Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 27

 

Хонгор сумын Засаг даргын тамгын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01089/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төв, тус тооцооны төвийн захирал А.О- нарт холбогдох

          “Түрээсийн төлбөр 300.000 төгрөг, ашиглалтын зардал 1.838.300 төгрөг нийт 2.138.300 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Хонгор сумын Засаг даргын тамгын газраас:

Манай сумын Салхит багийн байранд Төрийн банкны Дархан-Уул салбарын харъяа Салхит тооцооны төв нь 2013 оноос эхлэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Засаг даргын Тамгын газрын 2013-2015 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч шалгалт хийсэн. Уг шалгалтаар дутуу төлөгдсөн түрээсийн төлбөр 300.000 төгрөг, ашиглалтын зардал 1.838.300 төгрөг нийт 2.138.300 төгрөгийн төлбөрийг Төрийн банкны Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төвөөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх актын төлбөрийг барагдуулахыг Төрийн банкны Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төвд удаа дараа шаардсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот албан бичгээр 1 дүгээр сарын төлбөр болох 300.000 төгрөгийг шилжүүлсэн тайлбар ирүүлсэн ч гэрээнд заасан дансанд хийгээгүй нь түрээслэгчийн буруутай үйлдэл юм. Иймд Төрийн банкны Салхит тооцооны төвөөс 2.138.300 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилжээ.

Хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төвийн захирал А.О-ээс:

Төрийн банкны Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төв нь 3 дугаар багийн захиргааны байрны 1 давхрын 2 өрөөг түрээслэхээр болж хаалгыг нэгтгэн өрөө хооронд хаалга гаргаж өгөх хүсэлт тавьсан бөгөөд 3 дугаар багийн Засаг дарга, Хонгор сумын Захиргаа, нягтлантайгаа ярилцаад эхний сарын түрээсийн зардлаар барилгын ажилчдаар засвар хийлгэхээр тохиролцож, засвар үйлчилгээний хөлс шилжүүлж өгөхийг хүссэн гар өргөдөл, нэхэмжлэхийн дагуу 3 дугаар багийн олон нийтийн байцаагчид 2013 оны 3 дугаар сарын түрээсийн зардлыг 2 хувааж баримтын дагуу 14030006762 тоот дансанд шилжүүлсэн байна. Ашиглалтын зардал, цахилгааны төлбөрийн тухайд түрээсийн гэрээнд нийтлэг үндэслэл буюу түрээсийн төлбөр тооцоог заахдаа ашиглалтын зардлыг банк хариуцан төлөх тухай зохицуулалт байхгүй, банк төлөх үндэслэл байхгүй бөгөөд манай төв нь Хонгор сумын Засаг даргын тамгын газрын тухайн үеийн удирдлага, Орон нутгийн өмчийн албатай тохиролцсоны үндсэн дээр сарын 300.000 төгрөгийн тогтмол түрээс төлөх саналыг зөвшөөрч гэрээг байгуулсан. Банк нэхэмжлэхийн дагуу 2013 оны 3 дугаар сарын 01-ээс сар бүр түрээсийн төлбөрөө төлж байсан болно. Мөн түрээсийн зардал шилжүүлснээс хойш 2 жил 7 сарын хугацаанд ашиглалт, цахилгааны төлбөрийг банк бүрэн хариуцах тухай тохиролцоогүй тул уг төлбөрийг түрээсийн гэрээ дуусах хүртэлх хугацаанд төлөх хууль, эрх зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргасан байна..

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр:

             Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан Төрийн банкны Дархан-Уул аймгийн харьяа Салхит тооцооны төвөөс 2.138.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын тамгын газарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төрийн банкны Дархан-Уул аймгийн харьяа Салхит тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамж 49.162 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд давж заалдсан гомдолдоо:

Хонгор сумын Салхит 3 дугаар багийн Засаг дарга болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр орон нутгийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулсан байдаг. Гэтэл шүүх 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээг үндэслэж шийдвэрлэсэн. Тус гэрээнд ашиглалтын зардлыг тусдаа төлөх талаар дурдаагүй. Мөн гэрээ хэрэгжиж байх хугацаанд Хадгаламж банк болон Төрийн банк аль алинд нь өмнө нь ашиглалтын зардал тооцсон тухай, тухайн ашиглалтын зардлыг төлөх талаар нэхэмжлэх болон албан бичиг огт ирж байгаагүй байхад шүүх холбогдох баримтыг буруу дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Төрийн банкны зүгээс Хадгаламж банкны өмнөөс хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргажээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын тамгын газар нь хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төвд холбогдуулан санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрийн дагуу дутуу төлөгдсөн түрээсийн төлбөр 300.000 төгрөг, төрийн өмчит байр түрээсэлсний ашиглалтын зардал 1.838.300 төгрөг нийт 2.138.300 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага гаргажээ.

Хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төв түрээсийн зардлаас гадна  ашиглалт, цахилгааны төлбөрийг банк бүрэн хариуцах талаар гэрээгээр тохиролцоогүй тул уг төлбөрийг түрээсийн гэрээ дуусах хүртэлх хугацаанд төлөх хууль, эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Төрийн банкны Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төвөөс 2.138.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

Гэрээнд ашиглалтын зардлыг тусдаа төлөх талаар дурдаагүй. Мөн гэрээ хэрэгжиж байх хугацаанд Хадгаламж банк болон Төрийн банк аль алинд нь өмнө нь ашиглалтын зардал тооцсон тухай, тухайн ашиглалтын зардлыг төлөх талаар нэхэмжлэх болон албан бичиг огт ирж байгаагүй байхад шүүх холбогдох баримтыг буруу дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Төрийн банкны зүгээс Хадгаламж банкны өмнөөс хариуцлага хүлээх үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан юм.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хонгор сумын Салхит 3 дугаар багийн Засаг дарга болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр орон нутгийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулж тохиролцсоны үндсэн дээр сарын 300.000 төгрөгийн тогтмол түрээс төлөх саналыг зөвшөөрч гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан талаар талууд маргаагүй.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын тамгын газрын 2013-2015 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Оюунбилэгийн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын 12 хоногт багтаан хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар ...Төрийн өмчийн хорооны 2001 оны 562 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2 дахь заалт Төрийн өмчид бүртгэлтэй байрыг түрээсийн гэрээгээр эзэмшиж, байрны ашиглалтын бүхий л зардлыг түрээслэгч нь өөрөө хариуцна, 3.а заалт Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахтай холбогдон гарсан бүхий л зардлыг тооцоолон нэг ам метр ашигтай талбайд ногдох ашиглалтын зардлыг гаргаж, түүнийг 50 хувиар нэмэгдүүлсэн тоон утга нь нэг ам метр талбайн түрээсийн төлбөрийн доод хэмжээ болно гэснийг, 3.б-д Төрийн өмчийн хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийг тооцохдоо ашиглалт үйлчилгээнд зарцуулах зардал болон эдэлгээний нормыг түрээслэх хугацаанд оногдуулан тооцож, түүнийг 20 хувиар нэмэгдүүлэн тоон утгыг хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хэмжээ гэж үзнэ гэснийг, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Орон нутгийн өмчийн албатай байгуулсан гэрээний 5 дахь хэсгийн 5.2-т Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөрт ашиглаж байгаа эд хөрөнгийн хэрэглээний зардлыг тооцохгүй гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хууль тогтоомжийн зөвлөмж өгч илэрсэн зөрчил түрээсийн төлбөр 300.000 төгрөг, ашиглалтын зардал 1.838.300 төгрөг нийт 2.138.300 төгрөгийг Төрийн банкаар төлүүлэхээр шийдвэрлэсэн актыг аль байгууллагын эрх бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхойгүй байна. /хэргийн 47-48 дугаар тал/

Өөрөөр хэлбэл дээрх акт гэх баримт гарын үсэг болон тамга тэмдэггүй баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх энэ баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу үнэлээгүй байна.

Акт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т  заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно“ гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын тамгын газар Төрийн банкны Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төв, мөн тус тооцооны төвийн захирал А.О- нарыг тус тус хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ зөвхөн дээр дурдсан банканд холбогдуулж хэрэг үүсгэжээ.

Хариуцагч А.О-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна” гэж заасны дагуу Төрийн банкнаас, Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төвд шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгоогүй байна.

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан байна.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “банкны нэгж” гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг ойлгоно” гэж заасан байх тул  А.О-д тус тооцооны төвийг төлөөлөх бүрэн эрх олгогдсон эсэхийг,

Мөн Төрийн банкны Дархан-Уул салбарын харьяа Салхит тооцооны төв нь бие дааж төрийн өмчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх бүрэн эрхтэй эсэх, нэхэмжлэгч тал урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн эсэх, Хадгаламж банкны эрх Төрийн банканд шилжсэн эсэхийг тодруулсны эцэст  хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.163 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.163 төгрөг төлснийг, шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                                    Л.АМАРСАНАА

                                                                                                               С.ОЮУНЦЭЦЭГ