Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/01376

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01121 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б, Э.У нарт холбогдох,

 

Б.Б, Б.Б нарын хооронд 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг, мөн Б.Б, Б.Б нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Б ХХК-ийн эрх болон хувьцаа, эд хөрөнгийг Б.Бийн нэр дээр шилжүүлэх, Б ХХК болон Б.Б нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан хувьцаа эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Б.Б, Э.У нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, хувьцаа худалдах- худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бгийн 2000 онд Б ХХК-ийн 60 хувийн хувьцааны эрхийг нэг талын хүсэл зоригоор Б.Бид шилжүүлсэн үйлдлийг болон Б.Бид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Б.Б, хариуцагч Э.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орос Улсад 15 жилийн турш ажиллаж, мөнгө хуримтлуулан, аж ахуй нэгж байгуулан бизнес эрхлэхээр төлөвлөсөн байсан тул өөрийн төрсөн ах Б.Бд итгэн түүнд мөнгөө шилжүүлэн 2000 онд одоогийн Б ХХК-ийн газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авч дээрхи компанийг байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг 100 хувь өөрийн хөрөнгөөр худалдан авсан боловч нэхэмжлэгчийн эзгүйд ах Б.Б өөртөө хувьцааны 40 хувийг, нэхэмжлэгчид 60 хувийг эзэмшүүлэхээр бүртгүүлсэн байсан. Б.Б Б ХХК-ийн үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр буцаагаад 100 хувь шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш компанийн 40 хувийн хувьцааг шилжүүлж өгөлгүй явсаар 2006 онд 100 хувь шилжүүлж өгсөн. Гэтэл 2011 онд компанийн эрхийг буцаагаад орон сууц худалдаж авахад барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй байна гэж шилжүүлж авсан. Энэ үед нэхэмжлэгчийн гарын үсгийг дуурайн зурсан байсан. Үүнээс хойш хувьцааг буцааж шилжүүлэхгүй явсаар бидний дунд үл ойлголцол үүсэн 2017 оны 10 дугаар сард Б.Б намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 тоот шийтгэх тогтоолоор түүнд торгох ял ногдуулсан.  Мөн миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж залилан мэхлэх аргаар компанийн эрхийг шилжүүлж авсан хууль бус үйдлийг нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан хариуг өгсөн. Б.Б намайг зодож гэмтэл учруулсан тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасны дагуу 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Б ХХК-ийн эд хөрөнгө, хувьцааг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ болон мөн өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцон Б ХХК-ийн хувьцаа болон эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгнө үү. Б ХХК нь 2000 оноос хойш Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байрлах, 5.000 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ үл хөдлөх хөрөнгө нь анхнаасаа хувь хүний өмч бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгч дангаар өмчилдөг байсан. 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Б ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээ байгуулахдаа гарын үсгийг хуурамчаар зурж компанийн 40 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд дээрхи 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Б ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож, хувьцааг миний нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү. Б ХХК-ийн хувьцаатай холбоотой маргаан шүүхэд хянагдаж байхад 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Э.Утай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан компанийн 40 хувийн хувьцааг худалдан, мөн өдөр нь компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан 40 хувийн хувьцааны эрхийг түүнд шилжүүлсэн байсан. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцон хувьцааг буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ зөрүүтэй тайлбарлаж байгаа нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм уу, эсхүл бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юу гэдэгт эргэлзээтэй байгаа нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох зарчимтай зөрчилдөж байна. Хариуцагч Б.Б 2000 онд Ц.Гантөмөрөөс Х ХХК-ийн эзэмшиж буй газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 18 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд уг газар, үл хөдлөх хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулах зорилгоор Б ХХК-ийг үүсгэн байгуулж одоог хүртэл үйл ажиллагааг нь удирдан ажиллаж байна. Уг компанийг анх байгуулах үед компанийн нийт хувьцааны 60 хувийн дүү Б.Б, 40 хувийг Б.Б эзэмшихээр болсон. Тухайн үед хариуцагч өөр төрлийн бизнес хийхийн тулд нэхэмжлэгчийг 60 хувийн хувьцаа эзэмшигч болгосон. 2005 онд Б.Б нь уул уурхайн бизнест ормоор байна, алт ухвал ашигтай, ковш, экскаватор худалдаж авах хэрэгтэй байна, та хувьцаагаа над руу шилжүүлээд өгчих, би банкнаас зээл авья гэж гуйсан тул хариуцагч 2005.3.22-ны өдөр өөрийн эзэмшиж буй 40 хувийг хувьцааг Б.Бид шилжүүлсэн. Ингээд 2007.10.8-ны өдөр 40 хувийн хувьцааг Б.Боос Б.Б руу буцаан шилжүүлсэн. Харин 2011.1.22-ны өдөр Б.Б нь өөрийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу надад шилжүүлэн өгсөн. Энэ хувьцаа шилжүүлсэн бэлэглэлийн гэрээний зорилго нь Экологийн дулаан хаус ХХК-ийг үүсгэн байгуулж, хариуцагч өөрийн эзэмшдэг машинаа заран үйлдвэрийн байшинг нь барьж өгсөн ба тус компанийг Б.Б удирдаж ажиллахаар болсон. Ийнхүү дүү Б.Бдоо шинээр компани байгуулж өгөн үйлдвэрийн байр барьж өгсөн тул түүний хариу болгон дүү Б.Б нь Б ХХК-ны хувьцаагаа шилжүүлсэн. Харин хувьцааг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ хийсэн шалтгаан нь дүү Б.Б ах дүү нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулах муухай, бэлэглэлээр шилжүүлчихье, дараа нь хувьцаа худалдсан болохгүй, амар гэж хэлсэн тул бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бидний хооронд байгуулсан дээрхи бүх хувьцаа шилжүүлэх гэрээ нь мөн чанартаа бэлэглэлийн харилцаа биш бөгөөд анх энэ үл хөдлөх хөрөнгийг Б.Б худалдан авч компани байгуулж үйл ажиллагааг нь хариуцаж байсан учир өмчийг ах дүү хоёр нэг нэгэндээ тус дэм болох зорилгоор харилцан шилжүүлсэн. 2005.3.22-ны өдөр би өөрийн эзэмшиж буй 40 хувийн хувьцааг Б.Бид банкнаас зээл авахад нь зориулж шилжүүлсэн байсан бөгөөд тэрээр зээлээ авсан тул Б.Бгийн өмнө эзэмшиж байсан 40 хувийг 2007.10.8-ны өдөр буцаан шилжүүлсэн. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хуурамч байсныг одоо олж мэдлээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Цагдаад өгсөн мэдүүлэгтээ 2007 онд Б.Б ахад компаниа даатгаж үлдээсэн гэж хэлсэнтэй зөрчилдөж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2018.3.30-ны өдөр Б ХХК-ийн 40 хувийн хувьцааг Э.Уд худалдсан. Б.Боос шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлага нь 2011 оны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 60 хувийн хувьцаагаа буцаан өгөхийг шаардсан байсан бөгөөд үлдсэн 40 хувьд хамааралгүй байсан тул уг 40 хувийн хувьцаагаа Э.Уд худалдсан. Б.Б Багануурын уурхайд 100 000 000 гаран сая төгрөгийн өртэй байсан ба Э.Угаас 150 000 000 төгрөг авч өрөө дарсан. Компанийнхаа хувьцааг 150.000.000 төгрөгт тооцож түүнд зарсан. Гэтэл сүүлд хувьцаа шилжсэний дараа Б.Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул Э.Утай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох хэлцэл биш юм гэжээ.

 

Хариуцагч Э.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Э.У 2018.3.30-ны өдөр Б ХХК-ийн 40 хувийн хувьцааг тус компанийн 100 хувийг эзэмшиж буй Б.Бгаас худалдан авч үнийг бүрэн төлөн хувьцаа шилжүүлэх, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Хувьцаа худалдан авах үед Б.Б нь тус компанийн хувьцааг дангаар эзэмшиж байсан. Түүнчлэн өмнө компанийн хувьцааг эзэмшиж байсан гэх Б.Боос шүүхэд компанийн хувьцаатай холбоотой иргэний шүүхэд маргаан явагдаж байгаа гэдгийг Б.Б хэлсэн ба тэрхүү маргаан нь хувьцааны 60 хувьд хамаарах, харин 40 хувьд буюу худалдан авч буй хэсэгт хамаарахгүй байсан тул хувьцааг нь худалдан авсан гэжээ. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2000 онд нэхэмжлэгчийн эзгүйд Оросын Холбооны Улсад байх үед нь түүний гарын үсгийг өмнөөс нь зурж хувьцаагаа бэлэглэсэн. Мөн 2006.11.20-ны өдөр өөрийн худалдан авсан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө түүний нэр дээр бэлэглэлийн журмаар түр шилжүүлсэн. Гэтэл 2017.10.2-ны өдөр хариуцагчийг өдөн зодож улмаар таньдаг эмчээрээ гэмтлийн зэрэг тогтоохгүй гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоолгон дүгнэлт гаргуулж эрүүгийн хэрэг үүсгүүлэн Б.Бг буруутгасан ба энэ үйлдлээрээ далимдуулан шүүхэд өгсөнд гомдож байна. Хариуцагчийг эрүүгийн хэрэгт хилсээр шийтгүүлсэн ба дээрхи үйлдэл нь ноцтой гомдоосон үйлдэл бөгөөд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь заалтад бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн дотор бэлэглэлийг буцааж болохоор заасан ба харин бэлэглэл үйлдсэнээс хойш хэзээ буцаах эрхээ алдах талаар тусгайлан заагаагүй байна. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар 2000 онд Б ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Бид шилжүүлсэн үйлдлийг болон Б.Бид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү. 2018 оны 12 дугаар сард Б.Б нь цагдаагийн тусгайд ажилладаг 2 залуутай ирээд намайг боосон. Тэгээд өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан ба Б.Бид гэмтлийн зэрэг гарсан, надад гэмтлийн зэрэг гараагүй. 2017 оны 12 дугаар сард Б.Бийг зодсон гээд торгуулсан бөгөөд тухайн үед торгууль гэж хүлээн авч байсан. Одоо энэ нь миний эсрэг ашиглах зүйл боллоо гэж харж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 онд Б ХХК-ийг бусдаас газрын хамт худалдаж авах хөрөнгийг зөвхөн нэхэмжлэгч гаргасан. Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсад гэр бүлийн хамт ажиллаж , олсон мөнгөө ах Б.Бд хүргүүлж байсан. Нэхэмжлэгч түүнд нийт 106.300 ам доллар, 400.500 рубль, эмэгтэй хүний өвлийн гоёлын гутал 80 ширхэгийг /нэг гутал нь 200 ам доллар байсан/ хүргүүлж ах маань Б ХХК-ийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэртэй болсон. Ийм учраас компанийг худалдан авах мөнгө, эд хөрөнгийн хувьд Б.Бгийн оролцоо огт байхгүй, 100 хувь нэхэмжлэгчийн мөнгөөр худалдан авч барилгын засвар хийж боссон компани юм. Б.Б нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд шунаж, буцааж өгөхгүй байснаас болж 2015 оноос хэрүүл маргаан гарах болсон ба энэ нөхцөл байдал даамжирсаар 2017.10 сард миний нүдэн тус газар түлхүүрээр цохиж хүнд гэмтээснээр болж арга буюу хуулийн байгууллагад хандсан. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас хэн нь гэм буруутай болохыг тогтоосон. 2018 оны 12 сард Б.Б, Б.Бийг дахин зодсон бөгөөд энэ асуудал одоо прокурорт хянагдаж байгаа ба удахгүй шүүхэд шилжинэ. Б.Бгийн хувьд хүн гомдоосон этгээд болохоос гомдсон этгээд биш тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Э.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Бгийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь 40 хувийн хувьцаатай хамааралгүй учир сөрөг нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлтгүй болохыг мэдэгдье гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 280 дугаар зүйлийн 280.1.2, 280.2-т заасныг баримтлан Б.Б, Б.Б нарын хооронд 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Б ХХК-ийн дүрмийн сангийн 60 хувийн хувьцааг Б.Бд бэлэглэсэн гэрээ болон Б ХХК-ийн дүрмийн сангийн 60 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэх гэрээ-г, мөн Б.Б, Б.Б нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчингүйд тооцон уг гэрээний дагуу шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Бид буцаан өгөх буюу Б.Бийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгаж, Б ХХК болон Б.Б нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан 02 тоот Б ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээг болон хариуцагч Э.У, Б.Б нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Б ХХК-ийн дүрмийн сангийн 40 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг мөн Б ХХК-ийн дүрмийн сангийн 40 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцон, Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Бийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Б, Э.У нарт даалгаж, ргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Бгийн 2000 онд Б ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Бид шилжүүлсэн үйлдлийг болон Б.Бид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391 750 төгрөгийг болон хариуцагч Б.Бгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 248 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 321 550 төгрөгийг, хариуцагч Э.Угаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5976 дугаартай захирамжаар хариуцагч Б.Бд Б ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг, 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 14194 дугаартай захирамжаар хариуцагч Б.Бд Б ХХК-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, цэцэрлэг, орон сууцны зориулалттай, нэгж талбарын 133018/0050 дугаар бүхий, 5.412 м.кв талбайтай газрыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 14996 дугаартай захирамжаар хариуцагч Б.Бд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчиний гудамж, 7 дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай, 5 000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг тус тус даалгасан ба уг захирамжууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5976 дугаартай захирамжаар хариуцагч Б.Бд  Б ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг, 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 14194 дугаартай захирамжаар хариуцагч Б.Бд Б ХХК-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, цэцэрлэг, орон сууцны зориулалттай, нэгж талбарын 133018/0050 дугаар бүхий, 5.412 м.кв талбайтай газрыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 14996 дугаартай захирамжаар хариуцагч Б.Бд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчиний гудамж, 7 дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг тус тус даалгасан ба уг захирамжууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар хангалттай нотлоогүй байгааг анхаараагүй. Шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг зөрчиж, хүсэлтийг хангахгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Б.Бд компанийн 40 хувийн хувьцааг шилжүүлсэн гэрээ нь ямар үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болохыг дүгнээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн Б ХХК-ийн лавлагаа баримтуудад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Компанийг 2000 онд байгуулагдахад үүсгэн байгуулагч хэн байсныг тодруулаагүй. Хариуцагч Б.Б эрх зүйн мэдлэг дутмагаас шүүх хуралдаанд мэтгэлцэж чадаагүй. Шүүх зөвхөн хариуцагч Б.Бд холбогдох шийтгэх тогтоолыг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Үүсгэн байгуулагчаас Б.Бийг хассан, Б.Бг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн албанд гаргасан өргөдлийг үндэслэн Б.Бийг компанийг үүсгэн байгуулагч байсан мэтээр дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл бөгөөд шүүх Б ХХК-тай холбоотой нотлох баримтуудыг үнэлж дүгнэж чадаагүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг хэргийн оролцогчид шүүхэд гаргаж өгөөгүй, бие биенийхээ үндэслэлийг няцааж, нотолж, мэтгэлцээгүй байхад шийдвэр гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүгч нэхэмжлэгчтэй тохиролцон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу ноцтой гомдоосон гэх “Шийтгэх тогтоол”-ыг шинэ илэрсэн нөхцөл байдлаар хянуулахаар гомдол гаргасаныг лавлахаас татгалзсан. Хариуцагч талд мэдэгдэхгүйгээр 4 гэрч асуух захирамж гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эт нэхэмжлэгч талын хүмүүс, гэрчээр асуугдсан хүмүүс гэмтэл учруулахыг завдсан талаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Гэрч нар шүүхэд худал мэдүүлсэн учир гэрч нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байхад шүүх хурлыг зарлаж хийсэн. Шүүх хурлын дараа хэргийн материал, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцуулаагүй. Хариуцагч Э.Уд мэдэгдээгүй ба төлөөлөгч нь шүүх хуралд ирээгүй. Шүүгч гэрч нарын мэдүүлгийг үндэслэлгүй шийдвэрээ гаргасан. Шүүгч гэрч нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн гэдгийг мэдсэн учир хэрэг түдгэлзэхээс зайлсхийж хэргийг шийдсэн. Компаний 40 хувийн хувьцааг худалдсан баримтыг гаргуулахаар захирамжилсан, захирамж биелэгдээгүй, хүчинтэй хэвээр байгаа гэжээ.

 

Хариуцагч Э.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн дүгнэлт гаргасан. Зохигчдын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрх дууссан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 1 жилийн хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор хамаарах ойлголт. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь компанийн 60 хувийн хувьцаанд хамаарах бөгөөд Б.Бтай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл биш гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан Б.Бтай 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг, мөн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Б ХХК-ийн эрх болон хувьцаа, эд хөрөнгийг Б.Бийн нэр дээр шилжүүлэх, Б ХХК болон Б.Б нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан хувьцаа эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч Б.Б, Э.У нарт холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсаныг хариуцагч Б.Б эс зөвшөөрч “ нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй, компанийг хууль ёсоор шилжүүлж авсан, бэлэлэглэлийн гэрээг нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригийн дагуу шилжүүлсэн, бэлэглэгчийг ноцтой гомдоосон зүйл байхгүй” гэж маргаж, “2000 онд Б ХХК-ийн 60 хувийн хувьцааны эрхийг нэг талын хүсэл зоригоор Б.Бид шилжүүлсэн үйлдлийг болон Б.Бид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, хариуцагч Э.У эс зөвшөөрч “компанийн 40 хувийн хувьцааг хууль ёсоор гэрээ байгуулж авсан, 40 хувийн хувьцаа нь нэхэмжлэгчид хамааралгүй хэсэг байсан” маргажээ. /1хх1-2, 146, 2хх-7-8, 11, 20, 35, 40, 65, 91-92, 94, /

 

Анхан шатны шүүх хариуцагчийн эрх зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласнаар талууд маргаантай үндэслэлийн талаар бүрэн мэтгэлцээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэжээ. /3хх-3-4/

 

Хариуцагч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор хэргийн оролцогчийн эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг хязгаарласан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигджээ. / 3хх-2-32, 33-36/

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдох бөгөөд хэргийн оролцогчийн хувьд өмгөөлөгчөөрөө дамжуулж өөрийгөө төлөөлүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлэх, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэл тайлбараа гаргаж мэтгэлцэх эрхтэй юм. Анхан шатны шүүхээс талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан гэх үндэслэлээр хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг хязгаарласныг зөвтгөх боломжгүй юм. /3хх-34-36/

 

Түүнчлэн талуудын хооронд хамтран ажиллаж байсан, төрсөн ах дүүгийн хувьд эвлэрэн хэлэлцэх боломж байсан эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д зааснаар анхаараагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй гэж заасан ажиллагааг   анхан шатны шүүхээс анхаараагүй. Талуудад эвлэрүүлэх арга хэмжээг авсан, эвлэрүүлэх ажиллагааг хийсэн талаар баримт байхгүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01121 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн, хариуцагч Б.Бгийн 321 550 төгрөг, хариуцагч Э.Угийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД