Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 85

 

М.Со-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 908 дугаар магадлалтай 1705002470027 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй М.Со- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Со-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн бодитой үнэлж чадаагүйгээс шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хохирогчийн зүй бус үйлдлийг өөгшүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдаж буй үндэслэлүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгчийн ямар үйлдлээс шалтгаалж, хохирогчийн биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисноос болж түүнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод байгаа ямар гэмтэл учирч болох талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хохирогчийн хууль бус, идэвхтэй, тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж хөнгөн гэмтэл учруулсан байх боломжтой юм. Шүүгдэгч болон тухайн цэнгээний газрын бусад ажилчдын зүгээс хохирогчийг хууль бус үйлдлээ зогсоохыг удаа дараа гуйж, шаардсан ч тэрбээр удтал үргэлжлүүлж, шүүгдэгчийг хэд хэдэн удаа нүүрэн тус газарт нь цохисон байдаг боловч шүүгдэгч хариу үйлдэл үзүүлээгүй нь харагддаг.

Улмаар хохирогч дахин шүүгдэгчийг цохиход буюу довтолгоон хийгдсэн, хийгдэх нь тодорхой болсон, үргэлжилсэн үед өөрийн болон бусдын эрхийн эсрэг түүний хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулжээ. Харин шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийн биед үүсгэсэн гэх цээжинд зөөлөн эдийн няцрал, зулгаралтыг шүүгдэгч үүсгэсэн, түүний үйлдлээс болж хохирогчид тийм гэмтэл үүссэн эсэх нь гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүйгээр тогтоогддоггүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэх нь зарчимд нийцнэ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Со-д холбогдох хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүх М.Со-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм буруугийн байдалд тохирсон байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Со- нь 2017 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Н.Ар-гийн нүүрэнд 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Со-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч М.Со- нь Н.Ар-г цохиж хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун дээд зовхинд шарх, цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт зэрэг гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон бөгөөд шүүгдэгч М.Со-гийн үйлдэл аргагүй хамгаалалтад хамаарахгүй гэж тайлбарласан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хохирогч Н.Ар-гийн бусадтай хэрүүл маргаан өдүүлсэн, бусдын эрх чөлөөнд халдсан, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн байж болох үйлдлийг шалгаж тогтоогоогүй тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримтыг тогтоосон нь буруутгах үндэслэлгүй болно.

Нөгөөтэйгүүр М.Со- нь хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоосны дараа үргэлжлүүлэн хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.     

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 908 дугаар магадлал тус тусыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН