Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0069/Э |
Дугаар | 01 |
Огноо | 2016-12-26 |
Зүйл хэсэг | 150.2., |
Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Н.Амаржаргал
Хохирогчийн төлөөлөгч Ц.Өнөрмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Шүүгдэгч А.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чорос овогт Авирмэдийн Батчулуунд холбогдох эрүүгийн 201610010049 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Ногоон чулуутын 9-45 тоотод оршин суух, “АНЗО трейд” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай байсан, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чорос овогт Авирмэдийн Батчулуун /РД: АЕ85101197/
Прокурорын яллах дүгнэлтээр: шүүгдэгч А.Батчулуун нь “М-Си-Эс дистрибюшин” ХХК-ний Замын-Үүд дэх гэрээт борлуулагч “АНЗО ТРЕЙД” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Элсэн далай дэлгүүрээс өөрийн дансаар 645.895 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ихэр овоо дэлгүүрээс өөрийн дансаар 2.352.800 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Наран дэлгүүрээс 10.571.620 төгрөгийг Хаан банкны өөрийн дансаар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ?рвай хутаг дэлгүүрээс бэлнээр 70.300 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Талст дэлгүүрээс бэлнээр 483.570 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эс Эс дэлгүүрээс бэлнээр 500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Бөмбөөлэй дэлгүүрт 692.400 төгрөгний бараа өгсөн гэж барааг өөрөө авч борлуулсан, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сайхан хүнс дэлгүүрээс дансаар 301.740 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Э-Транс дэлгүүрээс бэлнээр 257.385 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ашиг Эрдэнэ дэлгүүрээс бэлнээр 138.340 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Овоот дэлгүүрээс бэлнээр 152.200 төгрөгийг тус тус авч нийт 16.166.250 төгрөгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-Шүүгдэгч А.Батчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “Эм Си Эс” компанид 2014 оны 09-р сарын 08-ны өдөр ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаандаа хувиараа наймаа хийх гэж байгаад байгууллагадаа хохирол учруулсан байгаа. Одоо хохирлоо төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Өнөрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирол төлбөрийн үлдэгдэл 4886.250 төгрөг байснаас өчигдөр 2 сая төгрөг төлсөн. Өнөөдөр үлдсэн 2886.250 төгрөгийг нь мобайл банкаар шилжүүлж хохиролгүй болж байна, бидний хувьд өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэв.
- Гэрч Д.Зоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сард тайлан гаргахад зээлийн мөнгөнөөс дутсан. Батчулуун манай компанид өнөөдрийн байдлаар 16452.520 төгрөгний хохирол учруулсан гэх мэдүүлэг, /хx-ийн 22-24 тал/
- Гэрч У.Алтаннамарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр АНЗО TРЕЙД ХХК-иас нийт 1417.270 төгрөгний бараа зээлээр худалдан авсан. Ингээд сарын сүүл болохооос өмнө 500.000 төгрөгийг худалдааны төлөөлөгч А.Батчулуунд бэлнээр тушаагаад үлдсэн мөнгийг нь тус компаний захирлын дансаар шилжүүлсэн. Ер нь Батчулуунд зээлээр авсан мөнгөний үлдэгдлийг бэлнээр өгдөг байсан. Цагдаагийн байгууллага намайг дуудаад асуухаар нь Батчулууныг өөртөө мөнгө ашигласан болохыг мэдсэн гэх мэдүүлэг/ хx-ийн 28-29 тал/
-Гэрч А.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Батчулууны Хаан банкны дансанд 301.740 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Манай дэлгүүрээс тус компанид ямар нэг өр авлага байхгүй. Батчулууныг өөрийн дансандаа шилжүүлж авдаг талаар мэдээгүй цаашаа тушаадаг гэж бодсон гэх мэдүүлэг. / хx-ийн 31-32 тал/
-Гэрч Э.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 333.600 төгрөгний бараа зээлээр авсан. Дараа нь худалдааны төлөөлөгч Батчулуунд бэлнээр 333.600 төгрөгийг тушаасан. Тухайн барааг худалдан авахад худалдагч Нямсүрэн гэх хүн ажиллаж байсан ба манай компаний нягтлан Баяраа гэж хүн тушаасан гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/
-Гэрч Б.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдер АНЗО Трейд ХХК-иас. 1.417.470 төгрөгний барааг зээлээр авсан. Сарын сүүлд дахин бараа захиалахдаа өмнөх захиалгын мөнгө болох дээрх мөнгийг худалдааны төлөөлөгч Батчулуунд бэлнээр өгсөн. Ихэвчлэн зээлээр худалдан авалт хийсэн тохиолдолд Батчулуунд бэлнээр мөнгийг өгдөг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 37 тал/
-Гэрч Ц.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр АН3O TРЕЙД ХХК-иас нийт 11.597.840 төгрөгний барааг зээлээр худалдан авч сарын сүүлээр тооцоо хийсэн. Тухайн үед компаний төлөөлөгч А.Батчулуун болон Марлаа нарт мөнгийг хэсэгчлэн өгсөн. Одоо ямар нэг өр авлага байхгүй. Батчулуун барааны захиалгыг эхэлж аваад зээлээр олгосон барааны тооцоог сүүлд нь ирж авдаг байсан гэх мэдүүлэг /хx-ийн 41 тал/
-Гэрч Н.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АН3O TРЕЙД ХХК-иас нийт 898.530 төгрөгний барааг зээлээр худалдан авсан. Зээлээр авсан барааны мөнгийг сарын сүүлд Батчулуунд бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /хx-ийн 47 тал/
-Гэрч Ч.Янжиндуламийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр АН3O TРЕЙД ХХК-иас нийт 472.140 төгрөгний бараа авсан. Тухайн үед манай дэлгүүрээс ямар нэг санхүүгийн баримт бичиг үйлдээгүй бөгөөд тус компаний зарлагын падаан дээр бичигдсэн байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн худалдан авалтыг зээлээр аваад дараа нь мөнгийг Батчулуунд бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/
-Гэрч Т.Хөгжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Тухайн өдөр Анзо Трейд ХХК-иас худалдан авалт огт хийгээгүй. Надад үзүүлж байгаа зарлагын падааныг анх удаа харж байна. Мөн барааг хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байгаа тул худалдан авалт хийгээгүй гэx мэдүүлэг. /хx-ийн 44 тал/
-Гэрч Н.Амгалантуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тухайн үед тус компани худалдааны төлөөлөгч А.Батчулууны хэлсэн дансаар мөнгийг бэлнээр шилжүүлсэн. Төлбөр тооцооны асуудлыг ихэвчлэн А.Батчулуунтай хийдэг байсан. Одоо тус компанитай холбоотой өр авлагын асуудал байхгүй АНЗО ТРЕЙД ХХК-тай хамтран үйл ажиллагаа явуулаад 1-2 жил болж байна. Энэ хугацаанд төлбөр тооцоотой холбоотой ямар нэг маргаан огт үүсч байгаагүй. Харин сүүлийн үед тус компаний худалдааны төлөөлөгч А.Батчулууныг хувьдаа мөнгө ашигласан гэж захирлаас нь дуулсан. Одоо тус компанитай хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна гэжээ. /хх-ийн 60 тал/
-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 тал/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Батчулуун нь “М-Си-Эс дистрибюшин” ХХК-ний Замын-Үүд дэх гэрээт борлуулагч “АНЗО ТРЕЙД” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Элсэн далай дэлгүүрээс өөрийн дансаар 645.895 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ихэр овоо дэлгүүрээс өөрийн дансаар 2.352.800 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Наран дэлгүүрээс 10.571.620 төгрөгийг Хаан банкны өөрийн дансаар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр арвай хутаг дэлгүүрээс бэлнээр 70.300 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Талст дэлгүүрээс бэлнээр 483.570 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эс Эс дэлгүүрээс бэлнээр 500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Бөмбөөлэй дэлгүүрт 692.400 төгрөгний бараа өгсөн гэж барааг өөрөө авч борлуулсан, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сайхан хүнс дэлгүүрээс дансаар 301.740 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Э-Транс дэлгүүрээс бэлнээр 257.385 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ашиг Эрдэнэ дэлгүүрээс бэлнээр 138.340 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Овоот дэлгүүрээс бэлнээр 152.200 төгрөгийг тус тус авч нийт 16.166.250 төгрөгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Батчулууныг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чорос овогт Авирмэдийн Батчулууныг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Авирмэдийн Батчулууны тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батчулууны цагдан хоригдсон 43 хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Батчулуунд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ