Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 99

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч М.Даш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Тайж овогт Мягмарцэрэнгийн Дашид холбогдох эрүүгийн 201615000309 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1994 оны 12 дугаар сарын 02-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, 0256 дугаар ангийн салаан орлогч ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 48-4-43 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Тайж овогт Мягмарцэрэнгийн Даш, /РД:ЙР94120214/

Шүүгдэгч М.Даш нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 48 айлын орон сууцны гадна Г.Баяртулгаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч М.Даш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой найзтайгаа хамт зааланд тоглочихоод “Альфа” бааранд очсон чинь хаах гэж байхаар нь гэр лүүгээ явах гээд явж байсан чинь зам дээр 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн зогсож байсан. Би хаа явах юм гээд асуусан чинь 48 айлын орон сууц орно гэсэн. Би 4 хүнийг аваад 48 айлын орон сууцны гадаа буулгасан. Эхлээд хоёр эмэгтэй буусан, хоёр эрэгтэй буухаар нь таксиныхаа мөнгийг өгөхгүй юм уу гэсэн. Тэгсэн шууд машины хаалга хаагаад буугаад явахаар нь би араас нь буугаад таксиныхаа мөнгийг өгөхгүй юм уу гэсэн. Тэгээд таксины мөнгөнөөс болж Г.Баяртулгат бид хоёр маргалдсан. Тэгсэн Г.Баяртулгат шууд намайг заамдаад боогоод унагасан. Би толгой руу нь 2-3 удаа цохисон. Тэгсэн хамт явсан хүмүүс ирж салгаад байж байсан цагдаа ирсэн” гэв.

Хохирогч Г.Баяртулгатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед “А” бааранд эхнэр болон найзуудын хамт орсон. Тэнд 2, 2 пиво уугаад сууж байтал бар хаахаар нь бид харих гээд гарсан. Гараад такси авах гэтэл такси олдохгүй байхаар нь 48 айлын орон сууц руу алхаад явж байтал хажууд цагаан өнгийн “Приус-20” маркийн автомашин зогсоод бид 4 суугаад 48 айлын орон сууцны гадна ирээд нөгөө 3 түрүүлээд машинаас буусан. Харин дараа нь би машинаас буусан чинь жолооч нь ингээд зүгээр яваад өгч байгаа юм уу гэхээр нь би хэдийг өгөх юм бэ гэсэн чинь хэдийг өгөх ёстой юм гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд Даш гадуур хувцсаа тайлаад бид хоёр зодолдсон. Тухайн үед би Дашийг онож цохиж чадаагүй. Харин Даш миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд би огт цохиж чадахгүй цохиулаад байхаар нь тэврээд авсан чинь миний гарыг хазсан. Тэгээд надтай хамт явсан найзууд салгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч С.Энх-Оргилын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад М.Даш бид хоёр зааланд тоголчихоод “Альфа” баар руу очтол хааж байсан. Тэгэхээр нь бид хоёр М.Дашийн гэр рүү явж байтал зам дээр 2 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 4 хүн гар өргөж байхаар нь М.Даш хаашаа явах юм бэ? гэсэн чинь 48 айлын орон сууц орно гэхээр нь машиндаа суулгаад явсан. Машин дотор огт хэрүүл маргаан болоогүй. Тэгээд 48 айлын орон сууцны гадна очоод зогстол 2 эмэгтэй нь машинаас түрүүлээд буухаар нь үлдсэн залуугаас нь М.Даш таксины мөнгөө нэхсэн чинь өгөхгүй гээд буугаад явчихсан чинь араас нь М.Даш буусан. Тэгэхээр нь би араас нь буугаад очтол тэр хоёр хоорондоо барилцаад зодолдохоор нь би очоод салгасан. Зодоон бол маш богино хугацаанд болсон асуудал байгаа юм. Тэр хоёрыг салгачихаад зогсож байтал Г.Баяртулгат М.Дашийн машины түлхүүрийг булааж аваад өгөхгүй байсан чинь тэр хоёр дахиад зууралдаад байж байтал цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Б.Золбоогийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Би М.Дашийн найз байгаа юм. Бид хоёр найзлаад 3 жил гаран болж байна. Зан байдлын хувьд цагаан цайлган, төлөв томоотой, хүнд тусархуу, хүнтэй эвтэй, нийтэч, хүний төлөө л явдаг хүн байгаа юм. 0256 дугаар ангид ажилладаг. 2013 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Хүний төлөө л зүтгэсэн хүн байгаа юм. Яагаад тийм үйлдэл гаргасныг мэдэхгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Т.Амардэлгэрийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Би М.Дашийн найз байгаа юм. Бид хоёр багын найзууд, бас хамт ажиллаад 6 жил гаран болж байна. Зан байдлын хувьд цагаан цайлган, төлөв томоотой, хүнд тусархуу, хүнтэй эвтэй, нийтэч, хүний төлөө л явдаг хүн байгаа юм. 0256 дугаар ангид ажилладаг. 2013 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Хүний төлөө л зүтгэсэн хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Б.Золзаяагийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой манай нөхөр Г.Баяртулгат болон найз Цолмонбаяр, Уранчимэг нарын хамт Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Альфа” баранд орж сууцгаасан юм. “Альфа” баарнаас 23 цаг өнгөрч байхад гараад такси авах гэсэн чинь огт такси олдохгүй байхаар нь зам дагаад алхаж байтал нэг цагаан өнгийн “Приус-20” маркийн машин ирээд явах уу? гэхээр нь бид 4 тэгье гээд машиных нь арын суудал дээр байсан 2 цүнхийг арын тээшинд нь хийж суугаад 48 айлын орон сууцны гадна зогсоол дээр ирсэн. Тэгээд ирээд Уранчимэг бид хоёр түрүүлж буугаад орц руугаа орох гээд явж байтал гэнэт пижигнэлдээд явчихаар нь эргээд хартал Г.Баяртулгат, М.Даш хоёр хоорондоо зодолдож байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор хэн нь хэнийхээ, хаана, хэдэн удаа цохьсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч байсан манай нөхрийн нүүр нэл цус болчихсон байсан. Тэгээд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч Н.Цолмонбаярын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой найз Г.Баяртулгат, эхнэртэйгээ, би эхнэртэйгээ хамт Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Альфа” бааранд орж сууцгаасан юм. “Альфа” баарнаас 23 цаг өнгөрч байхад гараад такси авах гэсэн чинь огт такси олдохгүй байхаар нь зам дагаад алхаж байтал нэг цагаан өнгийн “Приус-20” маркийн машин ирээд бид нар суугаад байрныхаа гадаа ирээд буугаад орц руу орох гэтэл Г.Баяртулгат, М.Даш нар барилцаад авсан байсан. Юунаас болж маргасан талаар мэдэхгүй. Барилцаад байж байхад нь М.Дашийн найз нь салгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Уранчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой найз Г.Баяртулгат, эхнэртэйгээ, би нөхөртэйгөө хамт Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Альфа” бааранд орж сууцгаасан юм. “Альфа” баарнаас 23 цаг өнгөрч байхад гараад такси авах гэсэн чинь огт такси олдохгүй байхаар нь зам дагаад алхаж байтал нэг цагаан өнгийн “Приус-20” маркийн машин ирээд бид нар суугаад байрныхаа гадаа ирээд буугаад орц руу орох гэтэл Г.Баяртулгат, М.Даш нар барилцаад авсан байсан. Гэртээ орох гэсэн чинь ард маргалдаад байхаар нь буцаад харахад М.Дашийн найз салгаад зогсож байсан харагдсан. Тэр хоёр юунаас болж маргасан талаар мэдэх юм алга...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №334 тоот: “... Г.Баяртулгатын биед тархины доргилт, баруун эрүү ясны цуурал, буйл, завьж, зүүн гарын эрхий хурууны шарх, дух, хамар, завьжны зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун эрүү, зүүн гарын эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл бүхийн гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоо журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22  дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар  хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Дашийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 33, 34 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Баяртулгатын шүүхэд ирүүлсэн: “...Миний бие шүүгдэгч М.Дашаас хохиролд 1000000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, М.Даш бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн бөгөөд миний бие М.Дашид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна...” гэсэн хүсэлт

Шүүгдэгч М.Дашийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Дашийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 27-31 дүгээр хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч М.Даш нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 48 айлын орон сууцны гадна Г.Баяртулгаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Баяртулгатын “... М.Даш гадуур хувцасаа тайлаад бид хоёр зодолдсон. Тухайн үед би М.Дашийг онож цохиж чадаагүй. Харин М.Даш миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд би огт цохиж чадахгүй цохиулаад байхаар нь би тэврээд авсан чинь миний гарыг хазсан. Тэгээд надтай хамт явсан найзууд салгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч С.Энх-Оргилын “... Би араас нь буугаад очтол тэр хоёр хоорондоо барилцаад зодолдохоор нь би очоод салгасан. Зодоон бол маш богино хугацаанд болсон асуудал байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/, гэрч Б.Золзаяагийн “... Ж.Уранчимэг бид хоёр түрүүлж буугаад орц руугаа орох гээд явж байтал гэнэт пижигнэлдээд явчихаар нь эргээд хартал Г.Баяртулгат, М.Даш хоёр хоорондоо зодолдож байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор хэн нь хэнийхээ, хаана, хэдэн удаа цохьсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч байсан манай нөхрийн нүүр нэл цус болчихсон байсан. Тэгээд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч Ж.Уранчимэгийн “... Байрныхаа гадаа ирээд буугаад орц руу орох гэтэл Г.Баяртулгат, М.Даш нар барилцаад авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч Б.Золбоо, Т.Амардэлгэр, Н.Цолмонбаяр нарын мэдүүлгүүд /хх-ийн 16, 17, 19/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №334 тоот дүгнэлт /хх-ийн 22/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11/, Шүүгдэгч М.Дашийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтэнд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

            Шүүгдэгч Тайж овогт Мягмарцэрэнгийн Дашид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч М.Даш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иргэний бичиг баримт, эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Даш нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч М.Дашийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Даш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

Хохирогч, шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт М.Дашийн эзэмшлийн АА5985833, АР0620799 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:           

1. Тайж овогт Мягмарцэрэнгийн Дашийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч М.Дашид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч М.Даш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иргэний бичиг баримт, эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. М.Дашийн эзэмшлийн АА5985833, АР0620799 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

   5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Дашид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

   6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйu дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Дашид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР