Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1188

 

Д.У-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Д.У-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.У-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.У-д холбогдох эрүүгийн 1921001340104 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хатавч овгийн Д.У-, 1977 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй,  

            - Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            Д.У- нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 62 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Samsung” нэртэй гар утас худалдааны дэлгүүрээс 1.290.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung A7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

            мөн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ц.Батцэнгэлийн картыг ашиглан 3.265.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.У-ий сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Д.У- нь хохирогч Б.Тэмүүлэнд 1.290.000 төгрөг, Ц.Батцэнгэлд 1.400.000 төгрөг нөхөн төлсөн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.У-ээс 1.865.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Батцэнгэлд олгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ харамсаж байна. Миний нөхөр Ю.Бөхтөмөр 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан. Байцаалт өгөхдөө нөхөргүй гэж хэлсэн нь буруу болжээ. Миний ар гэрийн байдал маш хэцүү байна. Би хохирогч Ц.Батцэнгэлийн хохирлыг барагдуулсан. Түүнээс уучлалт гуйж байна. Дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Миний бие 03-20 насны 4 хүүхэдтэй. Өөрийн гэсэн орон гэр байхгүй, айл айлаар хуваагдан амьдарч байгаа. Мөн миний эрүүл мэндийн байдал муудсанаас хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.У-ий өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.У- гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Тэрээр 2011 онд хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Түүнээс хойш 8 жилийн хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй. Д.У-ий нөхөр Ю.Бөхтөмөр нь 2016 оноос хойш уушгины хүнд өвчнөөр өвчилсөн. Тэрээр 03-20 насны 4 хүүхэдтэй, нөхрийнхөө эм тарианы мөнгө, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөр, хүүхдүүдийн хоол хүнсний асуудал гээд мөнгөний хэрэгцээ туйлын их болсонтой холбоотойгоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Түүний нөхөр 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барж одоо 4 хүүхэд нь өнчирч үлдсэн бөгөөд тэдний хувь заяа туйлын бүрхэг болж, хүүхдүүд нь айлаар хуваагдан амьдарч байна. Тэрээр үйлдсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байгаа, хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул ар гэрийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байсан. Прокурорын зүгээс түүнд 1 жилийн хорих ял оногдуулах саналыг тавьсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийг 2 удаагийн үйлдэлтэй гэж дүгнээд 1 жилийн хорих ял оногдуулсан. Амь зуух арга хэрэгсэл нь хулгай байж болохгүй. Өнөөдрийн байдлаар хохирол төлбөр төлөгдсөн байна. Иймд тэнсэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Д.У- нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 62 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Samsung” нэртэй гар утас худалдааны дэлгүүрт тус дэлгүүрийн ажилтан Б.Тэмүүлэнгийн цэнэглэж үлдээсэн “Samsung A7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Хавдар судлалын үндэсний төвд байрлах Хаан банкны АТМ-аас иргэн Ц.Батцэнгэлд дансны үлдэгдлийг нь шалгаж өгөхдөө, түүний гаргаж өгсөн 5720848081 дугаартай дансны картыг, иргэн Б.Оргилын эзэмшлийн картаар сольж, улмаар Ц.Батцэнгэлийн картыг ашиглан тус дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-аас нийт 3.265.000 төгрөгийг хууль бусаар авч, хувьдаа хэрэглэсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч Б.Тэмүүлэн нь “...2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед ажил дээрээ очоод ... 11 цаг 30 минутын үед “Samsung A7” загварын гар утсаа лангууныхаа зүүн талд цэнэглэж орхисон ... нэг харахад утас маань байхгүй болсон байсан. Алдагдсан гар утас маань тод ягаан өнгийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, шинэ утас болохоор сэв зураас байхгүй. ...” /1хх 19/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлыг тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - гэрч Б.Баяржаргалын “...манай ээж 2019 оны 2 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ирсэн. Тэр үед надад “Samsung A7” загварын гар утас үлдээсэн. Би ямар учиртай гар утас болохыг асуухад ээж “Хүнээс авсан” гэж байсан. Тэрнээс хойш би тэр гар утсыг барьж байсан ба 2019 оны 4 дүгээр сарын эхээр Дорнод аймгийн цагдаагийн газраас залгаад миний барьж байгаа гар утсыг хулгайн гар утас байна гэж хэлсэн. ...” /1хх 25-26/, 

            - яллагдагч Д.У-ий “...лангуун дээр нэг ширхэг гар утас цэнэглэж байхаар нь хүн харж байгаад аваад халаасандаа хийгээд гарсан. Тэгээд тухайн утсыг хүү Б.Баяржаргалд “Хүнээс авсан” гэж хэлээд Улаанбаатар хот руу явуулсан. ...” /1хх 29-30/ гэсэн мэдүүлгүүд,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-11/, гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-13/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх 17/ зэргээр,

            хохирогч Ц.Батцэнгэл нь “...40 орчим насны эмэгтэйд картаа өгөөд “Миний дансыг шалгаад өгөөч” гэсэн чинь тэр эмэгтэй бэлэн мөнгөний машин руу хийж уншуулаад “Нууц кодоо өөрөө хий” гэхээр нь би нууц кодоо хийгээд дансны үлдэгдлээ харахад 3.274.000 төгрөг байсан. Тэгээд тэр эмэгтэй надад Хаан банкы карт, дансны хуулганы хамт өгөхөөр нь авсан... карт болохгүй байхаар нь шалгаад үзтэл “Orgil Bayarmagnai” гэх нэртэй карт байсан... дансны үлдэгдлээ шалгахад “2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 15 цаг 21 минутад “Нарантуул” захад байрлах бэлэн мөнгөний машинаас 3.267.000 төгрөг уншуулж авсан байна” гэхээр нь цагдаагийн хэлтэст хандсан... тэр эмэгтэй намхан нуруутай, бор царайтай, нүдний шилээ толгой дээрээ тавьсан, бор билүү саарал өнгийн куртиктэй, годон гутал өмссөн байсан. ...” /1хх 108-110, 121-122/ гэж өөрийн картаа алдсан цаг хугацаа, газар зүйн байршил, болсон үйл явдал, дансан дахь мөнгөн дүн, картаа өгсөн гэх хүнийхээ төрх, байдлыг тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- яллагдагч Д.У-ий “...Хавдар судлалын үндэсний төвийн 1 дүгээр давхарт хүн хүлээгээд байж байхад 50 гаруй насны эмэгтэй хүрч ирээд “Миний дансны үлдэгдлийг шалгаад өгөөч” гэж хэлээд Хаан банкны виза картаа өгөөд, нууц дугаараа хэлсэн ... дансны үлдэгдлийг нь шалгахад 3 сая гаруй төгрөг байсан. Би дансны хуулгыг нь хэвлээд картыг нь өгөхдөө тэр эгчид өөр виза карт өгсөн. Тэгээд би “Баялаг-Ундраа” төвийн бэлэн мөнгөний машинд тэр эмэгтэйн картыг уншуулж данснаас нь 3.265.000 төгрөгийг авсан. ...” /1хх 134-137, 196/ гэсэн мэдүүлэг,

             - Хаан банкин дахь иргэн Ц.Батцэнгэлийн эзэмшлийн 5720848081 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 170-172/, Хавдар судлалын үндэсний төв болон “Баялаг-Ундраа” худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-ны хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 116/ зэргээр тус тус давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.У-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Дээрх заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгоогүй юм.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэдийгээр шүүгдэгч Д.У- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй болсон байх боловч хавтаст хэргийн 147-151 дүгээр талд авагдсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэл /АSAP сангийн лавлагаа/-ээс үзэхэд тэрээр 2011 онд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байснаас гадна, 2010 оноос 2017 он хүртэл хугацаанд нийт 12 удаа хулгайн зөрчилд холбогдож зохих шийтгэл хүлээсэн атал хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.У-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцжээ.

Иймээс “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Д.У-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, анхаарч үзэлгүй орхигдуулсан дараах асуудал байна.

Шүүгдэгч Г.Алтанцэцэг ам бүл 5, 03-20 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг гэх бөгөөд охин Б.Отгонзул нь 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар /1хх 168/-аар тогтоогдсон байхад бага насны буюу 10 настай Б.Отгонзулд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгүүлсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэх эсэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ... хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч Д.У-ий бага насны хүүхэд болох 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Отгонзулд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргад даалгах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулан,  тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн зарим нотлох баримтууд болох шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн тухай шүүхийн шийдвэрийн хуулбар /1хх 157-165/-уудын бичвэр маш бүдэг, уншигдах боломжгүй, цаашид арилж үгүй болохоор байгааг холбогдох албан тушаалтнуудад анхааруулж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Д.У-ий бага насны хүүхэд болох 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн Б.Отгонзулд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                             ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН