Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1722

 

 

 

 

2019 оны 06 сарын 10 өдөр        Дугаар 101/ШШ2019/01722                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

     Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 16 дугаар хороолол, 31 дүгээр байр, 40 тоотод оршин суух, Намширын Өын /РД: 000000/ нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Ө нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 16 дугаар хороолол, 31 дүгээр байр, 40 тоотын 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нөхөр Л.Цогтбаатарын хамтаар өмчилдөг. Дээрх орон сууц нь “БИД” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрт барьцаалагдсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцны үнийн санал авахад  Н.Ө үнийн санал өгөөгүй, нөхөр Л.Цогтбаатар 110.000.000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр авагч “БИД” банк бус санхүүгийн байгууллага дээрх үнийг зөвшөөрөөгүй тул уг байрыг шинжээчээр үнэлүүлсэн.

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар орон сууцны үнэлгээний талаар мэдэгдээгүй бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр бичиг баримтаа цэгцэлж байхдаа тус газрын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4/16245 дугаартай мэдэгдэх хуудсыг олсон.

Уг мэдэгдэх хуудсаар Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 16 дугаар хороолол, 31 дүгээр байр, 40 тоотын 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нь үнэлгээчин 75.333.333 төгрөгөөр үнэлсэн байсныг мэдэгдсэн байсан. Н.Ө уг үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь тэрээр нөхөр Л.Цогтбаатарын хамт уг байрыг 110.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд ийнхүү худалдаж авснаас хойш олон жил өнгөрч байна. Үл хөдлөх эд хөрөнгө өөрийн гэсэн онцлогтой байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусах үнэ цэнэ  нь өсөж байдаг.

Дээрхи байрны зах зээлийн үнэ ханш 75.333.333 төгрөг байх боломжгүй бөгөөд үнэлгээ бодит бус байх ба тухайн байр иж бүрэн засвартай, шугамын ямар нэгэн гэмтэлгүй, хүн амьдрахад тохилог сайхан байр юм.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4/16245 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 16 дугаар хороолол, 31 дүгээр байр, 40 тоотын 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 75.333.333 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 101/ШШ2017/02792 дугаар шийдвэрээр Л.Цогтбаатараас 37.473.414 төгрөг гаргуулж “БИД” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Л.Цогтбаатарт төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот 2 өрөө орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр битүүмжлэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч Л.Цогтбаатар 110.000.000 төгрөгөөр үнэлсэн.

Хамтран өмчлөгч болох Н.Ө нь дээрхи үл хөдлөх хөрөнгөд ямар нэг үнийн санал өгөхөөс татгалзсан болно.

Төлбөр төлөгчийн гаргасан үнэлгээг төлбөр авагч “БИД” ХХК-д танилцуулахад төлбөр төлөгчөөс өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилж үнэлгээ гаргаж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “БИД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мянгад овогт Лхагваагийн Цогтбаатар нь 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ0101140205 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоотын 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус банк бус санхүүгийн байгууллагаас 12 сарын хугацаатай, 20.000.000 төгрөгийг 1 сарын 4.2 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлдэгч Л.Цогтбаатарыг зээл, барьцааны гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул тус банк бус санхүүгийн байгууллага нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, иргэний хэрэг үүсгүүлсэн бөгөөд тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06034 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2314 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн  2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 001/ТХ2018/00422 тоот тогтоол гарсан.

Уг шийдвэрүүдээр Л.Цогтбаатараас мөнгөн төлбөр гаргуулан тус банк бус санхүүгийн байгууллагад олгох, барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч Л.Цогтбаатар нь шүүхийн шийдвэрээр төлөх ёстой төлбөрийг сайн дураар төлж барагдуулахгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргаж, улмаар албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна.

Төлбөр төлөгчийн эхнэр Н.Ө нь шүүхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байх ба Л.Цогтбаатар нь өнөөг хүртэл төлбөрөө төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, хугацааг сунжруулж байгаа зэрэг нь тус банк бус санхүүгийн байгууллагын хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч Н.Ө нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001821 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 75.333.333 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2792 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Цогтбаатараас 37.473.414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БИД” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.040.341 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001821 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.

Уг шийдвэрт хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2314 дүгээр магадлалаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Цогтбаатараас 37.473.414 төгрөг гаргуулан “БИД” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.040.341 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Y-2204001821 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот байршилтай, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай гэсэн 2 дахь заалт нэмж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн найруулсан байна.

Хариуцагч тал хяналтын журмаар гомдол гаргасан ба Улсын Дээд Шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 422 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 7-13, 29-45, 101-102 дугаар тал/

Дээрх шийдвэрүүд, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8889 дугаар бүхий шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн 791 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгч 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1159/02 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ

 /ХХ-ийн 27-28, 46-47, 52-55 дугаар тал/

 

Мөн газрын “Эд хөрөнгө хураах тухай” 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1159/03 тоот тогтоолоор битүүмжилсэн орон сууцыг хураан, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн байна.

/ХХ-ийн 59-61 дүгээр тал/

 

Дээрхи ажиллагаануудын талаар төлбөр төлөгч, өмчлөгч нар гомдол гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

 

Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001821 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц төлбөр төлөгч Л.Цогтбаатар болон Н.Ө нарын өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 58 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Л.Цогтбаатар нь төлбөрт битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг 110.000.000 төгрөгөөр үнэлэн үнийн саналаа 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан ба хамтран өмчлөгч Н.Ө үнийн санал өгөхөөс татгалзсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдлоо.

/ХХ-ийн 62-63 дугаар тал/

 

Төлбөр авагч “БИД” ББСБ ХХК төлбөр төлөгчийн үнийн саналыг эс зөвшөөрч хөрөнгийг үнэлүүлэх саналыг хүргүүлсэн ба шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор төлбөр төлөгч Л.Цогтбаатарын өмчлөлийн төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр “Дамно” ХХК-ийг томилжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх ба эдгээр ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

/ХХ-ийн 64-65 дугаар тал/

 

“Дамно” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 18-Ш26 тоот хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ:

-Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлэхэд 75.333.333 төгрөг байна гэжээ.

/ХХ-ийн 66-78 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг хүлээн авмагцаа 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 4/16245 тоот мэдэгдлээр төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, орон сууц Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 75.333.333 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгджээ.

Дээрхи мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мөн өдөр нь баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасантай нийцсэн байна.

/ХХ-ийн 4, 14, 79 дүгээр тал/

 

2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр төлбөр төлөгч Л.Цогтбаатар нь шинжээчийн үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч уг үнээс давуу үнээр худалдан борлуулах боломж олгох хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж байжээ.

/ХХ-ийн 80-81 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 75.333.333 төгрөгийн 70 хувь 52.733.333 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэн  2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 4/18501 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 84-85 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Л.Цогтбаатар нь төлбөрт хураагдсан хөрөнгийг шинжээч 75.333.333 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 426 дугаар шийдвэрээр Л.Цогтбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Л.Цогтбаатарын давж заалдах гомдлыг гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэн мөн шүүхийн шүүгчийн 2019 оын 3 дугаар сарын 26-ны өдрийн 4665 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

/ХХ-ийн 103-106 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Н.Өын үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн тухай 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4/16245 тоот мэдэгдлийг мэдсэн даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбар дээр дурьдсан баримтуудаар няцаагдаж байх ба тэрээр гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасан ба төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн нь дээр дурьдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдлоо.

Шинжээч “Дамно” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно”,

8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай, мөн хуулийн 9 дүгээр зүйлд нийцүүлэн үнэлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас багаар үнэлсэн гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2792 тоот шийдвэрийн дагуу хариуцагч Л.Цогтбаатараас 37.473.414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БИД” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Н.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           

            “БИД” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Цогтбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39.513.190,3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэргийг тус шүүх 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр /6034 тоот шийдвэр/ хариуцагч Л.Цогтбаатараас 35.913.190 төгрөг гаргуулан“БИД” ББСБ ХХК-д олгон, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоотын 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2054 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ба тус шүүх хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр дахин шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

            /ХХ-ийн 97-100 дугаар тал/

 

            Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүрэлцэн ирээгүй тул зохигчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001821 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 75.333.333 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 7538 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурьдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН