг зуруулсан нь нэхэмжлэгч талаас 75 000 000 төгрөг 80 000 000 төгрөгийг тус бүр хүүгийн хамт нийлүүлэн нэхэмжлэл гаргаж байгаагаар тогтоогдож байгаа юм. Мөн Иргэний хуудийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан хугацааг хариуцагч тал 2017.12.01-ны өдөр мэдсэн талаар сөрөг нэхэмжлэлд тодорхой бичсэн. Гэтэл шүүх гарын үсэг нь засвартай, үнэлэхэд эргэлзээ бүхий гэрээний сунгалт гэх баримтыг үнэлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч тал энэхүү гэрээний дагуу шаардаж байгаагүй бөгөөд 2017.12.01-ны өдөр анх 75 000 000, 80 000 000 төгрөгийг нэмж нэгтгэн, хүү тооцон нэхэмжилсэн байсан. Мөн хариуцагчаас гэрээний сунгалт гэх баримтыг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргасан байхад шүүх харин гарын үсэг зурсан талаар маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.

         Хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанчлан 80 000 000 төгрөгийг өмчлөлдөө хүлээн аваагүй. Э.Э 80 000 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлээгүй байхад шүүх зөвхөн Э.Э-ын дипозит дансны хуулгаар уг мөнгийг хариуцагч хүлээн авсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Э.Э данснаасаа авсан мөнгөө юунд ч зарцуулж болно. Тэрхүү дансны хуулга Э.Э-ыг дансаасаа мөнгөө гарган авсан талаархи баримт юм. Харин хариуцагчийн өмчлөлд 80 000 000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт биш. Иймд хариуцагч талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 59.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг үндэслэн 2013.01.26-ны өдрөөс 2016.07.26-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан гэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.

   • 2013.01.17-ны өдрийн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ: Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2014.03.25-ны өдөр 50 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж бүрэн барагдуулсан тул зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр байхгүй. Гэтэл шүүх 2015.12.25-ны өдрийн хэлцэл гэх баримтаар дээрх зээлийг төлөх үүргийг хариуцагч хүлээх эсэх талаар огт дүгнэлт хийлгүй орхиж, зөвхөн "зээлийн гэрээг нэгтгэн дүгнэхэд" хариуцагч гүйцэтгээгүй үүргийг буцаан өгөх үүрэг үүссэн гэж үндэслэлгүй дүгнэсэн.

          • 2013.02.28-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ: Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2014.03.25-ны өдөр 50 000 000 төгрөгөөс 4 удаагийн бараа бүтээгдэхүүнээр нийт 15 165 700 төгрөгийг тус тус зээлдүүлэгчид төлж барагдуулсан тул төлөх төлбөргүй. Гэтэл шүүх 2015.12.25-ны өдрийн хэлцэл гэх баримтаар дээрх зээлийг төлөх үүргийг хариуцагч хүлээх эсэх талаар дүгнэлт хийлгүй, зөвхөн "зээлийн гэрээг нэгтгэн дүгнэхэд" хариуцагч гүйцэтгээгүй үүргийг буцаан өгөх үүрэг үүссэн гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

          • 2015.11.25-ны өдрийн баримтыг хариуцагч тал өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй байхад үндэслэлгүйгээр дүгнэж шийдвэрлэсэн. Шүүх нэгдүгээрт "...2015.11.25-ны өдрийн хэлцлээр зохигч талууд өмнө байгуулсан зээлийн гэрээг нэгтгэн дүгнэж тооцоо нийлсэн гэж тайлбарласан... "мөн ... уг хэлцлийг байгуулсан, зээлийн гэрээг дүгнэж гарын үсэг зурсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн..." гэж буруу дүгнэсэн. Учир нь: хариуцагч тал 2015.11.25-ны өдрийн хэлцлийг өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй, нэхэмжлэгч талаас хууль бусаар хийгдсэн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012.05.12-ны өдрийн, 2013.02.16-ны өдрийн, 2012.02.17-ны өдрийн сунгалтуудыг баталгаажуулах, халхалчлах, баримтжуулах зорилгоор хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар илэрхийлсээр байхад шүүх буруу дүгнэсэн. Мөн 2015.11.25-ны өдрийн хэлцэл гэх баримтад хэдэн зээлийн гэрээг нэгтгэн дүгнэж улмаар ямар байдлаар тооцоо нийпсэн талаар тодорхойгүй, хариуцагч талаас маргаж байхад шүүх үүнийг тодруулахгүйгээр нийт зээлийн гэрээнд хамааруулж үндэслэлгүйгээр үнэлсэн.

          2. 2015.11.25-ны өдөр хариуцагч тал нэхэмжлэгч талтай зээлийн гэрээг дүгнээгүй. Энд зөвхөн зээлийг 1 сарын 5 хувийн хүүтэй бодсон талаар хүүг хасч илүү гарсныг үндсэн зээлээс хасч тооцож бодсон талаар тэмдэглэл хийсэн байна. Гэхдээ хариуцагч тал энэхүү баримтыг өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн тодорхойлолт хэдийгээр 2015.11.25-наас хойш дуудлага өгсөн талаар тодорхойлсон боловч харуцагч нарыг нэхэмжлэгчийн зүгээс үйлдвэрийн байр болон гэрт удаа дараа ирж хэрүүл гарган, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, дайрч доромжлон, гэрт насанд хүрээгүй хүүхэд байхад дайрч орох, айлгах, загинах зэргээр зүй бус авирлаж байсан талаар 2 гэрчийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй.

      Хариуцагч нар Э.Э-ын өөрийнх нь гараар бичсэн баримтан дээр 2015.11.25-ны өдөр үр хүүхэд айлган, гэр орон үйлдвэрийн байраар ирж хэрүүл хийж, хамт олиы дунд ажил хэргийн нэр хүндэд халдаж байсан учраас гарын үсэг зурсан нөхцөл байдлыг гагцхүү нэхэмжлэгч Э.Э-ын "...мөнгөө өгөхгүй байгаа юм чинь байнга очиж нэхэлгүй яахав" гэсэн тайлбараар няцаасан нь үндэслэлгүй. Мөн хариуцагч нарын зүгээс энэхүү баримтыг үнэ зөв болгох талаар болон дахин нягтлан үзэж тооцоо нийлэх талаар 2016 онд удаа дараа Э.Э-д хандсан боловч 2016.12.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тайлбарласаар байхад Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

       Иймд хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн биелүүлсэн. Харин нотлох баримтыг үндэслэл бүхий хянаж үзээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт тогтоогдсон эсэх, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Э.Э, Б.Т нар нь хариуцагч Д.Г, Ц.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 484 266 478 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүд, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардаж, зээлийн гэрээний үүргийг баталгаажуулсан барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан байхад шүүх иргэний хэрэг үүсгэх захирамждаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг заагаагүй. /хх-28/ Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад бүхэлд нь иргэний хэрэг үүсгээгүй бөгөөд уг алдааг залруулахгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь  буруу.  

         Түүнчлэн талууд гэр бүлийн хүмүүс байх боловч иргэний эрх зүйн харилцааны тусдаа бие даасан оролцогч болно. Иймээс Д.Э болон Д.Г, Ц.Д нарын хооронд, Ц.Э болон Ц.Д нарын хооронд, Ц.Д болон Б.Т нарын хооронд байгуулагдсан тус тусдаа зээлийн гэрээнүүд байхад гэрээ тус бүрээр хэн хэн нь ямар үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдлыг тус тусд нь дүгнэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Ц.Д, Д.Г хоёрын хэн нь ямар гэрээгээр ямар үүрэг хүлээсэн гэдгийг дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдах ёстой. Гэр бүлийн гишүүн тус бүртээ зээлийн гэрээ байгуулаад иргэний эрх зүйн бүрэн чадамжтай нэг нь нөгөөгөө бүрэн төлөөлөх этгээд биш байхад эрх, үүргийг нийлүүлэн үүргийг тодорхойлсноос маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзнэ.

         Нэхэмжлэгч Э.Э, Б.Т нар 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Ц.Д, хариуцагч Д.Г, Ц.Д нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Уг шаардлагыг хариуцагч Ц.Д-д гардуулаагүй байх тул тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах боломж олгогдсон гэж үзэхгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчийг томилсныг албажуулах ажиллагаа хийгдээгүй тохиолдолд хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдэрлэсэн гэж үзэх боломжгүй.

    Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02608 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 579 290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                            Т.ТУЯА

                                                                                                          Д.БАЙГАЛМАА