Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01488

 

    Паломино ойл энд энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00263 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаар магадлалтай,

 

Паломино ойл энд энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй

Монгол даатгал ХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 224,772,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ч.Энх-Амгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, Б.Насанжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Паломино ойл энд энержи ХХК нь бүх төрлийн шатахуун импортлох, бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг ба Төгс цэлмүүн констракшн ХХК-тай 2018.03.22-ны өдөр S2018/014 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 299,696,000 төгрөгийн түлш нийлүүлсэн боловч төлөлт хийгдээгүй. Уг гэрээний хуваарьт төлбөр хэвийн төлөгдөх байдлыг хангаж, Монгол даатгал ХК-тай 2018.04.18-ны өдөр 90C1820007280 дугаартай 300,000,000 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч нь худалдан авалтын зээлийн гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр олгох үүргийг хүлээсэн. Даатгалын гэрээний 2.1.9-д даатгалын тохиолдол гэж худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан. Төгс цэлмүүн констракшн ХХК-ийн тухайд газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтад зааснаар төлбөрийг эцсийн байдлаар 2018.06.15-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй нь 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдол бий болоод байна. Даатгалын тохиолдол бий болсон учир даатгагч нь даатгалын гэрээ, түүний хавсралтад заасан даатгалын үнэлгээ болох 300,000,000 төгрөгт багтаан Паломино ойл энд энержи ХХК-ийн нийлүүлэлт хийсэн 299,696,000 төгрөгөөс даатгуулагчийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасаж, даатгуулагчид 224,772,375 төгрөг буюу 75 хувийн даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Бид даатгалын гэрээнд хамруулан төлбөр тасалдал үүссэн буюу даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж Монгол даатгал ХК-д хандсан боловч даатгагч нь даатгалын гэрээнд заасан ажлын 5 хоногийн дотор даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь Төгс цэлмүүн констракшн ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийн талаар маргааныг тодорхой болгосон тохиолдолд нөхөн төлбөрийг төлнө гэж хэлсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Төгс цэлмүүн констракшн ХХК-аас нийт 449,545,250 төгрөгийн авлагатай болохоо шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан. Энэ төлбөрийн зарим хэсэг болох 224,772,375 төгрөг нь Монгол даатгал ХК-ийн даатгалын гэрээний дагуу бидэнд төлөх ёстой нөхөн төлбөр юм. Шүүхийн шийдвэрээр Төгс цэлмүүн констракшн ХХК-аас гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь олгохоор шийдвэрлэсэн боловч уг шийдвэр биелэгдэх баталгаа байхгүй, төлбөр төлөгч компани дампуурах болон бидний өмнө дарааллаа хүлээж байгаа төлбөр авагч байгаагаас үүргээ биелүүлж чадахгүй байх бодит эрсдэл байгаа юм. Иймд шаардах эрх шилжүүлэх хуулийн зохицуулалт болон эрх залгамжлан авах хууль зүйн боломжид үндэслэн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн зарим хэсгийг Монгол даатгал ХК-аас гаргуулахаар шаардаж байгаа тул талуудын хооронд байгуулагдсан 90C1820007280 дугаартай даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 224,772,375 төгрөгийг Паломино ойл энд энержи ХХК-д олгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь Паломино ойл энд энержи ХХК-тай 2018.01.12-ны өдрөөс 2018.04.18-ны өдрийн хооронд нийт 9 даатгалын гэрээ байгуулахдаа цэвэр бизнесийн итгэлцэл, харилцан ойлголцлын зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байсан. 2018.04.18-ны өдрийн 90С1820007280 тоот гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд хариуцагч компанийн зүгээс даатгал үйлчлэх хугацааны хувьд ухрааж хийх тухай асуудал тавьж байгаагүй, мөн газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг даатгалын гэрээний хугацаатай нийцүүлэн байгуулж, уг хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлж байсан үйлдэл нь гэрээний үйлчлэх хугацаа болон тохиролцооны зүйл, даатгуулагчийн хувийн шинж байдал зэрэгт итгэл төрүүлж уг гэрээг үйлчлэх хугацааг ухрааж хийх гол үндэслэл болсон. Даатгалын үйл ажиллагааны онцлог, даатгал хийх гол зарчим нь эрсдэл учраагүй буюу бүрэн бүтэн эд хөрөнгө, хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг аливаа төрлийн эрсдэл аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл нэгэнт эрсдэл учирсан, учрах нь тодорхой болсон нөхцөл байдалд ямар ч эд хөрөнгө, ашиг сонирхлыг даатгах боломжгүй. Гэтэл даатгуулагч Паломино ойл энд энержи ХХК нь хуулиар тогтоосон үүргээ зөрчиж даатгалын тохиолдол бий болоход нөлөөлөхүйц ноцтой нөхцөл, цаашлаад гэрээ хэлцэл байгуулах эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай байдлын талаар бидэнд мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 186 дугаар зүйлийн 186.2, 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт тус тус заасан үүргээ умартан, гэрээний талууд үнэнч шударга, ил тод байх зарчимд тулгуурласан бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үүргээ эс биелүүлж даатгалын гэрээ байгуулсан. Дээрх үүргээ биелүүлсэн бол даатгагчийн зүгээс даатгалын гэрээ байгуулахгүй, эсхүл гэрээний нөхцөл, хураамж болон хугацааны хувьд өөрөөр тохиролцох байсан ба бид уг гэрээг байгуулахдаа даатгуулагч тал худалдан авагч талтайгаа байгуулсан худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь даатгуулах зорилготой байгаа юм байна, энэ гэрээнийхээ дагуу нийлүүлэлтээ хийгээгүй буюу нийлүүлэлт хийхээсээ өмнө тохиролцож гэрээгээ байгуулсан юм байна, одоо нийлүүлэлтээ хийж эхлэх гэж байгаа учраас даатгалд хамруулж байна гэж ойлгосны үндсэн дээр гэрээг байгуулсан. Хариуцагчийн зүгээс Паломино ойл энд энержи ХХК-ийг худалдан авагч талдаа бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болохоо нуун дарагдуулсан явдлыг бичгийн нотлох баримтаар нотлох боломжгүй. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс 2018.04.18-ны өдөр даатгалын гэрээ байгуулахдаа өмнөх гэрээнүүдийн адил нөхцөлтэй байгаа, харин худалдах, худалдан авах гэрээний хувьд өмнө нь хийгдсэн байгаа, одоо нийлүүлэлт эхлэх гэж байгаа учраас даатгал хийлгэнэ гэж мэдэгдсэн учир даатгалын гэрээг байгуулсан. Энэ хугацаанд бидэнд нийлүүлэлт хийсэн талаар албан ёсоор бичгээр, цахим шуудангаар мэдэгдсэн зүйл огт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд тухайлбал, өмнө нь Паломино ойл энд энержи ХХК-тай байгуулсан даатгалын гэрээнүүдийн хугацаа, тус компанийн худалдан авагч талтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний болон бүтээгдэхүүн нийлүүлэлт хийсэн хугацаа зэргийг харьцуулан үзвэл биднийг төөрөгдөлд оруулж, нийлүүлэлт хийснээ нуун дарагдуулсан нь тодорхой. Даатгалын нөхөн төлбөрийн материалыг шалгах явцад Паломино ойл энд энержи ХХК нь худалдан авагч болох Төгс цэлмүүн констракшн ХХК-д 2018.03.22-ны өдрөөс 2018.04.19-ний өдрийн хооронд 23 удаагийн нийлүүлэлтээр нийт 299,696,500 төгрөгийн түлш нийлүүлсэн байх бөгөөд үүний 78 хувь буюу 18 удаагийн 219,056,500 төгрөгийн нийлүүлэлт нь даатгалын гэрээ байгуулагдаж гарын үсэг зурагдахаас өмнө хийгдсэн ба даатгалын гэрээг 2018.04.18-ны өдөр байгуулсан. Өөрөөр хэлбэл, нийт нийлүүлэлтээ хийж дуусах үедээ даатгалын гэрээг байгуулсан байна. Даатгалын гэрээг хийх үед даатгуулагч энэ талаар даатгагчид мэдэгдээгүй бөгөөд хэрэв нэгэнт даатгалын гэрээг байгуулахаас өмнө богино хугацаанд даатгалын үнэлгээтэй тэнцэхүйц нийлүүлэлтийг хийсэн гэдгийг мэдсэн бол даатгалын гэрээг байгуулахгүй байх нөхцөл бүрдэх байсан. Ийнхүү богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийсэн нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Худалдан авалтын гэрээ байгуулахаас өмнө 2018.03.21-ний өдөр Төгс цэлмүүн констракшн ХХК-аас Паломино ойл энд энержи ХХК-д явуулсан 18/16 албан тоотод ...богино хугацааны зээлийн нөхцөлөөр 100 тонн, 197,000,000 төгрөгийн түлшийг худалдан авах хүсэлттэй байна гэсэн хүсэлт гаргасан байтал нэмж 96,000,000 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулж, нийт 299,696,500 төгрөгийн нийлүүлэлт хийсэн, мөн худалдан авагч нь гэрээний хугацаанд эргэн төлөлт огт хийгээгүй гэдгээс үзэхэд даатгалын тохиолдол нөхцөл, орчин бүрдүүлсэн гэдэг нь нотлогдож байна. Түүнчлэн, худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.05-ны өдрийн дугаар 181/ШШ/2019/00561 дугаар шүүхийн шийдвэрээр Төгс цэлмүүн констракшн ХХК-аас 449,545,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Паломино ойл энд энержи ХХК-д олгож шийдвэрлэсэн. Монгол даатгал ХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол гэж худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний төлбөрөө төлөхгүй байхыг даатгалын тохиолдол гэж ойлгоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт тус тус зааснаар дээрх 181/ШШ/2019/00561 дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр болсон шийдвэр бөгөөд заавал биелэгдэх шинжтэй тул Төгс цэлмүүн констракшн ХХК нь гэрээний төлбөрийг төлөх нь тодорхой. Нэгэнт үндсэн гэрээний үүрэг гүйцэтгэгчээс төлбөр гаргуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал Монгол даатгал ХК-аас тус төлбөрийг дахин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэг төлбөрийг хоёр дахин гаргуулах шударга бус нөхцөл бүрдэж байна. Ийнхүү Монгол даатгал ХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу худалдан авагч нь хуваарьт төлбөрөө 120 хоногоор хэтрүүлж төлбөр төлөгдөхгүй байх нөхцөлийг даатгалын тохиолдол хэмээн үзэж нөхөн төлбөр олгохоор заасан боловч худалдан авагч Төгс цэлмүүн констракшн ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээний төлбөрийг төлөх нь тогтоогдсон тул Монгол даатгал ХК нь даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00263 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Монгол даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 224,772,375 төгрөг гаргуулахыг хүссэн Паломино ойл энд энержи ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,281,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00263 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 224,772,375 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Паломино ойл энд энержи ХХК-д олгосугай гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,281,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол даатгал ХК-аас 1,281,820 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Паломино ойл энд энержи ХХК-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Паломино ойл энд энержи ХХК-аас төлсөн 1,281,820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Энх-Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Монгол даатгал ХК нь Паломино ойл энд энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй, даатгалын гэрээний үүрэгт 224,772,375 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаар оролцож буй бөгөөд тус хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь үл зөвшөөрөн дараах 2 үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...00263 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 224,772,375 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Паломино ойл энд энержи ХХК-д олгосугай гэж өөрчилсөн нь давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, үнэн зөв судлаагүй шийдвэр гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан Паломино ойл энд энержи ХХК-ийн санхүүгийн тамгатай Харилцагчийн дэлгэрэнгүй тайланд заасны дагуу нэхэмжлэгч нь худалдан авагч болох Төгс Цэлмүүн констракшн ХХК-д 2018.03.22-ны өдрөөс эхлэн 04.19-ний өдрийн хүртэл нийт 299,696,500 төгрөгийн түлш нийлүүлсэн. Харин Монгол даатгал ХК-тай байгуулсан 90С1820007280 тоот даатгалын гэрээний хугацааг 2018.03.23-ны өдрөөс эхлэн 2019.03.22-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл тус даатгалын гэрээгээр зөвхөн 2018.03.23-ны өдрөөс эхлэн хийсэн нийлүүлэлтийг л даатгалд хамруулахаар заасан гэж үзнэ. Гэтэл Паломино ойл энд энержи ХХК-ийн худалдан авагчид нийлүүлсэн 299,696,500 төгрөгийн түлшнээс 19,700,000 төгрөгийн түлшийг 2018.03.22-ны өдөр буюу даатгалын гэрээнд хамаарахгүй хугацаанд нийлүүлсэн тул даатгагчаас 279,996,500 төгрөгийг шаардах эрхтэй юм. Тус мөнгөн дүнгээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын 25 хувийг хасвал нийт 209,997,375 төгрөгийг нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу шаардах эрхтэй байна. Дээр дурдсан үйл баримт болон нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэлэлгүйгээр 224,772,375 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2. Магадлалын үндэслэх хэсэгт Анхан шатны шүүх дээрх шийдвэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6-д заасан хамгаалалтын аргаар сэргээн шийдвэрлэсэн, даатгуулагч даатгалын нөхөн төлбөр төлөх замаар нэхэмжлэгчийн эрхийг дахин сэргээх үүрэггүй талаар хийсэн дүгнэлт буруу болжээ хэмээн дүгнэсэн байна. Анхан шатны шүүх Паломино ойл энд энержи ХХК нь Төгс Цэлмүүн констракшн ХХК-аас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг гаргуулах болсноор даатгагчаас давхар нөхөн төлбөр шаардах эрхгүй болно хэмээн дүгнэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний онцлог болон нэхэмжлэгч нэг төлбөрийг давхардуулан хоёр шүүхийн шийдвэрээр гаргуулах нөхцөл байдал үүссэн зэргийг харгалзалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Паломино ойл энд энержи ХХК-тай байгуулсан Төлбөр тасалдлын даатгалын гэрээгээр Төгс Цэлмүүн констракшн ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх хуваарьт төлбөрийн тасалдлыг даатгасан. Гэрээний дагуу худалдан авагч нь үндсэн гэрээний төлбөрөө 120 хоног хэтрүүлэх, төлөхгүй байх нөхцөлийг даатгалын тохиолдол гэж үзэхээр заасан. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь төлбөрөө төлөхгүй байх тохиолдолд даатгагч нь даатгуулагчид нөхөн төлбөр олгох онцлог бүхий даатгалын гэрээ юм. Худалдан авагчаас төлбөр гаргуулах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ хэмээн заасны дагуу буюу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байна гэсэн зарчмын дагуу Төгс цэлмүүн констракшн ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх нь тодорхой, ойлгомжтой нөхцөл үүснэ. Энэ тохиолдолд зөвхөн худалдан авагч төлбөрөө төлөхгүй байх нөхцөлд нөхөн төлбөр олгох даатгагч үүрэг хүлээх үндэслэл байхгүй бөгөөд даатгалын тохиолдол үүссэн нөхцөл байдал арилсан гэж үзэж байна. Мөн Монгол даатгал ХК болон Төгс Цэлмүүн констракшн ХХК нар нь нэхэмжлэгчийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч биш тул нэг төлбөрийг хоёр дахин гаргуулахаар шүүхэд хандсан нь үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Паломино ойл энд энержи ХХК, Монгол даатгал ХК-д холбогдуулан 224,772,375 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа худалдан авагч Төгс цэлмүүн констракшн ХХК гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй, уг хугацаанаас хойш 120 хоног хэтэрсэн нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр шаардах эрх үүссэн гэснийг хариуцагч эс зөвшөөрч ...даатгалын гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч нь их хэмжээний нийлүүлэлт хийснээ мэдэгдээгүй, ...шүүхийн шийдвэрээр Төгс цэлмүүн констракшн ХХК-аас төлбөрөө авахаар болсон тул даатгалын нөхөн төлбөр шаардах эрхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, ...Төгс цэлмүүн констракшн ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 449,545,250 төгрөг шаардсан Паломино ойл энд энержи ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна, ...нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах эрхээсээ татгалзсан гэж үзнэ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг буруу гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нөхөн төлбөр шаардах эрхтэйг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн боловч даатгалын тохиолдолд хамаараагүй хохиролд нөхөн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоос энэ хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2018.04.18-ны өдөр байгуулагдсан даатгалын гэрээгээр Паломино ойл энд энержи ХХК нь Төгс цэлмүүн констракшн ХХК-ийн дизель түлш худалдан авалтын үнийн төлөлтийг даатгуулж, даатгалын хураамж төлөхөөр, Монгол даатгал ХК нь даатгалын тохиолдол бий болсон үед даатгалын нөхөн төлбөр олгохоор тус тус тохиролцсон нь тогтоогджээ.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ болох, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Даатгалын гэрээний 4.1-т гэрээний үйлчлэх хугацааг талууд 2018.03.23-ны өдрөөс эхлэн 2019.03.22-ны өдрийг дуустал гэж, гэрээний 2.1.9-д даатгалын тохиолдол гэдгийг худалдан авах гэрээний хуваарьт заасан үндсэн төлбөрийн төлөлт заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байх гэж тус тус заажээ.

 

Талууд даатгалын гэрээний үйлчлэх хугацааг уг гэрээ байгуулсан өдрөөс өмнө Паломино ойл энд энержи ХХК-ийн Төгс цэлмүүн констракшн ХХК-д дизель түлш нийлүүлсэн 2018.03.23-ны өдрөөс эхлэхээр заасан нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчмыг зөрчөөгүй байна.

 

Даатгагчийн эрхийг зохицуулсан даатгалын гэрээний 7.3-т худалдан авагчийн төлбөрийн чадварыг зээлийн шугамын аргачлалаар шалгаж, тус бүрд нь зээлийн хамгаалалтын дээд хэмжээг тогтоох, 7.4-т зээлийн шугамын шалгуур үзүүлэлтийг хангаагүй худалдан авагчийг даатгалын багцад хамруулахгүй байх, 7.5-д даатгалын зүйлд эрсдэл тохиолдох боломж гэрээг байгуулах үеэс нэмэгдсэн, ийнхүү нэмэгдэх нөхцөл орчин бүрдсэн тохиолдолд даатгалын хураамжийн хувь хэмжээг ихэсгэх буюу гэрээг цуцлах саналаа нөгөө талд тавих, 7.6-д даатгуулагч худал мэдээлэл өгсөн... бол гэрээг цуцлах-ыг тус тус заажээ. Зээлийн шугамын шалгуур үзүүлэлт гэж аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадамжийг шалгах аргачлал гэж гэрээний 2.1.7-д, зээлийн хамгаалалтын шугам гэж гэрээний хугацаанд худалдан авагчийг даатгалын шалгуур үзүүлэлтээр тогтоогдсон худалдан авагчид олгож болох зээлийн дээд хэмжээ гэж гэрээний 2.1.8-д тус тус тодорхойлжээ.

 

Дээрх зохицуулалтаас үзвэл, Монгол даатгал ХК нь Паломино ойл энд энержи ХХК-ийн дизель түлшний нийлүүлэлтийн цаг хугацаа, худалдан авагч нь Төгс цэлмүүн констракшн ХХК-ийн төлбөр төлөх хугацаа, төлбөрийн чадварын талаар болон өөртөө даатгалын эрсдэл бий болох, эрсдэл нэмэгдэх нөхцөл байдлыг шалгах бүрэн эрхтэй байх тул эдгээрийг тооцож гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Иймд ...гэрээ байгуулахад нийлүүлэлт хийгээд эхэлсэн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй,... гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр учир хариуцагчаас үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Паломино ойл энд энержи ХХК нь даатгалын гэрээ байгуулагдсанаас хойш Төгс цэлмүүн констракшн ХХК-д дизель түлш нийлүүлсэн боловч худалдан авагч төлбөрийг ачилт хийгдсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй, уг хугацаанаас хойш 120 хоног өнгөрч даатгалын тохиолдол бий болсон нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь нийт нийлүүлсэн дизель түлшний үнэ 299,696,000 төгрөгөөс өөрийн хүлээх хариуцлага 25 хувийг хасч 224,772,375 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байх ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ гэрээнд даатгалын нийт үнэлгээ нь 293,000,000 төгрөг байгааг болон гэрээ байгуулсан 2018.03.23-ны өдрөөс өмнөх 2018.3.22-ны өдөр нийлүүлсэн 19,700,000 төгрөгийн түлшний нийлүүлэлтийн үнийг нэхэмжлэлийн шаардлагад оруулж тооцсоныг анхаараагүй нь учир дутагдалтай байна.

 

Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, 279,996,000 төгрөгийн нийлүүлэлтээс өөрийн хүлээх хариуцлага 25 хувь буюу 69,999,000 төгрөгийг хасч тооцож нийт 209,997,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцнэ гэж үзэв.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болдог хэдий ч ийм үндэслэл үүсээгүй байна.

 

Даатгалын гэрээний 6.10-д заасан худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ гэж заасан ч нэмж нийлүүлэлт хийх хугацаанд өмнөх нийлүүлэлтийн төлбөр төлөх 45 хоногийн хугацаа болоогүй байжээ.

 

Даатгалын тохиолдол бий болсон талаар 60 хоногийн дотор мэдэгдэх даатгалын гэрээний 10.1.7-д заасан үүргээ нэхэмжлэгч Паломино ойл энд энержи ХХК биелүүлсэн байна. Иймээс хариуцагч Монгол даатгал ХК-д нөхөн төлбөр олгохгүй байх гэрээний 10.1-д заасан үр дагавар үүсээгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж авсан хариу нь хэрэгт авагдсан учир Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хэргийн баримтад Төгс цэлмүүн констракшн ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 449,545,250 төгрөг гаргуулж Паломино ойл энд энержи ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.05-ны өдрийн 181/ШШ2019/00561 тоот шийдвэр авагджээ. /хх-76-77-р тал/

 

Хэдий ийм ч зохигчийн хооронд даатгалын харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд даатгалын тохиолдол бий болсон бөгөөд даатгуулагч нь худалдан авагч Төгс цэлмүүн констракшн ХХК-аас мөнгийг авах болсон нь энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, төлбөрийг шаардах эрх нь хууль, гэрээнд заасан үндэслэлээр даатгагчид шилжих боломжтой тул анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад 224,772,375 гэснийг 209,999,000 гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Монгол даатгал ХХК /төлөөлөгч Ч.Энх-Амгалан/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.10-ны өдөр төлсөн 1,281,820 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД