Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/01121

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 17 өдөр

   Дугаар 101/ШШ2019/01121

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД/2, 82 дугаар байр, 6 тоотод оршин суух, Б.Б/РД: 000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баян Монгол хороолол, 403-36 тоотод оршин суух, БаБ/РД: 0000000/

Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, 75 дугаар байр, 18 тоотод оршин суух, Э.У/РД: 00000/ нарт холбогдох

Б.Бя, Б.Ба нарын хооронд 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г, мөн Б.Бя, Б.Ба нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан "Бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, “БӨ” ХХК-ийн эрх болон хувьцаа, эд хөрөнгийг Б.Бяийн нэр дээр шилжүүлэх,

БӨ” ХХК болон Б.Ба нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа эзэмших гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Б.Ба, Э.Уугантуяа нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”, “Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Багийн 2000 онд “БӨ” ХХК-ийн 60 хувийн хувьцааны эрхийг нэг талын хүсэл зоригоор Б.Бяид шилжүүлсэн үйлдлийг болон Б.Бяид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу  Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бя,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа,

Хариуцагч Б.Ба,

Гэрч С.Цэдэнсодном,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Бя шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.Бя миний бие 1987 онд Орос Улсад суралцахаар явсан бөгөөд сургуулиа төгсөөд тэнд 15 жилийн турш ажиллаж, амьдарсан. Ажиллаж байх хугацаандаа мөнгө хуримтлуулан Монгол Улсдаа хөрөнгө оруулалт хийж ирээдүйн мөрөөдлөө биелүүлэх зорилготой байсан.

            Гэр бүлийн хамт харийн оронд зовон байж олсон хэдэн төгрөгөөрөө аж ахуйн нэгж байгуулан бизнес эрхлэхээр төлөвлөсөн байсан тул өөрийн төрсөн ах Б.Бад итгэн түүнд мөнгөө шилжүүлэн 2000 онд одоогийн “БӨ” ХХК-ийн газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авч дээрхи компанийг байгуулсан.

            Тухайн үед би уг үл хөдлөх хөрөнгийг 100 хувь өөрийн хөрөнгөөр худалдан авсан боловч намайг эзгүйд ах Б.Ба өөртөө хувьцааны 40 хувийг, надад 60 хувийг эзэмшүүлэхээр бүртгүүлсэн байсныг би сүүлд Монголд ирснийхээ дараа мэдсэн. Тэгээд учрыг нь лавлахад Б.Ба “БӨ” ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд болон улсын бүртгэлд бүртгүүлэхэд миний нэр хувьцаа эзэмшигчээр байхгүй бол болохгүй байсан, үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр буцаагаад 100 хувь шилжүүлээд өгнө гэж хэлсэн.

            Би төрсөн ах минь болохоор сүртэй юм бодолгүй өнгөрсөн. Үүнээс хойш компанийн 40 хувийн хувьцааг надад шилжүүлж өгөлгүй явсаар 2006  онд 100 хувь шилжүүлж өгсөн. Гэтэл 2011 онд компанийн эрхийг буцаагаад ахдаа шилжүүлээд өгөөч, орон сууц худалдаж авахад барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй байна гэж гуйн  шилжүүлж авсан.

            Энэ үед миний гарын үсгийг дуурайн зурсныг би сүүлд мэдсэн. Үүнээс хойш хувьцааг буцааж миний нэр дээр шилжүүлэхгүй явсаар бидний дунд үл ойлголцол үүсэн 2017 оны 10 дугаар сард дээрхи шалтгааны улмаас Б.Ба намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 тоот шийтгэх тогтоолоор түүнд торгох ял ногдуулсан. Энэ шийтгэх тогтоол нь түүний миний эрүүл мэндийг санаатай хохироосон болохыг нотолно.

            Мөн миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж залилан мэхлэх аргаар компанийн эрхийг шилжүүлж авсан хууль бус үйдлийг нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан хариуг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн.

            Б.Ба намайг зодож гэмтэл учруулсан тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасны дагуу 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “БӨ” ХХК-ийн эд хөрөнгө, хувьцааг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ болон мөн өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцон “БӨ” ХХК-ийн хувьцаа болон эд хөрөнгийг Б.Бя миний нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү.

            “БӨ” ХХК нь 2000 оноос хойш Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байрлах, 5.000 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ үл хөдлөх хөрөнгө нь анхнаасаа хувь хүний өмч бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш би дангаар өмчилдөг байсан.

            Гэтэл 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр надаас зөвшөөрөл авалгүй уг үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байсан ба дээрх бэлэглэлийн гэрээг би Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан шаардлагаа өөрчилж уг гэрээг мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасны дагуу хүчингүйд тооцуулан үл хөдлөх хөрөнгөө буцаан өөрийн нэр шилжүүлүүлэх хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

            Мөн ах Б.Ба нь миний эзгүйд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “БӨ” ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээ байгуулан миний гарын үсгийг хуурамчаар зурж компанийн 40 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Уг гэрээн дэх Б.Бя гэсэн гарын үсэг нь минийх биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд өөрөө ч минийх биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.

            Иймд дээрхи 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “БӨ “ ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож, хувьцааг миний нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү.

            “БӨ” ХХК-ийн хувьцаатай холбоотой маргаан шүүхэд хянагдаж байхад 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Э.Уугантуяатай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан компанийн 40 хувийн хувьцааг худалдан, мөн өдөр нь компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан 40 хувийн хувьцааны эрхийг түүнд шилжүүлсэн байсан. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцон хувьцааг миний нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Б.Ба шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.Бя шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн утгадаа “Гэтэл 2011 онд компанийн эрхийг ахдаа буцаагаад шилжүүлээд өгөөч, орон сууц худалдаж авахад барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй байна гэж гуйсаар байгаад өөртөө шилжүүлж авсан. Энэ үед миний гарын үсгийг дуурайн зурж эрхийг шилжүүлж авсныг би сүүлд мэдсэн. Мөн миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж залилан мэхлэх аргаар компанийн эрхийг шилжүүлж авсан хууль бус үйлдлийг нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан хариуг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ зөрүүтэй тайлбарлаж байгаа нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм уу, эсхүл бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юу гэдэгт эргэлзээтэй байгаа нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох зарчимтай зөрчилдөж байна.

            Миний бие 2000 онд Ц.Гантөмөрөөс “Хайрхан трейд” ХХК-ийн эзэмшиж буй газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 18.000.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд уг газар, үл хөдлөх хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулах зорилгоор “БӨ” ХХК-ийг үүсгэн байгуулж одоог хүртэл үйл ажиллагааг нь удирдан ажиллаж байна.

            Уг компанийг анх байгуулах үед компанийн нийт хувьцааны 60 хувийн дүү Б.Бя, 40 хувийг Б.Ба би эзэмшихээр дүрмийг батлан эзэмших болсон. Тухайн үед би Б.Бятой нийлэн Орос Монголын хооронд наймаа хийдэг байсан тул дүүтэйгээ хамтраад өөр төрлийн бизнес хийхийн тулд түүнийг 60 хувийн хувьцаа эзэмшигч болгосон.

            2005 онд дүү Б.Бя нь уул уурхайн бизнест ормоор байна, алт ухвал ашигтай, ковш, экскаватор худалдаж авах хэрэгтэй байна, та хувьцаагаа над руу шилжүүлээд өгчих, би банкнаас зээл авья гэж гуйсан тул би 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшиж буй 40 хувийг хувьцааг Б.Бяид шилжүүлсэн.

            Ингээд зээл авч үйл ажиллагаа нь амжилттай болсон тул 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 40 хувийн хувьцааг Б.Бяоос Б.Ба над руу буцаан шилжүүлсэн.

            Харин 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бя нь өөрийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу надад шилжүүлэн өгсөн. Энэ хувьцаа шилжүүлсэн бэлэглэлийн гэрээний зорилго нь “Экологийн дулаан хаус” ХХК-ийг үүсгэн байгуулж, би өөрийн эзэмшдэг машинаа заран үйлдвэрийн байшинг нь барьж өгсөн ба тус компанийг Б.Бя удирдаж ажиллахаар болсон.

            Ийнхүү дүү Б.Бядоо шинээр компани байгуулж өгөн үйлдвэрийн байр барьж өгсөн тул түүний хариу болгон дүү Б.Бя нь “та одоо “БӨ” ХХК-иа өөрөө хариуцаад яв, ингээд та бид хоёрын хооронд ямар ч өр төлбөр, тооцоо байхгүй болсон” гэж хэлэн хувьцаагаа шилжүүлсэн.

            Харин хувьцааг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ хийсэн шалтгаан нь дүү Б.Бя ах дүү нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулах муухай, бэлэглэлээр шилжүүлчихье, дараа нь хувьцаа худалдсан болохгүй, амар” гэж хэлсэн тул бэлэглэлийн гэрээ байгуулсан.

            Бидний хооронд байгуулсан дээрхи бүх хувьцаа шилжүүлэх гэрээ нь мөн чанартаа бэлэглэлийн харилцаа биш бөгөөд анх энэ үл хөдлөх хөрөнгийг Б.Ба би худалдан авч компани байгуулж үйл ажиллагааг нь хариуцаж байсан учир өмчийг ах дүү хоёр нэг нэгэндээ тус дэм болох зорилгоор харилцан шилжүүлж байсан юм.

            2005 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн эзэмшиж буй 40 хувийн хувьцааг Б.Бяид банкнаас зээл авахад нь зориулж шилжүүлсэн байсан бөгөөд тэрээр зээлээ авсан тул миний өмнө эзэмшиж байсан 40 хувийг 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр над руу буцаан шилжүүлсэн.

 Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хуурамч байсныг одоо олж мэдлээ хэмээн мэдэн будилж худлаа тайлбар гаргаж байсан. Одоо мэдэж байгаа бол 2011 онд 60 хувийн хувьцааг шилжүүлж 100 хувийн эзэмшлийг надад хүлээлгэн өгөхдөө өмнө шилжүүлсэн 40 хувийг мэдэж байсан, мөн цагдаад өгсөн мэдүүлэгтээ 2007 онд Б.Ба ахад компаниа даатгаж үлдээсэн гэж хэлсэнтэй зөрчилдөж байна.

            Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “БӨ” ХХК-ийн 40 хувийн хувьцааг Э.Уугантуяад худалдсан. Б.Бяоос шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлага нь 2011 оны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 60 хувийн хувьцаагаа буцаан өгөхийг шаардсан байсан бөгөөд үлдсэн 40 хувьд хамааралгүй байсан тул уг 40 хувийн хувьцаагаа Э.Уугантуяад худалдсан.

            Би Багануурын уурхайд 100.000.000 гаран сая төгрөгийн өртэй байсан ба би Э.Уугантуяагаас 150.000.000 төгрөг авч байж уг өрөө дарсан. Компанийнхаа хувьцааг 150.000.000 төгрөгт тооцож түүнд зарсан.

Гэтэл сүүлд хувьцаа шилжсэний дараа Б.Бя нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул Э.Уугантуяатай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох хэлцэл биш юм.

Иймд Б.Бяийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч Э.Уугантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

            Б.Бяийн нэхэмжлэлтэй Э.Уугантуяа надад холбогдуулан гаргасан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

            Э.Уугантуяа би 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “БӨ” ХХК-ийн 40 хувийн хувьцааг тус компанийн 100 хувийг эзэмшиж буй Б.Багаас худалдан авч үнийг бүрэн төлөн хувьцаа шилжүүлэх, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

            Хувьцаа худалдан авах үед Б.Ба нь тус компанийн хувьцааг дангаар эзэмшиж байсан бөгөөд компанийн дүрэм, гэрчилгээ, бичиг баримтын хувьд хуулийн ямар нэгэн зөрчил, доголдол байгаагүй.

            Түүнчлэн өмнө компанийн хувьцааг эзэмшиж байсан гэх Б.Бяоос шүүхэд компанийн хувьцаатай холбоотой иргэний шүүхэд маргаан явагдаж байгаа гэдгийг Б.Ба хэлсэн ба тэрхүү маргаан нь хувьцааны 60 хувьд хамаарах, харин 40 хувьд буюу миний худалдан авч буй хэсэгт хамаарахгүй байсан тул хувьцааг нь худалдан авсан юм.

            Иймд Б.Бяийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ба шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.Ба миний бие өөрийн төрсөн дүү Б.Бяийг мэдлэг боловсрол эзэмшээд энэ компанийг цаашид үр ашигтай ажиллуулж чадна гэж итгэж түүний амьдралыг бодож өрөвдөн өөрийн үүсгэн байгуулсан “БӨ” ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2000 онд түүний эзгүйд Оросын Холбооны Улсад байх үед нь түүний гарын үсгийг өмнөөс нь зурж хувьцаагаа бэлэглэсэн.

            Мөн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн худалдан авсан  Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө зээл авна гээд байхаар нь түүний нэр дээр бэлэглэлийн журмаар түр шилжүүлсэн. Энэ үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад дүү маань мөн л Оросын Холбооны Улсад байсан.

            Гэтэл миний дүү маань 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр намайг өдөн зодож улмаар таньдаг эмчээрээ гэмтлийн зэрэг тогтоохгүй гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоолгон дүгнэлт гаргуулж эрүүгийн хэрэг үүсгүүлэн намайг буруутгасан ба энэ үйлдлээрээ далимдуулан намайг шүүхэд өгсөн үйлдэлд нь би үнэхээр их гомдож байна.

            Б.Бя нь намайг эрүүгийн хэрэгт хилсээр шийтгүүлсэн ба дээрхи үйлдэл нь намайг ноцтой гомдоосон үйлдэл бөгөөд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь заалтад бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн дотор бэлэглэлийг буцааж болохоор заасан ба харин бэлэглэл үйлдсэнээс хойш хэзээ буцаах эрхээ алдах талаар тусгайлан заагаагүй байна.

            Иймд намайг ноцтой гомдоож цагдаад өгөн эрүүгийн хэрэгт хилсээр шийтгүүлсэн, ноцтой гомдоож шүүхэд өгсөн, ноцтой гомдоож ах, дүү нарт намайг муулж миний нэр хүндийг гутаасан үйлдлээс хойш 1 жил өнгөрөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар 2000 онд “БӨ” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Бяид шилжүүлсэн үйлдлийг болон Б.Бяид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу  Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү.

2018 оны 12 дугаар сард Б.Бя нь цагдаагийн тусгайд ажилладаг 2 залуутай ирээд намайг боосон. Тэгээд өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан ба Б.Бяид гэмтлийн зэрэг гарсан байх. Надад гэмтлийн зэрэг гараагүй.

2017 оны 12 дугаар сард Б.Бяийг зодсон гээд торгуулсан бөгөөд тухайн үед торгууль гэж хүлээн авч байсан. Одоо энэ нь миний эсрэг ашиглах зүйл боллоо гэж харж байна гэв.

           

Нэхэмжлэгч Б.Бя сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.Бя миний бие сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь сөрөг нэхэмжлэл нь болж өнгөрсөн бодит үйл явдалтай нийцэхгүй, хуулийг буруу тайлбарласан, үндэслэлгүй нэхэмжлэл байна.

            2000 онд “БӨ” ХХК-ийг бусдаас газрын хамт худалдаж авах хөрөнгийг зөвхөн миний бие гаргасан. Би Оросын Холбооны Улсад гэр бүлийн хамт ажиллаж  , зовж олсон мөнгөө 1999 оноос хойш ах, дүү, найз нөхдөөрөө дамжуулан ах Б.Бад хүргүүлж байсан.

            Би түүнд нийт 106.300 ам доллар, 400.500 рубль, эмэгтэй хүний өвлийн гоёлын гутал 80 ширхэгийг /нэг гутал нь 200 ам доллар байсан/ хүргүүлж ах маань “БӨ” ХХК-ийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэртэй болсон.

            Би Оросын Холбооны Улсад байсан учраас компанийг миний нэр дээр 100 хувь шилжүүлж чадалгүй, Б.Ба нь өөрийнхөө нэрийг оруулж Б.Ба 40 хувь, Б.Бя 60 хувь хувьцаа эзэмшдэг гэж бүртгүүлсэн байсан.

Ийм учраас компанийг худалдан авах мөнгө, эд хөрөнгийн хувьд Б.Багийн оролцоо огт байхгүй бөгөөд үнэндээ бол 100 хувь миний мөнгөөр худалдан авч барилгын засвар хийж боссон компани юм.

Б.Ба нь “БӨ” ХХК-ийг 100 хувь минийх гэдгийг хүлээн зөвшөөрдөг байсан учраас 2006 онд газар болон хувьцааг буцаан шилжүүлсэн. Энэ бүх нөхцөл байдлыг манай ах дүү нар болон Б.Ба нь мэдэж байгаа.

Би худал зүйл зохиож хүний нэр хүндэд халдаагүй. Ах дүү, хамаатан саднуудад муу нэртэй болсон бол тэр нь зөвхөн өөрийнх нь хувиа бодож бусдын эд хөрөнгөд шунасан үйлдлээс нь болсон гэдэг нь тодорхой.

Б.Ба нь миний эд хөрөнгөд шунаж, буцааж өгөхгүй байснаас болж 2015 оноос бидний хооронд хэрүүл маргаан гарах болсон ба энэ нөхцөл байдал даамжирсаар ах маань 2017 оны 10 дугаар сард миний нүдэн тус газар түлхүүрээр цохиж хүнд гэмтээснээр болж энэ асуудал ах дүүсийн хооронд яригдаад шийдэгдэх асуудал биш гэдэг нь тодорхой болсон тул арга буюу хуулийн байгууллагад хандсан.

Тийм ч учраас цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас хэн нь хохирогч, хэн нь гэм буруутай этгээд болохыг тогтоосон. Түүний цохисон нүд одоо болтол бүрэн эдгэрээгүй байгаа бөгөөд хараа муудаж байнга, нулимс гардаг болсон тул миний хувьд ахдаа маш их гомдож явдаг.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн агуулга болон зарчмаас харахад гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон этгээд л гомдох учиртай. Гэтэл өөрөө хүн зодчихоод түүндээ яагаад өөрөө гомдоод байгаа нь ойлгомжгүй байна.

Сая 2018 оны 12 сард ах маань намайг дахин зодсон бөгөөд энэ асуудал одоо прокурорт хянагдаж байгаа ба удахгүй шүүхэд шилжинэ гэсэн.Б.Багийн хувьд хүн гомдоосон этгээд болохоос гомдсон этгээд биш тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Э.Уугантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинбаатар сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Түвшинбаатар миний бие Б.Бяийн нэхэмжлэлтэй Б.Бад холбогдох иргэний хэргийн хамтран хариуцагч Э.Уугантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч билээ.

2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хариуцагч Б.Багийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад тус сөрөг нэхэмжлэл нь манай 40 хувийн хувьцаатай хамааралгүй учир сөрөг нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлтгүй болохыг мэдэгдье гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бя нь хариуцагч Б.Бад холбогдуулан Б.Батай 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г, мөн тэдний хооронд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан "Бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, “БӨ” ХХК-ийн эрх болон хувьцаа, эд хөрөнгийг Б.Бяийн нэр дээр шилжүүлэх,

“БӨ” ХХК болон Б.Ба нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа эзэмших гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Б.Ба, Э.Уугантуяа нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”, “Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч Б.Ба нь 2000 онд “БӨ” ХХК-ийн 60 хувийн хувьцааны эрхийг нэг талын хүсэл зоригоор Б.Бяид шилжүүлсэн үйлдлийг болон Б.Бяид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу  Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

            Үндсэн нэхэмжлэлийн тухайд:   

 

Нэхэмжлэгч Б.Бя, хариуцагч Б.Ба нар 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан бэлэглэгч Б.Бя нь компанийн нийт хувьцааны 60 хувь буюу 6.000.000 төгрөгт ногдох хувьцааг Б.Бад үнэ төлбөргүй шилжүүлсэн ба мөн өдрөө эрх шилжүүлэх гэрээ байгуулан дээрхи хувьцааг эзэмших эрхийг Б.Бад шилжүүлсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 12-15, 75-84 дүгээр тал/

 

Мөн Б.Бя, Б.Ба нар нь 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан Б.Бя нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, өмчлөх эрхийн гэрчилгээний 000010883 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бад бэлэглэн мөн өдөр нь Б.Ба уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 151, 198-202, 2 дугаар хавтасны 79-80 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Бя нь хариуцагч Б.Батай 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг, мөн тэдний хооронд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасан үндэслэлээр хүчингүйд тооцуулан, “БӨ” ХХК-ийн хувьцаа, эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлүүлэхээр шаарджээ.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т ”Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан бол” бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоно гэж заасан байна.

Энэ нь бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн амь нас, эрүүл мэндийг санаатай хохироосон, хохироохыг завдсан үйлдэл байх ба энд эрүүгийн хариуцлага хүлээхээр үйлдэл хийсэн байх шаардлагагүй.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 тоот шийтгэх тогтоолоор Б.Баг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Баг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Багаас 451.570 төгрөг гаргуулан хохирогч Б.Бяид олгон, хохирогчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 12578 тоот дүгнэлтэд:

1. Б.Бяийн биед дух, хамарт зулгаралт, зүүн нүдний алимны доргилт, зүүн зовхинд цус хуралт , зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэжээ.

Дээрхи шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Ба, хохирогч Б.Бя нар гомдол гаргаагүй гэх ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-8, 2 дугаар хавтасны 87-90 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т зааснаар бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй ба энэ хугацаа нь шаардах эрх үүссэн цагаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл бэлэглэгч нь бэлэглэлээ хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн болохыг мэдсэн цаг мөч байх болно.

Хариуцагч Б.Ба нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “БӨ” ХХК-ийн байранд төрсөн дүү Б.Бятой хувийн таарамжгүй харилцаа буюу өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож улмаар

 

Б.Бяийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн нь дээр дурьдсан хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн болохыг мэдсэн цаг мөчийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 тоот шийтгэх тогтоол гарсан өдрөөр тооцсон бөгөөд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэв.

Мөн хариуцагч Б.Ба нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Б.Бяийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.

 

Хариуцагч Б.Ба нь нэхэмжлэгч Б.Бяийн эрүүл мэндэд гэмтэл учруулан ял шийтгүүлсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасан үндэслэлээр дээр дурьдсан гэрээнүүдийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т зааснаар бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон тул бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан өгөх үүрэгтэй ба буцаан өгөх бэлэг хүлээн авагчийн үүрэг нь зөвхөн эд юмст төдийгүй бүх төрлийн хөрөнгөд хамаарах тул хариуцагч Б.Ба нь бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Бяид буцаан шилжүүлэх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч Б.Бя, хариуцагч Б.Ба нар нь 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 02 тоот “БӨ” ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээ байгуулан Б.Бад компанийн хувьцааны 40 хувийг эзэмшүүлэхээр тохирсон гэх ба нэхэмжлэгч Б.Бя нь уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар,

Мөн Б.Ба, Э.Уугантуяа нарын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Э.Уугантуяад “БӨ” ХХК-ийн 1 бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй 40 ширхэг хувьцааг 4.000.000 төгрөгөөр худалдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан компанийн нийт хувьцааны 40 хувийг эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар тус тус шаардсан байна.

            /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 30-40, 88-97 дугаар тал/

 

             Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан ба 56.1.1-т “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заасан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох бөгөөд агуулга болон бэлэн хийгдсэн бусад нөхцөл байдлаас шалтгаалаад зарчмын хувьд эс зөвшөөрөгдөх үйлдлийг хуулийн хорио гэнэ.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх заалт нь энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариат эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д заасан шаардлагад хамаарахаас гадна зохих этгээдийн зөвшөөрөл олгогдоогүй тохиолдол хамаарна.

 

Нэхэмжлэгч Б.Бя, хариуцагч Б.Ба нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 02 тоот “БӨ” ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээ байгуулан гэрээний 1.1-д зааснаар Б.Бад компанийн хувьцааны 40 хувийг эзэмшүүлэхээр тохирсон гэх боловч гэрээнд хэдэн хувийн хувьцааг шилжүүлсэн талаар заагаагүй, хэргийн 1 дүгээр хавтасны 89 дүгээр талд авагдсан “БӨ” ХХК-ийн захирлын мөн өдрийн шийдвэрээс үзэхэд компанийн 40 хувийн хувьцааг шилжүүлсэн гэж үзэхээр байна.

2007 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “БӨ” ХХК-ийн хувьцааны 40 хувийг Б.Багийн өмчлөлд шилжүүлсэн гэрээнд Б.Бя гарын үсгээ зураагүй, уг гэрээн дэхь Б.Бя гэсэн гарын үсэг түүнийх биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5682 тоот дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг гэрээн дэх Б.Бя гэсэн гарын үсэг нэхэмжлэгч Б.Бяийнх биш талаар хариуцагч Б.Ба маргаагүй.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 68-73 дугаар тал/

 

Хариуцагч Б.Ба нь 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшдэг 40 хувийн хувьцааг Б.Бяид банкнаас зээл авахад нь зориулж шилжүүлсэн, тэрээр зээлээ авсан тул түүний урьд эзэмшиж байсан гэх 40 хувийн хувьцааг 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр буцаан шилжүүлсэн гэж 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан гэрээний зорилго, гэрээ байгуулсан хүсэл зоригийн талаар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа тусгасан ба шүүх хуралдааны явцад Б.Бяийг хөдөө орон нутагт ажиллаж байхад түүний хүссэнээр ашигт малтмалын лиценз авахын тулд уг 40 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлсэн хэмээн тайлбарлалаа.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог бол ийнхүү гэрээний нэг тал гэрээнд гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Бя нь “БӨ” ХХК-ийн хувьцаа шилжүүлсэн үйлдэлтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гаргасан ба түүний нэхэмжлэлд 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 3084 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагч Б.Бад нэхэмжлэлийн хувийг 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өгсөн байна.

Тэрээр ийнхүү нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Э.Уугантуяатай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан компанийн нийт хувьцааны 40 хувийг түүнд 4.000.000 төгрөгөөр худалдсан хэмээн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тэрээр шүүх хуралдааны явцад дээрхи хувьцааг 4.000.000 төгрөгөөр бус 150.000.000 төгрөгөөр худалдсан хэмээн тайлбарласан болно.

 Хариуцагч Э.Уугантуяа хувьцааг худалдан авахдаа хувьцаатай холбоотой маргаан шүүхэд хянагдаж буйг мэдэж байсан гэж тайлбарласан бөгөөд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан гэрээнд Б.Бя гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй, тэрээр гэрээнд оролцоогүй, мөн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ байгуулсан талаар хожим мэдсэн зэргээс үзэхэд дээр дурьдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, 56.1.8-д заасан хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй“ гэж заасан тул “БӨ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Бяийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ба, Э.Уугантуяа нарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

2000 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Б.Бя нь “БӨ” ХХК-ийн 60 хувийн хувьцааг, Б.Ба нь 40 хувийн хувьцааг эзэмшдэг талаар компанийн дүрэмд тусган улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба талууд 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулан Б.Ба компани дахь өөрийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг Б.Бяид шилжүүлснээр Б.Бя “БӨ” ХХК-ийн хувьцааг дангаар эзэмших болж компанийн дүрэмд болон улсын бүртгэлд дээрх өөрчлөлтийг оруулан бүртгүүлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 105-116, 122-141, 2 дугаар хавтасны 81-85 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 280 дугаар зүйлийн 280.1.2, 280.2-т баримтлан Б.Бя, Б.Ба нарын хооронд 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “БӨ ХХК-ийн дүрмийн сангийн 60 хувийн хувьцааг Б.Бад бэлэглэсэн гэрээ болон БӨ ХХК-ийн дүрмийн сангийн 60 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэх гэрээ”-г,

Мөн Б.Бя, Б.Ба нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, өмчлөх эрхийн 000010883 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчингүйд тооцон уг гэрээний дагуу шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Бяид буцаан өгөх буюу Б.Бяийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Бад даалгаж,

“БӨ” ХХК болон Б.Ба нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан 02 тоот “БӨ” ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээг болон хариуцагч Э.Уугантуяа, Б.Ба нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “БӨ” ХХК-ийн дүрмийн сангийн 40 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг мөн “БӨ” ХХК-ийн дүрмийн сангийн 40 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцон, “БӨ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Бяийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ба, Э.Уугантуяа нарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Э.Уугантуяа нь өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

 

Хариуцагч Б.Багийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.Ба нь 2000 онд “БӨ” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Бяид шилжүүлсэн үйлдлийг, мөн Б.Бяид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэлээр хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2000 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Б.Бя нь “БӨ” ХХК-ийн 60 хувийн хувьааг, Б.Ба нь 40 хувийн хувьцааг эзэмшдэг талаар компанийн дүрэмт тусган улсын бүртгэлд бүртгүүлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 122-141, 2 дугаар хавтасны 81-85 дугаар тал/

Мөн хариуцагч Б.Ба нь 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан Б.Бяид Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 188-190, 2 дугаар хавтасны 79-80, 86 дугаар тал/

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т “Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” бол бэлэглэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох эрхтэй.

Хариуцагч Б.Ба нь дүү Б.Бя нь намайг эрүүгийн хэрэгт хилсээр шийтгүүлсэн, ноцтой гомдоож шүүхэд өгсөн, ноцтой гомдоож ах, дүү нарт муулж нэр хүндийг маань гутаасан хэмээн тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.Ба нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “БӨ” ХХК-ийн байранд төрсөн дүү Б.Бятой хувийн таарамжгүй харилцаа буюу өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож улмаар Б.Бяийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тухайн этгээдийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэж үзэхгүй бөгөөд мөн түүнчлэн ах дүү нарын хүрээнд түүний нэр хүндийг гутаан ноцтой гомдоосон гэх үйлдэл нь нотлогдохгүй байна.

 

  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Багийн 2000 онд “БӨ” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Бяид шилжүүлсэн үйлдлийг болон Б.Бяид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу  Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

“БӨ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч Б.Ба нь 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулан 200.000.000 төгрөгийг үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд мөн өдөр нь баталгаат ипотекийн гэрээ байгуулан Б.Ба өөрийн өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон “БӨ” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороон дахь худалдаа үйлчилгээний зориулалттай 5.414 м.кв талбайтай газрыг барьцаалсан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 209-250, 2 дугаар хавтасны 1-6 дугаар тал/

 

Иргэний хуулийн 172 дугаар зүйлд зааснаар Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч солигдон нэхэмжлэгч Б.Бя болсон нь, мөн Б.Бя “БӨ” ХХК-ийн  100 хувийн хувьцааг дангаар эзэмших болсон нь “БӨ” ХХК-ийн Хас банктай 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хас банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг “БӨ” ХХК хариуцах бөгөөд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсний дараа уг гэрээтэй холбоотой компанид хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

 

            Б.Ба нь хуурамч баримт, гарын үсгээр “БӨ” ХХК-ийг 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлж залилсан гэх Б.Бяийн гомдлыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Отгонням 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийн 1.9 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх болон 1.10 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзсан мөрдөгчийн тогтоол үйлджээ.

            /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 9 дүгээр тал/

 

Гэрч Ц.Адьяа, Н.Болормаа, Б.Тунгалаг, С.Цэдэнсодном нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул тэдний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдав.

           /ХХ-ийн 2 дугаар хавтасны 213-221, 224-228 дугаар тал    

 

Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 105-117, 127-131, 185-188 дугаар тал дахь нэр бүхий иргэдийн тайлбарыг болон Б.Бад бусдаар дамжуулан хүргүүлж байсан мөнгөний тооцооны дэвтэр гэх хар дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь мөнгийг бусдад өгсөн гэх боловч хэзээ, хэнээр хэдэн төгрөгийг дамжуулсан болох, уг мөнгийг хариуцагч Б.Ба хүлээн авсан эсэх нь тодорхойгүй тул тайлбар болон дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 280 дугаар зүйлийн 280.1.2, 280.2-т заасныг баримтлан Б.Бя, Б.Ба нарын хооронд 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “БӨ” ХХК-ийн дүрмийн сангийн 60 хувийн хувьцааг Б.Бад бэлэглэсэн гэрээ болон “БӨ” ХХК-ийн дүрмийн сангийн 60 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэх гэрээ”-г, мөн Б.Бя, Б.Ба нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчингүйд тооцон уг гэрээний дагуу шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Бяид буцаан өгөх буюу Б.Бяийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Бад даалгаж,

“БӨ” ХХК болон Б.Ба нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан 02 тоот “БӨ” ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээг болон хариуцагч Э.Уугантуяа, Б.Ба нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “БӨ” ХХК-ийн дүрмийн сангийн 40 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг мөн “БӨ” ХХК-ийн дүрмийн сангийн 40 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцон, “БӨ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Бяийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ба, Э.Уугантуяа нарт даалгасугай.

2. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Багийн 2000 онд “БӨ” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Бяид шилжүүлсэн үйлдлийг болон Б.Бяид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бяийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391.750 төгрөгийг болон хариуцагч Б.Багийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 248.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Багаас 321.550 төгрөгийг, хариуцагч Э.Уугантуяагаас 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Бяид олгосугай.

 

4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5976 дугаартай захирамжаар хариуцагч Б.Бад “БӨ” ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг,

2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 14194 дугаартай захирамжаар хариуцагч Б.Бад “БӨ” ХХК-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, цэцэрлэг, орон сууцны зориулалттай, нэгж талбарын 133018/0050 дугаар бүхий, 5.412 м.кв талбайтай газрыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг,

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 14996 дугаартай захирамжаар  хариуцагч Б.Бад Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчиний гудамж, 7 дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг тус тус даалгасан ба уг захирамжууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5. Хариуцагч Э.Уугантуяа нь өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон компанийн хувьцаа эзэмшигч солигдсон нь “БӨ” ХХК-ийн Хас банктай 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад саад болохгүй болохыг дурьдсугай.

 

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.САРАНГҮН