Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0021

 

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0021

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц-ийн М

Хариуцагч: Монгол Улсын Д сургуулийн захирал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б

Маргааны төрөл: Иргэн Ц.М-ыг Монгол Улсын Д сургуулийн төв номын сангийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.М-с Монгол Улсын Д сургуулийн захиралд холбогдуулан гаргасан Монгол Улсын Д сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4968 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн албаны шалгалт хийсэн илтгэх хуудсын Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 8448 дугаар захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн.

Иймд шүүх Монгол Улсын Д сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

2. Нэхэмжлэгч Ц.М нь 2005 оноос Д сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 оноос тус сургуулийн Сургалтын хэлтэст номын сангийн эрхлэгч-ном зүйчээр, 2017 оноос Төв номын сангийн эрхлэгчээр ажиллаж байжээ. 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс тус сургуулийн захирлын баталсан удирдамжийн дагуу Төв номын сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Ц.М төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргаж, ажлын байрны дарамт үүсгэсэн гэх гомдол, мэдээллийн дагуу албаны шалгалт явуулж, Ц.М-ыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлж, цэргийн байнгын тэтгэвэрт гаргах, гаргасан үйлдлийг шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад шалгалтын материалын хамт шилжүүлж, их сургуульд учруулсан 9,726,920 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх саналыг гаргасан боловч 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ц.М-р 84,598 төгрөгийг нөхөн төлүүлэхээр өөрчилсөн байна.

Монгол Улсын Д сургуулийн Захиргааны удирдлагын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20/02 дугаар мэдэгдэх хуудсаар Ц.М-ын алба хаах хугацаа 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөх болсныг, мөн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаар мэдэгдлээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөх болсныг тус тус мэдэгдсэн байна.

Улмаар тус сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр тушаалаар Ц.М-ыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн байна.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/96 дугаар тушаалаар Д сургуульд алба хааж буй 17 офицер, ахлагчийн алба хаах хугацааг нэг жилээр сунгасны дотор Ц.М багтжээ.

3. Дээрх тушаалыг Монгол Улсын Д сургуулийн Хүний нөөцийн албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182 дугаар мэдэгдлээр мэдэгдснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Н-т гомдол гаргасныг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7/2281 дүгээр албан бичгээр Д сургуулийн захиралд шилжүүлсэн байна.

Монгол Улсын Д сургуулийн Захиргааны удирдлагын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05/98 дугаар албан бичгээр Ц.М-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүйг мэдэгдэж, улмаар Ц.М нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1079 дүгээр албан бичгээр хуульд заасан хугацаанд хандаагүй байх тул уг гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хариуг хүргүүлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон боловч тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4787 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Ц.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Намайг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас шууд чөлөөлөх мэдэгдэл өгөхөд би хуульд зааснаар үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ өгсөн боловч хүлээж авалгүй, улмаар ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн. Тэтгэврийн асуудлыг ийнхүү шуурхайлан шахахаас өмнө 10 дугаар сарын эхээр Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Э өөрөө утасдаж, тус сургуулийн тэтгэврийн насны албан хаагчдын судалгааг гарган хэлэлцэх үеэр миний ажиллах хугацааг сунгаж, тэтгэвэрт гаргах асуудлыг хойшлуулсан тухай утасдаж мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөх талаарх сонсох ажиллагаа хийхдээ Цагдаагийн албаны тухай хуулиар мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг үндэслэсэн боловч надад ашигтай, эрх зүйн байдлыг маань дээрдүүлсэн хууль зүйн зохицуулалтыг огт хэрэглэлгүй, Төрийн алба хаагчийн болон иргэний эрхийг маань ноцтой зөрчсөн.

2/ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр тушаалын үндэслэл болгосон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтууд нь албан хаагчийн эрхийн тухай заалт байх ба энэхүү эрхийг хэрэгжүүлэгч, хэлбэрэлтгүй эдлэх эрхтэй этгээд нь иргэн миний бие болоод хууль тогтоогчоос надад төрийн алба хаагчийн хувьд олгосон эрх гэж ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл миний бие тэтгэвэрт гарах санал гаргаагүй, хүсэлт гаргаагүй, хүсэх ч үгүй байхад намайг хүссэн мэтээр, хүсэлт гаргасан мэтээр зааж дурдсан нь Д сургууль хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж, миний эрхийг үүрэг болгон гуйвуулан тушаал гаргаж гэж үзэж байна. Хэсэгхэн хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр Их сургуулийн захиралд хандан гаргаж, улмаар хуулиар олгосон хууль зүйн боломжоо ашиглаж, эрхээ эдлэхийг хүссэн. Гэтэл заавал хүчээр тэтгэвэрт гарган, гаргасан гэх хууль бус нөхцөл байдлыг надад тулгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3/ Мөн Коронавируст халдварын цар тахлын үед намайг ажлаас чөлөөлсөн асуудал нь тухайн үед Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн буюу халдварт өвчин бүхий онцгой нөхцөл байдлын үед хууль бус болж байна. Тухайлбал, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д зааснаар гамшгийн нөхцөл байдал дуусах хүртэл миний ажлын байрыг хадгалах үүрэгтэй хэмээх зохицуулалт, Засгийн газрын Коронавируст халдварын цар тахлын үед авах арга хэмжээний тухай удаа дараагийн тогтоолууд, Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрүүдэд тусгайлан зааснаар Коронавируст халдварын цар тахлын үед төрийн алба хаагчийг ажлаас халахгүй, чөлөөлөхгүй байх тухай гарч төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгосон ч хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж алба хаагч, ажилтнуудынхаа эрхийг зөрчсөнд харамсаж байна.

Иймд Төрийн албаны тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж гаргасан Монгол Улсын Д сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий тушаалын хувьд гарын үсэг зурагдаагүй, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 буюу эрэгтэй алба хаагчид хамаарах заалтыг баримталсан гэх мэт алдаатай гарсан. Хяналт шалгалтын материалаас үзэхэд нэхэмжлэгчийг 9.726.000 төгрөгийн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байснаа өөрсдөө үгүйсгэж 84.598 төгрөг болгож дүгнэсэн. Үүнээс үзэхэд дээрх дүгнэлтийг нотлох баримтгүйгээр бусдын амаар дүгнэсэн байна. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хүсэлт гаргаагүй гэж яриад байгааг ойлгохгүй байна. Учир нь тушаалын дагуу ажиллаж байгаа бол хүсэлт гаргах шаардлагагүй. Харин мэдэгдэл хүлээн авсан даруйдаа хүсэлт гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор утсаар хариу өгчихөөд дараа нь тэтгэвэрт гаргах тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Их сургууль 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01/717 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Би-д хандсан саналын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/96 дугаар тушаал гарч, саналд нэр дурдагдсан алба хаагчдын алба хаах хугацааг нэг жилээр сунгаж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Д сургуульд даалгасан байна. 

Их сургуулийн Бодлого зохицуулалт, хүний нөөцийн албаны даргын 10 дугаар мэдэгдэх хуудас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарч, мөн өдөртөө Ц.М танилцсан байна. Энэ баримтаар Ц.М 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл алба хаах хугацаа сунгагдсан гэдгийг мэдсэн байна. 

Их сургуулийн захирал Ш.Л-т 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ц.М цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг урьдчилан олгуулах хүсэлт бүхий өргөдөл гаргаж, Их сургуулийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар тэтгэмжийг урьдчилан олгохоор шийдвэрлэн, олгосон байна.

Ц.М нь Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцтэгэх захиргааны болон Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжууд, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаа, Д сургуулийн архивын лавлагаа зэргийг бүрдүүлж, Хүний нөөцийн албанд материалаа 2020 оны 03 дугаар сард өгч тэтгэвэрт гарах бэлтгэлээ хангаж байсан байна.

2/ Ц.М-д хамаатуулан гомдол гарсан тул Их сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 04-нй өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрүүдэд албаны шалгалтыг явуулж байсан байна. Уг шалгалтаар түүний ажилтан, алба хаагч нартай зүй бус харьцаж, харилцааны зөрчил гаргадаг, ажлын байрны дарамт учруулдаг, албаны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэх мэдээллүүд шалгагдаж, нотлогдсон байна. Түүний гаргасан үйлдэл Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.11, Их сургуулийн дүрмийн 21.6, 37.3.2, 37.3.4, 37.3.6 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргажээ.

3/ 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Их сургуулийн Захиргаа удирдлагын газрын дарга 20/02 дугаар мэдэгдэх хуудас хүргүүлж, Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.3-д заасны дагуу алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар 20-оос доошгүй жил алба хааж, цэргийн тэтгэвэр тогтоох эрх үүссэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2019 оны А/96 дугаар тушаалаар сунгасан цагдаагийн алба хаах хугацаа 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Төв номын сангийн үйл ажиллагаанд хийсэн албаны шалгалтын дүнг тус тус үндэслэн 2020 оны ээлжийн амралтыг 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн биеэр эдлүүлж, мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөх болсныг Ц.М-д мэдэгджээ.

Их сургуулийн Хүний нөөцийн албаны даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаар мэдэгдэх хуудастай Ц.М нь мөн өдөрт нь танилцаж гарын үсэг зурсан байна.

Их сургуулийн захирлын зөвлөлийн 2020 оны 6 дугаар хуралдаан 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, 2 ажлын хэсгээс Ц.М-д тус бүр нэг сар 20 хувь цалин хасах санал орж ирэх явцад түүнд хамаарах асуудал хэлэлцэгдэж, Их сургуулийн захирал цэргийн байнгын тэтгэвэрт гарах хугацаа болсон хүнд сахилгын арга хэмжээ авч, цалинг хасахгүй байх шийдвэрийг гаргаж, ээлжийн амралтыг олгож, ээлжийн амралтын хугацаа дууссан өдрөөс цэргийн байнгын тэтгэвэрт гаргах тушаал гаргахаар зөвлөлийн хурлын гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна.

Үүний дагуу тэрээр 2020 оны 11, 12 дугаар сард ээлжийн амралтын үлдэгдэл хоногийг биеэр эдэлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас чөлөөлж, цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох Их сургуулийн захирлын 2020 оны Б/629 дүгээр тушаал гарч, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 6 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг түүний ажлыг хүлээн авсан байна.

2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 176 дугаар мэдэгдэх хуудсаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ц.М танилцуулсан байна.

4/ Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан зохицуулалт нь Д сургуульд хамаарахгүй зохицуулалт тул бид хэрэглэх боломжгүй, цар тахлын үед ажлын байр хадгалах зохицуулалтын тухайд алба хаах хугацаа дууссан алба хаагчид хамаарахгүй юм. Хуулийн хүрээнд тэтгэвэр тогтоолгосон Ц.М-ыг Д сургууль дахин ажилд томилж, тэтгэвэр авч байсан хугацаанд нь цалин олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй юм.

Иймд Ц.М-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Зөвхөн архивт хадгалагдах баримтад их сургуулийн захирал гарын үсэг зурдаг. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 гэдэгт ач холбогдол өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Ажил байдлын тодорхойлолтыг алба хаагчид өөрсдөө бичиж ороод удирдлагуудаараа гарын үсэг зуруулдаг гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл хувь хүнийг дэмжсэн үйл ажиллагаа хийгдсэн. Э гэх хүн утсаар ярьсан гээд байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч 18 сарын тэтгэмжээ 2 удаа хуваагаад авчихсан учраас энэ асуудал дууссан. Улсаас тэтгэвэр тогтоосон хугацааны цалинг Д сургууль олгох боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

2. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:, 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;, Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Цагдаагийн алба хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна., 91 дүгээр зүйлийн 91.1-д Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь: 91.1.5.цагдаагийн бага цолтойгоос бусад эмэгтэй алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар нь 47 нас байна., 91.2-т Энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно., Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй: 5/цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч;, 8 дугаар зүйлийн 1-д Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 2/ 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй; гэж заажээ.

2.1. Нэхэмжлэгч нь 1969 онд төрсөн, цагдаагийн албанд 1998 оноос энгийнээр, 1999 оноос эхлэн цагдаагийн дэд ахлагч цолтойгоор ажиллаж эхэлсэн, 2020 онд  маргаан бүхий тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөх үед 51 настай, цагдаагийн албанд 21 жил ажилласан байсан нь дээр дурдсан хуулиудад зааснаар цэргийн алба хаасны тогтоолгон авах эрх үүссэн тул хариуцагчийн 2020 оны Б/629 дүгээр тушаал хуульд нийцсэн байна.

2.2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/96 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн алба хаах хугацааг нэг жилээр сунгасан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан 5 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг зөрчөөгүй бөгөөд ийнхүү  алба хаах хугацаа сунгасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзлээ.

2.3. Мөн маргаан бүхий тушаалын үндэслэл сургуулийн албаны шалгалтын дүн үнэлгээтэй холбоотой асуудал хамааралгүй байх бөгөөд тус илтгэх хуудсын Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон тул илтгэх хуудсанд дурдсан асуудалд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.

3. Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргасан нь эргэлзээтэй гэх боловч Байгууллагын даргын тушаал гаргах журмын 136.6.2-т зааснаар Хүний нөөцийн хэлтэс нь хүний нөөцийн удирдлагын чиглэлээр гаргасан төв байгууллагын даргын гаргасан тушаалын хуулбарыг хадгалж, бүртгэл хөтлөхөөр байх бөгөөд шүүхэд маргаан бүхий тушаалын захирлын гарын үсэг тамгатай хуулбарыг гаргаж өгсөн тул Д сургуулийн захирал тушаал гаргаагүй гэж үзэхгүй юм.

4. Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 25, мөн оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус тэмдэгтийн хураамжийг төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 91 дүгээр зүйлийн 91.1.5, 91.2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т заасныг тус тус баримтлан Ц.М-с Д сургуулийн захиралд холбогдуулан гаргасан Д сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН