Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 482

 

 

Л.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03246 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч УБТЗ ХНН-т холбогдох

 

Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-I-307 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, Н.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б-1-87 тоот тушаалаар “Автотээвэр үйлчилгээ”-ний ерөнхий инженерээр томилогдон ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байсан. Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-1-307 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Л.Г-ийн ажиллаж байсан ерөнхий инженерийн ажил үүрэг нь хэвээр хадгалагдаж “Инженер механик” гэх нэртэй болсон байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-1-307 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг олгуулж, нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...ХНН УБТЗ-ын Ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын №4 тэмдэглэлийн 10 дугаар асуудлыг хэлэлцэж “Замын орлогч дарга нар, ерөнхий нягтлан бодогч, хууль зүйн албаны дарга болон оросын мэргэжилтэнгүүдээс бусад замын орон тоог батлах, замын орлогч дарга нарын ажлын байрны тодорхойлолт, алба, бие даасан хэлтэс, аж ахуйн нэгжийн дүрэм, ХНН “УБТЗ”-ын доторх салбар нэгжүүдийг байгуулах, татан буулгахтай холбоотой шийдвэр гаргахыг Замын даргад зөвшөөрөх гэсэн шийдвэр гаргаж, Ерөнхий хороо нь нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар “з”-д заасан зарим эрх, үүргээ Замын даргад шилжүүлсэн. Энэхүү шийдвэр нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд замын дарга нь Ерөнхий хорооны хурлаас олгогдсон эрхийнхээ хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А-216 дугаар “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалаар “УБТЗ” ХНН-ийн салбар нэгж болох Автобаазыг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс Авто тээврийн үйлчилгээний төвийг байгуулсан. Дээр дурдсан зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгосонтой холбогдуулан тухайн салбар нэгжийн орон тоог цөөрүүлсэн. ХНН “УБТЗ”-ын Хүний нөөцийн албанаас Л.Ганхөлөгт 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Мэдэгдэх хуудас” гардуулан өгч, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Л.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а” заалт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн жолбооны 2016-2017 оны Хамтын гэрээний 3.4 дэх заалтыг үндэслэсэн ба түүнд 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг хянан үзэж Л.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-г Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын Авто баазын ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 6 454 552 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Г-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-н ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжинд 118 223 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтуудыг бүхэлд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төвийн ерөнхий инженерийн орон тоо хасагдсаны улмаас Л.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэдэг нь түүнд хүлээлгэн өгсөн Мэдэгдэх хуудас болон Замын даргын баталсан "Орон тоо"-гоор нотлогдож байгаа юм. УБТЗ-ын Авто тээвэр, үйлчилгээний төвийн ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолт, АТҮТөвийн инженер механикийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд Л.Г-н ерөнхий инженерийн ажлын байранд гүйцэтгэж байсан чиг үүрэг байхгүй болсон, ерөнхий инженерийн ажлын байранд гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг инженер механикийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцаагүй гэдэг нь нотлогдоно. Мөн шүүх Л.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ыг баримтлаагүй ба цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй хоол, унааны мөнгийг нэмж тооцсон нь үндэслэлгүй байна.

Л.Г нь Авто баазын ерөнхий инженерийн орон тоо хасагдсан тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөө буюу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан тул ХНН УБТЗ нь Л.Г-ийн цалин хөлсний тодорхойлолтыг 2017 оны 3, 4, 5 дугаар сараар гаргаж өгсөн ба нэхэмжлэгч тал тухайн цалин хөлсний тодорхойлолт болон түүний дүнтэй маргаагүй. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 4-т зааснаар цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон хоол, унааны хөнгөлөлтийн орлого нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй юм. Манай байгууллага нь нэхэмжлэгчид 2017 оны 3, 4, 5 дугаар сард хоолны хөнгөлөлт 175 000 төгрөг, унааны хөнгөлөлт 25 500 төгрөг нийт 200 500 төгрөг олгосон. Эдгээр хөнгөлөлтийг хасч нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход 49 862 төгрөг болж байгаа ба нийт ажилгүй байсан ажлын 106 хоногоор тооцоход 5 285 372 төгрөг болж байна. ХНН «УБТЗ» -ын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-1-307 дугаар тушаалаар Л.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 2 сарынх нь дундаж цалинтай тэнцэх хэмжээний 2 451 510 төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмж олгосон болно. Энэхүү олгосон тэтгэмжийг хасч тооцохоор Л.Г-т ажилгүй байсан хугацаанд нь 2 833 862 төгрөгийн цалин хөлс олгохоор байна. Иймд анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Г хариуцагч УБТЗ ХНН-т холбогдуулан Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-I-307 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч байгуулагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс Ерөнхий инженерээр ажиллаж байсан ба ажил олгогчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-I-307 тоот тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

              Хариуцагч байгууллага нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-I-307 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалтууд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, МТЗ-ын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.4, УБТЗ-ын даргын 2017 оны А-216 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалыг тус тус баримталжээ.                                                                             /хх-6, 26 дугаар тал/

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн аль нэг үндэслэлийг заагаагүйгээс чухам аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус болжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хуулийн этгээдийн үйл ажиллагаа хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу бүрмөсөн зогсоогдож эрх, үүрэг нь бусдад залгамжлагдан шилжихгүйгээр дуусгавар болохыг татан буулгах гэж Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зохицуулагдсан ба татан буугдах нь хуулийн этгээд болох аж ахуйн нэгж байгууллага эсхүл аж ахуйн нэгж байгууллагын зохион байгуулалтын тодорхой нэг хэсэг нэгж салбар татан буугддаг байна.

 

Хариуцагч байгууллагын даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А-216 тоот тушаалаар УБТЗ-ын Авто баазыг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс Авто тээврийн үйлчилгээний төвийг байгуулж шинээр байгуулсан салбар нэгжид эрх, үүрэг нь залгамжлагдан үргэлжилж байгааг хуулийн этгээд өөрчлөгдөн зохион байгуулагдсан гэж үзэх бөгөөд ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа зогсоогдох үндэслэл бий болоогүй гэж үзнэ.

 

Гэхдээ өөрчлөгдөн зохион байгуулагдаж бий болсон салбар нэгж нь үйл ажиллагаа явуулж байх явцдаа өмнөх салбар нэгжээс хүлээн авсан бүтцийн зарим ажлын байрыг хасах, орон тоог цөөрүүлэх зэрэг зохицуулалт хийх шаардлагатай бол уг шаардлагыг аж ахуйн нэгж байгууллага хангахдаа өөрчлөн байгуулагдсан шалтгаанаар бус орон тоо хасагдах, ажиллагсдын тоо цөөрөх гэсэн үндэслэлийн аль тохирохыг хэрэглэх байжээ.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул Л.Г-ийн “2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-I-307 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулаагүй, нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

Хариуцагч байгууллага ерөнхий инженерийн орон тоо хасагдсан түүний ажлын байранд гүйцэтгэж байсан чиг үүрэг байхгүй болсон, Авто тээврийн үндэсний төвийн инженер-механикийн ажлын байр нэхэмжлэгч Л.Г-ийн ажиллаж байсан ерөнхий инженерийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцахгүй гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзвэл инженер-механикийн ажлын байр нь хасагдсан гэх ерөнхий инженерийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцаж байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Авто баазын ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 454 552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-т олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхдөө унаа, хоолны мөнгө гэж салгаж төлөөгүй учраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн дүнгээс тооцсоныг буруутгах боломжгүй тул “цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй хоол, унааны мөнгийг нэмж тооцсон нь үндэслэлгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний 2 451 510 төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмж олгосон гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаар баримтгүй байгаа тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос суутган тооцох боломжгүй юм. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 223 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ