Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2020/00061

 

 

  

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: М Д  ХХК  -ийн нэхэжлэлтэй

 

Хариуцагч: О У  ОМЗ ББСБ  ХХК  

 

Хариуцагч: А.С,

 

Хариуцагч: С.А  нарт холбогдох

 

            Даатгалын нөхөн төлбөрт 56.551.689.57 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбилэг, А.Анармаа, хариуцагч болоод хариуцагч С.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, иргэдийн төлөөлөгч Ц.Замбатив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр О У  ХХК-ийн эзэмшлийн 2537 УБЗ Тоёото приус маркийн автомашиныг Эрдэнэбатын Бямбасүх нь жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-ийг зөрчиж манай даатгалын компанийн үйлчлүүлэгчийн 78-88 УНА улсын дугаартай автомашиныг мөргөсөн. Манай даатгуулагчид нийт 56,551,689 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын үнэлгээний тайлан, Замын цагдаагийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Манай компанийн зүгээс 56,551,689 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулж нөхөн төлбөр олгосон. Энэхүү нөхөн төлбөрийг олгосноор даатгуулагчийн гэм буруутай төлбөр шаардах эрх нь манай компанид бүрэн шилжсэн тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас хохирлыг гаргуулж өгнө үү”

 

Хариуцагч болоод хариуцагч С.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зам тээврийн осол болсон дээр маргахгүй. Ашид билгүүн ХХК, Хохирол үнэлгээчдийн холбоо, хохирол үнэлгээний төв гэсэн 3 өөр компаниас 3 өөр үнийн санал гарч ирсэн байдаг.  Хавтаст хэргийн 26,27 дугаар талуудад Даатгалын гэрээний  9.3-т шууд хохирол буюу шууд хохирлыг тооцох гэдгийг гэрээн дээр зааж өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3375 дугаартай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3660 дугаартай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтээр порд экспидишин автомашиныг бүрэн үзлэг шинжилгээ хийхэд эвдрэл хохирлыг тодорхойлсон. Юу юуг тодорхойлсон бэ гэхээр хаалга 33:46 хэмжээтэй нугарсан, урд гупер, зүүн талын эх гэрэл, зуун урд гупер дээрх гэрэл, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэрэлтүүлэх хэрэгсэл зэрэг бусад тусгай тоног төхөөрөмжийг ашиглан явах эд ангид нь гэмтлийн зэргийг нь тодорхойлсон. Үүнд нь тоормосны зэбл 33 диаметртэй, тэнцвэржүүлэгч нь хугарсан, зүүн урд гар дээр бусад эд ангиуд нь бэхлэгддэг байгаа энэ гар нь комоороо эвдэрсэн. Урд кирказ буюу үсний аржетар, мөн гишгүүр, зүүн талын гишгүүрийн цаана байдаг төмөр нь 4 см хэмжээтэй шатсан. Моторын доод хэсгийн хөнгөн цагаан хамгаалалт нь 8:2 см хэмжээтэй хонхойсон. 2547 УБЗ маркийн машин нь өөрөө мөнгөлөг гэдгийг тодорхойлсон баримт хавтаст хэргийн 44 талд тээврийн гэрчилгээнд тодорхойлогдсон. Энэ гэмтлүүд учирсан гэдгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Үүнд дахин шинжээч томилоход мөн яг ийм эд ангиуд эвдэрсэн гэж ярьдаг. Энэ 3 үнэлгээний компани өөр өөр үнийн санал гаргаад байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа.

Эхний Ашид билгүүн гэж үнэлгээний компани бол өөрсдөө ирээд Вагнер Азийн хашаанд байсан машиныг дээр доороос нь сайн үзэж харсан. Ашид Билгүүн гэдэг компани үнэлгээ хийхдээ 40,138,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тэгтэл М Д ын зүгээс бид бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ээ, тийм учраас 56,000,000 төгрөг гарах ёстой учраас хохирол үнэлгээчдийн холбоог томилно гээд томилсон. Монголын хохирол үнэлгээчдийн холбоо нь ямар үүрэгтэй вэ гэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хохирол үнэлгээний компаниудын үнийн саналууд хоорондоо уялдаагүй зөрөөд эхлэх юм бол 3 шинжээч 3 өөр үнэлгээчинг томилдог. Үүн дээр М.Эрхэмбаяр, Оргил гэсэн 3 үнэлгээчинг томилсон. Энэ 3 хүн очоод тээврийн хэрэгслийг үзэх гэхээр Зоригоо гэдэг Вагнер Азийн засварчин ерөөсөө үзүүлдэгүй. Энэ 3 үнэлгээчин шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэж үнэлгээ гаргасан. Тэгээд үнийн санал бага гараад ирэхээр  М Д  хэрэг маргаан шүүхийн шатанд явж байхад дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Тэгээд хөрөнгө үнэлгээний төв томилогдсон.

Энэ үнэлгээний төв нь тухайн тээврийн хэрэгслийг нэг ч хараагүй, эвдэрсэн байгаа зургийг нь харсан хирнээ маш өндөр үнийн санал буюу 50,815,000 төгрөгийн үнийн санал гаргасан. Үнэлгээ хийсэн гэх хүнийг шинжээчээр томилуулаад орж ирээд асуусан тэгэхэд тэр хүн өөрөө машиныг нэг ч удаа харж байгаагүй гэж хэлсэн. Яагаад үнийн дүн нь хэлбэлзээд байна гэхээр рам нь 12,000,000 төгрөг, 14,000,000 төгрөг гээд янз янзаар үнэлэгдээд байдаг. Хохирол учирсан үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.  Хөрөнгө үнэлгээний төв эвдэрсэн байгаа зургийг харсан. Үнэлгээ хийсэн гэх хүнийг шинжээчээр томилуулаад харуулсан. Гол шалтгаан нь рам 10,000,000 төгрөг, 12,000,000 төгрөг гэж янз янзаар үнэлэгддэг.  Хохирол учирсан порд экспидишин маркийн автомашин нь өнөөдрийн байдлаар Монгол улсад хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй оношилгооны ямар ч газраар ороогүй.

Вагнер ази ХХК нь өөрөө оношилгоо хийх эрхтэй эсэх нь тодорхой бус хавтаст хэрэгт авагдсан материалуудаар бол Вагнер Азийн тамгатай, инженерийн тамгатай баримт огт байхгүй. порд экспидишин автомашин нь өөрөө Вагнер Азийн машин өөрийнхөө машиныг өөрийн хашаан дотроо авчирч тавиад өөрсдөө үнээ бичээд М Д аас гаргуулаад авсан. Хавтаст хэргийн 24-35 дугаар хуудсанд байгуулагдсан байгаа даатгалын гэрээгээр заасан нөхөн төлбөр олгохоос татгалзсан зүйлүүдийг бүгдийг нь зөрчөөд М Д  шууд олгосон.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн өөрөө мэргэжлийн техникийн үнэлгээчид байгаа учраас эвдэрсэн ангиудыг үзэх дүгнэх эрхтэй гэж үзэхээс өөр арга байхгүй ээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан гэм хор шаардаж байгаа учраас шууд хохирол буюу тээврийн хэрэгсэлд учирсан нийт 15 нэр төрлийн эд ангиуд эвдэрсэн гэдэг нь 2 үнэлгээний компанийн үнийн саналаар тодорхойлогдож байна.

Ашид билгүүн ХХК үнийн саналыг тодорхойлохдоо 19,380,350 төгрөгийн хохирол учирсан байна гэж, Хохирол үнэлгээчдийн холбоо нь 23,608,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үнэлсэн. Энэ хохирлууд маань тээврийн хэрэгслийн 100 хувь шинэ техник хэрэгсэл тавьж байгаа үнийн санал гэтэл Монгол улсын Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаартай тогтоолд тээврийн хэрэгсэл үл хөдлөх эд хөрөнгийн хэрэгсэл нь Монгол улсад байгаа бүх аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа эд хөрөнгөөс элэгдэл хорогдол тооцох журам гэж байгаа. Энэ журмын 2 дугаар хэсгийн 64 дүгээр хүснэгт буюу 2 дугаар хавсралтаар батлагдсан байдаг. Энэ хүснэгтэд тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол гэж байдаг. Монгол улс өнөөдрийн байдлаар эрх зүйн хэм хэмжээний актын дагуу тээврийн хэрэгсэл 6 жилд 16,6 хувийн элэгдэл хорогдол тооцогддог. Нягтлан бодох бүртгэлээрээ аж ахуйн нэгжүүд машины жилд 10 хувиар тооцож байгаа. 23,000,000 төгрөгийн 2 жилд тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоод 2 жил болсон элэгдэл хорогдолгүй. 20 хувийг хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Учир нь машины амортизатор, гар бүгд байнгын хөдөлгөөн оролцож байдаг ийм нөхцөл байгаа учраас элэгдэл хорогдол тооцсон. 

Би 2010 оноос 2014 он хүртэл хохирол үнэлгээнд үнэлгээчнээр ажиллаж байсан учир сайн мэдэж байгаа.  хариуцагчийн зүгээс гэрээнд заасан журам хуульд заасны дагуу 19,000,000 төгрөгийн үнийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Ашид Билгүүний үнийн санал буюу хавтаст хэргийн 123-125 дугаар талд байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр гишгүүрийг огт бичээгүй байгаа. гишгүүрийн ард талын төмрийг бичээд гишгүүрийг өөр нэр томьёогоор бичсэн байх шиг байсан ингээд 19,000,000 төгрөг болсон гэж үнэлсэн. Хохирол үнэлгээчдийн холбоо болохоор хавтаст хэргийн 100-106 дугаар тал байгаа 23,608,000 төгрөгийн хохирол учраад байгаа. Тиймээс бид энэ үнийн саналыг авч үзэх нь мөн элэгдэл хорогдол тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Хөрөнгө үнэлгээний төвийн үнэлгээг яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрийн нүдээр хараагүй зүйлээ үнэлнэ гэдэг боломж байхгүй. Хавтаст хэргийн 236 дугаар хуудаснаас 250 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-6 дугаар талуудад Вагнер Азиас хамгийн гол маргаад байгаа рам гэдэг зүйлийг сольсон эсэх үүнтэй холбоотой фото зураг гаалийн мэдүүлэг зэрэг баримтуудыг гаргуулахаар шүүх хуралдаан хойшилсон боловч энэ нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар авчирсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Монгол хэлээр гэсэн боловч англи хэлээр материалуудаа авчирсан. Мөн бусад баримт нь ямар хуулийн этгээд гэдэг нь тодорхойгүй, тамга тэмдэг байхгүй байсан. Энэ тээврийн хэрэгслийн 56,000,000 төгрөгийг М Д аас гаргаад олгосон юм байна. Вагнер ази нь байнгын харилцагч хэдэн тэрбумаар даатгуулсан учраас асуудал үүсгэхгүй гээд явсан байна. Гэвч энэ 56,000,000 төгрөгөөр өнөөдөр засуулаад хүрсэн эсхүл дутсан гэдгийг тодорхойлсон албан ёсны баримт нэг ширхэг ч баримт байхгүй. Тэгсэн хирнээ Вагнер ази нь өөрөө үнийн саналаа гаргасан гэдгээ одоо болтол ярихдаа МСМ гэдэг компаниар тээврийн хэрэгслийг засуулсан. МСМ нь бас хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтууд дээр ямар ч тамга тэмдэггүй зүгээр А4 цаасан дээр гараараа баахан үнийн санал бичсэн. Түүнийг нөхөн бичсэн үгүйг мэдэхгүй. Бид хамгийн гол нь архиваас нь шүүлгээд бараа бүтээгдэхүүн болон түүний гаалиар орж гарсан мэдүүлэг нь түүнтэй холбоотой татвар төлсөн баримт нь нэг ч хавсаргаагүй баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М Д  ХХК нь хариуцагч О У  ОМЗ ББСБ  ХХК, А.С , С.А  нарт холбогдуулан гэм хорын хохирол 56,551,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч М Д  ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч О У  ОМЗ ББСБ  ХХК-иас татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч А.С , С.А  нь нэхэмжлэлийн шаардлагаас 19,000,000 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин рулийн аппарат, арамыг солиогүй, мөн Даатгалын гэрээний 14.5.5.12-д зааснаар обуд, калпак, олгойнд учирсан хохирлыг хариуцахгүй гэж заасан тул уг төлбөрийг хариуцахгүй, элэгдэл, хорогдол тооцоогүй гэж маргасан.

 

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэбатын Бямбасүх нь  Тоёота Приус маркийн 25-37 УБЗ дугаарын автомашиныг жолоодож явахдаа Форд Экспедшн  маркийн 78-88 УНА улсын дугаартай автомашиныг мөргөж, Тоёота Приус маркийн 25-37 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Эрдэнэбатын Бямбасүх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасныг зөрчиж, Вагнер Ази Автомотив ХХК-ийн эзэмшлийн Форд Экспедшн  маркийн 78-88 УНА улсын дугаартай автомашинд Вагнер Ази Автомотив ХХК-ийн гаргасан үнэлгээний дагуу 56,551,689 төгрөгийн хохирол учруулж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар М Д  ХХК нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр болох 56,551,689 төгрөгийг Вагнер Ази Автомотив ХХК-д шилжүүлжээ.

 

            Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч М Д  ХХК нь гуравдагч этгээдээс даатгалын нөхөн төлбөрт төлсөн мөнгийг шаардах эртэй байна.

 

            Тоёота Приус маркийн 25-37 УБЗ улсын дугаартай автомашин нь О У  ОМЗ ББСБ  ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд хариуцагч А.С , С.А  нар нь О У  ОМЗ ББСБ ХХК-тай БЗЗГ 17/159 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, автомашин худалдан авах зорилгоор 6,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй,  907 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан, мөн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр БЗФГ 17/159 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, уг гэрээний дагуу 25-37 УБЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг О У  ОМЗ ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулжээ. /хх-ийн 54-61 дэх тал/

 

            Хариуцагч А.С  нь “Миний бие хохирлыг өөрөө хариуцах болно. Охин С.А гийн нөхөр Э.Бямбасүхэд жолоогоо шилжүүлсэндээ харамсаж байна” гэж тайлбарласан.

 

            Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч А.С , С.А  нараас шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч нь зам тээврийн осол гаргасан гэм бурууд маргаагүй, харин хохирлын хэмжээг хэт их байна гэж маргасан болохыг дурьдах нь зүйтэй.

 

            М Д  ХХК нь Форд Экспедшн  маркийн 78-88 УНА дугаарын автомашины хохиролд нийт 56,551,689 төгрөг төлсөн бөгөөд Форд Экспедшн  маркийн 78-88 УНА дугаарын автомашинд учирсан бодит хохирлын хэмжээг тодорхойлох зорилгоор шүүхээс Монголын хохирол үнэлгээчдийн холбоог шинжээчээр томилсон ба уг дүгнэлтээр хохирлын хэмжээг 34,460,000 төгрөгөөр үнэлжээ. /нэгдүгээр хавтаст хэргийн 100-106 дахь тал/.

 

            Нэхэмжлэгч нь Монголын хохирол үнэлгээчдийн холбооны дүгнэлтийг эс зөвшөөрч маргасан тул дахин шинжээч томилсон ба Хөрөнгийн үнэлгээний төв нь  Форд Экспедшн  маркийн 78-88 УНА дугаарын автомашин учирсан хохирлыг 50,817,000 төгрөг гэж үнэлсэн байна.

 

            Харуицагч нь рулийн аппарат гэмтээгүй, рам солих шаардлагагүй байсан, мөн гэрээнд зааснаар шууд бус ажлын зардал болон обудны мөнгийг төлөхгүй гэж маргасан.

 

            Талууд Форд Экспедшн  маркийн 78-88 УНА дугаарын автомашины учирсан эвдрэлийг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3660 дугаар дүгнэлт болон 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3375 дугаар дүгнэлтэд тус тус маргаагүй.

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3375 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн Форд Expedition маркийн 78-88 УНА улсын дугаартай, IFMJUIJT0GEF55871 тоот арлын дугаартай автомашин нь зүүн урд далбаа 120х45cm хэмжээтэй хэсэгт хонхойж, зурагдаж, үрчийсэн гэмтэл, зүүн урд далбаатай залгаа зүүн урд хаалга 33х34cm хэмжээтэй доод урд буланд байрлалтай хэсэгт нугарч, хонхойж, саарал өнгийн зурагдсан мөрүүд үүссэн гэмтэлтэй, урд бамбайн зүүн талд 50х57cm хэмжээтэй хагарч унаж, зурагдаж, бэхлэх сууриас мултарсан гэмтэлтэй, зүүн дохионы гэрлийн бүрхүүлд 15х5.5cm хэмжээтэй цуурч хагарч, саарал өнгийн зурагдсан мөр үүссэн гэмтэлтэй, зүүн их гэрлийн гэр дээр байрлах хэсгээр 20х4.5cm хагарч салсан, бэхлэх зориулалтын чих хугарсан гэмтэлтэй, урд бамбайн зүүн талын нэмэлт гэрлийн суурь хугарч салж унжсан гэмтэлтэй, урд бамбайн зүүн талын нэмэлт гэрлийн суурь хугарч салж унжсан гэмтэлтэй, зүүн урд тоормосны зээрэнхийн Ǿ33cm диаметр хэмжээтэй хаалт төмөр хойш чиглэлд 12cm хэмжээтэй нугарсан гэмтэлтэй, зүүн доод гарны өндгөн тулгуур голоороо хугарч салсан гэмтэлтэй, жолооны зүүн хөндлөн тягтай зүүн эргэх нударга холбогдох чих 3.7х3.4cm хэмжээтэй хугарч салсан гэмтэлтэй,  урд тэнцүүлэгчийн зүүн босоо татуурга боолт хугарч салсан гэмтэлтэй, тэвштэй зүүн гарыг бэхлэх зориулалтын 27mm-н боолт хойш 1.0cm шилжсэн гэмтэлтэй, зүүн талын гар втулктай холбогдох хэсгээр хойш чиглэлд 0.8-2.5cm хэмжээтэй сугарч, хойш шилжсэн гэмтэлтэй, тэвштэй гар холбох зориулалтын суурь төмөр хойш чиглэлд 1.2cm хэмжээтэй гулзайсан гэмтэлтэй, арлын зүүн талын гуя 9.5х11.4cm хэмжээтэй хонхойсон гэмтэлтэй, зүүн талын хөлийн гишгүүрийн урд байрлах 13.5х7.7cm хэмжээтэй хуванцар хаалт 7.7х3.7cm хэмжээтэй хонхойж, 3.3х2.8cm хэмжээтэй цоорч, хойш чиглэлд 9.0cm хэмжээтэй шилжсэн гэмтэлтэй, хөдөлгүүрийн доод хөнгөн цагаан хаалт урд хэсгээр хонхойж зурагдсан, задалж шалгахад хөргөлтийн радиаторын доод хөндөл 8.0х2.0cm хэмжээтэй хонхойж, хөх өнгийн зурагдсан мөр үүссэн гэмтэлтэй, зүүн урд аймар дугуйн хажуу хацар хэсэгт үүсэн гэмтэл нь 12.5х5.0cm хэмжээтэй гурвалжин хэлбэртэй зүсэгдэж цоорсон,  ободын арын амсар 60х40 хэмжээтэй болж дугуй хэлбэрээ алдсан, ободын дотор хана 39х13cm хэмжээтэй хагарч унаж, ободны тойргийн хэмжээнд цуурч хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.” гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3660 дугаар дүгнэлт “Форд Экспедшн маркийн 78-88 УНА дугаарын автомашины раманд эвдрэл үүссэн эсэх” гэх асуултад “...Форд Экспедшн маркийн 78-88 УНА улсын дугаартай автомашины арлын зүүн урд талд 9,5х11,4 см хэмжээтэй хонхойсон гэмтэлтэй байна” гэж дүгнэлт гаргажээ. /хх-ийн 191-210 дахь тал, 180-185 дахь тал/

 

            Талуудын маргаж буй үйл баримт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд заасан Форд Экспедшн маркийн 78-88 УНА дугаарын автомашинд учирсан эвдрэл, гэмтэл зэргийг харьцуулан дүгнээд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 338 дугаар дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

            Хариуцагч нь арамыг солиогүй, арамд гэмтэл учруугүй гэж маргаж байх боловч Форд Экспедшн маркийн 78-88 УНА дугаарын автомашины арлын зүүн урд талд 9,5х11,4 см хэмжээтэй хонхойсон гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3660 дугаар дүгнэлтээр нотлогдож байна.

 

            Гэрч Ц.Энхжин “Монголд арамын засварладаггүй, зөвхөн сольдог” гэх мэдүүлэг, шинжээч Ж.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа “...Арамыг засна гэж байхгүй солих асуудал байгаа., ...нэгэнт хүч үйлчилсэн байхад тээврийн хэрэгслийн тэнцвэрт байдал алдагдана” гэх тайлбараас үзэхэд Форд Экспедшн маркийн 78-88 УНА дугаарын автомашины арамыг сольсон гэж үзэв.

 

            М Д  ХХК болон Вагнер ази тоног төхөөрөмж ХХК нарын хооронд байгуулсан даатгалын гэрээний 14.5.5.12-д зааснаар обудны зардал 2,200,000 төгрөг, 14.5.5.21-д зааснаар бусад ажлын зардал 4,050,000 төгрөг, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3375 дугаар дүгнэлтэд рулийн аппарат эвдэрч гэмтсэн талаар баримт байхгүй байх тул рулийн аппаратны үнэ 6,000,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 38,567,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч М Д  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,984,689 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар харуицагч А.С , С.А  нараас 38,567,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М Д  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,984,689 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М Д  ХХК нь хариуцагч О У  ОМЗ ББСБ ХХК-иас татгалзсан болохыг баталсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С , С.А  нараас 350,785 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М Д  ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЭНХБАЯР

 

 

                                                ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

 

                                                ШҮҮГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ