Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/00263

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: “ПО” ХХК -ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: “М” ХК -д холбогдох,  

 

Даатгалын нөхөн төлбөрт 224,772,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, нарийн бичгийн дарга С.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж “БЭЗ партнерс” ХХН-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“ПО” ХХК нь бүх төрлийн шатахуун импортлох, бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд “Төгс цэлмүүн констракшн” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр S2018/014 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 299,696,000 төгрөгийн түлшийг нийлүүлсэн боловч тус компаниас өнөөдрийг хүртэл төлбөр төлөлт хийгээгүй.

Дээрх гэрээний хуваарьт төлбөр хэвийн төлөгдөх байдлыг хангаж “ПО” ХХК нь “М” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 90C1820007280 дугаартай 300,000,000 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий даатгалын гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр даатгуулагч “ПО” ХХК нь худалдан авалтын зээлийн гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээсэн.

Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9-д “Даатгалын тохиолдол” гэж худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан. “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн тухайд газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтад зааснаар төлбөрийг эцсийн байдлаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нь дээр заасан 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдлыг бий болгоод байна.

Ийнхүү даатгалын тохиолдол бий болсон учир даатгагч нь Даатгалын гэрээ, түүний хавсралтад заасан даатгалын үнэлгээ болох 300,000,000 төгрөгт багтаан “ПО” ХХК-ийн нийлүүлэлт хийсэн 299,696,000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасаж, даатгуулагчид 224,772,375 төгрөг /75 хувь/-ийн даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй.

Бид Даатгалын гэрээнд хамруулан төлбөрт төлбөр тасалдал үүссэн буюу даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж “М” ХХК-д хандсан боловч даатгагч нь даатгалын гэрээнд заасан ажлын 5 хоногийн дотор даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч нь “Төгс цэлмүүн констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг тодорхой болгохыг биднээс шаардсан бөгөөд маргаан бүхий харилцааг нэг тийш болгосон тохиолдолд нөхөн төлбөрийг төлнө гэж хэлсэн. Бид энэ дагуу төлбөрийн үүргийг тодорхой болгож, маргааныг нэг тийш болгохоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “Төгс цэлмүүн констракшн” ХХК-аас нийт 449,545,250 төгрөгийн авлагатай болохоо шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан. Энэ төлбөрийн зарим хэсэг болох 224,772,375 төгрөг нь “М” ХК-ийн даатгалын гэрээний дагуу бидэнд төлөх ёстой нөхөн төлбөр юм. Шүүхийн шийдвэрээр “Төгс цэлмүүн констракшн” ХХК-аас гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь манай компанид олгохоор шийдвэрлэсэн боловч энэ шийдвэр биелэгдэх баталгаа байхгүй, төлбөр төлөгч компани дампуурах болон бидний өмнө дарааллаа хүлээж байгаа төлбөр авагч нар байгаагаас төлбөр төлөх үүргээ биелүүлж чадахгүй байх бодит эрсдэл байгаа тул шаардах эрх шилжүүлэх хуулийн зохицуулалт болон эрх залгамжлан авах хууль зүйн боломжид үндэслэн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн зарим хэсгийг “М” ХК-аас гаргуулахаар шаардаж байгаа.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 90C1820007280 дугаартай даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 224,772,375 төгрөгийг “М” ХК-аас гаргуулж “ПО” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь “ПО” ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 9 даатгалын гэрээ байгуулахдаа цэвэр бизнесийн итгэлцэл, харилцан ойлголцлын зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байсан ба 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 90С1820007280 тоот гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд хариуцагч компанийн зүгээс даатгал үйлчлэх хугацааны хувьд ухрааж хийх тухай асуудал тавьж байгаагүй, мөн газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг даатгалын гэрээний хугацаатай нийцүүлэн байгуулж, уг хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан үйлдэл нь гэрээний үйлчлэх хугацаа болон тохиролцооны зүйл, даатгуулагчийн хувийн шинж байдал зэрэгт итгэл төрүүлж даатгалын гэрээг үйлчлэх хугацааны хувьд ухрааж хийх гол үндэслэл болсон.

Даатгалын үйл ажиллагааны онцлог, даатгал хийх гол зарчим нь эрсдэл учраагүй буюу бүрэн бүтэн эд хөрөнгө, хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг аливаа төрлийн эрсдэл, аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл нэгэнт эрсдэл учирсан, учрах нь тодорхой болсон нөхцөл байдалд ямар ч эд хөрөнгө, ашиг сонирхолыг даатгах боломгүй юм.

Гэтэл даатгуулагч “ПО” ХХК нь хуулиар тогтоосон үүргээ зөрчиж даатгалын тохиолдол бий болоход нөлөөлөхүйц ноцтой нөхцөл байдлын талаар, цаашлаад гэрээ, хэлцэл байгуулах эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлын талаар бидэнд мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-д “үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно” гэж мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-д “үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно” гэж мөн 436 дугаар зүйлийн 436.1-д “даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй” гэж тус тус онцгойлон баталгаажуулсан бусдын эрх, эд хөрөнгийн хамгаалах, хүндэтгэх үүргээ умартан, гэрээний талууд үнэнч шударга, ил тод байх зарчимд тулгуурласан бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үүргээ эс биелүүлж даатгалын гэрээ байгуулсан байна.

Хариуцагч нь тус үүргээ биелүүлсэн бол даатгагчийн зүгээс даатгалын гэрээ байгуулахгүй, эсхүл гэрээний нөхцөл, хураамж болон хугацааны хувьд өөрөөр тохиролцох байсан ба бид тус гэрээг байгуулахдаа даатгуулагч тал маань худалдан авагч талтайгаа байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээ бүхэлд нь даатгуулах зорилготой байгаа юм байна, энэ гэрээнийхээ дагуу нийлүүлэлтээ хийгээгүй буюу нийлүүлэлт хийхээсээ өмнө тохиролцож гэрээгээ байгуулсан юм байна, одоо нийлүүлэлтээ хийж эхлэх гэж байгаа учраас даатгалд хамруулж байгаа юм байна гэж ойлгосны үндсэн дээр тус гэрээг байгуулсан.

Хариуцагчийн зүгээс “ПО” ХХК-ийг худалдан авагч талдаа бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болохоо нуун дарагдуулсан явдлыг бичгийн нотлох баримтаар нотлох боломжгүй юм. Учир нь, нэхэмжлэгч талын зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр даатгалын гэрээ байгуулахдаа өмнөх гэрээнүүдийн адил нөхцөлтэй байгаа, харин худалдах, худалдан авах гэрээний хувьд өмнө нь хийгдсэн байгаа, одоо нийлүүлэлт эхлэх гэж байгаа учраас даатгалаа хийлгэмээр байна гэж мэдэгдсэн учир манай компани даатгалын гэрээг байгуулсан. Энэ хугацаанд бидэнд нийлүүлэлт хийсэн талаар албан ёсоор бичгээр, цахим шуудангаар мэдэгдсэн зүйл огт байдаггүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас тухайлбал, өмнө нь “ПО” ХХК-тай байгуулж байсан даатгалын гэрээнүүдийн хугацаа, тус компанийн худалдан авагч талтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний болон бүтээгдэхүүний нийлүүлэлт хийсэн хугацаа зэргийг харьцуулан авч үзвэл биднийг төөрөгдөлд оруулж, нийлүүлэлт хийснээ нуун дарагдуулсан болох нь тодорхой харагдана.

Даатгалын нөхөн төлбөрийн материалыг шалгах явцад “ПО” ХХК нь худалдан авагч болох “Төгс цэлмүүн констракшн” ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 23 удаагийн нийлүүлэлтээр нийт 299,696,500 төгрөгийн түлшийг нийлүүлсэн байх бөгөөд үүний 78% нь буюу 18 удаагийн 219,056,500 төгрөгийн нийлүүлэлт нь даатгалын гэрээ байгуулагдаж гарын үсэг зурагдахаас өмнө хийгдсэн байна.

Харин Даатгалын гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Өөрөөр хэлбэл, нийт нийлүүлэлтээ хийж дуусах үедээ даатгалын гэрээг байгуулсан байна. Даатгалын гэрээг хийх үедээ даатгуулагч нь энэ талаар даатгагчид мэдэгдээгүй бөгөөд хэрэв нэгэнт даатгалын гэрээг байгуулахаас өмнө богино хугацаанд даатгалын үнэлгээтэй тэнцэхүйц нийлүүлэлтийг хийсэн гэдгийг мэдсэн бол даатгалын гэрээг байгуулахгүй байх нөхцөл бүрдэх байсан.

Ийнхүү богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийсэн нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Худалдан авалтын гэрээ байгуулахаас өмнө 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Төгс цэлмүүн Констракшн” ХХК-аас “ПО” ХХК-д явуулсан 18/16 албан тоотод “...богино хугацааны зээлийн нөхцөлөөр 100 тонн, 197,000,000 сая төгрөгийн түлшийг худалдан авах хүсэлттэй байна” гэсэн хүсэлт гаргасан байтал нэмж 96,000,000 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулж, нийт 299,696,500 төгрөгийн нийлүүлэлт хийсэн, мөн худалдан авагч нь гэрээний хугацаанд эргэн төлөлт огт хийгээгүй гэдгээс үзэхэд даатгалын тохиолдол нөхцөл, орчин бүрдүүлсэн гэдэг нь нотлогдож байна.

Түүнчлэн худалдах, худалдан авах үүрэгтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 181/ШШ/2019/00561 шүүхийн шийдвэр гарсан байх бөгөөд тус шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “... “Төгс цэлмүүн констракшн” ХХК-аас 449,545,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ПО” ХХК-д олгосугай ” хэмээн шийдвэрлэсэн байна.

“М” ХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол гэж “Худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байх”-ыг ойлгоно хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний төлбөрөө төлөхгүй байхыг даатгалын тохиолдол гэж ойлгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-д “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” хэмээн тус тус заасны дагуу дээрх дугаар 181/ШШ/2019/00561 шийдвэр нь хүчин төгөлдөр болсон шийдвэр бөгөөд заавал биелэгдэх шинжтэй тул “Төгс цэлмүүн констракшн” нь гэрээний төлбөрийг төлөх нь тодорхой юм.

Нэгэнт үндсэн гэрээний үүрэг гүйцэтгэгчээс төлбөр гаргуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал “М” ХК-аас тус төлбөрийг дахин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэг төлбөрийг хоёр дахин гаргуулах шударга бус нөхцөл бүрдэж байна.

Ийнхүү “М” ХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу худалдан авагч нь хуваарьт төлбөрөө 120 хоногоор хэтрүүлж төлбөр төлөгдөхгүй байх нөхцөлийг даатгалын тохиолдол хэмжээн үзэж нөхөн төлбөр олгохоор заасан боловч худалдан авагч “Төгс цэлмүүн констракшн” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээний төлбөрийг төлөх нь тогтоогдсон тул “М” ХК нь даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ПО” ХХК нь хариуцагч “М” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 224,772,375 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК-ийг “Хорго хайрхан” ХК-д нэгтгэж, эрх, үүрэг хариуцлагыг “Хорго хайрхан” ХК-д шилжүүлж, “Хорго хайрхан” ХК-ийн оноосон нэрийг “М” ХК болгон өөрчилсөн болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин олгосон “М” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон тул шүүх энэ хэргийн хариуцагчийг “М” ХК-аар сольсон болно.

 

Хариуцагч “М” ХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн даатгалын 90С1820007280 дугаартай гэрээгээр 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу даатгуулагч “ПО” ХХК-д “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн төлөх ёстой үндсэн төлбөрийн хэвийн эргэн төлөлтийг даатгуулж, хураамжид 10,500,000 төгрөг төлөх, даатгагч “М” ХХК нь худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байх даатгалын тохиолдол бий болоход 300,000,000 төгрөг хүртэлх худалдан авалтын 75%-тай тэнцэх хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг олгохоор харилцан тохиролцсон байна.

 

Талууд даатгалын гэрээний хугацааг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагаас эхлэн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 24 цаг хүртэл байхаар үндсэн нөхцөлд заажээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэрээг талууд бичгээр хийсэн байх тул мөн зүйлийн 431.3-т заасан шаардлага хангасан байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь худалдан авагч “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй, хуваарьт төлбөр хугацаанаасаа 120 хоног хэтэрсэн тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж, нийлүүлсэн нийт шатахууны үнэ 299,696,000 төгрөгийн 75%-тай тэнцэх 224,772,375 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь даатгалын тохиолдолд бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын талаар мэдээлээгүй, гэрээ хугацааг байгуулахаас өмнөх огноогоор тохирсон үндэслэлгүй, даатгуулсан төлбөрөө “Төгс цэлмүүн констракшн” ХХК-аас бүрэн хэмжээгээр авахаар болсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэлүүдээр нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан.

 

Даатгалын гэрээ байгуулсан өдрийн байдлаар нэхэмжлэгч нь 226,736,500 төгрөгийн өвлийн дизель түлшийг худалдах, худалдан авах гэрээний дагуу “Төгс цэлмүүн констракшн” ХХК-д нийлүүлсэн, худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1, хавсралт 2-т зааснаар “Төгс цэлмүүн констракшн” ХХК нь худалдан авсан дизель түлшний үнийг 2018.05.01-ний өдрөөс эхлэн 2018.06.15-ны дотор төлөх үүргийг хүлээсэн, даатгалын гэрээний талууд энэхүү төлбөрийг төлөх үүргээ 120 хоногоос хэтрэх, төлөгдөхгүй байх тохиолдолд даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж, нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон байдаг.

 

Худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа болоогүй, тохиролцсон хугацаанаас 120 хоног хэтэрсэн тохиолдолд даатгалын тохиолдол бий болно гэж талууд тохирсон зэргээс дүгнэхэд даатгалын гэрээний хугацааг гэрээ байгуулахаас өмнө хугацаагаар тохиролцсон талуудын тохиролцоог энэ маргаанд ач холбогдолгүй гэж үзэв.

 

Түүнчлэн даатгалын гэрээ байгуулахаас өмнө их хэмжээний нийлүүлэлтийг худалдах, худалдан авах гэрээний дагуу хийсэн болохыг даатгагч мэдээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан нөхцөл байдлыг олж мэдээгүй явдал нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болдоггүй.

 

Талууд гэрээгээр худалдах, худалдан авах гэрээний дагуу “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн төлөх үндсэн төлбөрийн хэвийн эргэн төлөлтийг даатгалын зүйл байхаар харилцан тохирсон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

 

Даатгалын гэрээ байгуулсан өдрийн байдлаар “Төгс цэлмүүн констракшн” ХХК нь худалдан авсан түлшний үнийг төлөх хугацаа болоогүй байсан тул 2018 оны 3 дугаар сарын 22-оос 2018 оны 4 дүгээр сарын 18-ны хооронд нийлүүлсэн түлшний үнэ 226,736,500 төгрөгийг буцаан төлөх төлбөрийн үүргийг даатгалын зүйл гэж үзнэ.

 

Үүнээс гадна 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нийлүүлсэн 72,960,000 төгрөгийн түлшний үнийн 66,263,500 төгрөгт холбогдох хэсгийг төлөх үүрэг нь мөн адил даатгалын зүйл, харин 6,696,500 төгрөгийн төлбөр төлөх үүргийг даатгалын зүйлд хамаатуулах үндэслэлгүй байна.

 

Учир нь, худалдах, худалдан авах гэрээний талууд уг гэрээний 1, 2 дугаар хавсралтаар худалдан авалтын дүнг 293,000,000 төгрөг /1-р хавсралтад 197,000,000 төгрөг, 2-р хавсралтад 96,000,000 төгрөг/-өөс хэтрүүлэхгүй байхаар тохирсон тул гэрээнд заасан хэмжээнээс давсан хэсгийг нь даатгалын гэрээний зүйлд хамаарахгүй гэж үзнэ.

 

Иймд даатгалын гэрээний дагуу даатгагдсан даатгалын зүйл 293,000,000 төгрөгийн төлөлт, үүнийг “Төгс Цэлмүүн констракшн” ХХК төлөх үүргээ хэрэгжүүлэлгүй 120 хоногоор хэтрүүлсэн, төлөөгүй тохиолдолд даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх бөгөөд тухайн тохиолдолд даатгагч нь 219,750,000 төгрөг /75%/-ийн нөхөн төлбөрийг даатгуулагчид төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн гэж үзэхээр байна.

 

“Төгс цэлмүүн констракшн” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан түлшний үнийг “ПО” ХХК-д гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй бөгөөд төлбөр төлөх хугацаа 120 хоногоос хэтэрсэн болох “Төгс цэлмүүн констракшн” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 449,545,250 төгрөг шаардсан “ПО” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00561 дүгээр шийдвэрээр тогтоогджээ.

 

Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд уг шийдвэрээр “Төгс цэлмүүн констракшн” ХХК-д нийлүүлсэн бүх түлшний үнийг “ПО” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Шүүх худалдах, худалдан авах гэрээнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6-д заасан хамгаалалтын аргаар ийнхүү сэргээн шийдвэрлэсэн байх тул даатгуулагч “ПО” ХХК-ийг даатгалын нөхөн төлбөр төлөхийг даатгагч “М” ХК-аас шаардах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 Даатгалын гэрээг талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийг худалдан авагч зөрчсөний улмаас худалдагч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх, эрсдэлд орохоос өмнө санхүүгийн байдлыг сэргээх зорилгоор байгуулсан тул нэгэнт шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн нэхэмжлэгчийн эрхийг даатгагч нөхөн төлбөр төлөх замаар дахин сэргээх үүрэггүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгчээ өөрөө сонгосон, шүүх түүний сонгосон үүрэг гүйцэтгэгчээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул хариуцагчаас нөхөн төлбөр шаардах эрхээс нэхэмжлэгчийг татгалзсан гэх дүгнэлтэд хүрсэн болно.

 

Даатгалын гол үүрэг нь даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн олгож, эрсдэлд орохоос өмнөх санхүүгийн байдлыг нь сэргээхэд чиглэхээс бус даатгуулагчид ашиг олгох зорилго агуулдаггүй тул худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг шүүх нэгэнт шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчийн шаардлагаар даатгалын нөхөн төлбөр олгох асуудлыг давхардуулан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, “ПО” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үндэслэлгүй тул “М” ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 224,772,375 төгрөг гаргуулахыг хүссэн “ПО” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,281,820 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ө.УЯНГА