Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01530

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00061 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 639 дүгээр магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК болон *******, ******* нарт холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 56,551,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018.04.05-ны өдөр Очир Ундраа ХХК-ийн эзэмшлийн 25-37 УБЗ тоёота приус маркийн автомашиныг Э.Бямбасүх нь жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-ийг зөрчиж манай даатгалын компанийн үйлчлүүлэгчийн 78-88 УНА улсын дугаартай автомашиныг мөргөсөн. Манай даатгуулагчид нийт 56,551,689 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлын хэмжээ нь Вагнер Ази Автомотив ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, Замын цагдаагийн 2018.05.07-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Манай компанийн зүгээс 56,551,689 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулж нөхөн төлбөр олгосон. Энэхүү нөхөн төлбөрийг олгосноор даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр шаардах эрх нь манай компанид бүрэн шилжсэн тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018.04.05-ны өдөр зам тээврийн осол болсон дээр маргахгүй. Ашид билгүүн ХХК, Хохирол үнэлгээчдийн холбоо, хохирол үнэлгээний төв гэсэн 3 өөр компаниас 3 өөр үнийн санал гарч ирсэн байдаг. Хавтаст хэргийн 26, 27 дугаар талуудад Даатгалын гэрээний 9.3-т шууд хохирол буюу шууд хохирлыг тооцох гэдгийг гэрээн дээр зааж өгсөн. 2018.05.11-ний өдөр 3375 дугаартай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөн 2018.05.22-ны өдрийн 3660 дугаартай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтээр форд экспедишн автомашиныг бүрэн үзлэг шинжилгээ хийхэд хаалга 33:46 хэмжээтэй нугарсан, урд гупер, зүүн талын эх гэрэл, зүүн урд гупер дээрх гэрэл, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэрэлтүүлэх хэрэгсэл зэрэг бусад тусгай тоног төхөөрөмжийг ашиглан явах эд анги буюу тоормосны зэбл 33 диаметртэй, тэнцвэржүүлэгч нь хугарсан, зүүн урд гар дээр бусад эд ангиуд нь бэхлэгддэг байгаа энэ гар нь комоороо эвдэрсэн. Урд кирказ буюу усны аржетар, мөн гишгүүр, зүүн талын гишгүүрийн цаана байдаг төмөр нь 4 см хэмжээтэй хонхойсон. 25-37 УБЗ маркийн машин нь өөрөө мөнгөлөг гэдгийг тодорхойлсон баримт хавтаст хэргийн 44 дүгээр талд тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тодорхойлогдсон. Энэ гэмтлүүд учирсан гэдгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Үүнд дахин шинжээч томилоход мөн яг ийм эд ангиуд эвдэрсэн гэж ярьдаг. Энэ 3 үнэлгээний компани өөр өөр үнийн санал гаргаад байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Эхний Ашид билгүүн гэдэг компани үнэлгээ хийхдээ 40,138,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Монголын хохирол үнэлгээчдийн холбоо нь ямар үүрэгтэй вэ гэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хохирол үнэлгээний компаниудын үнийн саналууд хоорондоо уялдаагүй зөрөөд эхлэх юм бол 3 шинжээч 3 өөр үнэлгээчинг томилдог. Үүн дээр М.Эрхэмбаяр, Оргил гэсэн 3 үнэлгээчинг томилсон. Энэ 3 хүн очоод тээврийн хэрэгслийг үзэх гэхээр Зоригоо гэдэг Вагнер Азийн засварчин ерөөсөө үзүүлдэггүй. Энэ 3 үнэлгээчин шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэж үнэлгээ гаргасан. Үнийн санал бага гараад ирэхээр ******* шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар хөрөнгө үнэлгээний төв томилогдсон. Энэ үнэлгээний төв нь тухайн тээврийн хэрэгслийг нэг ч хараагүй, эвдэрсэн байгаа зургийг нь харсан хирнээ маш өндөр үнийн санал буюу 50,815,000 төгрөгийн үнийн санал гаргасан. Үнэлгээ хийсэн гэх хүнийг шинжээчээр томилуулаад орж ирээд асуусан тэгэхэд тэр хүн өөрөө машиныг нэг ч удаа харж байгаагүй гэж хэлсэн. Вагнер Ази ХХК нь өөрөө оношилгоо хийх эрхтэй эсэх нь тодорхой бус хавтаст хэрэгт авагдсан материалуудаар бол Вагнер Азийн тамгатай, инженерийн тамгатай баримт огт байхгүй. Форд экспедишн автомашин нь өөрөө Вагнер Азийн машин өөрийнхөө машиныг өөрийн хашаан дотроо авчирч тавиад өөрсдөө үнээ бичээд *******аас гаргуулаад авсан. Хавтаст хэргийн 24-35 дугаар хуудсанд байгуулагдсан байгаа даатгалын гэрээгээр заасан нөхөн төлбөр олгохоос татгалзсан зүйлүүдийг бүгдийг нь зөрчөөд ******* шууд олгосон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн өөрөө мэргэжлийн техникийн үнэлгээчид байгаа учраас эвдэрсэн ангиудыг үзэх дүгнэх эрхтэй гэж үзэхээс өөр арга байхгүй ээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан гэм хор шаардаж байгаа учраас шууд хохирол буюу тээврийн хэрэгсэлд учирсан нийт 15 нэр төрлийн эд ангиуд эвдэрсэн гэдэг нь 2 үнэлгээний компанийн үнийн саналаар тодорхойлогдож байна. Ашид билгүүн ХХК үнийн саналыг тодорхойлохдоо 19,380,350 төгрөгийн хохирол учирсан байна гэж, Хохирол үнэлгээчдийн холбоо нь 23,608,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үнэлсэн. Энэ хохирлууд маань тээврийн хэрэгслийн 100 хувь шинэ техник хэрэгсэл тавьж байгаа үнийн санал гэтэл Монгол улсын Засгийн газрын 2005.11.23-ны өдрийн 233 дугаартай тогтоолд тээврийн хэрэгсэл үл хөдлөх эд хөрөнгийн хэрэгсэл нь Монгол улсад байгаа бүх аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа эд хөрөнгөөс элэгдэл хорогдол тооцох журам гэж байгаа. Энэ журмын 2 дугаар хэсгийн 64 дүгээр хүснэгт буюу 2 дугаар хавсралтаар батлагдсан байдаг гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00061 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 38,567,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,984,689 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас татгалзсан болохыг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 350,785 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 639 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн Талуудын маргаж буй үйл баримт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд заасан Форд Экспедишн маркийн 78-88 УНА дугаарын автомашинд учирсан эвдрэл, гэмтэл зэргийг харьцуулан дүгнээд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019.07.24-ний өдрийн 338 дугаар дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, Хөрөнгө Үнэлгээний төв нь хохирлын бодит үнэлгээг тодорхойлоход объект болох 78-88 УНА улсын дугаартай Форд Экспедишн маркийн тээврийн хэрэгслийг үнэлгээчин нь өөрийн нүдээр үзээгүйгээс гадна ямар программ эсхүл сэлбэгийн зах зээлийн үнийн хэрхэн хаанаас, ямар валютиар тооцсон зэрэг нь тодорхой бус байхаас гадна өөрсдөө дур мэдэн сэлбэг нэмж бичсэн байна. Эдгээр нэмж бичсэн гэдгийг 2018.05.22-ны өдрийн 3660 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээс харж болно. Харин 2018.06.29-ний Монголын Хохирол үнэлгээчдийн холбооны 18/09 дугаартай шинжээчийн дүгнэлт нь илүү бодит юм. Учир нь Монгол Улсад Үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй Б.Боргилбаатар, Д.Ганбаатар, М.Эрхэмбаяр нар нь өөрсдийн биеэр очиж үзсэнээс гадна явах эд анги болон кузов сэлбэгийг үнэн зөв тодорхойлсноос гадна зах зээлийн үнэлгээг бодит гаргасан байна. Мөн анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн Газрын 2005.11.23-ны өдрийн 233 дугаартай тогтоолын хавсралт 2 дугаарын 64 дүгээр хүснэгтэд тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол нийт хугацаа 6 жил, нэг жилд 16.6 хувийн элэгдэл тооцон хасах тухай хэм хэмжээний акт байхад эдгээрийг тооцон үзээгүй.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ХЯНАВАЛ хэсэгт Хариуцагчийн рам солих шаардлагагүй байсан, рамны төлбөрийг зөвшөөрөхгүй талаарх татгалзал хэргийн доорх баримтуудаар няцаагдсан байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.05.22-ны өдрийн 3660 дугаар дүгнэлтэд ...Форд Экспедишн маркийн 78-88 УНА улсын дугаартай автомашины арлын зүүн урд талд 9,5x11,4 см хэмжээтэй хонхойсон гэмтэлтэй гэжээ. Гэрч Ц.Энхжин ...Монголд рамыг засварладаггүй, зөвхөн сольдог гэж, шинжээч Ж.Уртнасан шүүх хуралдаанд нэгэнт хүч үйлчилсэн байхад тээврийн хэрэгслийн тэнцвэрт байдал алдагдана гэж тус тус мэдүүлсэн зэрэг баримтаас үзэхэд уг автомашины рамыг сольсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна хэмээн үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь дээрх хоёр гэрчийн этгээд тус маргаан бүхий тээврийн хэрэгслийг өөрийн нүдээр үзээгүй, задалсан байх үеийн зургийг хараагүй өөрсдийн хар ухаанаар ингэж бичсэн нь үндэслэлгүй байна. 2018.05.22-ны өдрийн 3660 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт хийхийн тулд маргаан бүхий тээврийн хэрэгслийг задалж үзсэнээс гадна мэргэжлийн түвшинд хэмжиж нарийн эвдрэл хохирлыг тодорхойлсон. Тус дүгнэлтээр үндсэн рам чихэгдсэн эсхүл тэнцвэрт байдал нөлөөлхүйц нөхцөлтэй гэдгийг тодорхойлоогүй зэргийг анхан шатны шүүхээс үнэлж үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

******* ХХК нь ******* ХХК болон *******, ******* нарт холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 56,551,689 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, мөнгийг *******, ******* нараас гаргуулахыг хүссэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* ХХК нь Вагнер ази автомотив ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу тус компанийн даатгагдсан Форд экспедишн маркийн 78-88 УНА дугаартай автомашин зам тээврийн ослын улмаас эвдэрч гэмтсэнээс даатгуулагч компанид учирсан хохиролд 56,551,689 төгрөгийн нөхөн төлбөр олгосон, осол нь Тоёото Приус маркийн 25-37 УБЗ дугаартай автомашиныг жолоодон явсан Э.Бямбасүхийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлээс гарсан боловч хариуцагч *******, ******* нар нь ******* ХХК-аас зээлийн мөнгөөр тухайн автомашиныг худалдан авч өмчлөгч, эзэмшигч болсон үйл баримт тогтоогджээ.

 

Даатгуулагч буюу Вагнер ази автомотив ХХК нь өөрт учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч буюу ******* ХХК нь уг гэм хорыг түүнд төлснөөр шаардах эрхийг өөртөө шилжүүлж авахыг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан тул ******* ХХК гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба мөн хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үндэслэлийг тусгайлан заахдаа, уг зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

 

Ослыг автомашиныг жолоодон явсан Э.Бямбасүх гаргасан гэм буруутай боловч автомашины өмчлөгч, эзэмшигч нараас нэхэмжлэгч хохирлоо шаардах эрхтэй гэж шүүх үзэж, хохирлын зарим хэсэг буюу 38,567,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүх хохирлын хэмжээг Форд экспедишн маркийн автомашинд учирсан эвдрэлийг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.05.11-ний өдрийн 3375 тоот, 2018.05.22-ны өдрийн 3660 тоот дүгнэлт, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон Монголын хохирол үнэлгээчдийн холбооны болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийг бодитойгоор харьцуулан үзэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцсэн, хариуцагчийн рам солих шаардлагагүй байсан, рамны төлбөрийг зөвшөөрөхгүй талаарх татгалзал хэргийн баримтуудаар няцаагдсан тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй байна.

 

Иймд хариуцагч *******ын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00061 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 639 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******ын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2020/05717 дугаар шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ