Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 76

 

“Адмон принт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Энхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Балжинням, Б.Мөнгөнбагана нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 025/ШШ2016/0015 дугаар шийдвэртэй, “Адмон принт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 025/ШШ2016/0015 дугаар шийдвэрээр Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, Бага, дунд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Адмон принт” ХХК-ийн гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-д боловсролын стандартыг хангах нөхцөлийг хангасан байдлаар сурах бичгийг зохиох, хэвлэн, түгээх болон сурагчдад хүртээмжтэй байдлаар буюу хомсдол бий болгохгүй байхаар сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих агуулга бүхий хэм хэмжээг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч “Адмон принт” ХХК-ийн төлөөлөгч Р.Энхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Нийтээр дагаж мөрдөх журмыг бид бүгд мөрдөх ёстой, харин мөрдөх боломжгүй нөхцөл үүсвэл журмыг засч сайжруулах нь зүйн хэрэг гэсэн үндэслэлээр би шүүхэд хандсан. Гэвч шүүгч Лхагвасүрэн ийм хоёрдмол хүсэлт байж болохгүй гэж үзээд миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Ийм үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа шүүгчийн шийдвэрийг дараах хоёр шалтгаанаар эсэргүүцэж байна.

1. Бие даасан 5 төрлийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулж гаргасан сурах бичгийн асуудлыг зохицуулах журам хэт ерөнхий, хэнд ч яаж ч ойлгогдож болохоор шинжтэй болсон байдаг. Хэдхэн тооны бүдүүн баараг зүйл заалтуудтай энэ журмаа яам өөрсдөө зөрчсөнөөс эхлээд энэ маргаан эхэлсэн юм. Үүнд: 3 тендерээр явагдах журмыг зөрчин нэгийг ор тас хаясан. Мөн сурах бичгийн зах зээлд борлуулах үнийг яам тогтооно гэсэн заалт энэ журамд байдаггүй боловч яамнаас үүнийг янз бүрээр тогтоосоор байгаа жишээнүүд бий.

2. Уг журамд сурах бичиг зохиох, хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, үнэгүй тараах, борлуулах гэсэн таван үйл ажиллагааг нэгдсэн уялдаа холбоонд оруулаагүйгээс оролцогч талууд болон хэрэглэгчдэд хүндрэл бэрхшээл учирсаар байна. Оролцогч талууд гэдэг нь төр захиргааны байгууллагууд бөгөөд хэвлэх үйлдвэрүүдийн хувьд зөвхөн тендерт шалгарсан үйлдвэр л эдгээр үйл ажиллагаанд оролцогч болдог. Хувийн компанийн эрх үүргийн хувьд тендерт шалгарсан хэвлэх үйлдвэрүүд сурах бичгийг цаг хугацаанд нь чанартай сайн хэвлэх хариуцлага хүлээхээс бус үүнээс илүү давж гарсан, өөрийн үйл ажиллагаанд огт хамааралгүй үйл ажиллагаанууд оролцох боломжгүй байтал хэвлэх үйлдвэрүүдэд бараг бүх хариуцлагыг оногдуулсан нь тендерийн гүйцэтгэлийн явцад илэрч гардаг.

Учир иймд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гаргасан журмаар өөрсдөө дагаж мөрдөх, эсвэл журамдаа зохих өөрчлөлт оруулж залруулаад оролцогч талууд журмаар зохицуулагдах үйл ажиллагаанд саадгүй оролцох бололцоо гаргаж өгөхийг бид нэхэмжлэлдээ хүссэн билээ.

Мөн шүүгчийн шийдвэрээ үндэслэгдсэн гэх дараах 3 асуудлыг эсэргүүцэх нь. Шүүгч сурах бичгийн агуулгын, алдаа завхрал, хүрэлцээ хангамж гадуур бодит бэрхшээлтэй учирчихаад байгааг хүлээн зөвшөөрсөн хирнээ “журамд ямар заалтыг нэмэлтээр оруулахыг нэхэмжлэгч тал заагаагүй...” гэжээ. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх энэ журамд төрийн байгууллага, албан хаагчдын өөр хоорондын ажлын уялдаа холбоог тодорхой болгож сайжруулах хэрэгтэй байна. Үүнээс болж бие даасан 5 үйл ажиллагааны зөвхөн нэгд нь оролцогчоос шүүгч чухам ямар нэмэлт өөрчлөлт оруулахыг нэхэж байна гэдэг бол шүүгчийн муйхарлал гэхээр өөр арга алга.

Мөн энэ журмаар зохицуулагдаагүй асуудал алга, хэрэв нэхэмжлэгч тал ийм асуудал байгаа гэж үзэж байгаа бол бусад гэрээ хэлцэл болон Монгол Улсын хууль тогтоомжуудаар бүрэн нөхөгдөж байна гэж үзжээ. Жишээ нь, тендерийн хууль болон тендерт шалгарсан компанитай хийх гэрээгээр ямар нэгэн зохицуулагдаагүй асуудал нөхөгдөн бүрэн зохицуулагдаж байгаа гэж үзэж шийдвэр гарсан. Гэвч журамд хамрагдаж буй төрийн байгууллагууд, албан хаагчдын үүрэг хариуцлага тодорхой бус, түүнээс үүссэн хариуцлагыг хэвлэх үйлдвэрүүдээс болж байна гэсэн ойлголт олон нийтэд түгсээр байна.

Шүүгч бас “нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь ойлгомжгүй” гэжээ. Ийм юм ойлгохгүй шүүгч байдаг бол шууд ажлаасаа гарах хэрэгтэй. Түүний Монгол Улсын нэрийн өмнөөс ийм шийдвэр гаргаж байгаа нь ёстой ойлгомжгүй байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 025/ШШ2016/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрт дүгнэлт хийсэн байх бөгөөд шийдвэрийн Үндэслэх хэсгийн эцэст нь “...журмын зохицуулалт дутмагаас шалтгаалж зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхойгүй, иймд нэхэмжлэлийг хангаж, боловсролын стандарт нөхцөлийг хангасан байдлаар сурах бичгийг зохиох, хэвлэн, түгээх, сурагчдад хүртээмжтэй байдлаар буюу хомсдол бий болохгүй байхаар сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих агуулга бүхий хэм хэмжээг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахыг хариуцагчид даалгах нь захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх талаарх хуулийн зорилттой нийцэхгүй, түүнчлэн журмын аль заалтад ямар өөрчлөлт оруулах нь тодорхойгүй байдлаар нэхэмжлэлийг хангах нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шаардлага хангагдахгүйд хүрнэ” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд юуны түрүүнд захиргааны хэм хэмжээний акт хууль бус болох нь тогтоогдох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7-д “боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ... бүх шатны сургуулийг хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах”, Бага, дунд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Бага, дунд боловсролын сурах бичиг нь боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна”, 8.2-т “Энэ хуулийн 8.1-д заасан стандарт, шаардлагад нийцсэн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу зохион байгуулна” гэснийг маргаан бүхий журам нь зөрчсөн бус харин хуулийн эдгээр зүйл, заалтыг хэрэгжүүлэх үүднээс гарсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ гаргахдаа маргаан бүхийн журмын улмаас “Адмон принт” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яаж зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээх тухайгаа тодорхой заагаагүй нь тэрээр өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэхээсээ илүү “нийтийн эрх ашгийн өмнөөс” төлөөлөн нэхэмжлэл гаргасан мэтээр ойлгогдож байна. Гэсэн хэдий ч шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрийг шалгахад маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь 2002 оны буюу хуучин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байх үед нэхэмжлэл гаргасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн шийдвэрлэснийг буруутгах аргагүй.

Харин 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу “захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулахыг даалгах” нэхэмжлэлийг гаргах боломжгүй, гагцхүү уг хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д зааснаар “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргах боломжтой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Үүний учир нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно”. Энд заасан “хуулиар тусгайлан эрх олгогдсон” гэдэг нь хууль тогтоогч буюу Улсын Их Хурлаас хэм хэмжээ буюу хууль тогтоох эрхээ захиргаанд хуулиар шилжүүлснийг ойлгох бөгөөд захиргаа хууль тогтоогчийн зөвшөөрсөн эрхийн хүрээнд “хэм хэмжээ тогтоох эрх”-ийг эдлэх юм. Энэхүү шилжүүлэн авсан эрхийн хүрээнд тогтоосон “захиргааны хэм хэмжээний акт” нь нийтээр заавал дагаж мөрддөг, үйчлэл нь байнга давтагдах шинжтэй байдгаараа агуулгын хувьд “хууль”-тай адил, харин хүчин чадал буюу хэм хэмжээний эрэмбийн хувьд хуулийн дараа ордог.

Шүүх хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг үндэслэн хууль тогтоогчоос баталсан хуульд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулахыг даалгаж шийддэггүйн нэгэн адил хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй. Учир нь шүүхээс захиргааны “хэм хэмжээ тогтоох” эрхэд халдах буюу уг эрхийг хэрхэн яаж хэрэгжүүлэхийг даалгах нь эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулахад хүргэнэ.

Ийм ч учраас нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан “...Шүүгч сурах бичгийн агуулгын, алдаа завхрал, хүрэлцээ хангамж гадуур бодит бэрхшээлтэй учирчихаад байгааг хүлээн зөвшөөрсөн хирнээ “журамд ямар заалтыг нэмэлтээр оруулахыг нэхэмжлэгч тал заагаагүй...” гэжээ. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх энэ журамд төрийн байгууллага, албан хаагчдын өөр хоорондын ажлын уялдаа холбоог тодорхой болгож сайжруулах хэрэгтэй байна. Үүнээс болж бие даасан 5 үйл ажиллагааны зөвхөн нэгд нь оролцогчоос шүүгч чухам ямар нэмэлт өөрчлөлт оруулахыг нэхэж байна гэдэг бол шүүгчийн муйхарлал гэхээс өөр арга алга” гэсэнчлэн хууль, журамд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэн нэгэн иргэн, хуулийн этгээд шүүхээс шаардах боломжгүй, мөн түүний шаардсанаар шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

Харин захиргааны хэргийн шүүхээс захиргааны хэм хэмжээний акт хууль зөрчсөн бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шийдвэр гаргах боломжтой. Энэ нь шүүхээс захиргааны бүрэн эрхэд халдаж буй хэрэг бус, харин захиргаа хэм хэмжээ тогтоох эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн гэдгийг нь тогтоож байгаа юм. Шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгосон тохиолдолд захиргаа дахин “хууль ёсны” хэм хэмжээний акт гаргах байдлаар хуулиар тусгайлан олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжтой байх юм.

Нөгөөтэйгүүр захиргааны хэм хэмжээний актыг хэрхэн гаргах, тухайлбал уг актын төсөлд хэлэлцүүлэг хийх хүрээ, хэлбэр, түүнийг батлах, хүргүүлэх, бүртгэх, хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх, нэмэлт, өөрчлөлт оруулах зэргийг Захиргааны ерөнхий хуулийн Зургаадугаар бүлгээр тодорхой зохицуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс уг хуулийн хүрээнд эрхээ хэрэгжүүлэх боломжтой, хариуцагч уг хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.

Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 025/ШШ2016/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ